- Биткойноор хар тамхи худалдаж авсан тохиолдол хэд хэд бүртгэгдсэн –
Крипто валют хэмээх өндөр эрсдэлтэй зах зээл рүү олон монгол хүн хошуурлаа. Мэдээллийн технологийн инженерүүд, гарааны зарим компани 200 орчим крипто валют “зохион бүтээжээ”. Үүнээс олны анхаарлыг хамгийн их татсан нь биткойн. Энэ л валют руу манайхан хошуурсан. Ханш нь цаг, хором бүрт өсөж байсан учраас тэр биз. Эрэлт ихтэй бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг жамаар биткойны ханш тэнгэрт хадав. Нэг биткойны ханш 20 мянган ам.долларт хүрснийг энэ зах зээлийн талаар мэдээлэлтэй хүмүүс мэдэж байгаа. Мэдээж энэ бол зах зээлийн хөөс байсан.
Хөөс хагарлаа. Нэг хэсэгтээ олны анхаарлыг татаад байсан биткойны ханш хоёр дахин буурч, өчигдөрийн байдлаар 8000 ам.доллар болов.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн “Таны олсон ашиг таны мөнгө, бас чиний алдсан мөнгө чиний алдагдал” гэж хэлсэн удаатай. Биткойн худалдаж авсан монгол хүмүүсийн хэд нь ханшийн зөрүүнээс ашиг олсон, бас хэд нь алдаад толгойгоо шаасныг хэлж мэдэхгүй. Алдсан бол таны хохь. Хэрэв ашиг олсон бол аз чинь. Алдсан хүмүүс хэн нэгэнд өөрийн бурууг тохох эрх байхгүйг С.Даваасүрэн дарга сануулсан хэрэг. Учир нь блокчейн технологид суурилсан крипто валют зохицуулалтгүй, өндөр эрсдэлтэй зах зээл. Товчхондоо, сэтгэл хөөрөлтэй, тооцоо судалгаагүй нэгэнд хатуу “тоглоом” юм.
Олон орон крипто валютыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өмнөд хөршид энэ төрлийн зах зээлийг хориглохоо мэдэгдэв. Оросууд крипто валютыг төлбөрийн хэрэгсэл гэж үзэхээс татгалзлаа. Хэрэв төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөхдөө тулбал өөрийн крипто валютыг зах зээлд нэвтрүүлэх гэнэ. Яагаад улс орнууд крипто валютыг хүлээн зөвшөөрөхгүй байна вэ?
Крипто валютаар ямар худалдаа, арилжаа хийж байгааг хянах боломжгүй учраас тэр. Дэлхий нийтээр гэмт хэрэг, терроризмыг мөнгө санхүүгээр дэмжихийг эсэргүүцэж байгаа нөхцөлд крипто валют энэ ажилд саад болох нэг арга болжээ. Тухайлбал, биткойноор хар тамхи худалдаж авсан тохиолдол хэд хэд бүртгэгдээд байна. Энэ нь крипто валютыг хүлээн зөвшөөрөхгүй байх хамгийн том шалтгаан.
Биткойны ханшийн хэлбэлзэл (сүүлийн сард, ам.доллароор) эх сурвалж: www.iqoption.com
Өөрийгөө Сатоши Накамото гэж нэрлэсэн нэгэн программист биткойны санааг гаргаж, загварыг нь боловсруулан, эх кодыг нь бичин, 2008 оны арваннэгдүгээр сарын 1-нд бий болгосон, цахим мөнгө гэж үздэг. Түүний анхны санаа нь аливаа Засгийн газраас хараат бус, хүн болгоны хэрэглэж болох, шилжүүлэг хийхэд дундын банк, эсвэл гуравдагч этгээдийг ашиглах шаардлагагүй, шимтгэл төлөхгүй мөнгөн тэмдэгт бүтээх байсан гэж тайлбарладаг. Энэ нь крипто валютын давуу тал юм.
Хэдийгээр хүмүүс тодорхой хэмжээнд сонирхож, хийсвэр гэмээр зах зээл үүсээд байгаа ч (одоогоор 30 орчим тэрбум ам.долларын зах зээл үүсээд байна) крипто валютын сул тал нь “том шалтгаан”-тай учраас хүлээн зөвшөөрөхөд бэрх. Жижиг эдийн засагтай зарим орон төлбөрийн хэрэгсэл болгохыг хүлээн зөвшөөрөөд байгаа ч их гүрнүүд хатуу эсэргүүцэж буй. Тиймээс энэ хөзрийг болгоомжтой сөхөх учиртай.
Ханш нь унасан учраас монголчууд энэ төрлийн валютыг сонирхох хүрээ хумигдаж байх шиг. Гэхдээ 21 сая ширхэг биткойн олборлох учраас ханш нь эргээд өснө гэсэн хүлээлт зарим нэгнийг “хөглөж” байгаа аж. Гэр хорооллын айлын хашаан дахь эзгүй байшин ч юм уу, эсвэл аж ахуйн нэгжийн чингэлэгт биткойн олборлох тооцоолуурын машин дүнгэнэн дуугарч, өдөр, шөнөгүй ажилласаар байгаа.
Монголд өндөр хүчин чадалтай, биткойн олборлох зориулалтаар зохион бүтээсэн, 3000-4000 ам.долларын үнэтэй 20 орчим мянган тооцоолуурын машин ажиллаж байгаа гэсэн баримжааг уг зах зээлийг сонирхогчид хэлж буй. Биткойн олборлож зах зээлд нийлүүлсэн “нөхөд” ямартай ч алдагдал үүрээгүй бололтой.
Тооцоолуурын арван машин импортолж, биткойн олборлож байсан хүнтэй уулзлаа. Нэрээ нууцлахыг хүссэн тэрбээр “Хоёр жил орчим биткойн олборлосон. Ашгийнхаа тооцоог нарийн гаргаагүй. Ойролцоогоор 30 орчим хувийн ашигтай ажилласан. Хэрэв олборлосон биткойноо өндөр ханштай үед нь зарсан бол их ашиг олох байсан” гэж ярив. Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан компанийнх нь мөнгөн урсгал тасраад байсан учраас олборлосон биткойноо зараад, ажилчдынхаа цалинг тавиад байжээ. Тэрбээр одоо биткойн олборлохоо больсон. Ямар итгэл үнэмшлээр биткойн олборлохоо зогсоосноо тэрбээр ний нуугүй ярилаа.
Эхнийх нь “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягаас шалтгаалжээ. Эх сурвалж маань “Ч.Ганхуяг “Крипто үндэстэн” чуулга уулзалт зохион байгуулж, биткойнд хөрөнгө оруулаад алдахгүй байх магадлал алдахаасаа олон дахин их гэж ярьсан. Ингэж хүмүүсийг өндөр эрсдэлтэй зах зээл рүү татаж болохгүй. Би биткойн олборлоод хүмүүст өндөр үнээр зарж ашиг олох гэж байгаа юм шиг санагдаад больсон” гэв.
Түүний удаах шалтгаан нь эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой аж. Нэг тооцоолуурын машин сард 1500 кВт/ц цахилгаан хэрэглэдэг байна. Арван машин ажиллуулаад тэрбээр сард нэг сая гаруй төгрөгийн төлбөр төлж байжээ. “Биткойн олборлох машин их хэмжээгээр импортолсоор байвал манай эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцэхгүй. Энэ нь жоомоо алах гэж байгаад гэрээ шатаасантай адил болно. Тиймээс би гэрээ шатаах ажилд нь оролцмооргүй санагдаад биткойн олборлохоо зогсоосон” гэж ярив.
Мөн тэрбээр “Биткойн олборлох хамгийн том зардал нь эрчим хүчний төлбөр. Тиймээс зардлаа бууруулахын тулд эрчим хүч хулгайлдаг. Улсаасаа мөнгө хулгайлж байна гэсэн үг” гэж ярьсан. Магадгүй тэрбээр монголчууд крипто валют руу хошуурахгүй байх хоёр гол шалтгааныг олж хараад олборлохоос татгалзжээ.
Дээр дурдсанчлан крипто валют гэх хөзрийг болгоомжтой сөхөх учиртай. Хүлээн зөвшөөрөгдөх, үл зөвшөөрөгдөхөөс хамаараад ханш нь хэрхэх нь тодорхойгүй. Хувьцаа, бондын ханш хэдэн төгрөг болтлоо унах, өсөх магадлалтайг баримжаалж болдог. Учир нь бодитой хөрөнгө, бизнесийн ашиг, орлогоор баталгаажсан байдаг учраас тэр. Тэгвэл биткойны хувьд 21 сая ширхгийг олборлоод хязгаартаа тулах учраас ханш нь өснө гэсэн битүү хатуу найдлагаас өөр юм алга.
Ханш нь өснө гэж “горьдоод” 8000 ам.доллароор биткойн худалдаад автал 1000 “ногоон” руу “гулсчихвал” хэнд ашигтай вэ? Биткойн олборлох олон машин импортолж суурилуулбал эрчим хүчний систем доголдох магадлалтай учраас Засгийн газар үүнд одооноос анхаарал хандуулах хэрэгтэй.
Канадад биткойн олборлох “үйлдвэрүүдэд” зориулж, тусад нь цахилгаан станц барьсан гэнэ лээ. Гэхдээ манайд өнөөдөртөө крипто валютын зах зээл сонирхогчдод зориулаад цахилгаан станц барих чадал байгаа бил үү.
Оюунаа чилээж, хөлсөө дуслуулж олсон мөнгөө салхинд хийсгэчихгүй, гэр орноо цахилгаанаар тасалчихгүйн тулд крипто валют руу бүү хошуур.