- Дааврын бэлдмэлийг буруу хэрэглэвэл үргүй болох эрсдэлтэй –
Жирэмсэн гэдгээ мэдэлгүй амиа алдахаас наагуур эмнэлэгт хүргүүлж ирсэн эмэгтэйн талаар нэгэн эмч итгэмээргүй зүйл ярьсан юм. “Бараг хоёр сартай ураг нь амьгүй болсон байж. Гэтэл жирэмсэн гэдгээ мэдэлгүй нэг сар гаруй яваад цус алдаж эмнэлэгт хүргүүлж ирсэн. Мэс ажилбар хийж амьгүй ургийг цэвэрлэх үед үтрээнээс нь өмхий үнэртэж байв. Үнэхээр аймшигтай. Дааврын бэлдмэл уудаг, жирэмслэх учиргүй гэж тэрбээр ярьсан. Эмчийн заавраар бус, дур мэдэн жирэмслэлтээс хамгаалах эм ууснаас болсон бололтой. Биедээ гарч буй өөрчлөлтийг мэдэхгүй, ядаж тийм үнэрийг анзаарахгүй байна гэдэг дэндүү хайхрамжгүйн илрэл” гэж эмч халагласан.
Өвдгөө шалбалах төдийд л эмнэлэгт очиж шархаа цэвэрлүүлж боолгодог гадаадынхныг дуурайдаггүй юм гэхэд эрүүл мэндээ эмчид даатгаж хэвшээгүй нь монголчуудын дунд тулгамдаж буй асуудал болоод удлаа. Лам, бөөгөөр домнуулаад бариачаас тан авч эдгэрнэ хэмээн хугацаа алдаж, өвчнөө хүндрүүлсэн тохиолдол бишгүй.
Ийм хайхрамжгүй байдал нь эмзүйч нарыг өөгшүүлж, эм, тариаг жоргүй олгодог дадалтай болгоод буй. Өдгөө бүр даамжирч улсын бүртгэлд огт ороогүй эмийг гар дээрээс худалдагчдыг өөгшүүлэв. Дээрх эмэгтэй хувь хүнээс жирэмслэлтээс хамгаалах эм авч уун, хөл хүнд болж, ураг нь амьгүй болсон гэж эмч нар оношилжээ.
Ураг зулбуулах үйлчилгээтэй, хятад эмийг зөвшөөрөлгүй худалдах хүн олширч, охид, бүсгүйчүүд эрүүл мэндээ хохироох байдлыг багасгахаар хууль, хяналтын байгууллагынхан ажиллаж буй. Гэвч уг зөрчил арилаагүй байхад жирэмснээс хамгаалах эм гэгчийг хууль бусаар худалдах нь газар авлаа. “Уг эмнээс сард нэг ширхгийг уугаад жирэмслэлтээс 100 хувь хамгаалах боломжтой. Эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй” хэмээн худалдаж буй хүмүүс нь тайлбарлаж байв. Гэвч тийм биш ажээ.
Уг эмийг уугаад цус алдаж, эмнэлэгт хүргүүлсэн иргэн Ц-тэй цахимаар холбогдлоо. Тэрбээр уг эмийг худалдахаар оруулсан зарын доор “Битгий уугаарай. Би уугаад цус алдсан. Ийм эмийг эмчийн заавраар хэрэглэх ёстой юм билээ” гэж бичжээ. Тэрбээр энэ тухайгаа “Би өнгөрсөн оны арванхоёрдугаар сард фэйсбүүк хуудсанд байршуулсан зарын дагуу уг эмийг 10 000 төгрөгөөр худалдан авч уусан. Борлуулсан эмэгтэй “Шууд ууж болно. Сөрөг нөлөөгүй. Яг сарын дараа ахин нэгийг уугаарай” гэж зөвлөсөн. Гэтэл сарын тэмдэг хугацаанаасаа найм хоногийн дараа ирж, би цус алдсан. Харьяа дүүргийнхээ эмэгтэйчүүдийн эмчид үзүүлээд тэр эмнээс болсныг мэдсэн” гэв.
Уг эмийн талаар иргэн С “Би үүнийг уугаад жирэмсэн болсон. Азаар хүүхэд минь эрүүл, би удахгүй төрнө. Дур мэдэн эм уух, ялангуяа хувь хүнээс худалдан авах аюултайг өөрийн биеэр мэдэрлээ” гэсэн юм.
Уг эмийг БНХАУ-ын Эмийн үйлдвэрт үйлдвэрлэдэг гэнэ. Манай эмэгтэйчүүдийн хувийн эмнэлгүүд уг эмийг тухайн үйлдвэрээс дамжлагагүйгээр нийлүүлэн, эмчийн хяналттайгаар бүсгүйчүүдэд уулгадаг байжээ. Гэтэл тус улсад энэ төрлийн эмийг хуурамчаар хийж, түүнийг нь хувь хүмүүс оруулж ирэн худалдах болжээ. Тиймээс ихэнх эмнэлэг хүмүүст зөвлөж, уулгахаа больсон юм байна. Энэ эмний жинхэнэ нь буюу улсын үйлдвэрийнх нь нэг хайрцаг эмийнх нь үнэ 40 юань аж. Монгол мөнгөөр бол 15 000 төгрөг. Эмнэлгүүд нэг ширхгийг нь 5000 төгрөгөөр худалддаг гэнэ.
Ингэхдээ эмийг хүмүүст хайрцгаар нь өгч явуулдаггүй, сар тутам үзлэг хийж, зааврын дагуу уулгадаг байна. Харин “хулхи” эмийг хүмүүс хайрцгаар нь 10-12 мянган төгрөгөөр худалдаж байна. Фэйсбүүк хуудсанд байршуулсан зарын дагуу Х гэгч хүнтэй холбогдоход “Уг эмийг би таван жил ууж байгаа, найдвартай шүү. Сарын тэмдэг ирснээс хойш тав дахь өдөр нь уугаад дараагийн удаа 25 хоноод ууна. Авах бол хаягаар хүргэнэ. Эмийн үнэ 10 000 төгрөг, бусад хүн өндөр үнээр зардаг юм. Хүргэлт 2000 төгрөг” гээд гэрийн хаяг лавлаад “Нарантуул” захтай ойр бол тэндээс авахыг зөвлөлөө.
Тухайн эмийг шууд аваад ууж болох, эсэх талаар “Энхийн төлөө” эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч Б.Энхчимэгээс тодруулахад “Дааврын хавсарсан бэлдмэлийг шууд хэрэглэж болохгүй. Заавал эмэгтэйчүүдийн эмчийн заавраар хэрэглэх заалттай. Надад тохирсон эм чамд сөрөг нөлөө үзүүлж болно. Энэ төрлийн эм найрлагадаа өндөр тунтай даавар агуулдаг. Хэрэв хэрэглэж буй хүн умайн хоргүй хавдартай байвал тэр нь томрох эрсдэлтэй. Ийм эм ууж байгаад хэрэглэхээ гэнэт болих нь ч эрсдэлтэй. Зөв тунгаар зохимжтой цагт нь уухгүй бол үргүй болж мэднэ. Жирэмслэлтээс хамгаалах хятад эмийг сард нэг удаа ууна гэж буруугаар ойлгон хэрэглэж болохгүй. Анх болон давтан хэрэглэгчийн уух схем ондоо” гэлээ.
Сүүлийн үед ураг амьгүй болох, зулбах тохиолдол олширч буйг үүнтэй холбоотой байж болзошгүй тухай эмч нар хэлэв. “Амгалан” амаржих газрын эх баригч эмч Г.Гандолгор “Ураг нь амьгүй болсон эмэгтэй өдөрт дор хаяж нэг ирдэг. Хүндрэлгүй бол бид зөвлөлдөөд цэвэрлэдэг. Хүндрэлтэй байж болзошгүй тохиолдолд ЭХЭМҮТ рүү илгээдэг. Үүнийг дур мэдэн эм ууснаас үүдэлтэй гэж шууд хэлж болохгүй ч үгүйсгэх аргагүй. Ер нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн боловсрол тааруу байдаг. Жирэмслэлтээс хамгаалах эмийг эмчийн зааваргүй ууж болохгүй. Гэтэл хүссэн хүн дурын эмийн сан, хүнээс аваад уудаг” хэмээн ярьсан юм.
Харин ЭХЭМҮТ-ийн Дутуу нярайн тасгийн эмч нар “Ураг зулбаж, амьгүй болох тохиолдол сүүлийн үед ихсэж байгаа. Хориглосон эм ууснаа хэлэх эмэгтэй цөөн. Олонх нь нуудаг. Ямар ч байсан бид гадарлана шүү дээ. Хэвийн өсөж байсан ураг амьгүй болоход эхийн буруутай үйлдэл ч нөлөөлнө. Охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн боловсролыг сайжруулахад холбогдох мэргэжлийн хүмүүс, шийдвэр гаргагчид анхаарах хэрэгтэй байна” хэмээн ярив.
Зар тавьж, Монгол Улсын эмийн бүртгэлд ороогүй бүтээгдэхүүн худалдаж байгаа зөрчлийг хэрхэн арилгах талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Х.Цэнд-Аюуш “Хүмүүс эрүүл мэнддээ өөрсдөө л анхаарах хэрэгтэй. Ууж буй эм, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг өөрөөс нь өөр хэн ч хянахгүй шүү дээ. Гэтэл үүнд дэндүү хайхрамжгүй хандаж байна. Хууль бус эм, бэлдмэл хэрэглээд хохирсон мэдээллийг түгээж, тухай бүрт нь шалгалт хийж анхааруулсаар байтал авч ууж байгаа нь тухайн хүний буруу. Бид иргэний гомдлын дагуу шалгадаг. Гэхдээ хэн, хаана ямар бүтээгдэхүүн худалдаж байгааг мэдэх боломжгүй” гэв.
МХЕГ-ын улсын ахлах байцаагч Ч.Отгонцэцэг нийт эмийн сангийн 77 хувьд нь жоргүйгээр эм олгодог зөрчил илэрсэн талаар ярьсан. Мөн импортын эм, бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг ч дурдсан. Эс бөгөөс улсын бүртгэлд байхгүй эм, бүтээгдэхүүн худалдах зөрчил нэмэгдэх хандлагатай байгаа аж. Ялангуяа эмэгтэйчүүд хэрэглэх заалттай эм оруулан ирж, худалдах зөрчил давамгайлж буй гэнэ.
Жирэмслэлтээс хамгаалах уг эмийг дур мэдэн буруу хэрэглэвэл үргүй болох эрсдэлтэйг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Гэвч нөхөн үржихүйн боловсролоор “цангасан” эмэгтэйчүүд бэлгийн харьцаанд орохдоо төлөвлөх бус, дараа нь жирэмслэхээс эмээж элдэв эм ууж, эрүүл мэндээрээ дэнчин тавьж байна. Овжин хүмүүс ийм байдлыг ашиглаж, хууль бус худалдааг эмээх ч үгүй хийдэг боллоо.