Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 22-нд гарсан түймрийн улмаас таван га талбай шатжээ. Уг хүрээлэнд гал гарсан талаарх мэдээлэл тухайн өдрийн 15.36 цагт онцгой байдлын алба хаагчдад ирсэн байна. Галыг хоёр цагийн дараа бүрэн унтраасан аж. Түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоохоор ажиллаж буйг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлэв.
Эл хүрээлэн нь нийт 973 га талбайтай юм байна. Үүгээрээ нийслэлийн ногоон байгууламжийн 30 гаруй хувийг бүрдүүлдэг. Гэтэл өнгөрсөн онд л гэхэд цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд нэгэн иргэн шашны зан үйл хийж, гал тавьж байсан. Мөн хуучин хувцас хэрэглэлээ тэнд шатаасны улмаас ногоон байгууламж галд өртсөн тохиолдол 2022 онд гарсан юм. Энэ мэтчилэн иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй түймэр байсхийгээд л гарах болсон. Тиймээс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхнийг хараа хяналтаа сайжруулахыг иргэд шаардаж буй юм.
Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Онцгой байдлын газарт түймрийн зургаан дуудлага бүртгэгдсэн бөгөөд галыг бүрэн унтраажээ. Харин орон нутагт Төв аймгийн Мөнгөнморьт, Жаргалант, Сэлэнгийн Хүдэр сумд ойн, Булганы Сэлэнгэд хээрийн түймэр өнгөрсөн бямба гарагт гарчээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид ажиллаж, Төв аймгийн Мөнгөнморьт, Жаргалант, Булганы Сэлэнгэ сумд гарсан ой, хээрийн түймрийг тухайн өдрийн орой гэхэд цурманд оруулсан байна.
Өчигдрийн 13.00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын хоёр хэсэгт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Баруун-Уртад гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж буйг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн юм. Харин 15.00 цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Хүдэр сумд гарсан түймрээс бусдыг нь цурамд оруулсан аж.
Түүнчлэн хуурайшилт ихтэйгээс ой, хээрийн болон шар өвсний түймэр гарах эрсдэл өндөр байгааг онцгой байдлын алба хаагчид анхааруулав. Тиймээс цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийж, татсан тамхиа бүрэн унтраах, автомашины эвдрэл гэмтлийг шалгах, хог хаягдал, хашааны өнжмөл өвсийг ил задгай шатаахгүй байхыг сэрэмжлүүллээ.
А.Үүл