“Манай хүн их хөдөлмөрч, эхэлснээ дуусгаж байж салдаг зантай. Тэглээ гээд ар гэр, үр хүүхдээ орхиогүй” гэж Гавьяат багш Ж.Төмөрмуна эхнэрээ магтав. Түүний эхнэр Дамбийн Бүрэнхишиг шинэ оны өмнөхөн Монгол Улсын Гавьяат багш хэмээх эрхэм цол хүртсэн юм. Хөдөөгийн сургуульд амьдралынхаа 40 жилийг зориулсан түүнтэй уулзахаар Налайхыг зорилоо. Тэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаасаа гарч, сүүлийн гурван жил хот бараадсан нь энэ.
“Манай хүн их хөдөлмөрч, эхэлснээ дуусгаж байж салдаг зантай. Тэглээ гээд ар гэр, үр хүүхдээ орхиогүй” гэж Гавьяат багш Ж.Төмөрмуна эхнэрээ магтав. Түүний эхнэр Дамбийн Бүрэнхишиг шинэ оны өмнөхөн Монгол Улсын Гавьяат багш хэмээх эрхэм цол хүртсэн юм. Хөдөөгийн сургуульд амьдралынхаа 40 жилийг зориулсан түүнтэй уулзахаар Налайхыг зорилоо. Тэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумаасаа гарч, сүүлийн гурван жил хот бараадсан нь энэ.
-Гавьяат багш хэмээх эрхэм алдарт хүрэхэд урт зам туулжээ. Багш болох нь таны мөрөөдөл байв уу?
-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төрөлх сургуульдаа 1973-2013 он хүртэл 40 жил багшиллаа. Түмэн олон шавийн минь ач буян намайг энэ өндөр алдар цолд хүргэлээ гэж баярлаж сууна. Бас багш нарын минь буян их ээ. Багадаа эмч юм уу, багш болно гэж боддог байлаа. Харин энэ мэргэжлийг сонгоход анги удирдсан багшийн минь нөлөө их байсан. Химийн хичээлд сонирхолтой, сайн байсан учраас хими, биологийн багшийн мэргэжил сонгосон доо.
-Багш хүн бусдын хувь заяаг зөвөөр өөрчлөхөд хамгийн их нөлөөлдөг гэж боддог. Багш нарынхаа талаар дурсана уу?
-Би олон сайхан багштай хүн. Нэгдүгээр ангийн багш минь Дорнодын Сэргэлэн суманд амьдарч байна. Аравдугаар анги төгсгөсөн багш минь Соёлын гавьяат зүтгэлтэн Дуламжав гэж хүн бий. Их зарчимч мундаг эмэгтэй. Улсын багшийн дээд сургууль төгсгөсөн ангийн багш минь Я.Дашчил гээд зохион байгуулалт сайтай, нямбай, цэвэрч хүн байдаг. Манай ангиас хоёр Гавьяат багш төрсний нэг нь би.
-Дээд сургуулиа төгсөөд нутагтаа томилогдсон гэл үү. Анх хичээл заахдаа сандарч байв уу?
-Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын сургуульд хуваарилагдсан. Би Баян-Овоо сумынх л даа, уг нь. Хорин хэдтэй багш анх дунд ангийн сурагчдад хичээл заалаа. Хонх дуугарч хичээл эхлэхэд арын ширээн дээр захирал, хичээлийн эрхлэгч нар сууж байх юм. Хичээлээ яаж эхэлснээ ч мэдэхгүй, их сандарсан. Самбар дээр заах сэдвийнхээ гарчгийг тавиад, тэгшитгэл бичлээ. “За харагдаж байна уу, хүүхдүүд ээ” гэсэн чинь учиргүй том биччихсэн байж билээ. Нэг мэдэхэд л нүүр, амаа шохой болгочихсон зогсож байдаг сан. Тэр үед манай сургуулийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Ломбын Нямаа байлаа.
-Хүнийг хүмүүжүүлнэ гэдэг амаргүй. Таны баримталдаг гол зарчим юу вэ?
-Хүүхдүүдээ зөв монгол хүн болгох сон гэж боддог байлаа. Бидний үед хүүхдүүдийг нийтээр нь сайн сургах зорилго тавьж байсан. Аль болох хүүхдүүдтэйгээ ойр дотно харилцахыг хичээнэ. Манай ангийн хөвгүүд цэрэгт байхдаа надад захиа их бичсэн дээ. Одоо хүртэл хадгалдаг. Нэг шавь маань “Найз охин минь төрөх гэж байгаа юм. Багш аа, та уулзаад өгөөч” гэжээ. Багшдаа итгэсэн учраас ингэж бичсэн байх гэж боддог.
-Одоо бол хүүхдүүд багшдаа захиа бичихгүй байх. Та шавь нартайгаа найз шиг нь дотно харилцдаг байжээ.
-Хүүхдүүдийн минь олонх нь сургуулийнхаа дотуур байранд амьдарна. Тэднийгээ гэртээ авчирч усанд оруулж, хувцсыг нь угааж, хооллон, хичээл номыг нь давтуулдаг байлаа. Бидний үед ингэж л ажилладаг байсан юм шүү дээ.
-Багш хүн өөрийнхөөс илүү өрөөлийн хүүхдийн төлөө зүтгэдэг юм шиг ээ. Та хүүхдүүдийнхээ боловсролд хэр анхаарч байв?
-Би таван хүүхэдтэй. Тэдний нэг нь аав, ээж хоёрынхоо мэргэжлийг өвлөсөн. “Ээж аав хоёр гэрийн бараа харахгүй” гэж хүүхдүүддээ шүүмжлүүлдэг байв. Өглөө гараад л харанхуйд гэртээ харина шүү дээ. Ээж, аав нар минь болон ясли, цэцэрлэг гэж байсан тулдаа л хүүхдүүдийг өдий зэрэгт хүргэсэн. Би хүүхдүүдийнхээ хичээл номд анхаарч байснаа санадаггүй юм. Оройн ангид хичээл заадаг байсан учраас 23.00 цагийн үед л гэртээ харина. Долоо хоногт 40 гаруй цаг хичээл заах хуваарьтай. Улс орныхоо төлөө хөдөлмөрлөх ёстой л гэсэн бат итгэлтэй байж. Хөдөөгийн сургуульд багш дутагдалтай учраас хими, биологиос гадна орос хэлний хичээл хүртэл заана шүү дээ.
-Хөдөөгийн сургуульд багшлахын сайхан болон бэрхшээл нь юу байсан бэ?
-Хүүхдүүд нь хүмүүжилтэй, эцэг эхчүүд нь хүүхдийнхээ төлөө маш их анхаардаг, багш нараа хүндэлдэг байлаа. Хөдөөгийн хүүхдүүд их хөдөлмөрч. Хичээлээ тараад л малдаа явна.
1990-ээд оны үед сургууль маань халаалтгүй болоод ангидаа зуух тавьж галлахаас гадна гэрэл цахилгаангүй байсан нь бэрхшээл юм уу даа. Орой 22.00 цаг хүртэл мотор ажиллуулна. Унтрахаар нь лаа бариад л хичээлээ хийнэ. Гэлээ ч манай сургууль аймагтаа тэргүүлдэг, сурагчид маань улсын сургуульд олноороо тэнцдэг байлаа.
-Одоо үед хотын төвийн сургуулийн хүүхдүүд сурлага сайтай, хөдөөгийнхөн гадаад хэл, компьютерын мэдлэг тааруу байдал ажиглагддаг. Одоогийн боловсролын системийг хэрхэн үнэлдэг вэ?
-Бидний үед хүүхдүүдийг нийтээр нь сайн сурга гэдэг байв. Бүрэнхишигийн удирдсан ангийнхан сурлагаараа хоцрогдсон хүүхэд байх ёсгүй гэдэг байлаа. Тиймээс хүүхдүүдтэйгээ тулж ажилладаг байсан. Нэг хэсэг энэ байдал алдагдаж, олимпиадад ордог, онц сурдаг хүүхдээ л анхаарч, бусдыг нь орхих явдал гарсан. Ер нь манай боловсролын систем тогтвор муутай яваад байгаа. Анх 1973 онд дээд сургуулиа төгсөж очиход шилжилтийн программаар хичээллэж байсан. Одоо ч ийм байна. Гэхдээ сүүлийн үед хүүхэд нэг бүртэй ажиллах зорилго тавьж буй нь таатай санагддаг. Хүүхдийг сайн сургахгүй байж болно, зөв хүн болгож төлөвшүүлэх нь ерөнхий боловсролын сургуулийн гол зорилго байхгүй юу.
-“Зөв монгол хүүхэд” гэсэн үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байна. Таны бодлоор зөв монгол хүн ямар байх вэ?
-Зөв монгол хүн буюу дээр үед төгс монгол хүн гэж ярьдаг байсан. Хүнийг хайрладаг, хүндэлдэг, тусалдаг, нинжин сэтгэлтэй, бие бялдар оюун ухаан эрүүл сайхан хүнийг л зөв монгол хүн гэж ойлгодог. Мөн монгол уламжлалт ёс заншлаа мэддэг байх ёстой. Күнзийн сургаалд “Хятад хүний судсаар хятад цус л урсана” гэж заасан шиг монгол хүний судсаар монгол цус урсах ёстой гэж боддог.
-Хүүхэд ер нь сургуулиас юу авч үлдэх ёстой вэ. Эрдэм боловсрол уу, хүмүүжил үү?
-Үндсэн зорилго бол хамгийн эхэнд хүүхдийг төлөвшүүлэх. Дараа нь ерөнхий эрдмийн суурь боловсрол олгох. Ерөнхий боловсролын сургуульдаа төлөвшиж чадаагүй хүн цаашдаа төлөвшинө гэдэг хэцүү. Тиймээс хүүхдийг зөв төлөвшүүлэхэд л анхаарах хэрэгтэй гэж залуу багш нартаа захидаг юм.
-Та долоон удаа аравдугаар анги төгсгөсөн юм билээ. Таны шавь нараас дархан аварга Б.Бат-Эрдэнээс эхлээд олны танил хүн цөөнгүй. Тэдний тухай ярихгүй юу?
-700 орчим шавь бий. Тэдний дотор УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Д.Энхзул, ШУТИС-ийн багш, доктор Ч.Ганбаатар, НҮБ-д ажиллаж буй В.Лхагвадорж, Японы Нагоягийн их сургууль төгссөн Т.Мөнхтунгалаг, “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн захирал С.Нэргүйдаваа нарын олон хүн бий. Мөн мянгат малчин болсон шавь нараа мартаж болохгүй. Хими, биологиор суурилж, мэргэжил эзэмшсэн эмч нар ч цөөнгүй. Манай ангийнхан сумандаа очихоороо өвгөн бид хоёртой уулздаг юм. Ер нь хичээл зааж байсан хүүхэд минь хаана, ямархуу явна гэж байнга чих тавина шүү. Багш болгон тэгдэг болов уу.
-Б.Бат-Эрдэнэ аварга багадаа ямархуу хүүхэд байсныг багшаас нь асуухгүй өнгөрч болохгүй байх.
-Их мэрийдэг, төлөв төвшин хэрнээ заримдаа алиа хошин юм ярьж ангийнхнаа инээлгэнэ, нийгмийн ухааны хичээлд сайн, хөдөөгийн сайхан бор хүү байлаа. Хичээлийн бус цагаар монгол дээлээ өмсөөд л гүйнэ. Аравдугаар ангид байхдаа Үндэсний бөхийн идэрчүүдийн улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээнд хотод очиж оролцон, IV байрт орж байлаа. Сургууль төгсөхөд нь Биеийн тамирын сургуулиас урилга өгсөн ч ангийнхаа хөвгүүдтэй хамт цэрэгт явчихсан байж билээ.
-Улс төрд ороход нь багш хүний хувьд дэмжсэн үү?
-Уг хүн нь оюунлаг, төлөв төвшин болохоор улс төрд хүч хүрнэ гээд дэмжсэн. УИХ-д дөрвөн удаа сонгогдсон шүү дээ. Сонгогдоод сумандаа очиход нь сүүтэй угтдаг юм би, шавиа. Өөрийнх нь шавь нар амжилт гаргахаар над руу залгана. Н.Түвшинбаярыг олимпоос алтан медаль авахад “Багш аа, танд баярлалаа, таны шавь л олимпын аварга боллоо гэсэн үг” гээд ярихад нь баярлаж л суулаа.
-Таны хань Өмнөдэлгэр сумынхаа сургуулийн захирлаар олон жил ажилласан Гавьяат багш. Тантай анх танилцахдаа хичээлийн эрхлэгч байсан гэл үү?
-1971 онд манай хүн Өмнөдэлгэрийн сургуульд химийн багшаар очсон. Намайг хоёр жилийн дараа тус сургуульд очиход өвгөн маань хичээлийн эрхлэгч байлаа. Сургуулийнхаа шал, паарыг будаж, засвар хийж байхдаа танилцсан.
-Хоёулаа багш учраас нэгэндээ хичээл заах арга барилын талаар зөвлөдөг байв уу?
-Манай хүн дарга юм болохоор надад зөвлөхөөс илүү олон багш нарт зааж сургана. Манай хүнээс илүү хичээлийн эрхлэгч нар надад зааж сургадаг, урамшуулдаг байлаа. Саяхан аймагтаа уулзалтаар очиход “Захирлын эхнэрүүд дээшээ гарна гэж байдаггүй юм даа” гэж билээ. Нээрэн л тэр үед өөрийн хүнээ шагналд тодорхойлно гэж байгаагүй. Сургуульд байхдаа нөхрийнхөө өрөөнд тоотой л орсон доо. Одоо манай багш нар “Та захирлын өрөөнд орж байгаа ер харагддагүй байсан” гэдэг юм.
-Та дуулгаваргүй нэгнийг хэдэн цагаар ч хамаагүй зогсоодог чанга багш байсан гэж дуулсан юм байна.
-Миний багш нар их зарчимч, шударга байсан. Тэр нь надад нөлөөлсөн байх. Би сайнаар хэлбэл зарчимч, шударга, саараар ярибал хахир хатуу багш байлаа. Гэхдээ хүүхэд зодож байгаагүй шүү, үгээр л зэмлэнэ. Шавь нар минь одоо багшийн хэлсэн үг их углуургатай байжээ гэдэг юм. Харин 2011 онд төгсгөсөн сүүлийн шавь нараа их эрхлүүлсэн байна лээ.
-Одоогийн хүүхдүүдийг хүмүүжилгүй гэж шүүмжилдэг. Гэхдээ тэд багаасаа дэлхийн хэмжээнд амжилт гаргаж байна. Та багш хүний хувьд орчин үеийн хүүхдүүдэд ямар дүн тавих бол?
-Би хүүхдүүдэд буруу өгөх дургүй. Хүүхдээ сайн хүн болгон төлөвшүүлэхэд эцэг эх гол үүрэгтэй. Нийгмээ дагаад завгүй, мөнгөний төлөө зүтгэдэг болж. Гэр бүлийн гишүүд тус бүртээ интернэт ухаад суучихна. Үзэж, харах юм ч ихэссэн. Ялангуяа залуу эцэг эхчүүд хүүхэдтэйгээ сайн харилцаж, үгийг нь сонсон, өөрсдийгөө боловсруулах хэрэгтэй байна. Тухайлбал, бидний үед гэрт найз нөхөд ирэхээр хүүхдүүдээ гадаа тогло гэдэг байсан. Томчууд хоорондоо сайн, муу юм ярина, үүнийгээ хүүхдэдээ сонсгохгүй. Муу үг, муу үйл хүүхдэдээ сонсгож, харуулдаггүй байлаа. “Хайртай шүү” гээд гоё юм авч өгснөөр хүүхэд сайн болчихгүй.
Урт, сайхан үстэй, нарийхан цагаан багш бүсгүй хичээлийн эрхлэгчийнхээ харцыг татан, хайрыг булааснаар Ж.Төмөрмуных гэх айл голомтоо бадраасан түүхтэй. Ханилан суугаад 40 гаруй жилийг элээж буй ч нэгнийгээ харааж загнах нь бүү хэл, хялалзаж ч үзээгүй тэд “Сургууль түшсэн 60 жил” хэмээх ном бүтээхээр зорьж буй юм билээ. Зорьж очсон биднийг үдэж өгөөд уул руу алхахаар тэд явцгаалаа. Хоёр багш маань өдөр бүр алхдаг бөгөөд “Зүгээр суухаар хөдөлгөөний дутагдалд орох гээд байна” гэсэн шүү. “Багш аа” гэж дуудуулах шавьтай хүнийг л багш гэдэг юм. Багш хэмээх алдрыг шавь нар нь хайрладаг болохоос төгссөн сургууль, диплом хайрлахгүй” гэсэн хоёр Гавьяатынхаа үгээр ярилцлагаа өндөрлөе.