Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, инновацын шинэлэг шийдлийг шалгаруулах хакатоныг нийслэлийн Бизнес, инновацын газар, хүнсний эрүүл ахуйн зөвлөх үйлчилгээний “Магнафлок”, дижитал маркетингийн “Юу Жи Си глобал партнерс” компанийнхан хамтран зохион байгуулахаар болжээ. Хакатоны бүртгэл энэ сарын 23-ныг дуустал үргэлжлэх аж. Хакатонд оролцох багууд 3-5 хүний бүрэлдэхүүнтэй байх ёстой бөгөөд старт-ап, оюутан, судлаач, сонирхогч гэх мэт төрөл бүрийн салбарын төлөөллийг багтаах боломжтой юм байна. Мөн ганцаарчилсан бүртгэлд ч оролцож болох агаад ийм тохиолдолд тэднийг гишүүн хайж буй багуудад хуваарилах гэнэ.
Хакатонд оролцогчид “Хүнсний нарийн ногооны хүлэмж, далайн гаралтай бүтээгдэхүүнийг дотооддоо бий болгох боломж бүрдүүлэх”, “Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах, ашиглах”, “Сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн хүнсний хангамжийн менежментийг сайжруулах, нийслэл хотын хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн шийдэл боловсруулах” сэдвээр шинэ шийдлүүд боловсруулах даалгавартай. Эцсийн шалгаруулалтыг энэ сарын 29-нд явуулах аж.
Ч.Зул