Нийслэлийн онцгой комиссын I хуралдаан өчигдөр болж, халиа, тошингийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Нийслэлийн Онцгой байдлын газрын Дотоод хяналт, шинжилгээ, үнэлгээ, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Төмөрмандах энэ үеэр “Халиа, тошин үүссэн байршлуудад эрсдэлийн үнэлгээ хийгээд байна. Уг үнэлгээний үр дүнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр маш их эрсдэлтэй түвшинд байгааг тогтоолоо. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хувьд их эрсдэлтэй түвшинд үнэлэгдсэн” хэмээн танилцуулав.
Халиа, тошин үүссэн байршлуудын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл мэдээлэл өгөв. Тэрбээр “2024 оны арванхоёрдугаар сараас өнөөдрийг хүртэл холбогдох мэргэжлийн байгууллагуудын албан хаагчид 48 120 шоо метр шуудуу татаж, 450 метр урт далан барьсан. Мөн 93 айлыг нүүлгэн шилжүүлэх дүгнэлт гаргасан” гэлээ.
Халиа, тошин ихээр үүссэн байршлууд ирэх хавар шар усны үерт автах эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагынхан нь сануулжээ. Тиймээс эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн, таван дүүргийн 28 хороонд ирэх сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15 хүртэлх хугацаанд гамшгийн шар түвшин тогтоох шийдвэрийг нийслэлийн Онцгой комиссоос гаргасан байна.
М.Оч