Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооныхон Татварын багц хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор өчигдөр хэлэлцүүлэг зохион байгууллаа. Үүний хүрээнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл санал солилцсон юм. Уг хэлэлцүүлэгт оролцогчид зөвхөн цалингийн орлогоороо амьдардаг хүмүүсийн НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх хүсэлтэй байгаагаа онцолсон юм. Мөн бага, дунд буюу амьжиргааны баталгаажих түвшнээс доош орлоготой бол НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох шаардлагатайг тодотголоо.
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Рагчаа “Улсын төсөв хэлэлцэхтэй холбогдуулан иргэдийн бодит орлогыг нэмэх санал, шаардлагыг УИХ, төрийн байгууллагуудад удаа дараа уламжилсан. Гэвч бидний саналыг хүлээж аваагүй. Төрийн албан хаагчдын цалинг зургаан хувиар нэмэх санал оруулж ирсэн. 2024 онд инфляц 8.3 хувьтай байв. Мөн цахилгааны үнэ нэмсэнтэй холбоотойгоор бусад бараа, бүтээгдэхүүний үнэ ч дагаад өслөө. Одоогоор манай улсад хүчин төгөлдөр мөрдөж буй хууль, дүрэм, журмын хүрээнд иргэд 20 орчим төрлийн татвар, 10 гаруй шимтгэл, 10 орчим хураамж төлж буй. Тэгэхээр нийт 40 гаруй төрлийн татвар, хураамж, шимтгэлийг иргэд нуруундаа үүрч буй гэсэн үг. Гэтэл иргэдийн цалин хөлс, бодит орлого нэмэгдээгүй. Иймд татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, шаардлагыг удаа дараа гаргаж буй. Хувь хүний орлогын албан татварын хуульд иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх боломж уг нь бий. Тухайлбал, сард дунджаар таван сая хүртэлх төгрөгийн цалин авч буй хүний ХХОАТ-ыг тав хүртэлх хувиар тооцох хэрэгтэй” гэв.
Тэрбээр мөн “120 сая хүртэлх төгрөгийн орлоготой хүнээс 10, 120-180 сая бол 15, түүнээс дээш тохиолдолд 20 хувийн татвар авч байна. Нэг ёсондоо 10-20 хувийн татварын шатлалтай гэсэн үг. Үүнийг нэг шатлалаар доошлуулж, 0-60 сая хүртэлх төгрөгийн орлого олж буй бол таван хувь болгох нь зүйтэй. Хоёрдугаарт, татварын бодлогоор орон сууцтай болох боломжтой. Анх удаа орон сууцад орж буй иргэд зургаа хүртэлх сая төгрөгийн хөнгөлөлт авч байна шүү дээ. 2019 онд орон сууцын дундаж үнэ 2.5 сая төгрөг байв. Харин өдгөө нэг ам метр нь дөрвөн сая орчим болжээ. Тэгэхээр өмнөх үеийнхтэй харьцуулахад орон сууцын үнэ бараг хоёр дахин өссөн гэсэн үг. Тиймээс хөнгөлөлтийн хэмжээг хоёр дахин нэмэх ёстой. Багадаа 10 сая төгрөгийн урамшуулал олгодог болгох саналтай байна. Үүнээс гадна аж ахуйн нэгж, байгууллагуудаа татварын бодлогоор тодорхой хэмжээнд дэмжих нь зүйтэй. Бас НӨАТ-тай холбогдуулан буцаан олголтыг хоёр бус, таван хувь болгох хэрэгтэй” гэсэн юм.
У.Сүрэн