Хог хаягдлыг ачих, тээвэрлэх үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 18.00-21.00 цагаас бусад үед хог хаяхыг хориглоод буй билээ. Хог тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлсэн нь энэ юм. Уг зохицуулалтыг энэ сарын 4-нөөс мөрдөж эхэлсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ үүний талаар “Түгжрэл ихтэй өдрийн цагаар бус, шөнө хог ачиж тээвэрлэх юм. Хог хаягдлын менежментийг сайжруулахын тулд ангилан ялгаж, дахивар хаях савнуудыг байршуулж, зориулалтын машин, техникээр татах ажлыг энэ оны нэгдүгээр улиралд багтаан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хог хаях соёл төлөвшүүлэхэд иргэдийн оролцоо маш чухал. Зөвшөөрөлгүй газар хог хаяхгүй байх, бас зөрчил гаргасан иргэнийг хороо, дүүрэгтээ мэдэгдэх хэрэгтэй” гэж байв.
Гэвч эл зохицуулалттай холбоотойгоор иргэд хогоо орон сууцынхаа орц, үүдэнд хаях тохиолдол нэлээд олширсон талаарх шүүмжлэл гарах болов. Тодруулбал, зөвшөөрснөөс бусад үед хог хаяхдаа камерт “баригдахгүйн” тулд байрныхаа орц, хонгилд орхичихдог бололтой. Нөгөөтээгүүр, хог хаях цагтай болсныг огт мэдээгүй хүн цөөнгүй аж. Түүнчлэн “Монголчууд шөнө оройн цагаар хогоо хаядаггүй” гэж зөрүүдлэн эсэргүүцэгчид ч бий гэнэ. Иргэд зөвшөөрснөөс бусад цагт хог хаясан, эсэхийг хэрхэн хянаж, хариуцлага тооцож буйг Б.Мөнх-Эрдэнээс тодруулахад “Цагаа мөрдөөгүй хүмүүст хариуцлага тооцох юм уу, торгууль ногдуулах зэрэг арга хэмжээ аваагүй. Нийслэлийн хэмжээнд 18.00-21.00 цагаас бусад үед хог хаяхыг хориглосон шийдвэр болон үүний ач холбогдлын талаар иргэд, олон нийтэд таниулах үйл ажиллагааг одоогоор хэрэгжүүлж байна. Эл ажлыг дүүрэг, хороо, СӨХ-ныхон зохион байгуулж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, иргэн зөвшөөрснөөс бусад үед хог хаясан тохиолдолд цагийн зохицуулалтыг мөрдөх талаар тайлбарлаж, таниулж буй” гэв.
Эл зохицуулалт нь зөвхөн Улаанбаатар хотод л мөрдүүлдэг арга хэмжээ биш. Иргэдийг хогоо ангилан хаях дадал зуршилд суралцуулахын тулд олон улс оронд тодорхой өдөр, цагийн хуваарь гаргасан байдаг. Энэ нь хотоо цэвэр байлгах төдийгүй хог хаягдлыг дахин боловсруулах үйл ажиллагааг дэмжих зорилготой гэнэ. Жишээ нь, Японд нарийн заавар, цагийн хуваарьтай бөгөөд шатдаг хогийг мягмар, баасан, хуванцрыг лхагва гарагт гэх мэтээр ангилж хаях ёстой аж. ХБНГУ бүс нутаг бүрдээ өөр зохицуулалттай. Хуваарь зөрчсөн иргэнийг торгох зохицуулалтыг зарим бүс нутагт нь мөрддөг.
Монголчууд олноор ажиллаж, амьдардаг БНСУ-д манайхтай адил 18.00 цагаас хойш хог хаях журамтай юм байна. Ингэхдээ тусгай уутанд хийж, зөв газарт нь байрлуулах ёстой. АНУ-ын хот, муж бүрд өөр өөр хуваарь мөрддөг. Зарим хотод долоо хоногт ганцхан удаа хог ачдаг. Харин томоохон хотуудад нь долоо хоногт хэд хэдэн удаа ачих зохицуулалттай. БНХАУ-ын хувьд зөвхөн томоохон хотууд нь хог хаях цагийн хуваарь, тодорхой байршилтай аж. Түүнчлэн хогоо зөв ангилаагүй иргэдэд торгууль ногдуулах журамтай гэнэ.
М.Оч