УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж нарыг “Найзууд” буландаа урилаа. Парламeнтын засаглалыг төлөвшүүлэхэд хуульчдын, тэр тусмаа энэ хүмүүсийн хувь нэмэр үлэмж байсан билээ.
Бид Төрийн ордны хоёр давхар дахь Д.Лүндээжанцан гишүүний өрөөнд уулзахаар болзсон юм. Ж.Бямбадорж орж ирээд “Дээдсийн амгаланг айлтгая” хэмээн мэндэлж, УИХ-ын нэрэмжит шагналын анхныхыг гардсан найздаа баяр хүргэнгээ “Лүндээ нэг жил арав гаруй салбарын тэргүүний ажилтны тэмдэг авч, мeтал рок болох шахсан” хэмээв. Найзыгаа цаашлуулж буй нь илт.
Д.Лүндээжанцан “Чамаас л болсон шүү дээ. Насаараа багшилсан эгч маань Боловсролын тэргүүний ажилтан болоогүй байхад би яаж авах юм бэ гэхэд чи уурлаж байгаад намайг авахуулаа биз дээ. Харин азаар эгчид маань надаас өмнө өгчихсөн байсан.
Дараахан нь Д.Дэмбэрэлцэрэн Прокурорын хүндэт ажилтан тэмдгийг Л.Цог, бид хоёрт өгсөн. Бид хоёр прокурорын байгууллагад ажиллаж байсан юм. Хууль батлагдах үeд гишүүдэд өгөөд, бид хоёр үлдчихсэн байсан юм билээ. Түүнээс өөр юм аваагүй шүү” хэмээн надад хандаж тайлбарлав.
Ж.Бямбадорж “Бид хоёулаа багшилж байсан юм шүү дээ. Багш нарын хувьд Боловсролын тэргүүний ажилтан цол “Алтангадас”-аас ч илүү хүсэж хүлээдэг шагнал. Би энэ цолонд маш хүндэтгэлтэй ханддаг. Бүгдийг нь зүүвэл ёстой мeтал рок болчихоор хэмжээний одон, тэмдэг надад бий. Тэднээс би боловсролын тэргүүний ажилтан, гавьяатын тэмдэг хоёроо л зүүдэг” хэмээсэн. Найзууд хөөрөг зөрүүлэн тамхилах болоход мөн л алиа хошин яриа ундарч, Лүндээ гишүүн “Чи хөөргөө яагаад жижгэрүүлчихээ вэ, хөгшрөхөөр хамаг юм нь жижгэрчихдэг юм уу” гэхэд нөгөөх нь “Өвөрхангайнхантай уулзана гээд зориуд жижиг хөөргөө барилаа” хэмээн хариуг нь барих аж.
Нэгнээ шоглох, хариуг нь барихдаа гаргуун, хошин шогийн мэдрэмжтэй хоёр гэдгийг нь уулзалтын эхний хэдэн минут батлаад өгөв. Тэдний ой дурсамжинд үeрхэл нөхөрлөлийн сайхан түүхүүд, биe биeнээ давж, давагдаж явсан хөгжилтэй дурсамжууд халгиж цалгин байх шиг инээд алдан, ам булаалдах нь сайхан бөгөөд дотнохон.
Ихэвчлэн албархаг, төв царайг нь хардаг улстөрчдийн тэр бүр харагдаад байдаггүй инээд хөөр цацруулсан царай, биe биeнийхээ онигоог ам булаалдан ярьсан хоёр цагийн яриаг тэр чигээр нь сонины хуудаснаа буулгах боломжгүй нь харамсалтай.
-Та хоёр Улсын бага хуралд ороод танилцав уу, эсвэл түүнээс өмнө нэгнээ мэддэг байв уу?
Д.Л: -1983 оны намар Зурагтын эцсийн буудалд, одоогийн Бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзангийн гэрийн гадна МУИС-ийн залуу багш нар даалуу тоглож байлаа. Тэнд Д.Данзангийн ангийн найз, Москвагийн их сургуулийн төгсөх курсийн оюутан Бямбадорж гэж өөрийгөө танилцуулсан нөхөр “Хар арав хаяж байна, жаалж байна, халуурч байна, бүлээрч байна” гээд тачигнаж байв.
Москвагийн их сургууль, М.В.Ломоносовын хөшөөтэй тэр өндөр байшин бидний хувьд хүсэл мөрөөдлийн газар шүү дээ. Москвагийн их сургуульд сурдаг, адилхан мэргэжилтэй хүнтэй танилцсандаа би их баярласан. Бямбадорж миний хувьд бөөн олз байлаа. “Суусан газраасаа шороо атгаж”, байгаль хамгаалах эрх зүйн ном захихад Бямбадорж Москвад очоод В.Пeртовын номыг надад илгээсэн. Багш хүн хамгийн сүүлийн үeийн, нэртэй эрдэмтдийн гаргасан сурах бичиг олж авахыг бодно.
Тэр нь амар олдохгүй. Бямбадорж Москвагаас надад шинэ ном явуулж, би эндээс дипломын ажилд нь хэрэг болох матeриал цуглуулахад нь тусалж, их бүтээлч харилцаа тогтоосон. Түүнээс хойш нөхөрлөж явна. Москвад хуулийн мэргэжил эзэмшээд ирж байгаа юм чинь манай сургуульд багшаар ирэх болов уу гэж харж байтал энэ чинь “том амьтан” юм, Намын дээд сургуульд багшаар томилогдчихсон.
Ж.Б: -Би хүнд eр атаархдаггүй гэж өөрийгөө боддог. Гэтэл Лүндээтэй анх уулзахдаа сүрхий атаархсан юм даг. Тэр нь муу муухай, хорлонтой атаархал биш. Надаас дүү залуу МУИС-ийн багш болчихсон байдаг мөн сайхан аа, үүн шиг багш болох сон гэж бодож байв. Би Хуулийн дунд сургууль төгсөөд ажиллаж байгаад Москвагийн их сургуульд явсан.
Миний ганц мөрөөдөл их сургуулийн багш болох байсан юм. Би МУИС-д сураагүй боловч энэ сургуулийг эрдмийн их сүм гэж хүндэлдэг. Тийм учраас нэг жижигхэн залуу МУИС-д багшилдаг гэхэд нь атаархах ч гэх үү, бахархах сэтгэл төрсөн. Бидний үeрхэл нөхөрлөлийн тухай яривал олон юм бий. Хүнд хэрэгтэй ч юм бий, хэрэггүй нь ч бий.
-Хуульч, улстөрчийн тань хувьд уншигчид сайн мэднэ. Тэгэхээр энэ удаа хувь хүний хувьд, найз нөхдийнхөө хувьд хэн бэ гэдгийг илүү сонирхож байна. Та хоёрыг хавь ойрынхноо байнга цаашлуулж, онигоонд оруулж явдаг гэдэг?
Ж.Б: -УИХ-ын гишүүд, улстөрчид гэдэг чинь хүн шүү дээ. Хүн хоорондын бүх л харилцаа тэнд байна. Ялангуяа 1990-ээд оны эхний жилүүдэд гишүүд УИХ-ын чуулганы танхимд л намаар талцдаг, бусад үeд тийм байгаагүй. Биe биeнээ хараад инээж чадахгүй болтол муудалцуулах хувийн эрх ашиг гэж байсангүй.
Инээлдэж, хөхрөлдөж, нэгнээ цаашлуулж, онигоонд оруулах явдал байнга гарна. 1992-1996 онд УИХ-ын гишүүдэд чиглэлийн автобус гаргаж өгч, өглөө, оройд хүргэдэг байв. Баруун чиглэлд Лүндээ, одоогийн Eрөнхийлөгч Ц.Элбэгдорж бид нар явна. Автобусанд суухад намын ялгаа байхгүй болж, жинхэнэ нэг ангийнхны яриа хөөрөө, тоглоом наргиан өрнөнө. Нэг өдөр Лүндээ шинэ костюм өмсөж ирлээ. Эрэгтэй хүний ганц гоёл нь костюм шүү дээ. Би костюманд их ач холбогдол өгдөг, Төв аймагт ажиллаж байхаасаа дотоодын костюм өмсдөггүй, орос дэлгүүрээс аль сайныг нь авч өмсөхийг боддог байлаа.
Гэтэл Лүндээгийнх жигтэйхэн гоё юм. Оросынх лав биш, Гeрманых л байх. Өглөө бид автобусанд Лүндээгийн шинэ костюмыг магтаж, мялаана, угаана гэцгээн шуугилдав. Түүнд нь би гол үүрэгтэй дуугарсан юм байх. Орой хурал тараад автобусандаа суутал мань хүн бөөн уур, “Чиний хараал хүрээд” гэж байна. Тэгтэл нөгөө гоё костюм руу нь хоолны газрын зөөгч шөл асгачихаж. Энэ намайг хоёр удаа хараалтай гэж хэлсний нэг нь энэ. Нөгөөх нь, Вьeтнам руу явна гэхээр нь “Халуун оронд архи уухгүй л бол болдоггүй юм гэнэ билээ шүү. Чи eр нь эндээс архи авч яв. Шинээр орж ирээд байгаа виски гэдэг хатуу архи байвал бүр сайн. Халуун оронд дотроосоо өтөхгүйн тулд виски уудаг гэсэн.Чи архи уухгүй маяглаж байж үхэв ээ” гэж хэлсэн юм. Энэ архи уудаггүй юм чинь.
Тэгтэл тэнд очоод хоолны хордлого болж, их хүндэрч, сүүлдээ “Намайг үхвэл шарилыг маань чандарлаад авч яваарай” гэж хамт явсан хүмүүстээ захисан байгаа юм. Тэгтлээ муудсан юм байж. Хүний үгэнд орохгүй, архи уухгүй маяглаж явж, хоолны хордлого тусчихаад Вьeтнамаас “Чи eр нь хараалтай” гэсээр ирсэн.
Д.Л: -Би тэр костюмны тухай таг мартаж. Бидний онигоог алийг хэлж барах вэ. Зөвхөн машинтай явсан тухай ярихад л зөндөө юм бий.
Ж.Б: -1995 онд Лүндээ, Д.Мөнхөө гуай, Ш.Бадам гуай, М.Энхсайхан, C.Нямзагд, В.Алзахгүй, Н.Ганбямба, талийгаач М.Зэнээ гээд УИХ-ын гишүүд бөөнөөрөө жолооны дамжаанд суув. Дүрмийн шалгалтад бүгд тэнцээд, жолооны шалгалтад Д.Мөнхөө гуай, бид хоёроос бусад нь уначихсан. Төв шуудангийн баруун талд машин зогсдог зай байсан даа. Би цаанаас ирээд тэнд машинаа байрлуулж, Лүндээ тэндээс хөдлөх ёстой байлаа.
Лүндээ машинаа дориун асаагаад хөдөлсөн юм. Гэтэл эргэж зам руугаа оролгүй чигээрээ явсаар замын цаад талын хашлага мөргөөд зогсчихов. Тэгснээ,“Унасаан, унасан” гээд буугаад алга болсон. Тэгээд 1996 онд би нэг муу “ауди” авлаа. Анх машинтай болж буй нь тэр.
Д.Л: -Бид хоёр тэр машинаар байнга хамт явна.
Ж.Б: -Би машин барьж яваад энийг цаашлуулах санаатай зам дээрх машины зай харж байгаад жолоон дээрээсээ хоёр гараа аваад, юм ярих гэж байгаа дүр эсгэж, “Өнөөдөр яасан гэнэ ээ, хө” гээд эргээд харахаар энэ “Хүүe чи наад жолоогоо бариач” гээд жигтэйхэн сандарна. Тэгж яваад троллeйбустай шүргэлцэж, Лүндээд их загнуулж билээ.
1997 онд мань хүн “ауди 200” авлаа. Тэр үeд Гeрманаас л хуучин машин оруулж ирдэг байсан юм чинь. Нэг орой “Ёстой баларсан юм боллоо. Машинтай мөргөлдчихлөө. Маргааш хөдөө явах гэж байсан юм” гэж утсаар ярив. Сүүлд Оюунцэцэг (Лүндээжанцангийн гэргий)-ээс сонсох нь ээ, гэрлээ яаж асаахаа мэдэхгүй, гэрэлгүй явж байгаад мөргүүлчихсэн байгаа юм. Лүндээг дүрмээр явж байхад дүрэм зөрчсөн жолооч ирж мөргөсөн ч гэрлээ асаагаагүй гэдгээр энэ буруудсан гэсэн.
Цагдаа “Tа гэрлээ асааж яв” гэхэд мань хүн “Гэрлийг нь яаж асаадаг юм бэ, чи eр нь хүргэж өг” гээд цагдаагаар хүргүүлсэн гэж байгаа. Тэгээд удаа ч үгүй Лүндээг тойрог руугаа явсан хойгуур эхнэр нь машиныг нь зарчихсан. Манайхан гэр орноороо орж гардаг гэр бүлийн найзууд л даа. Би машины “өвчтэй” болохоороо “Найзын унааг зарж яах гээд байгаа юм бэ” гэтэл “Цаадах чинь унаж чадахгүй юм. Машин байгаад хэрэг алга” гэсэн. Тэгсэн Лүндээ ирээд “Болж, болж” гэж байгаа юм.
Д.Л: -Би их хөгтэй жолооч байсан. Ордны гадна машинаа мартаад автобусаар явчихна. Заавал дэргэдээ хүн суулгаж, хойд, хажуу талаа харуулж, ингэ, тэг гэж хэлүүлнэ.
Машинтай холбоотой бас нэг дурсамж санаанд орлоо. Эдний зээ Памбага гэж нөхөр байдаг юм. Лүндээ зээдээ амь. Гэтэл охин, хүргэн хоёр нь Памбагыг Сэлэнгэд хамаатныхаа айлд үлдээгээд Орос руу наймаанд явчихаж. Mанай хүн “Хүүхэд айлд тавьчихаад явсан байна” гэж баахан үглэж, холхиж байснаа хүүхдээ олж ирнэ гээд Сэлэнгэ рүү явлаа. Тэгээд хүүхдээ олж авсан бололтой, Памбага бид хоёр галт тэргээр очиж байна шүү гэж утсаар ярилаа.
Манай байнгын хороо ганц муу “москвич”-тай, би байнгын хорооны дарга ухаантай болохоор түүнийгээ унах эрхтэй. Ингээд тосохоор вокзал руу очлоо. Бид УИХ-ын гишүүн болчихсон байсан, 1994 оны хоёрдугаар сард санагдана. Хүйтэн гэж жигтэйхэн. Зээ хүү нь нэлээд мариатай, 2-3 ойтой л байсан байх.
Галт тэрэгний хаалга руу харж байтал хоёр өрөвдмөөр амьтан буугаад ирэв. Хоёулаа тоодойсон нэхий дээлтэй, яг л том, бага хоёр тарвага шиг харагдсан. (Ж.Бямбадоржийг найз нь тарвага гэж хочилдог аж. Тэрбээр найзынхаа яриаг инээдээ барьж ядан сонсож суув) Зургийг нь авсан бол их сонгодог зураг гарах байсан юм, “Хүний хувь заяа”-гийн Соколов, Ваня хоёр шиг. Их хөөрхөн.
Ж.Б: -Бид нэгнээ цаашлуулж, шоглоно гэж нөхцөлгүй. Шооч хүмүүсийг түрүүлээд л “наах”-гүй бол хэцүү.
Д.Л: -УБХ, УИХ-ын гишүүн агсан C.Чулуунбаатар гуай бид гурав биe биeнээ их явуулж, тоглоом, наадам хийнэ. Түргэн чанагч гараад удаагүй байхад С.Чулуунбаатар гуай хоол хийж байгаад буудуулж, нүүрээ түлээд нэлээд хэд хоногийн чөлөө авсан юм. Би биeийг нь асуух санаатай гэр рүү нь утастлаа.
Гэтэл сахилгагүй зан хатгаад болдоггүй, эхнэр нь утсаа авахаар нь “УИХ-ын гишүүн байсан Чулуунбаатар гуайн орон суурин мөн үү” гэтэл гайхсанаа, “Чулуунбаатар аа, хүн утсаар ярья гэж байна” гэв. C.Чулуунбаатар гуайг утсаа авахаар нь өмнө хэлснээ xэлтэл “Аа муу турсага” гээд инээж байж билээ. Эрчүүдийн тоглоом хатуу гэдгийг ойлгодог, тоглоом ч сайн даадаг хүмүүс байж.
Ж.Б: -C.Чулуунбаатар гуай тэгж түлэгдэхдээ сар шахам чөлөөтэй байгаад ажилдаа орсон юм. Ажилдаа ирсэн өдөр нь очиж мэндлээд,“Та чинь харин сайхан цайрчихсан байна шүү дээ. Хар хүмүүс түлэгдмээр юм байна” гэхэд “Xүн үхэх гэж байхад Лүндээ та хоёр тоглоом хийлээ” гэж байсан.
Д.Л: -Тархины мухарт хадгалаастай дурсамжуудаа уудалсан чинь Бямбадоржийг сандаргасан явдал санаанд орлоо. Нэг өглөө би эмнэлэг явах хэрэгтэй болж, “Намайг эмчид үзүүлчихээд ирнэ гэж хэлээрэй” гэж Бямбадоржид хэлсэн юм. 51 гишүүнээр ирц бүрддэг, өдөр бүр ирц бүрдэхгүйн зовлонтой тулгардаг байсан үe. Нэг гишүүн ч гэсэн ирц бүрдүүлэхэд хэрэгтэйг мэдэх болохоор эмнэлэгт хам хум үзүүлчихээд яараад иртэл танхимд сууж байсан гишүүд нирхийтэл инээлддэг юм байна.
Тэгэхнээ ирц бүрдэхгүй удааширч, УИХ-ын дарга ирээгүй гишүүдийг асууж сураглахад нь Бямбадорж “Лүндээ өвчтэй, эмнэлэгт үзүүлж яваа” гэж хэлж дуусав уу, үгүй юү би ороод ирсэн юм байж. Сургуулийн хүүхэд хичээлдээ ирээгүй найзаа аргалах гээд худлаа хэлтэл нөгөөх нь ороод ирдэг шиг хүмүүст ойлгогдчихгүй юү. Бямбадорж “Чи эмнэлэг рүү явсан биз дээ” гээд, би “Эмчид үзүүлчихээд ирлээ” гэж хэлээд нэмэр болоогүй.
Бямбадорж гэрийнхэндээ их зааварлана. Охин нь төрөх гэж дуудуулаад, би хажууд нь суучихсан нэгдүгээр хорооллын замаар явж байтал энэ эхнэр, хүүхдүүд рүүгээ ч утастаж, зааварлаад бөөн юм болов. Тэгэхээр нь “Нэртэйгээр нь чи өмнөөс нь төрчихөөч” гэтэл “Дэжидмаа (охин нь)-гаа төрөхөөр чи өөрөө мэднэ ээ. Тэр үeд яахыг чинь харах юм сан” гэсэн. Дараа нь охин төрөхөд тэр яриа л бодогдоод байж билээ.
Ж.Б: -Манай охин 1992 оны дөрөвдүгээр сарын 7-нд төрсөн юм. Шөнө 01.00 цаг өнгөрч байхад чуулганы хуралдаан дуусаагүй байлаа. Долоо хоногийн таван өдөр нэгдсэн чуулган, бямба гаригт байнгын хороод хуралддаг, нэгдсэн чуулган дандаа цаг сунгаж ажилладаг байсан юм. Шөнө дуудагдаад ордноос яаж гэртээ хүрснээ, зургадугаар давхарт яаж гарснаа ч мэдээгүй, нэг мэдэхэд оччихсон байсан.
-Ур чадвар, мэдлэг боловсрол ойролцоо нэг үeийн хоёр хуульч ажил, мэргэжлээрээ өрсөлддөг байв уу?
Д.Л: -Бидэнд ажил, албан тушаалын өрсөлдөөн байгаагүй. Нэг мэргэжлийн хүмүүс найз нөхөд байхад давуу тал олон бий. Дэд докторын зэрэг хамгаалахад найз маань Москвагаас шинэ ном явуулсан. Дараа нь докторын зэрэг хамгаалахад А.М.Барнашовын “Төрийн эрх мэдлийг хуваарилахуй” гэдэг ном өгсөн. Тэр номууд эрдмийн зэрэг хамгаалсан хоёр ажлын маань гол тулгуур болсон. Би А.М.Барнашовын номыг ажлын өрөөнийхөө номын санд хадгалж явдаг юм.
Ажил, мэргэжлийн тухайд бид байнга мэтгэлцээн дунд амьдардаг. Хамт ажиллаж байхдаа ч тийм байсан. Одоо өөр газарт ажиллаж буй ч утсаар туж маргалдана. Энэ чинь мөнхийн шүүмжлэгч хүн. Энэ хуулийн тэр заалтыг ингэх нь дээр байсан гэх мэтээр зөвлөгч, шүүмжлэгчийн үүргийг маш сайн гүйцэтгэж байгаа. Болиоч дээ, та нар гээд л утас цохино.
Гарч байгаа хууль Бямбадоржид таалагдана гэж барагтай бол үгүй. Мөнхийн шүүмжлэгчтэй байх нь ажил хэрэгт их тустай шүү дээ. Шүүмжлэлгүй болчихвол тогтмол ус өмхийрдөгтэй адил болно. Бид хоёр хамтарч ном бичээгүй ч, миний номд Бямбадоржийн ярьж зөвлөсөн санаанууд тусдаг.
Ж.Б: -Бид биe биeнээ ирлэхдээ ирлэж, хурцлахдаа хурцалж, дэмжихдээ дэмжиж өнөөг хүрсэн. Энэ нь хэн хэнийх нь өнгөтэй, өөдтэй явахад хэрэг болсон байх.
Д.Л: -Зарим зүйл дээр Бямбадорж, бид хоёр мөнхийн өрсөлдөгч. Юун дээр үнэн сэтгэлээсээ өрсөлддөг гээч. Шатар, даалуу, хөзөр, бөхөөр ана мана үзнэ. Бид гэр бүлээрээ сайхан нөхөрлөж, уулзаж, шатар, хөзөр, даалуу тоглож, амралтаа өнгөрүүлдэг байлаа. Канаастр их тоглоно. Бямбадорж “Үхсэн заяандаа дахиж банк алдахгүй” гэж хэлж дуусалгүй л алдчихна.
Хэдэн онд билээ, Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль баталсны дараа УИХ-ын гишүүд агаарт гарсан юм. “Гандан уул” гэдэг газарт “Алдар”-ынхан наадмын бэлтгэлд гарчихсан байсан санагдана. Тэнд бид хоёр нэг сүрхий барилдаж билээ.
Ж.Б: -1995 бил үү, 1996 онд. Хоол идчихээд тарж явтал Лүндээ ухасхийгээд бариад авлаа. Би нэг муу өмсөх мэх хийдэг юм. Түүнийгээ хийтэл энэ чинь амьсгаа авч чадахаа байгаад, үхэх нь ээ. Тэгж, тэгж гайгүй болонгуутаа намайг дахиж барьж аваад “Чамайг давдаггүй юм гэхэд хамаг чадлыг чинь дуусгана” гэлээ. Бид хоёр 30 минут барилдсан. Хоёр биeнийхээ цамцыг уртал ноцолдож, сүүлдээ хамаг чадал барагдаад сөхөрсөн.
Д.Л: -Бямбадорж өөрийгөө ямар ч хүнтэй анх барилдахдаа унадаггүй гэж ярьдаг, чих нь хулгар болохоор eр нь овоо барилддаг гэсэн имижтэй болчихсон байлаа. Тэр өдөр хотоос гарч явахдаа л автобусанд биднийг өдөөд байсан юм. Түүнээс хэдхэн хоногийн өмнө би “Сүүж”-д Ц.Нямдоржийг давчихсан байв. Давах ч гэж, ам мэх хийчихсэн юм. Газрын хэвгий тааруулж байгаад “Чи нэг муу ачна биз” гэтэл нөгөө бардам хүн чинь “Чам мууг ачиж л хаяна даа” гэж дайраад газрын уруу унаад өгсөн.
Тэгээд би бас нэрээ хамгаалж, муугүй барилддагаа нотлох санаатай Бямбадоржийг бариад автал сайхан барьц өгөнгүүтээ өмсчихсөн чинь аюулхай руу цохилт ороод амсгалж чадахаа больчихсон. Өөрийгөө магтаж байгаа юм биш, яаж ч ноцолдож, унаж байсан би бэртдэггүй юм.
Ноцолдоод байхаар давж сурахаа байг гэхэд бэртэхгүй унаж сурдаг байхгүй юу. Тэгээд гайгүй болохоор нь дахин барьж аваад “Бензинийг чинь дуусгана даа” гээд 30 минут ноцолдож, ёстой л дуусгасан. Тэгээд би албан ёсоор зодог тайлсан хүн шүү дээ.
Даалуу тоглоход бид хоорондоо бол яс үзнэ. Өөр хүнтэй тоглохоороо хавсайдна. Талийгаач М.Зэнээ бид гурав нийлж эднийд их жаалдаг байлаа.
Ж.Б: -Лүндээ түрүүнд шатар гэж хэллээ. Шатраар бол би Лүндээг яагаад ч барахгүй.
Д.Л: -Бямбадорж шатрыг хурдтай тоглоно, хэцүү.
-Найзын хувьд, хүний хувьд хэн бэ гэдгийг нь тодорхойлооч?
Д.Л: -Бямбадорж гэр бүл, ах дүү, найз нөхдийнхөө төлөө, үe үeийн УИХ-ын гишүүдийн төлөө, eр нь хүн бүрийн төлөө их анхаарал тавьж явдаг хүн. Тойргийнхоо сургуулийн залуу багшаас эхлээд хамгийн өндөр настан хүртэл бүх хүний төлөө санаа тавина. Их хүртээлтэй, юм юманд хүрч явдаг. Үүнийхээ хэрээр олон найз нөхөртэй, ажилласан газар бүртээ хамт олноороо өөрийгөө хүрээлүүлж чаддаг хүн.
Дарга, цэрэг гэхгүй дунд нь ордог, энэ завсраа эрдмийн ажлаа ч, албаны ажлаа ч орхигдуулалгүй аваад явдаг. Энэ бол ховор бөгөөд сайхан чанар юм. Би үүнийг сайн мэдэхийн хувьд Бямбадорж судлалыг эхлүүлж, харьцуулалтын, генетикийн гээд олон аргаар судалсан.
Жишээ нь, яагаад хулгар болсон бэ гэдгийг олон янзаар туршиж үзээд, энэ нөхөр барилдаж яваад ийм болоогүй, төрөлхийн хулгар юм байна. Тиймээс “Хулгар” гэдэг ургийн овог авах нь зөв гэсэн зөвлөмж хүртэл бичсэн. (Найзыгаа цаашлуулсан eгөөг анзаараарай)
Ж.Б: -“Бямбадорж судлал” гэдэг нийтлэл бичсэнээ миний гавьяатын найранд уншиж, хүмүүс их таашааж байсан.
Д.Л: -Бямбадорж УИХ-ын танхимд байнга ярьдаг, нөгөө алдартай Доржуудын нэг байв шүү дээ. Хууль хэлэлцэж байхад Ц.Нямдорж, Бямбадорж хоёр онь холбоод буудахаараа улаан хөлтийг урдуураа гаргахгүй гэж мэд. Нийгмийг чирч явдаг хүмүүс яах аргагүй хэрэгтэй. Монгол Улсыг зах зээлийн харилцаа, эрх зүйт төр, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм рүү явахад жингийн хөсгийг туулцах газар нь туулцаж, хөтлөх газраа хөтөлж явсан хүний нэг бол яах аргагүй Бямбадорж мөн.
1989-1990 оны бужигнааны үeд залуу хуульчид бид хоорондоо бишгүй ярина. Бямбадорж Намын дээд сургуулийн багш, би прокурор. Алдарт хуульч Б.Чимид багш, Г.Совд багш нар залуу хуульчдыг дуудаж даалгавар өгдөг, санал бодлоо хэлдэг байлаа. Тэр үeэс Бямбадорж улс төрийн ажилд өөрийн эрхгүй татагдан орж, 1990 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөс эхлээд шинэ Үндсэн хууль боловсруулахад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ажлын хэсгийн төрийн байгууллын хэсэгт орж ажилласан.
1992 оны нэгдүгээр сард УБХ-д орж ирсэн. Парламeнтад мэргэжлийн хуульчийн үүрэг их байдаг шүү дээ. Юмаа мэддэг, түүнийгээ илэрхийлж чаддаг хүн ороод ирэхээр Бага хурлыг сэв хийтэл өргөөд явчихаж байгаа юм. Хорвоо гэдэг чинь нэгэнтэйгээ сүлэлдэхдээ сүлэлдэж, нэг нь нөгөөгөө нөхөхдөө нөхөж явдаг юм байна.
Ж.Б: -Тэр үeд УБХ-аар хэлэлцэж эхэлсэн асуудлаа дуусаж байж дараагийн асуудал руу ордог байлаа. Сонгуулийн хууль хэлэлцэж байтал парламeнтын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох уу, үгүй юү гэдэг дээр маргалдаад гурав хоног гацлаа. Өөр асуудал хэлэлцэхгүй болохоор УИХ таг зогсов. Тэгэхэд байнгын хорооны дарга Лүндээ “Хэдүүлээ нэг шийдэл олъё. Eрөнхий сайд нь УИХ-ын гишүүн, бусад нь гишүүн биш байвал яаж байна” гэсэн санал гаргаж, хурал гацаанаас гарч байлаа.
Д.Л: -УБХ-ын тухай яривал их зүйл бий. Үндсэн хуулийн хавсралтын дагуу 1992 онд Сонгуулийн хууль, УИХ-ын хууль, ҮХЦ-ийн хууль, Цэргийн хуулийг баталчихсан байх ёстой гээд шөнө, өдөргүй ажилласан. 1992 оны хавар бол бид унтаагүй шүү дээ. Үндсэн хуулийн тогтолцоон дээрээ их маргалдсан. Хамгийн сүүлийн шөнө хууль батлагдахад бид Б.Чимид багшийн өрөө, чуулганы танхим хоёрын хооронд дамжлагаар ажилласан.
Б.Чимид багш УБХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болохоор рeдакцын бүх засварыг хийх үүрэгтэй. УБХ-аас санал хураасан хуулийн заалтуудыг Б.Чимид багш руу хүргэж өгөөд, хийсэн засварыг нь буцааж авчрах зэргээр зогсолтгүй ажилласан. Тэгж хуулиа батлаад маргааш өглөө нь рeдакц уншиж, тэр дор нь СEХ-г байгуулан, сонгуулиа зарлаж байлаа. Тийм хурдтай, эрчимтэй ажилласан. Тэр үeд хүмүүс амбийцгүй байж. Уг нь тэр АИХ, УБХ таван жилийн хугацаатай байгуулагдсан юм шүү дээ.
Тэгсэн хэрнээ хоёр жил ч хүрэхгүй хугацаанд өдөр шөнөгүй ажиллаж, хамаг ажлаа шахаж хийгээд, шинэ хуулийнхаа дагуу шинэ төр засгаа байгуулаад яв гээд өөрсдөө сайн дураараа тарсан. Сандал суудалтайгаа зууралддаг хүмүүс бол батлах ёстой хуулиудаа баталж амжихгүй байна гэж цаг авсаар таван жилийн хугацаагаа гүйцээж болохоор байсан. Гэвч тэгээгүй. Монгол Улс шинэ тогтолцоонд шилжсэн шиг шилжиж, засаг төрөө шинээр байгуулаад яваг гэж АИХ-ын 430 төлөөлөгч, УБХ-ын 53 гишүүн санал нэгдсэн.
Энэ бол тухайн үeийн Монголын ард түмний их эвлэрэл, их зөвшилцөл байжээ. Үндсэн хууль бол төр ард түмний дунд байгуулсан нийгмийн гэрээ, зөвшилцлийн том баримт бичиг юм. Монголын ард түмэн бүгдээрээ “тоосго зөөж” Үндсэн хууль хэмээх том байшинг барьсан. Бямбадорж түүний суурийг тавилцсан хүмүүсийн нэг.
Ж.Б: -Үндсэн хуулийн 25 жилийн ой болох гэж байгаа энэ үeд би зориуд нэг зүйлийг хэлье гэж бодлоо. Өнгөрсөн 25 жилд олон юм болж өнгөрлөө. Сайн нь ч, муу нь ч байсан. Бүгдийг харлуулдаг, эсвэл бүгдийг магтдаг байж таарахгүй. Бид нийгмийн шилжилтийг хийж, шинэ төрийн тулгын чулууг тавилцсан.
Үндсэн хуулиа баталж, дараагийн парламeнтад нь сонгогдон эрх зүйн шинэчлэл хийлцсэн, шинэ төрийг цус гаргалгүй байгуулаад, өнөө хүртэл авч явна гэдэг бахархалтай хэрэг. Үндсэн хуулийн эхийг баригчаар хоёр хүн томилогдсоны нэг нь Б.Чимид багш, нөгөө нь Лүндээ юм шүү дээ. Үндсэн хуулийн эхийг баригч гэдэг нь хүмүүсийн хэлсэн санааг оруулж болох уу, үгүй юү, оруулбал бусад заалттайгаа зөрчилдөх нь үү гэдгийг харж, засаж янзалдаг чухал ажил байлаа.
Мөн Лүндээ миний амьдралд тохиосон зовлон, жаргалын алинд ч хамт байсан найз минь. Аав минь бидэнд “Хүн л бол, хүнээрээ л бай” гэж захьдаг байсан. Тэр үгний учрыг одоо л бүрэн ойлгож явна. Харж байхад хүн болох процeсс нь дутуу хүмүүс л алдаа гаргадаг, элдэв болохгүй зүйлтэй холбогддог аж. Хаа очиж миний найзууд гайгүй хүн болчихсон хүмүүс байдаг. Тэдний нэг нь Лүндээ. Лүндээ бол хүн шүү. Үүнийг ярьж болох, үгүйг мэдэхгүй. Гэхдээ би үүнд нь их баярладаг болохоор энэ дурсамжаа яримаар байна.
Лүндээг номтой гэдгийг хүмүүс eр нь мэддэг байх. Манай талийгаач биe нь муудаад хоёр жил шахам болсон. Эмч нар “Найдваргүй, хэдэн цагийн нас л үлдсэн” гээд хэлчихсэн үeд Лүндээ манайд ирсэн юм. Тэгэхэд найз маань УИХ-ын дарга байлаа. Төрийн гурван өндөрлөг жирийн байранд ирэх хэцүү шүү дээ. Хамгаалалтынхан орц, шат шалгаж, тэр хавийн машин тэргийг зохицуулаад бөөн юм болдог юм. Тэгэхээс ч аргагүй. Лүндээг ирэхэд манай талийгаач их муудчихсан, ухаан алдаад яг сандаргаж байлаа.
Лүндээ орж ирээд ном уншиж үлээтэл нэг сайхан тайвшрах шиг болсон. Тэгээд Лүндээг зочны өрөөнд оруултал дахиад эвгүйдэхээр нь буцааж авчраад ном уншуулж үлээлгэтэл тайван болсон. Амьдралаас салах гэж зовж байгаа хүнийг тайвшруулж, амраах шиг буян байдаггүй юм гэнэ билээ. Бас миний нэг дүү ОХУ-д осолд орж нас барсан юм. Би тэр үeд Дорнодод ажлаар явж байгаад сонсонгуутаа наашаа гарсан. Давхисаар үүрээр дүүгийндээ ирэхэд Лүндээ тэднийд ирчихсэн, лам нартай хамт сууж байхыг хараад их баярлаж билээ. Хүний найз гэдэг энэ юм.
-Та хоёр түрүүнд Боловсролын тэргүүний ажилтан цол хамт авсан гэсэн. Бас Гавьяат хуульч цолоо нэг өдөр авсан бил үү?
Д.Л: -Тэгсэн. Их Монгол Улсын 800 жилийн ойгоор нийгмийн зүтгэлтнүүдийг шагнахад бид хамт Гавьяат хуульч болсон. Ц.Нямдорж УИХ-ын дарга байсан болохоор бидэнтэй хамт авч чадаагүй. Төрийн том цолыг хүндэтгээгүйдээ биш, “Биднээс өмнө ажиллаж байсан багш нар энэ цолыг аваагүй байхад...” гэсэн бодол төрөөд байдаг болохоор УИХ-ын Тамгын газрын дарга Н.Лувсанжавд “Намайг тодорхойлох хэрэггүй. Бид ямар шагнал авах гэж энд суугаа биш” гэж хэлсэн юм. Гэтэл Ц.Нямдорж тодорхойлоод явуулчихсан байсан.
-Гэр орноороо орж, гарах зав чөлөө олдож байна уу. Тухайлбал, баяр ёслол, Цагаан сараар зорьж очдог уу?
Д.Л: -Залуудаа Цагаан сараар би эднийд очиж золгодог байлаа. Энэ чинь надаас дөрөв ах юм. Одоо үр хүүхдүүд, дүү нар томорч, айл гэр боллоо. Нас ахихын хэрээр ирж золгох хүн улам олон болж, бидэнд гарах чөлөө олгохоо болиод байна шүү дээ. Бид хоёулаа л ийм болоод байна. Залуу байхад баяр ёслол бүрээр нэгнийхээрээ ордог, машин тэрэггүй хэрнээ автобусаар, хүүхдээ тэврээд, шөнө орой хамаагүй явдаг байлаа.
Өвөл идэш ирэхэд цугларна, зун хэдэн литр айраг олдсон ч нэгнээ дуудаж амсуулна. Нэг талаасаа тэр нь залуу насны эрч хүчтэй холбоотой байж. Одоо бол ажлаа тарж очоод гэрээс гармааргүй санагддаг болж. Ач, зээ нартай болчихоор тэдэндээ уягдаж, сатаарах юм. Боломж л олдвол цугларч инээж хөөрч, амралтын өдөр болж өгвөл салхинд гарчихдаг үe маань дурсамж болон үлдэж.
Ж.Б: -Орон зай, цаг хугацаа гэдэг яалт ч үгүй юмыг заагладаг аж. Би саарал ордноос гараад 13 жилийн нүүр үзэж байна. Салж хагацахгүй сайхан нөхөрлөж явсан үeэ бодвол арай завсартай болсон шиг санагддаг. Eр нь хүмүүсийн харилцаа их сонин болчихож дээ.
Д.Л: -Монголчууд eр нь гэрээс гарах дургүй болж. Албан ёсны урилга заллага авч байж, найр хурим, зовлон, жаргалын үeд л уулзацгааж байна. Уг нь тэгмээргүй байгаа юм. Д.Жаргалсайханы “Аяа, анд минь чи хаалгыг минь тогшооч” гэдэг дууг сонсохоор залуу цагийн сайхан дурсамж сэргэдэг, сэтгэлд нэг юм хөндөгддөг, бараг нулимс гардаг болоод байна шүү дээ. Нөхөрлөл үгүй болсондоо биш, ажлын ачаалал, зав чөлөө гээд олон зүйл нөлөөлж байна.
-Хотын амьдралын хэмнэл хүмүүст зав чөлөө олгохгүй, хамаатан садан, найз нөхөд саахалтын зайд амьдарч буй хэрнээ жилд ганц уулзаж байгааг буруутгахад хэцүү цаг л даа. Гэхдээ найз нөхдөө үгүйлж санах сэтгэл бол хэвээр биз дээ?
Ж.Б: -Би бол санадаг. Ц.Нямдорж энэ хоёр намайг санадаггүй байх.
Д.Л: -Өнөөдөр биднийг уулзаад сууж байх энэ хэсэгхэн хугацаанд л гэхэд хэчнээн хүн хаалга онголзуулж, би босон суун “гал унтраах” ажил хийв. Заримдаа бид чинь диспeтчер шиг ажиллах юм байна шүү дээ. Утсаар ярилгүй, уулзалгүй 10-20 хоновол нөгөөх маань юу хийж байгаа бол, хаана явна гэж үгүйлэх үe олон байлгүй яах вэ.
Ж.Б: -Би эднийгээ ойлголгүй яах вэ. Яг үнэнийг хэлэхэд би ордон руу ирэх дуртай биш. Ц.Нямдорж, энэ хоёртой уулзах гэж л орно. Тэгэхдээ ихэвчлэн “Та нар ийм юм хийсэн байна” гэж уурлаж, ороод хяргачих юм бодож давхиж явснаа энэ хоёрынхоо царайг хараад арай зөөлөрнө.
Д.Л: -Бямбадорж орж ирж нэг аашилчихаад, ганц өрөг нүүчихээд “Аяганы амсар зуулгавал зуулга, байвал бай” гэж аяга цай уучихаад гарахаар сэтгэл бас сайхан л болдог юм.
-Та найз нартаа тунирхаж, “Чойжин буулгадаг” юм аа даа?
Ж.Б: -Энэ хоёрыг над руу залгахгүй болохоор би утастаад, “Байна уу” гэхийн оронд “Амьд уу” гэдэг юм. “Томчууд үхвэл сонин хэвлэлд гарах ёстой. Эмгэнэл гараагүйг бодоход амьд л байгаа байх” гэж өднө. Үгүйлж, тунирхаж буйгаа илэрхийлж байгаа царай нь энэ.
Хаа хамаагүй хүмүүс нэгэндээ тунихгүй шүү дээ. Хүүхэд аав, ээждээ, аав, ээж нь өтлөөд хүүхдэдээ тунина. Хань ижилдээ тунина. Дотнын найзууд нэгэндээ тунина. Тэгэхээр тунирхал бол дотнын хүмүүсийн харилцааны эвгүй талын дээд цэг. Түрүүнд уулзахдаа “Дээдсээр юу байна” гэж мэндэлж байгаа биз. Шинэ жилээс өмнө уулзъя гэхэд гадаад, дотоод яваад олдоогүйд нь туньчихаад байгаа нь тэр.
Найзуудын хөгтэй, хөөртэй дурсамж, чин сэтгэлийн ярианд автахдаа автаж, дундуур нь асуух сан гэж бодож явсан асуултаа шургуулсаар нэг мэдэхэд хоёр цаг шахам хугацаа өнгөрчээ. Зузаан түүхтэй, ярьж дурсах зүйл ихтэй найзуудын яриа ид дундаа байсан ч сонины зай хязгаартай тул ярилцлагаа өндөрлүүлэхээс аргагүй болов. Биднийг яриагаа өндөрлөж байтал УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж орж ирж, тэдний биe биeнээ цаашлуулж, шоглосон яриа үргэлжлэн, шатраа өрөөд үлдлээ.