“Монгол” өвлийн фестивалийг Соёл урлагийн газар, нийслэлийн ЗДТГ зэрэг байгууллагынхан хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх удаа зохион байгуулахаар болсон билээ. Фестиваль энэ сарын 22-ноос эхлэн долоо хоног үргэлжилнэ. “Мазаалай-2025” олон улсын мөсөн сийлбэрийн уралдааны шилдэг бүтээлүүдийг дээрх фестивалийн үеэр олон нийтэд дахин үзүүлэхээрээ онцлогтой гэнэ. Эл наадмыг өнгөрсөн сарын 23-26-нд зохион байгуулсан бөгөөд Монгол, АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Малайз, Мексик зэрэг 10 орчим орны шилдэг 28 уран бүтээлч өрсөлдсөн. Тэднээс Монгол, Малайзын уран бүтээлчдийн хамтарсан мөсөн сийлбэр тэргүүн байрт шалгарсан билээ. Монголын говь цөлд цөөн тоогоор амьдардаг, нэн ховор мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг олшруулах, олон нийтэд таниулах зорилгоор дээрх наадмыг зохион байгуулсан аж.
Түүнчлэн “Шинэлэх ёс”, “Цагаан сар”, “Түүхэн хөгжим”, “Язгуур урлаг”, “Хувцас, эдлэл хэрэглэл”, “Халх”, “Казах”, “Буриад”, “Ёслол, хүндэтгэлийн зоог” нэртэй өртөөг “Монгол” өвлийн фестивалийн үеэр ажиллуулахаар болжээ. Мөн “Тэмээн жин”, “Цаатан”, “Эрдэнэт сүрэг”, “Монгол банхар, тайга анч нохой, шувуучлахуй” өртөөгөөр зочилж болох нь. Эдгээр өртөөгөөр дамжуулж монгол өв соёлоо олон нийтэд, ялангуяа хүүхэд, залууст сурталчлах зорилготой юм байна.
М.Оч