Дэлхийд нэн ховорт тооцогддог бөхөн Монгол Улсын Говь-Алтай, Ховд аймгийн зургаан сумын нутагт маш цөөн тоогоор нутагладаг билээ.
Саяхан ДБХС-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Ховд аймгийн төв дэх ажилчид дээрх аймгуудын БОАЖГ, мэргэжлийн хяналтын байцаагч, сумдын бөхөн хамгаалагчид хамтран бөхөнгийн тархац нутгуудад хяналт хийжээ.
Эл шалгалтаар 256 бөхөн халдварт мялзан өвчнөөр үхсэн болох нь тогтоогджээ. Үхсэн бөхөнгийн сэг, зэмээс дээж аван төв лабораторид шинжлүүлэхэд мялзан өвчний вирус илэрсэн байна.
Ховд аймгийн Чандмань сумын Улаан үзүүр, Цахир, Дөргөн сумын Гашууны хоолой, Дарви сумын Баянцагаан, Тунгалагийн ус, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын Шар бөөрөг, Таван хайрханы тал, Дарви сумын Хүйсийн говь зэрэг нутгуудад бөхөн 30-100 хүртэл толгойгоор хорогдоод байгаа аж.
Холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч, сэгийг устгах, тус газрыг ариутгах, бөхөнгийн тархалт нутгуудыг тогтоон хяналт хийх зэргээр ажиллаж байгаа юм байна.