Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн захирал Д.Оюунцэцэгтэй ярилцлаа. Тус байгууллагыг олон жил удирдсан Т.Түвшин захирлын халааг аваад хоёр жил орчим болсон түүнтэй албаны яриа дэлгэсэн юм.
-Хүүхэд байгаа газарт сайхан эрч хүч дүүрэн байдаг. Энэ утгаараа “Найрамдал” гайхалтай энерги, баяр баяслын орон. Бас хариуцлага алдах эрхгүй газар. Юм юмтай ийм хамт олныг удирдана гэдэг амаргүй. Хоёр жилийн хугацаанд ажил тань цэгцэрч, хамт олонтойгоо нэг баг болж чадсан байх. Албаныхаа жаргал, зовлонгоос хуваалцана уу?
-Би багаасаа л нийгмийн идэвхтэй, Бүлгэмийн зөвлөлийн дарга гэсэн сэтэртэй хүүхэд байлаа. Энэ утгаараа олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслантай байнга холбоотой байж ирсэн. Тэгээд бүр энд багш болохыг мөрөөддөг байлаа. Одоо ингээд “Найрамдал”-тай эргэж холбогдоод, эндхийн нэг гишүүн нь болсондоо баяртай байгаа. Мөрөөдлийнхөө ажлыг хийх боломж хүн бүрт олдоод байдаггүй шүү дээ.
Энд ирэхээс өмнө би олон улсын байгууллагуудад 17 жил ажилласнаас дийлэнх нь хүүхэдтэй холбоотой байсан. Английн Хүүхдийг ивээх сан, “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын төсөл дээр хараа хяналтгүй, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдтэй ажилласан. Ихэвчлэн буяны, сайн үйлсийн ажил л даа. Үүнээс гадна би нөхөртэйгөө хамтран “Урам” нэртэй ТББ байгуулсан. Түүгээрээ дамжуулан мөн л хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд тусалж ирсэн. Амгаланд байдаг Хүүхэд хөгжил, сургалтын төвийн 150 хүүхдийн дөрвөн улирлын хувцсыг бэлдэж өгдөг байлаа.
Мөн англи хэл болон бөхийн танхим байгуулсан гэх мэт багагүй ажил хийсэн. Ингэхдээ бас олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, тэжээлийн доройтолтой багачуудыг зайлшгүй хэрэгцээт эм тариа, аминдэмүүдээр хангаж байлаа. Энэ мэтээр хүүхэдтэй ажиллах, аж ахуй удирдах туршлага маань энд ч хэрэг болж байна. Үүний дараа Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, “Оюутолгой” болон “Рио Тинто” компанид ажиллаж байгаад 2015 онд “Найрамдал” төвийн ерөнхий захирлаар ирсэн дээ.
Манайх хүүхдийн энерги, хүмүүсийн итгэл шингэсэн, өөрийн гэсэн үнэт зүйлтэй сайхан газар. Баг хамт олон маань сэтгэл нийлж, нягт бүрэлдсэн, туршлагатай. Энэ мэтээр сайн тал олон. Гэхдээ төгс төгөлдөр гэж хаана ч байхгүй. Шийдэх асуудал багагүй байна. Жишээ нь, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс “Найрамдал” төвд улсын төсвөөс нэг ч төгрөгийн татаас өгөөгүй. Өөрөөр хэлбэл, бид дансаа тэгээс эхэлсэн.
-Өмнө нь улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө өгдөг байсан. Энэ байгууллагыг хувьчлаагүй санагдах юм. Тэгсэн хэрнээ татаасыг яагаад хассан юм бол?
-2016 оноос өмнө “Найрамдал”-д улсаас жил бүр 900 саяас 1.5 тэрбум төгрөгийн татаас өгдөг байсан. Бага мөнгө биш шүү. Ийм хэмжээний мөнгийг орлогоороо нөхнө гэдэг маш хэцүү. Ёстой л “Найрамдал” төв хэмээх брэнд болсон нэрээрээ, үнэт зүйлээрээ өдийг хүртэл хэвийн үйл ажиллагаагаа алдалгүй явж ирлээ.
“Найрамдал”-аас бусад зуслан бүгд хувьчлагдсан. Улсынх гэж ганц л энэ газар байгаа. Манай байгууллага аж ахуйн тооцоонд ороогүй шүү дээ. Өмчийн хэлбэрийн хувьд өөрчлөлт оруулаагүй мөртлөө Засгийн газраас 501 дүгээр тогтоол гаргаад, “Орлогоороо зарлагаа нөх” гээд л 2016 оны эхнээс нэг ч төгрөг өгөөгүй. Тиймээс өнгөрсөн жил бидний хувьд нөхцөл байдал хүнд байлаа.
Гэсэн ч хамт олон маань бүсээ чангалж, аль болохоороо зүтгэж, хамтын хүчээр хүнд нөхцөлийг давж, нэг жилийг өнгөрүүллээ. Гэхдээ давлаа гэдэг нь “Бид болж байна. Энд бүх зүйл хэвийн” гэсэн үг биш.
-Цаашид энэ байдлаараа явбал “Найрамдал” хэмээх газар сэхэхгүй хүнд байдалд орох вий дээ. Эсвэл энэ байдлаар явах боломжтой юм уу?
-Улсын байгууллага татаасгүйгээр цаашид хэвийн үйл ажиллагаагаа алдалгүй оршин тогтнох боломжгүй. Өнгөрсөн жил ажилтнуудынхаа цалинг таслалгүй, эдгээр том том объектыг хөлдөөчихөлгүй яаж байх вэ гэсэн өнөө маргаашаа аргацаасан байдлаар л явлаа. Гэсэн хэдий ч өр, төлбөргүй байгаа нь хамт олны маань хүч. Гэхдээ энэ нь “Найрамдал” орлогоороо зарлагаа нөхөх боломжтой гэсэн дүгнэлт биш гэдгийг л дахин хэлмээр байна. Үнэхээр амаргүй байлаа.
Юун нөгөө 2020 он хүртэл гаргасан бизнес төлөвлөгөө. Тэрийг мөрдөх, биелүүлэх асуудал бүр орхигдсон. Ашиглалтад оруулснаас хойш өнөөдрийг хүртэл энэ зуслангийн төв байранд нэг ч удаа капитал засвар хийгээгүй. Үүнээс гадна хүүхдүүдийн амьдрах орчинд хэрэгцээтэй ор дэрний даавуу, гудас, хөнжил солихоос эхлээд хийх ажил маш их байна. Гэхдээ энэ бүхнээс илүү одоо нэн чухал дулаан, цахилгаан, хоол хүнс гэсэн зүйлдээ бид зардлаа барих менежмент хийсэн.
Намайг ирэхэд энд 150 ажилтан байсан. Би нэг ч хүнийг нөхцөл байдал хүнд гэж ажлаас халаагүй. Харин архитай холбоотой асуудлаар нэг хүн халагдсан. Би “Санхүүгээс шалтгаалан хүний нөөц рүүгээ орохгүйгээр зардлаа хэмнэе. Хүн бүр ажлаа л сайн хийх ёстой. Тэгсэн байхад би ажилд нь оролцохгүй. Хүмүүстээ итгэл өгч ажиллуулна” гэсэн зарчим баримталж ирлээ.
-За, бүсээ чангалаад эцэст нь тулгачихжээ. Ирэх жил улсын эдийн засаг илүү хүнд байх төлөвтэйг мэргэжилтнүүд хэлж байгаа. Тэгэхээр “Найрамдал”-ынхан яах вэ?
-Бид хөөцөлдөж яам, агентлагууд маань дэмжиж байж ирэх жилийн төсөвт 420 сая төгрөг суулгах болсон. Огт татаас өгөхгүй байснаас дээр гэж баярлаж байгаа ч 1.5 тэрбум төгрөгийн 50 хувьд ч хүрэхгүй мөнгө шүү дээ. Хүссэн, төлөвлөсөн хэмжээндээ ажиллахад санхүүгийн бэрхшээл тулгарч байгаа нь хэцүү л дээ.
Өнгөрсөн өвөл төв байрны бохирын хоолой задарч сандаргасан. Олон жил тордож, засаагүй шугам хоолойнууд хэзээ ч хагарахад бэлэн байгаа. Хүнээс үл шалтгаалсан энэ мэт асуудал, зовлон байна аа.
-Өмнөх удирдлагын үед барьсан “Хараацай” театрын дараа спорт цогцолбор, хүлэмж, бассейн гээд бүтээн байгуулалтыг төлөвлөсөн байсан.
Тэгэхээр энэ бүгдийг ойрын үед хэрэгжүүлэх боломжгүй болсон гэсэн үг үү. Одоогоор энд барьж, үргэлжлүүлж буй бүтээн байгуулалт байна уу?
-Тэр бүгдэд мөнгө тусгаж өгөөгүй. Одоогоор зогсонги байдалтай байна. Үүнээс гадна өөр нэг төсөв хасагдсан. Орбитоос “Найрамдал” хүрдэг замыг дөрвөн урсгалтай, хажуугаар нь ногоон байгууламж, цэцэрлэгтэй цогцоор нь байгуулна гээд гүйцэтгэх компанийг шалгаруулаад, бүр нээлтээ хийчихсэн. Нийслэлийн удирдлагууд ирээд, ёслол төгөлдөр нээсэн шүү дээ. Тэгсэн хэрнээ төсвөөсөө энэ зардлыг хасчихсан.
Гэхдээ бид санхүүгээ тэгээс эхэлсэн ч гар хумхилгүй боломж, хүчээрээ ирэх хаврын бэлтгэлээ базааж, зуны хотхонуудаа будаж, заслаа. Мөн хотхон доторх замаа янзалсан. Олон улсын хэмжээний, тэгээд хүүхдийн байгууллагыг ийм аргацаасан байдлаар явуулмааргүй байна.
-Та олон улсын байгууллагуудад ажиллаж байсан туршлагаа одоо гаргах хэрэгтэй юм байна даа. Энэ байгууллага руу олон улсын санхүүжилт татах боломж хэр байдаг бол. Бас танай гадаад харилцаа ямар байна вэ?
-Өнгөрсөн хугацааны энэ тал дээр зүгээр байгаагүй. Олон улсын байгууллагуудад хандсан. Гэхдээ “Найрамдал” төв гэхээсээ энэ байгууллага ямар яам, агентлагт харьяалагддаг вэ гэдгийг хардаг болж. Яамны хэмжээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүддээ давхар оруулна гэсэн хандлагатай болсон байна. Энэ уг нь зөв. Хөрөнгө мөнгөө олон тийш цацахгүй, нэг зүйлд чиглүүлэн багцаар нь оруулах боломж бүрдсэн нь сайн гэж бодож байгаа.
Тэгэхээр бид олон улсын байгууллагуудад биш, харьяа газрууддаа төслөө танилцуулах ёстой юм байна. Гадаад харилцаагаа бид өргөжүүлж л явна. Сүүлийн үед Канад, Япон, Австрали, Америкаас хүүхдүүд нэлээд ирж, амарсан. Өнгөрсөн жил Оксфордын их сургуулийн оюутнууд манайд ирж, гурван ээлжинд дадлагажигчаар ажилласан.
-“Найрамдал” гоё сайхныхаа хэрээр хариуцлага шаарддаг газар. Хүүхдийн аюулгүй байдал юунаас ч чухал. Багш, ажилтнаас үл хамаарсан, хүүхдийн болчимгүй үйлдэл, хоорондын харилцаанаас үүдэлтэй хэл ам хэр гардаг вэ?
-Хүүхэд байгаа газарт сайхан энерги байхын зэрэгцээ үймээн шуугиан, хэл ам ч бий. Багш, бүлгийн удирдагчид маань эцэг эх, асран хамгаалагчийн үүргийг хариуцлагатай биелүүлдэг ч хүүхдүүдийн санамсаргүй үйл хөдлөлөөс болж зэмлэл хүлээх нь бий. Том, жижиг гэлтгүй хүүхдээс гэнэн, томоогүй, санамсаргүй алдаа гардаг.
Харин хоол хүнс, эрүүл ахуйн байдалд манайх маш өндөр хариуцлагатай ажилладаг учраас элдэв асуудал гарахгүй шүү. Бид мэргэжлийн байгууллагуудаар байнга шалгуулж, дүгнэлт гаргуулдаг. Мөн дотооддоо өндөр хяналттай ажилладаг.
-Олон улсын “Найрамдал” төв бол үйл ажиллагаа, боловсон хүчин гээд тал бүрээрээ жигдэрчихсэн газар. Д.Оюунцэцэг захирал ирснээсээ хойш энд суурьшуулсан, хэвшүүлсэн ажил, хөтөлбөр юу байна вэ?
-Энэ талаар хамт олон маань дүгнэх болов уу. Өөрийнхөө зорилтыг хэлэхэд, би энэ газрыг олон улсын хүүхдийн хөгжлийн төв болгохыг чин сэтгэлээсээ хүсэж, зорьж байна. “Найрамдал” уламжлалт зүйлүүдээ хадгалж, авч явахын зэрэгцээ шинэчлэгдэх цаг нь ирсэн гэж боддог. Түрүүн хэлсэнчлэн “Найрамдал” маань том брэнд боловч өрсөлдөхүйц нэг байгууллага гараад ирвэл зарим талаараа зогсонги байдалд орчихсон. Хөтөлбөрийн хувьд шинэчлэгдэх болсон.
Манайх хөтөлбөр болон аж ахуй хариуцсан хоёр дэд захиралтай. Энэ дагуу би чиглэл, үүрэг өгөөд явдаг. Одоогоор хэвшүүлсэн ажил гэвэл захирлын нэрэмжит цаг гэж байна. Түүнчлэн хүүхдэд тохирсон экстрим хөтөлбөр зэрэг олон улсын зуслангуудад хэрэгжүүлдэг төсөл, ажлын төлөвлөгөө боловсруулж байна. Шинэчлэл гэдэгт мөн багш, боловсон хүчнүүдийн хувцас, ажлын багаж хэрэглэгдэхүүн орно. Хэдийгээр санхүү хэцүү ч гэлээ үүнийг бүрэн шийдээд явж байгаа.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тодорхой хэмжээгээр хөтөлбөрөө өөрчилсөн. Үүнийгээ үргэлжлүүлэх болно. Үүнээс гадна аж ахуйн талаас нэг том ажил хийсэн нь зуслангийн аюулгүй бүс орчим болон хашаан дотор хувийн нэг ч барилга, байшин бариулаагүй. “Найрамдал” төвийн бүсэд олгосон газрын гэрчилгээнүүдийг цуцалж, тэдгээр газрыг хүүхдийн хөгжлийн төлөө ерөнхий төлөвлөгөөнд оруулж өгөхийг нийслэлийн өмнөх удирдлагуудаас хүсэж, тохирсны үндсэн дээр нэг ч хашаа нэмж хатгуулаагүй.
Энэ мэтээр бид хөгжлийн хөтөлбөрөө тодорхойлоод, хийгээд явна. Харин аж ахуйн түвшинд үнэхээр хүнд байгааг улс анхаараасай. Улсын ганц зуслангаа харж хандахгүй бол хүүхдийн төлөө “За” гэж хэлж чадах уу. Хамт олон маань эдийн засгийн хэцүү цаг үед төрөө хүндлээд, бүсээ чангалж нэг жилийг бололцоогоороо давлаа. Үүнээс цааш явах боломжгүй боллоо гэдгээ төр, засагтаа “Өнөөдөр” сониноор дамжуулан дуулгая.