МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим, “Монголын эдийн засгийн форум” НҮТББ, Монголын хүнсчдийн холбоо тэргүүтэй байгууллагын болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл хамтран бизнесийн орчны асуудлаар өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Монголд бизнес эрхлэхийн тулд хуулиасаа давсан олон зөвшөөрөл авч, шаардлагагүй бичиг баримтууд бүрдүүлж, цаг хугацаа үрсэн шат дамжлагуудыг давдаг тогтолцоо үйлчилж байгааг тэд дурдлаа.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од “Хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлж буй бизнест ээлтэй хөтөлбөрүүдийг дэмжиж байгаа. Цар тахлын дараах саад тотгорыг арилгах зорилготой гэж ойлгодог. Юуны түрүүнд татварын орчныг цогцоор нь шинэчлэх хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрлэл болон өрхийн бизнес эрхлэгчдийг татвараас чөлөөлж, хөл дээр нь босгох шаардлагатай. Ажилчид болон албан байгууллагууд аль аль нь 25 хувийн шимтгэл төлдөг байдлыг халах цаг нь болсон. Төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн тоо багассан мэт боловч үүнийг авахад шаарддаг баримт бичиг тоймгүй олон байна. Мөн олон арван шат дамжлага давдаг, удаан хугацаагаар хүлээлгэдэг байдал нь ч өөрчлөгдөөгүй” гэсэн юм.
Бизнес эрхлэхэд төрөөс авах ёстой бичиг баримтад 331 төрлийн гэрээ, 264 бүртгэл, 232 дүгнэлт, 161 тодорхойлолт, 30 батламж, есөн сертификат, дөрвөн лиценз багтаж буй гэнэ. Эдгээрийг наанадаж 50 хүртэлх хувиар бууруулах шаардлагатай гэж бизнес эрхлэгчид үзэж байна. Зөвшөөрлийн тухай хуультай зөрчилдсөн дүрэм, журам, ач холбогдолгүй баримт бичгийг хүчингүй болгох, шат дамжлагыг нь багасгах, тусгай зөвшөөрлийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд шуурхай шийдвэрлэдэг болох шаардлагыг холбогдох байгууллагынханд тавилаа. Түүнчлэн бизнес эрхлэгчдийг Зөвшөөрлийн тухай болон татварын холбогдолтой гол хуулиудын шинэчлэлд онцгой анхаарч, байр сууриа цаг алдалгүй илэрхийлэн, санал санаачилга гаргахыг дээрх байгууллагын төлөөллүүд уриалав.
Н.Ган