Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийн төслийг хэлэлцүүлэх анхдугаар чуулган өчигдөр Төрийн ордонд боллоо. Өөрөөр хэлбэл Монгол Улс Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийн төслийг анх удаа танилцуулж, олон нийтээр хэлэлцүүлэв. Шадар сайд С.Амарсайхан хэлэлцүүлгийг нээж үг хэлсэн бөгөөд гадаад, дотоодын олон мэргэжилтэн оролцож, илтгэл хэлэлцүүллээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх Жаяаретанам Пиллай хиймэл оюуны дэлхийн чиг хандлагын талаар мэдээлэл өгөхдөө “ЮНЕСКО-гоос гаргасан судалгаагаар 2022 онд дэлхийн хиймэл оюуны зах зээл ойролцоогоор 136.6 тэрбум ам.доллар байсан бол 2030 он хүрэхэд жилийн нийт өсөлт 37.3 хувиар өсөхөөр байна. Хиймэл оюуны хөгжлээр АНУ, БНХАУ, Европын орнууд тэргүүлж буй. Хиймэл оюун төвөгтэй асуудлыг шийдвэрлэх, үр ашгийг нэмэгдлүүлэхэд тусалдаг. Хиймэл оюуныг үүсгэгч, хязгаарлагдмал гэж хоёр хэсэгт авч үздэг. 2025 оноос хойш хиймэл оюуны системүүд нь хүнтэй адил оюун ухааны даалгавар хөгжүүлэх чадвартай болно. Гэхдээ хүнтэй өрсөлдөгч биш, хамтрагч болж уур амьсгалын өөрчлөлт, өвчлөл, ядуурлын асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэв. Харин хиймэл оюун ухааныг хариуцлагатай, хүртээмжтэйгээр хөгжүүлэх нь чухал гэдгийг онцолсон юм. ЦХИХХЯ-ны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Бат-Өлзий “Өгөгдөлд суурилж шийдвэр гаргадаг байгууллагууд уламжлалт аргаар шийдвэр гаргадаг аж ахуйн нэгжүүдээс 19-23 дахин үр дүнтэй ажиллаж байна” гэсэн олон улсын судалгаа бий. Хиймэл оюунд суурилсан төр өгөгдөлд боловсруулалт хийж, хамгийн зөв саналыг шийдвэр гаргагчдад өгөх юм. Хиймэл оюуныг хөгжүүлэхэд 79 хувь нь загварчлал боловсруулах байдаг. Бид ямар өгөгдлөөр AI-г сургана тийм л оюун ухаан бий болно. Тиймээс маш сайн цэгцэлсэн дататай болох ёстой. Олон улсын зах зээлээс бэлэн өгөгдөл худалдан авч болно. Гэхдээ энэ нь Монголын дата байх магадлал маш бага. Алдаатай өгөгдөл байвал хиймэл оюун буруу дүгнэлт гаргана. Хувь хүнийг таних боломжгүй болгож оруулах, үгүй бол хүний хувийн эмзэг мэдээллийг задруулах эрсдэлтэй. Засгийн газраас их өгөгдлийг бий болгох шийдвэр гарсан. Хувь хүний мэдээллийг тодорхойлох боломжгүйгээр их өгөгдлийг бий болгоно” гэв.
Ёс зүйтэй хиймэл оюуныг бий болгоход ЮНЕСКО-гоос гаргасан арван зарчмыг баримтлах хэрэгтэйг НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газрын засаглал, төрийн удирдлагын шинжээч Ана Кристина Торланд анхааруулсан юм. Үүний дараа ЦХИХХЯ-ны Инновацийн бодлого зохицуулалтын газрын дарга П.Мөнхбат Монгол Улсын их өгөгдөл, хиймэл оюуны стратегийн төслийг хэрхэн боловсруулснаа танилцууллаа. Тэрбээр “Хиймэл оюуны стратеги боловсруулахтай холбоотойгоор 500 орчим оролцогч талуудыг хамруулсан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулсан. Олон нийтээс ирсэн санал асуулгаар бодлого, дижитал дэд бүтэц, хүний нөөц, аюулгүй байдал, ёс зүй гэсэн таван чиглэлд анхаарлаа. Дата төв байгуулахад гадаадын хөрөнгө оруулалтыг татсан ээлтэй орон болох нь чухал байна. Их өгөгдөл, хиймэл оюуны стратегийг хэрэгжүүлэх институтийг бий болгоно. Зургаан салбарт судалгааны 100 чухал сэдвийг зарлаж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тодруулбал, олон улсад хувь нэмрээ өгөх, дэлхийд гарах гарааны бизнесийг бий болгоход уул уурхай, эрчим хүч, банк санхүүгийн салбарын хиймэл оюуны бүтээгдэхүүн үйчлилгээг хөгжүүлэх юм. Харин дотооддоо нэн тэргүүнд эрүүл мэнд, боловсрол, төрийн бүтээмж, байгаль, экологи, батлан хамгаалах, гамшгаас сэргийлэхэд хиймэл оюуныг бодлогоор нэвтрүүлнэ. Гурван жилийн хугацаанд таван зорилт бүхий 30 ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Дараа нь стартегийн төслийг баталуулна” гэв.
Ч.Туяа