Улаанбурхан өвчний сэжигтэй шинж тэмдэг илэрсэн нэг хүнийг тусгаарлан, оношилгоо, эмчилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж буйгаа Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийнхөн өчигдөр мэдээлэв. Тухайн хүн нь улаанбурхан өвчин бүртгэгдсэн орноор аялж байгаад ирсэн гэнэ. Дэлхий дахинд өнгөрсөн сард улаанбурхан өвчний 3106 тохиолдол бүртгэгджээ. Тэр дундаа монголчуудын олноор зорчиж, аялж зугаалдаг Вьетнам улсад 114, Тайландад 103, БНСУ-д нэг хүн өвчилсөн байна.
Тиймээс гадаадын улс оронд зорчих хүмүүс улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамрагдахыг ХӨСҮТ-ийнхөн зөвлөв. Иргэд тус төвийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад хандан вакцин хийлгэх боломжтой юм байна. Уг өвчний халдварлах чадвар маш өндөр аж. Тухайлбал, өвчилсөн хүнтэй ойр, нэг тасалгаанд байсан, вакцин хийлгээгүй иргэдийн 98 хувь нь агаар дуслын замаар халдвар авах эрсдэлтэй гэнэ.
М.Оч