Мялзан өвчний улмаас үхсэн 789 бөхөнгийн сэг зэмийг устгаад байна. Өвчин тархсан бүс нутгийн зөвхөн 30 хувийг самнасны дүнд энэ тооны сэг зэм олж ариутгаж, халдваргүйжүүлэн булсан аж. Өвчин тархсан газар нутгийн 70 хувьд нь хүрээгүй гэхээр өвчилж үхсэн бөхөнгийн тоо 2500-3000-д хүрч болзошгүй гэсэн таамаг байгаа юм. Бог малын мялзан өвчнөөр монгол бөхөн өвчилж олноор хорогдож буй асуудлаар БОАЖЯ, МХЕГ, ОБЕГ, Мал эмнэлэг, үржлийн газрын холбогдох албаныхан, эрдэмтэн судлаачид өчигдөр хуралдаж, хэрхэхээ хэлэлцэв.
Өнгөрсөн оны буюу хамгийн сүүлчийн судалгаагаар Монгол орны хэмжээнд нийт 10.000 бөхөн 14.000 ам км газар нутаг эзлэн амьдарч буйг тогтоожээ. ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан хамтран уг судалгааг хийсэн байна. Бөхөнгийн орооны үе нь өдгөө үргэжилж буй бөгөөд энэ сарын сүүлч хүртэл үргэлжлэх аж. Бөхөн голдуу 5-10-аараа сүрэглэдэг бөгөөд орооныхоо үед 10-20 болдог байна. Орооны дараачаас тавдугаар сар хүртэл сүрэг томорч, нэг газарт бүр олноор төвлөрч эхэлдэг байна. Энэ нь өвчний тархалтыг улам даамжруулж, арга хэмжээ авахад хүндрэл учруулахыг эрдэмтэд санууллаа.
Дэлхий дахинд 1942 онд анх бүртгэгдсэн энэ өвчнөөр одоогоор 21 зүйлийн зэрлэг амьтан өвчилсөн байдаг аж. Тэдгээрийн ихэнх хувь нь зээрийн төрлийнх бол үлдсэн нь аргаль, янгир аж. Манай оронд энэ өвчнийг тусах магадлалтай таван төрлийн амьтан бий. Үүнд бөхөнгөөс гадна хар сүүлт, цагаан зээр, аргаль, янгир багтжээ. Нэн даруй арга хэмжээ авч, өвчний дэгдэлтийг зайлшгүй зогсоохгүй бусад амьтанд, ялангуяа цагаан зээрт халдвал арга хэмжээ авах боломж үлдэхгүй гэнэ. Бөхөнг бодвол тархац нутаг нь өргөн, илүү олноор сүрэглэдэг учир барих аргагүй болох юм байна.
Дээрх байгууллагууд ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар өнөөдөр үргэлжлүүлэн хуралдах бөгөөд маргааш Засгийн газарт танилцуулахаар төлөвлөжээ.