-Ард түмний нийтлэг эрх ашиг чухал уу, хэдэн хүний бизнес илүү юү-
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьцааны 49 хувийг ОХУ-ын талаас “Монгол зэс” компани худалдан авсан нь одоо болтол маргаан дагуулсаар буй. Засгийн газар дээрх хувийг төрийн мэдэлд авах шийдвэр удаа дараа гаргаж, нөгөө тал нь шүүхэд хандсаар багагүй хугацаа өнгөрөөв. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт урьдчилсан хэлэлцүүлэг хийж, шүүх хурлыг энэ сарын 22-нд товлосон байтал “Монгол зэс”-ийнхэн “төрөөс санхүүжилт аваагүй нь тогтоогдож эхэллээ” хэмээсэн мэдээлэл тараасан. Харин шүүхийн эх сурвалжууд “Монгол зэс”-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, нэг хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон.
Төрөөс санхүүжилт авсан, эсэхтэй холбоотой зүйл энэ үеэр огт яригдаагүй” гэж мэдээлэл өгсөн. Ийнхүү юу, юуны туханд хүрээгүй байхдаа, шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад ийм мэдээлэл түгээж буй нь нэхэмжлэгч талынхан өөрсдөдөө хэт эрдсэнийх үү, эсвэл ямар нэг учир шалтгаан байна уу. “Монгол зэс”-ийн ард экс Ерөнхийлөгч тэргүүтэй бүлэглэл байгаа, Төрийн тэргүүн асан шүүгчдийг томилсон учраас ямар нэг байдлаар нөлөөлж байж болзошгүй хэмээн хардах хүн иргэдийн дунд олон байна. Иргэдийн дунд заавал яагаад “Монгол зэс”-д өгөх гэж улайраад байгаа юм бэ гэсэн хар төрөөд удаж буй. Тиймдээ ч манай сонины явуулсан санал асуулгад оролцсон ард олны нэгээхэн хэсэг болсон хүмүүсийн олонх нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд авах нь зөв. Ингэснээр иргэд хувь хүртэж, амьдралд нь нэмэр болно гэж үзэв.
Тэгвэл Захиргааны хэргийн шүүх 49 хувийг төрд авсан нь буруу гэсэн утгатай шийдвэр өмнө нь гаргаж байсан бөгөөд тус шүүхийн шүүгчдийг илт нэг талд үйлчилсэн хэмээн иргэд буруутгадаг юм билээ. “Аль ч орны шүүх иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө л шийдвэр гаргадаг. Гэтэл манай захиргааны хэргийн шүүхийн шүүгчид тэнгэрээс бууж, харь газраас ирсэн юм уу гэлтэй монголчуудын нийтлэг эрх ашгийг бодож шийдвэр гаргаагүй нь шүүмжлэл дагуулав.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд аваад, хувьцааг нь иргэдэд өгөх нь монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ шүү дээ” гэж нэгэн хуульч хэлж байсан юм. Төр 49 хувийг мэдэлдээ аваад тодорхой хувийг (албан бус мэдээллээр 10 хувь) нь ард түмэнд эзэмшүүлж, бусдад худалдаж болохгүй, өвлүүлж болно гэсэн байдлаар олгож болох, эсэхийг судалж байгаа юм билээ. 3.2 сая иргэндээ хувь эзэмшүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд нарийн тооцоо судалгаа хэрэгтэй нь мэдээж. Мөн байгалийн баялгийн үр ашгийг ирээдүйдээ үлдээх зорилгоор “Ирээдүйн өв сан”-г байгуулж, үүний гол санхүүжүүлэгч “Эрдэнэт үйлдвэр” байх юм билээ. Энэ онд л гэхэд ашгаасаа 47.8 тэрбумыг тус сан руу өгнө гэж байгаа гэх мэдээлэл бий.
Захиргааны хэргийн шударга ёсонд нийцсэн шийдвэр гаргахын тулд эхлээд хууль хяналтын байгууллагын мөрдөн байцаалтыг дүнг хүлээх ёстой мэт санагдана. ОХУ-ын талаас хувьцааг нь авахын өмнө ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц очоод хэлэлцэж тохиролцсон бол тухайн үеийн УИХ-д яагаад энэ талаар эртхэн мэдэгдэж, ард түмнээс асуулгаж болоогүй гэж.
Хэсэг олигархын эрх ашгийн төлөө үүнийг нууцалж байгаад сонгуулийн үеэр шоу болгон ашиглах хэрэгцээ байсан гэж үү. Ч.Сайханбилэгийн Засгийн газар давуу эрхийн хувьцаа эзэмших эрхээсээ татгалзаж 2016 оны зургадугаар сарын 13-нд 330 дугаар тогтоол гарган, “Монгол зэс”-д худалдахыг дэмжсэн байдаг. Тухайн үеийн Засгийн газар өөрсдийнх нь шийдэх асуудал биш байтал УИХ-д оруулалгүй дээрх компанид өгүүлэхээр болсон нь ямар нэг ашиг сонирхол байсан бололтой.
“Эрдэнэт үйлдвэр”-ийг хувьчилж авсан хөрөнгийн эх үүсвэрийг шударгаар шалгаж, тогтоох зоригтой, чадалтай, ухаантай хүн хууль сахиулах байгууллагын толгойд алга. Уг нь худалдаж авсан хөрөнгөөс нь эхлээд шалгах учиртай ч цагдаа, АТГ-т шалгаж буй нэгээхэн ч хэрэг байхгүй л болов уу” гэж ярих хүн ч байна.
АТГ, ЭЦА-ныхнаас “Эрдэнэт үйлдвэр”-ийг худалдан авсан хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж байгаа, эсэхийг лавлахад бүгд “Шалгаагүй” гэж хариулж байгаа юм. Тэгэхээр прокурор, цагдаа гээд хууль сахиулах байгууллагынхны толгойд уг хөрөнгийг шалгаж тогтоох хүсэл зориг алга гэсэн үг. Учир мэдэх хүмүүс “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс эхэлж шалгах учиртай ч тэгж шалгах зоригтой, шударга хүнгүй нь харамсалтай хэмээн халаглацгааж байна.
Манай санал асуулгад оролцогчдын нэг хэсэг нь улсын өмчид авах хэрэггүй, эргэлзэж байна гэсэн хариулт өгсөн нь төр муу менежер учраас “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагааг доголдуулж, шахаагаа хийнэ гэсэн хардлагатай холбоотой нь дамжиггүй. Улмаар үнэгүйдүүлж ч болзошгүй гэж үзэх хүн нэг бус байна.
Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр” төрийн болон хувийн эзэмшилд байхдаа улсад хэчнээн төгрөгийн татвар төлсөн бэ гэдэг судалгаа нэгийг өгүүлэх биз. “Монгол зэс”-ийнхэн худалдан авсан 2016 оны эцэст “Эрдэнэт үйлдвэр” 160 тэрбум төгрөгийн татвар төлсөн байдаг юм билээ. Харин 49 хувийг төрийн мэдэлд буцаан авах шийдвэр гаргасан 2017 оны эцэст 580 тэрбумыг төлсөн, энэ оны эцэст 620 тэрбумыг төлөх урьдчилсан тооцоо гаргаад буй гэсэн.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хэн эзэмшвэл ирээдүйд танд, үр хойчист тань илүү ашигтайг уншигч та тунгаана биз ээ. Ер нь тэгээд ч шүүхээр шийдвэрлүүлж, хуйвалдаан хийж байхаар Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн хэргийг гаргаж, монгол түмнээсээ асуучихвал яасан юм бэ.
Д.МАЙЦЭЦЭГ (Чингэлтэй дүүргийн XIX хорооны иргэн):
-Ард түмэнд ямар ашигтай байгаагаас шалтгаална. Гол нь бидэнд ашгаа өгч чадаж байвал төр авна уу, хувийн хэвшилд байна уу хамаа алга. Төр иргэдийнхээ төлөө ажиллах ёстой. Иргэд сайхан амьдарч байвал төрийн үйл ажиллагаа зөв байна гэсэн үг. Гэтэл бид сайхан амьдарч чадахгүй байна шүү дээ. Монгол Улсын хуульд байгалийн баялаг ард түмний өмч гэж заасан. Гэсэн ч хоёр, гуравхан компани ард түмний нэрээр тоглолт хийж байгаагаас болоод иргэд байгалийн баялгаас хүртэх ёстой ашгаа авч чадахгүй байна. Ер нь бол төр авах ёстой. Монгол Улсын газар нутагт байгалийн баялаг байж л байгаа бол төр заавал мэдэлдээ авах ёстой. Ялангуяа стратегийн чухал ордуудыг хувь хүний мэдэлд өгч яагаад ч болохгүй.
н.СЭР-ОД (Баянзүрх дүүргийн VIII хорооны иргэн):
-Монгол хүний мэдэлд ирсэн нь зөв гэж бодож байсан. Гэтэл хөрөнгийн эх үүсвэр нь татвар төлөгчдийн мөнгөнөөс гарсан гэсэн мэдээлэл сонссон. Хэрэв тэр үнэн бол буруу. Зөв замаар зөв бизнес хийж авсан бол ямар нэгэн асуудалгүй шүү дээ.
Д.МӨНХЖАРГАЛ (Баянзүрх дүүргийн II хорооны иргэн):
-Миний бодлоор бол зөв биш ээ. Уг нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг санал асуулгаар шийдвэрлэх нь зөв гэж бодож байна. Төрийн өмчөөс ард түмэнд ирж буй үр өгөөж алга. Тэгэхээр Монголоо гэсэн бодолтой, зөв бизнес эрхлэгчид авбал үр ашиг нь илүү байх.
Э.НОМИН-ЭРДЭНЭ (Сонгинохайрхан дүүргийн XI хорооны иргэн):
-Төр авах нь зөв, буруу гэж зөндөө л ярилаа. ОХУ-ын зээлээр энэ үйлдвэрийг барьсан. Өнгөрсөн 40 жилийн хугацаанд өрөө төлж дууссан байх. Тиймээс улс өөрөө авах нь зөв. Гол нь зөв ашиглах хэрэгтэй.
Б.ГАЛБАДРАХ (Чингэлтэй дүүргийн иргэн):
-Төр өөрөө авсан гэж яриад байсан. Яг авсан, үгүйг нь мэдэхгүй юм. Уг нь зөв. Алийн болгон гадаадаас гуйлга гуйх вэ. Төр ганц ч болсон өмчтэй байх хэрэгтэй.
М.САНЖМЯТАВ (Баянгол дүүргийн иргэн):
-Одоохондоо дэмий болов уу. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах санхүүгийн боломж байгаа гэдэгт эргэлздэг. Бусад орноос юм уу Олон улсын валютын сангаас зээл авч байгаад өөрийн болголоо гэхэд монголчуудын өрийн хэмжээ л нэмэгдэнэ.
Х.ОЮУНСҮРЭН (Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн):
-Ард түмний л өмч байх ёстой. Энэ нь иргэд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашгаас хувь хүртэнэ гэсэн үг. Тэр ч утгаараа төр мэдэлдээ авах нь зөв гэж бодож байгаа. Харин иргэдэд ашиг нь очих үгүйг төр л мэднэ. Үүнд төрийн зохицуулалт хэрэгтэй.
Б.БАТТОГТОХ (Баянзүрх дүүргийн иргэн):
-Би лав дэмжинэ. “Эрдэнэт үйлдвэр” монголчуудыг төдийгөөс өдий хүртэл тэжээсээр ирсэн. Бүхэлдээ Монголынх болчихвол тус компаниас хүртэх өгөөж бүр их нэмэгдэх нь дамжиггүй. Тэгснээр манай улс санхүүгийн хямралаас гарч, сав л хийвэл бусад орныг царайчилдаг өрөвдмөөр байдлаасаа салах ч юм бил үү.
Б.УНДАРМАА (Баянзүрх дүүргийн иргэн):
-Би “Эрдэнэт үйлдвэр”-ийг тойрсон асуудлыг ер сонирхдоггүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл цацагдаж, улстөрчид ч нэгдмэл бус байр суурь илэрхийлэх юм. Хэн нь үнэн, аль нь худал яриад байгаа юм бол, бүү мэд. Юуны түрүүнд тус үйлдвэрийн хувьчлалтай холбоотой асуудлаар иргэдэд үнэн, зөв, тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй болов уу. Тэгэхгүй болохоор нэг улстөрч зөв гэхэд дэмжмээр, буруу гэхэд эсэргүүцмээр санагдаад байх шиг, иргэдэд.
Л.ЭРДЭНЭЧИМЭГ (Хан-Уул дүүргийн иргэн):
-Энэ талаар зөв, буруу гэж хэлмээргүй байна. Бөөрөнхий хариулт байж магадгүй ч үнэнийг хэлэхэд төрд итгэх итгэл алдарсан учраас тэр. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авч, бүхлээр нь өөрийн болголоо гэхэд эргэлзээ төрүүлсэн асуудал олон бий. Монгол Улсынх боллоо гээд баярласан чинь албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан, хөрөнгөтэй хэдхэн хүнийг тэжээвэл хайран. Хэвлэл мэдээллээр эл үйлдвэрийн удирдлага хэдэн сая төгрөгөөр тэгж, ингэж тансаглалаа гээд л янз бүрийн мэдээлэл нийтлэгддэг. Одоо тэгж байгаа хүмүүс 100 хувь Монголынх болсных нь дараа ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх байх. Тэгж бодохоор л Монгол Улсыг удирдаж буй өнөөгийн түшээдэд гомдох юм.
Г.ЭНХБААТАР (Баянгол дүүргийн II хорооны иргэн ):
-Зөв байх л гэж бодож байна. “Эрдэнэт үйлдвэр” хэний мэдэлд байгаа нь тодорхойгүй хэвээр байвал ард, иргэддээ хувь нэмрээ өгөхгүй. Төрд байснаараа тэтгэвэр, цалин бүгд л нэмэгдэнэ. Эдийн засаг ч мөн адил өсөх байлгүй.
З.НАРАНЦЭЦЭГ (Хан-Уул дүүргийн VII хорооны иргэн):
-Хувийн мэдэлд байснаас төр авсан нь дээр. Бусад оронд бол уул уурхай, газрын баялгаа төр нь мэдэлдээ авч, ард иргэддээ хувь нэмрээ өгдөг. Манай иргэдэд баялгаас юу ч ногддоггүй. Тэгэхээр төр “Эрдэнэт үйлдвэр”-ийг 100 хувь мэдэлдээ аваад нийгмийн эмзэг бүлэг болон бусад субьектээ санхүүжүүлбэл дээр шүү дээ. Гэхдээ УИХ-д байгаа хүмүүс авчихвал бас буруудна.
Д.НЭРГҮЙ (Баянгол дүүргийн VIII хорооны иргэн):
-Төрд байсан нь л зөв. Хувийн мэдэлд байна гэдэг миний бодлоор яагаад ч болохгүй. Иргэдэд ногдох ёстой хувь, ашиг нь хэдхэн хүний гарт очсоноос төр мэдэлдээ авбал иргэдэд тодорхой ашиг очдоггүй юм гэхэд ядаж л улсын эдийн засагт нэмэртэй.
Ч.ДУЛАМСҮРЭН (Баянзүрх дүүргийн XXI хорооны иргэн):
-Төрд л байсан нь дээр шүү дээ. Ядаж л бид хувьцаа хүртэнэ. Хүртэхгүй байлаа ч улс оронд хэрэгтэй. Төр, засаг нефть, уул уурхай, үйлдвэр зэрэг ард иргэддээ ашигтай компаниудаа хувьд гаргах нь буруу. “Эрдэнэт үйлдвэр” төрийн мэдэлд байснаар бараа бүтээгдэхүүний үнэ, цалин зэрэг нэмэгдэх л байх.
Ж.БОЛДБААТАР (Сонгино-хайрхан дүүргийн VIII хорооны иргэн):
-Хувийн хэвшлийн мэдэлд байвал иргэд бид хүний эрхшээлд ажиллаж, амьдарна. Төр авбал “Эрдэнэт үйлдвэр” иргэдэд ашгаа өгнө. Бид ч гэсэн хувьцаа хүртэх нь зөв.
Ж.АДЪЯАХҮҮ (Баянзүрх дүүргийн VII хорооны иргэн):
-Улсынх байх нь зөв. Ард иргэдэд ашигтай биз дээ. “Эрдэнэт үйлдвэр” бол манай улсыг тэжээж байсан ганц том үйлдвэр. Үүнээс иргэд ашиг хүртэнэ гэж бодож л байгаа. Хүний гарт байх юм бол ард түмэн өсөж дэвжиж чадахгүй. Газрын баялаг бол ард түмний өмч. Бид түүнээс ашиг хүргэх ёстой.
З.ТУНГАЛАГ (Сонгино-хайрхан дүүргийн III хорооны иргэн):
-Сайн ойлголтгүй л байна. Уг нь төр авах нь зүгээр л байх. “Эрдэнэт үйлдвэр”-ийн ашгаас бид хувь хүртэхгүй байлаа гэсэн ч төр, засаг нь зохицуулалт хийж ард түмэндээ ядахдаа жаахан ашиг хүртээж, улсынхаа эдийн засагт нэмэр болно гэж бодож байна.
Д.ЛХАГВАСҮРЭН (Хан-Уул дүүргийн XII хорооны иргэн):
-Зөв шүү дээ. Ард түмний өмч ард түмэндээ л байх ёстой. Иргэдийг тэжээж, хөрөнгө оруулж байгаа ганц үйлдвэр бол “Эрдэнэт үйлдвэр” шүү дээ. Хувийн хэвшлийн мэдэлд байвал бидэнд наалдах юм байхгүй.
Б.СЭР-ОД (Хан-Уул дүүргийн иргэн):
-Үнэнийг хэлэхэд энэ талаар тодорхой мэдээлэл алга. Хэн нэгнийг буруутгаж, эсвэл зөвтгөсөн мэдээлэл дунд будлиж, бүр төөрч орхилоо. “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаар ярих нь нэр хүндээ өсгөх гэсэн хэдэн хүний арга болоод байх шиг. Өчнөөн юм ярьж, шоудчихаад чимээгүй болж байгаа хүн нэг бус. Тус үйлдвэрийн хувь нийлүүлэгчдээс хэдэн төгрөг салгачихаад, амаа үддэг байж ч магадгүй. Ц.Нямдорж сайдыг овоо шударга хүн юм болов уу, “Эрдэнэт үйлдвэр”-ийг монголчуудынх болгохын төлөө, бусдад алдахгүйн төлөө тэмцдэг гэж боддог байсан ч эргэлзэх болсон. Өнөөдөр манай улсад монголчууд биднийх гээд нүүр бардам нэрлэх зүйл улам цөөрч байгаад эмзэглэдэг. Тийм болохоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монгол Улс өөрийн болгох хэрэгтэй. Хоорондоо хэмлэлдэж байгаад бусад оронд алдвал яана. Төр удирдаж буй хүмүүст итгэхэд бэрх цаг ирж. Би лав итгэдэггүй. Тэд бусадтай хуйвалдан, “Эрдэнэт үйлдвэр” 100 хувь Монголын мэдлээс гарлаа гэвэл яах вэ. Монголыг тэжээхэд томоохон хувь нэмэр оруулж буй үйлдвэрээ бүхлээр нь өөрийн болговол Монгол Улс ононо уу гэхээс алдахгүй.