Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс хөдөлмөрийн зах зээлийн өнгөрсөн оны судалгаа, шинжилгээний ажлын тайлангуудаа танилцууллаа. Тус институтын Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын судалгааны секторынхон “Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал 2024”, “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа 2024”, “Цалин хөлсний бүтцийн шинжилгээний ажлын үр дүн 2024” тайланг тус тус эмхэтгэж дуусжээ. Тухайлбал, барометрийн судалгаа нь хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны ажиллах хүчний эрэлтийг тодорхойлж, бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдыг шаардлагатай мэдээллээр хангах, судлаач, мэдээллийн хэрэглэгчдэд дата бааз бүрдүүлдгээрээ ач холбогдолтой. Дээрх судалгаануудын дүнгээр дотоодын хөдөлмөрийн зах зээлд 2025 онд 83.7 мянган ажиллах хүчний эрэлт үүсэх урьдчилсан тооцоолол гарчээ.
Хөдөлмөрийн зах зээл нь улирлаас шалтгаалан байнга өөрчлөгддөг аж. Өнгөрсөн хугацаанд хийсэн судалгааны дүнгүүдээс үзвэл тухайн жилийн ажиллах хүчний эрэлт оны эхэнд хамгийн их утгыг заадаг байна. Тодруулбал, гурван ажлын байр тутмын хоёр нь оны эхний хагас жилд эрэлттэй, хүн хүчний хомсдолд ордог гэсэн үг. Өнөө жил ч гэсэн эл хугацаанд нийт ажлын байрны 79.2 хувь нь эзгүй, хүний нөөцийн эрэлд “хатах” гэнэ.
Ташрамд дурдахад, сүүлийн 10 жилд улсын хэмжээнд ажиллах хүчний эрэлт жил бүр 52-95 мянгын хооронд хэлбэлзэж, дунджаар 76.2 мянган ажлын байр сул байж. Харин энэ онд уг үзүүлэлт нэмэгдэж, дээр дурдсанчлан 83.7 мянга болсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтээс мэдээллээ.
О.Ундрах