ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын филармонид гоцлол дуучнаар ажилладаг манай улсын иргэн Ц.Тэгшээг тагнуулын хэрэгт холбогдуулан баривчилжээ. 31 настай түүнийг Холбооны аюулгүй байдлын албаны харьяаЛефортово дахь цагдан хорих байгууллагад хорьсон. Москвагийн Лефортово дүүргийн шүүхээс түүнийг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлд заасан “Төрийн нууцад хамаарах мэдээ баримтыг гадаад улсын тусгай албанд шилжүүлэх зорилгоор цуглуулан хадгалсан хэргийг гадаадын иргэн, харьяалалгүй хүн үйлдсэн” гэх заалтыг үндэслэн хорих шийдвэр гаргасан аж. Уг зүйл заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол 10-20 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ. Энэ тухай мэдээллийг тус улсын “Медиазон” цахим хуудсанд нийтэлсэн юм.
Тэгвэл манай ГХЯ-ныхан “ОХУ-д байнга оршин суудаг манай улсын иргэн Ц.Тэгшээг баривчилсан нь үнэн. Ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа” гэж хэвлэлийнхэнд мэдээлжээ.