Гандантэгчэнлин хийдээс гаргасан, ХVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Цагаан сарын өглөө зүг мөрөө гаргах зурхайг хүргэж байна.
Найман суудал буюу хөлөл нь ГАЛ, ШОРОО, ТӨМӨР, ОГТОРГУЙ, УС, УУЛ, МОД, ХИЙ байх бөгөөд тус тус дөрвөн зүг, найман зовхист харгалзана. Тухайн хүн тэр жилдээ ямар суудалд суухыг олохдоо эрэгтэй хүнийг ГАЛ суудлаас эхлэн нар зөв, эмэгтэй хүмүүнийг УСАН суудлаас эхлэн нар буруу билгийн насны тоогоор нь тойруулан тоолдог. Тухайн жилийн суудлыг тодорхойлоод гарч буй шинэ жилдээ цог хийморьтой байхыг бэлгэдэн Цагаан сарын өглөө сууж буй суудлынхаа “Цог хийморийн” зүг рүү мөрөө гаргаж, чухаг дээд гурван эрдэнэдээ ажил үйлс, ахуй амьдрал, амь нас, эрүүл мэндээ даатган залбирч, аврал одуулаад, суудал тус бүрийн тохирох тарнийг урин уншиж, нар зөв тойрон буян хишиг арвижин дэлгэрэхийн ерөөл өргөн буяны зүгээсээ ирдэг байна.
Мөр гаргах үед тухайн жилд огторгуйн “хар нохойн ам” аль зүгт байгааг харгалзан цог хийморийн зүг нь хар нохойн амтай давхацвал тухайн суудалд суусан хүмүүс эмийн болон буян хишгийн зүг рүү мөрөө гаргадаг ёстой.