Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-өөс өнгөрсөн баасан гарагт мэдээлэв. Тус төвийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул “Сүүлийн долоо хоногт вирус судлалын тандалтаар судалгаанд хамрагдсан шинжлүүлэгчдийн 60.9 хувьд нь зургаан төрлийн эмгэг төрүүлэгч илэрсэн. Вирусний тархалтын дүнг өмнөх тавдугаар долоо хоногтой харьцуулж үзвэл тоо хэмжээ нь 18.9 хувиар өссөн үзүүлэлттэй. Сүүлийн долоо хоногт вирусний тархалт нэмэгдсэн нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа идэвхэжсэнтэй холбоотой байж болох юм. Зургаан төрлийн эмгэг төрүүлэгч илэрснийг хувиар тодорхойлбол, рино болон амьсгалын замын синцитиаль вирус давамгайлах хандлагатай ба тус бүр 20.3 хувийг эзэлж байна. Бокавирус 8.7 хувьтай байсан бөгөөд өмнөх долоо хоногоос 4.7 хувиар нэмэгджээ. Харин томуугийн H1N1 вирус өнгөрсөн долоо хоногийнхтой ижил түвшинд байгаа.
Мөн улирлын коронавирус 2.9 хувьтай гарсан нь өмнөхтэй ойролцоо үзүүлэлт” гэв. Тус төвийн нэгжийн дарга Н.Сувдмаа “Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд хэвээр байна. Улсын хэмжээнд томуу, томуу төст халдвар 10 мянган хүн амд 56.8 буюу өмнөх долоо хоногийнхоос 5.1 тохиолдлоор нэмэгдсэн. Одоогоор 17 аймагт эл өвчин алаг цоог, дөрвөн аймагт идэвхжлийн түвшинд байна” гэсэн юм.
Ч.Болор