Баян, ядуугийн ялгаа холдож эхлэв. Хүн амын орлогын хуваарилалт жигд байна уу, үгүй юү гэдгийг хэмждэг жини коэффициент нэмэгдсэн нь үүнийг илэрхийлнэ. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр өнгөрсөн оны эхний гурван улирлын дунджаар жини коэффициентийн үзүүлэлт 0.343 болжээ. Энэ итгэлцүүр 2016 онд 0.332 болсон нь сүүлийн найман жилийн хамгийн сайн үзүүлэлт байсан юм. Тэгвэл энэ үзүүлэлт жилийн хугацаанд 0.1-ээр дээшлэв. Дөрвөн жил тасралтгүй саарсан эдийн засаг үл ялиг сэргэж эхэлсэн мөчлөгтэй жини коэффициентийн өсөлт давхацсан нь анхаарал татаж байна.
Юуны өмнө олон нийтийн төдийлөн анхаараад байдаггүй жини коэффициентийн талаар тайлбарлах нь зүйтэй. Жини коэффициентийн аргачлалыг Италийн социологич, статистикч Коррадо Жини 1912 онд гаргасан гэдэг. Тэртээ 100 гаруй жилийн өмнөөс энэ коэффициент баян, ядуугийн ялгааг илэрхийлэх гол хэмжүүр болсоор ирсэн. Тиймээс улс орон бүр л энэ хэмжүүрээр баян, ядуугийн ялгаагаа “дэнсэлж”, төрийн бодлого хэрэгжүүлэхдээ ашиглаж байна. Коэффициентийг 0-1 хүртэл тоогоор илэрхийлдэг. Коэффициент 0 рүү дөхөх тусам хүн амд нийгмийн баялаг, улс орны орлого жигд хуваарилагдаж байгааг заадаг юм. Тэгвэл нэг рүү ойртох тусам баян, хоосны ялгаа гүнзгийрч буйг илэрхийлнэ.
Дээр дурдсаныг уншаад эдийн засаг өсөж байхад баян, ядуугийн ялгаа яагаад холддог билээ гэж бодож байна уу. Улстөрчид “Эдийн засгийн хүрээмжтэй өсөлт бий болгоно” гэсэн уриа дэвшүүлэхийг олон удаа сонссон байх. Угтаа энэ нь эдийн засагт шинээр бүтээж буй баялаг, орлогыг тэгш хуваарилна гэсэн санаа юм. Эдийн засаг өсөж буй ч орлого тэгш хуваарилагдахгүй байгаа учраас жини коэффициент өөдөө тэмүүлж буй хэрэг.
Манай улсын эдийн засгийг хэн сэргээсэн бэ? Засгийн газрын гишүүд, Монголбанкныхны ярьж байгаа шиг Олон улсын валютын сангийнхан Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлээд өр ширэнд баригдан, “өвдөж зовсон” эдийн засгийг өргөс авсан мэт илааршуулчихсан хэрэг биш. Дэлхийн зах зээлд манай улсын экспортын гол түүхий эд болох алт, зэс, нүүрсний үнэ өссөн нь эдийн засгийг сэргээсэн. Түүхий эд экспортлон олж буй орлого тэгш хуваарилагддаггүй. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй томоохон компани, түүний эздийн халаасанд ордог. Товчхондоо, уул уурхайн компанийн эздийн ашиг өссөн нь нийгэмд орлогын тэгш бус хуваарилалт бий болгосон хэрэг.
Уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай улс орон бүрийн баян, ядуугийн ялгаа холддог зовлонтой. Статистикаас жини коэффициентийн хэмжүүр 2010 онд 0.36, 2011 онд 0.37, 2012 онд 0.362 байсныг харж болно. Уул уурхайн өсөлт баян, хоосны ялгааг тэлдгийн баталгаа энэ юм. Эргэн санавал, Монголд энэ жилүүдэд уул уурхайн “тэсрэлт” болж, үүний хүчээр эдийн засаг хоёр оронтой тооноос дээш, бүр 17.3 хувиар өсөж байв. Уул уурхайн орлогыг хүн амд тэгш хуваарилах нэг арга нь эрдэс баялгийг ашиглаж буй компанийн хувьцааг иргэддээ тэгш хүртээх юм. Үүний нэг жишээгээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг иргэн бүрт тараасныг нэрлэж болно. Гэхдээ улстөрчдийн бодлогын алдаанаас шалтгаалаад энэ компанийн хувьцаа эдийн засгийн эргэлтэд орж, иргэдэд үр өгөөжөө өгч эхлээгүй учраас орлогыг тэгш хуваарилахад нөлөөлөхгүй байгаа.
Нийгмийн баялгийг тэгш хуваарилах өөр нэг арга нь татвар. Баян хүнийг “Хэдэн үеэрээ идээд барахааргүй хөрөнгөтэй болсон” гэж монголчууд ярьдаг. Ийм хэмжээний хөрөнгө хуримтлуулах орлоготой хэсгээс нь өндөр татвар авч, ядуу хэсгийнх нь хэтэвчийг зузаатгах бодлого хэрэгжүүлж болно. Өөрөөр хэлбэл, улсын төсвийг их орлоготойгоос нь өндөр, багатайгаас нь “намхан” татвар хурааж бүрдүүлнэ гэсэн үг. Өндөр орлоготой хүмүүсийн нуруунд хүнд ачаа үүрүүлэх татварын тогтолцоог олон орон бүрдүүлсэн байдаг. АНУ-д олсон ашгийнх нь 45 хувийг татварт хураадаг байх жишээтэй.
Манайх бол орлого их, багатайгаас үл хамааран жигд 10 хувийн татвар хураадаг тогтолцоотой. Засгийн газраас хувь хүний орлогын албан татвараас дөрвөн шатлалын дагуу татвар хурааж, нийгмийн орлого ихтэй хэсгийн нуруунд ачаа үүрүүлэх ахлам хийгээд, хүчтэй эсэргүүцэлтэй тулгаран хойш ухарлаа. Монголын Улсын хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн дундаж цалин 955 мянган төгрөгт хүрсэн. Гэвч нийт хөдөлмөр эрхэлдэг иргэдийн 70 хувь нь дунджаас бага цалинтай. Банкин дахь хадгаламжийн 90 хувийг нийт хадгаламж эзэмшигчийн нэг хүрэхгүй хувь нь эзэмшдэг. Эдгээр статистик орлогын ялгаа талийж өгснийг харуулна. Уул уурхайн баялгийг иргэдэд тэгш хуваарилахгүй, нийгмийн орлого ихтэй хэсэгт чадал тэнхээнд нь тохируулсан ачаа үүрүүлэхгүй бол жини коэффициент нэмэгдсээр байх нь дамжиггүй. Ийм арга хэмжээ авахгүй бол юунд хүргэх вэ?
Баян, ядуугийн ялгаа зааг холдох тусам нийгэм тогтворгүй болдог. Баячуудыг үзэн ядах сэтгэлгээ нийгэмд давамгайлан, үймээн самуун дэгдээх нь ч энүүхэнд. Үүний тод илэрхийлэл нь 2011 онд АНУ-д өрнөсөн “Occupy Wall street” буюу “Уолл-Стрийтийг эзэл” хөдөлгөөн юм. Хөдөлгөөнийг санаачлагчид Уолл-Стрийтийн баячууд нийгмийн баялгийг хуу хамж авч байгаа нь шударга бус явдал хэмээн олон өдөр хоног дамнуулан эсэргүүцсэн. Товчхондоо, тэд орлогыг тэгш хуваарилахыг шаардсан хэрэг. Монголын төр орлогыг тэгш хуваарилах талаар одооноос бодож сэтгэхгүй бол хэзээ нэгэн цагт уул уурхайн баялгийг зарж хөлжөөд эрх мэдэлд хүрчихсэн нөхдийг Төрийн ордноос чирч гаргах хөдөлгөөн өрнөж ч мэдэх юм. “Уолл-Стрийтийг эзэл” хөдөлгөөн дэлхийн ядуучуудад даган дуурайх сайн “сургаал” болсныг мартаж болохгүй.