ЮНЕСКО-гийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газраас “Говь бидний нүдээр” визуал урлагийн уралдааныг хоёр насны ангилалд зарлажээ. Тодруулбал, 18 хүртэлх буюу хүүхэд, 18-аас дээш буюу насанд хүрэгчдийн ангилалд говь нутгийн соёл, түүх, байгаль, аж амьдралын онцлогийг харуулсан гэрэл зураг, видео бичлэг, инстоляц болон орчин цагийн урлагийн бусад төрлөөр туурвисан шилдэг бүтээл тус бүр гурвыг шалгаруулах аж. Бүтээл туурвилын хэлбэр нь чөлөөтэй, гагцхүү визуал сэтгэлгээний гол шинж болсон дүрслэл, төсөөлөл, бүтээлч байдлыг шингээсэн байх ёстой бөгөөд шүүгчид утга санаа, өгүүлэмжийг нь чухалчлах гэнэ. Хоёр ангилалд нийт зургаан бүтээлийг шилдгээр шалгаруулж, эздийг нь тус бүр 2.5 сая төгрөгөөр урамшуулах нь. Мөн шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн дэлгэж, олны хүртээл болгохоос гадна ЮНЕСКО-гийн тайлан, хэвлэлд нийтлэх юм байна. Уралдаанд оролцогчдын бүтээлийг энэ оны наймдугаар сарын 1 хүртэл хүлээн авахаар тов гаргажээ.
Ж.Сувд