Олон улсын эпилепсийн өдөр өчигдөр тохиов. Эпилепситэй тэмцэх олон улсын нийгэмлэг болон Эпилепсийн олон улсын товчоо хамтран энэ өдрийг анх 2015 оны хоёрдугаар сарын 10-нд дэлхий нийтээр тэмдэглэхээр зарлажээ. Үүний хүрээнд дэлхийн 130 гаруй оронд эл эмгэгийн талаарх мэдээллийг түгээж, эпилепситэй хүмүүс, тэдний гэр бүл, асран хамгаалагчдад тулгардаг бэрхшээлийг хүлээн зөвшөөрч, ойлгож, туслахад анхаарлаа хандуулдаг ажээ.
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн Эпилепсийн төвийнхөн “Хүн амын дунд эпилепсийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх нь” сэдэвт арга хэмжээ зохион байгуулж, өчигдөр 10.00-13.00 цагийн хооронд эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлүүлэгч нарт мэдээлэл, зөвлөгөө өгсөн байна. Дэлхий нийтэд 50 сая гаруй эпилепси хүн байдаг бөгөөд жилд таван сая иргэн шинээр оношлогддог аж. Нийт хүн амын таван хувь нь амьдралдаа нэг удаа ямар нэгэн шалтгааны улмаас ухаан алдаж унаж, татдаг гэсэн судалгаа бий. Харин тодорхой шалтгаангүйгээр хоёр буюу түүнээс дээш удаа унаж, татах тохиолдол давтагдвал эпилепси байж болзошгүйг эмч нар анхааруулдаг.
Эпилепси буюу мэдрэлийн эмгэг нь олон шалтгааны улмаас үүсдэг гэнэ. Тухайлбал, төрөлтийн явц удаан үргэлжлэх, бүтэлттэй төрөх, өндөр халуурах, тархины бэртэл, гэмтэл, цус харвалт, тархины цусан хангамж өөрчлөгдөх гэх мэт шалтгааны улмаас үүсэж болох нь. Хэрэв таны ойр тойронд ийм өвчтэй хүн байдаг бол аюултай орчноос холдуулах, толгой нь гэмтэхээс хамгаалах, уналт эхэлсэн хугацааг тогтоох, уналт, таталт зогстол хажууд нь байх, ийм үйл явц удаан хугацаанд үргэлжилбэл яаралтай тусламж дуудах хэрэгтэй юм байна.
Ч.Туяа