Сар шинийн баяр болоход хэдхэн хоног үлдээд байна. Энэ өдрүүдэд хүн бүр дээл, хувцас, идээ ундаагаа бэлддэг уламжлалтай. Цагаан сар, Үндэсний их баяр наадам гэхээр хүн бүрд хамгийн түрүүнд уламжлалт хэв загвараа хадгалсан дээл бодогддог байх. Дээл бол манай орны байгаль, цаг уурын онцлог, эрхэлж буй ажил, амьдралын хэв маягийг тольдон харуулдаг түүхэн товчоон гэлцдэг. Иймд өнөө жилийн сар шинийг гоёлыг өнгөлөх үндэсний брэндүүдийн үнэ болон загварын мэдээллийг хүргэе.
Өнөө жилийн Цагаан сарын цуглуулгуудыг харвал дизайнерууд дээлийн үндсэн загвар, хэлбэрийг хадгалахаас гадна хийц болон хэрэгцээ талаасаа цаг үедээ нийцсэн шинэ элементүүд шингээн урлажээ. Ингэхдээ зөвхөн баярын өдрүүдэд л гоёх бус, өдөр тутамдаа ч өмсөх боломжтой үндэсний хувцас бүтээхээр зорьсон аж. Энгэр хэсэг нь дээлийнх шиг загвартай ч их биеийг нь костюмын хэлбэрээр урласан хүрэм, аль эсвэл энгийн футболк, даашинз, хантааз мэт боловч монгол зах оруулж, товч шилбэ хадаж, үндэсний өнгө аяс шингээсэн загварууд өнөө жил зонхилж байна. Мөн монгол хээтэй өмд, юбка зэрэг олон шинэ загвараар нүд хужирлах болж. Тухайлбал, ATOZ-ынхон өнгөлөг, чамин тансаг байдлаа хадгалан могойн хээтэй хантааз, хүрэм зэрэг загвараа борлуулж эхэллээ. Тус брэндийн бүтээгдэхүүнүүд 100-890 мянган төгрөгийн үнэтэй.
“Борголжин” брэндийнхэн бараг л Монголд анх удаа хатны зурагтай, чөлөөт цамц худалдаанд гаргасан гэхэд болно. Тус брэндийнхэн бизнесийн гол хөшүүрэг болох хямд үнийг чухалчилдаг нь хэрэглэгчдийг ихэд татдаг гэдэг. Тиймдээ ч хамгийн боломжийн үнийг санал болгодог билээ. Тэгвэл тэд өнөө жил илүү минимал загваруудаа дэлгэж, 55-345 мянган төгрөгөөр худалдаж буй. Харин “Ивээл” брэндийнхэн хиймэл хурган дотортой хантааз, уламжлалт хээ хуар шингээсэн дээл, хослолуудаараа өнөө жилийн өнгийг тодорхойлох нь. Ингэхдээ синтепон дотортой хантааз, хүүхдийн болон том хүний дээл гэх мэт олон сонирхолтой загварыг сар шинийн коллекцдоо багтаажээ. Эл брэндийнхэн бараа, бүтээгдэхүүнээ 65-250 мянган төгрөгөөр борлуулдаг юм байна. Тухайлбал, хүүхдийн хантааз 65 мянга, том хүний хоргой эмжээртэй нь 105 мянган төгрөгийн үнэтэй гэнэ.
Залуу бүсгүйчүүдэд зориулсан хувцас түлхүү урладаг “We” брэндийнхэн материал сонгохдоо илүүтэй анхаардгаа үргэлж онцолдог. Тодруулбал, зөвхөн торгоор бус, орчин үед тренд болж буй материалаар хувцсаа урлаж, уян хатан үнийг хэрэглэгчдэдээ санал болгодог нь тус брэндийн давуу тал гэнэ. “We” брэндийн монгол цамц 118 мянга, тэрлэг дээл 198 мянган төгрөгийн үнэтэй аж.
“Моn couture” нь монгол хувцасны зах зээлд хүчээ үзэж буй эрэгтэй загвар зохион бүтээгчийн брэнд гэдгээрээ онцлогтой. Монгол хатдын сүрдэм хувцасны өнгө донжийг хадгалсан тэдний бүтээлийн хээ угалз, зураг, чимэглэл бүр дахин давтагдашгүй гэдгээрээ онцлогтой. Хүр хорхойн торгоос эхлээд олон төрлийн сонголттой бөгөөд 300 мянгаас 3.5 сая төгрөгийн үнэтэй аж.
Бүсгүйчүүдийн хүчирхэг дайчин зан чанар, энхрий ялдам дүр төрхийг өнгөний хослол, өвөрмөц хийц загвараар илэрхийлдэг гэлцдэг “Өв” брэндийнхэн өнөө жилийн Цагаан сарын баярт зориулсан коллекцоо саяхан танилцуулсан билээ. Тус коллекцод энгийн монгол цамц, тэрлэг дээл, хантаазнаас эхлээд үндэсний хэв загварыг хадгалсан оффис хослол, юбка ч бий. Хамгийн хямд бүтээгдэхүүн нь 64 мянган төгрөгийн үнэтэй хантааз. Харин хамгийн үнэтэй нь 3.8 сая төгрөгийн өртөгтэй, хурган дотортой дээл аж.
У.Сүрэн