Жүжигчин У.Батбаатарыг тайз, дэлгэцийн олон дүрээр нь үзэгчид андахгүй. Олон ч жил урлагm зүтгэж яваа түүний хөдөлмөрийг төр засаг умартсангүй. Шинэ оны босгон дээр тэрбээр Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх цол, тэмдгээр энгэрээ мялаалгасан юм.
Түүнийг жүжигчин хүний бүхий л чадварыг өөртөө агуулсан урлагийн “акул”-уудын нэг гэхэд хэн ч маргахгүй. Тиймээс энгэрээ “цоолуулсан”-д нь үзэгч олон ихэд баярлаж буй юм. Түүнийг “Өнөөдөр”-ийн зочноор урилаа.
-Тайз, дэлгэцийн урлагт 33 жил зүтгэсэн хөдөлмөрөө үнэлүүллээ. Монгол Улсын Гавьяат жүжигчин болсон тухай мэдээг анх сонсоод хэр тулгамдав?
-Өнгөрсөн сарын 26-ны орой “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонго энэ мэдээг надад утсаар дуулгасан. Шууд л “Монгол Улсын Гавьяат жүжигчин болж буйд баяр хүргэе” гэлээ. Би ч эхэндээ итгэсэнгүй. Өнгөрсөн жил жүжигчин Г.Золбоот бид хоёрыг “Монгол кино” нэгтгэлээс энэ шагналд тодорхойлсон юм билээ. Ханьтайгаа хоёулхнаа байсан болохоор ч тэр үү учраа олохгүй сандарсан даа.
Маргааш нь албаны хүмүүс утастаж хэдэнд, хэдэн цагаас шагналаа гардаж авахыг минь хэлсэн. Хамгийн түрүүнд найз нөхөд, шавь нартайгаа энэ баярт мэдээгээ хуваалцсан. Гэтэл тэр дороо л фэйсбүүк, твиттер гээд цахим сүлжээгээр тарсан байлаа. Тэрийг мэдээд бүр ч их эмээсэн.
-Юунаас эмээсэн гэж?
-Хүмүүс хэрхэн хүлээж авах бол гэдгээс...
-Харин ч таныг энэ цол, тэмдгээр шагнуулахыг үзэгчид эртнээс хүлээсэн шүү дээ.
-Эхэндээ фэйсбүүк хуудсанд минь хүмүүс юу бичиж байгаа бол гэж эмээгээд уншиж чадаагүй. Дараа нь хүмүүсийн намайг маш их дэмжиж, урам өгсөн сэтгэгдлийг уншсан.
Үзэгчид миний авьяасыг үнэлдэг юм байна. Их баярласан. Одоо ч тэр сэтгэл хөдлөл, баяраа дарж чадахгүй л явна.
-Өөрөөрөө бахархсан уу?
-Хамгийн гол нь энэ. Ижий, аав минь бурхны оронд буй. Шагналаа гардсаны дараа “Хацар дээрээ ганцхан үнсүүлэх сэн” л гэж боддог юм билээ. Намайг их сургууль төгссөний дараахан аав минь бурхан болсон юм. Харин ээж маань намайг энэ шагналыг авахыг их удаан хүлээсэн дээ.
Тиймээс ээжийнхээ хүслийг биелүүлсэндээ их баярласан. Төрийн ордноос гарч ирэнгүүтээ хөх тэнгэр рүү харж нэг их гүнзгий амьсгаа аваад инээсэн дээ. Ижий, аав хоёр минь тэндээс хүүгээ харж байгаа шүү дээ.
Мөн намайг урлагт хөтөлж, “хөлд оруулсан” Г.Доржсамбуу, Л.Лхасүрэн, Д.Маамхүү, С.Сугар багш нар тэнгэрийн оронд бий. Тэдэндээ “Баярлалаа” гэж сэтгэлдээ шивнэсэн.
-33 жилийн өмнө Монголын урлагт хэрхэн хөл тавьснаа дурсаач. Багшийн дээд сургуулийн (хуучин нэрээр) кино драмын ангид шалгуулаад “уначихсан” гэдэг байх аа.
-Би 1983 онд дунд сургуулиа төгссөн юм. Сурагч байхдаа л жүжигчин болно гээд шийдчихсэн. Ингээд төгсөнгүүтээ Багшийн дээд сургуулийн кино драмын ангид шалгуултал тэнцээгүй.
Ур чадварын шалгалтад тэнцсэн боловч ерөнхий эрдмийнхэд нь “бүдэрчихсэн” юм. Угаасаа л жүжигчин болох юм чинь гээд бусад сургуулийн хуваарийг ч ойшоогоогүй болохоор ёстой ацан шалаанд орлоо.
-Тэгээд юу болов?
-Багшийн дээд сургуулийн коридорт яах учраа ч олохгүй зогсож байтал дэргэдүүр Г.Доржсамбуу багш явж таарлаа. Өөдөөс “Яасан” гэхээр нь “Уначихлаа” л гэсэн. Гэтэл “Аан” гэчихээд л цааш явчихсан.
Цааш эргэхэд нь нэг л горьдлого төрөөд дагалаа. Нэлээд явснаа “Тэнхим рүү ор” л гэж байна. Ортол цаасан дээр нэг юм бичээд л өөдөөс сарвайлаа. “Энийг аваад Хүүхэд, залуучуудын театрт оч. Хоёр жилийн дараа дахин ирж шалгуул” гээд өрөөнөөсөө гаргасан даа.
-Танд өгсөн тэр зурвасыг хэнд хаягласан байсан юм бэ?
-Л.Лхасүрэн багшид. Хэд хоногийн дараа өнөөх зурвасаа бариад л Хүүхэд, залуучуудын театрт очлоо. Л.Лхасүрэн багш ямар сайхан залуу байсан гэж санана. “Одоо Уран сайхны зөвлөл хуралдана” гээд л намайг дагуулаад явав. А.Очирбат ах, Б.Энхтуяа эгчээс авахуулаад мундгууд тэнд сууж байна. Тэдний өмнө дуулж, бүжиглэж, шүлэг уншиж, ёстой байдгаа шавхаж байж дагалдан жүжигчнээр ажиллах зөвшөөрөл авсан даа.
Жүжигчин О.Бат-Өлзий, Ж.Сүххуяг, Л.Нямсүрэн ах нартай нэг өрөөнд суухаар боллоо. Ажилд орсон эхний өдөр манай театрт Д.Батбаярын “Гэгээ” жүжгийг тоглох гэнэ. Гэтэл би олны хэсэгт гарах болов. Анх удаа тайзан дээр ингэж л гарсан хүн дээ, би.
Ингээд л Хүүхэд, залуучуудын театрт Ж.Жанчивдорж багшийнхаа гарын шавь, дагалдан жүжигчин болсон юм. Энэ театртаа хоёр жил ажиллаад, 1985 онд Багшийн дээд сургуулийн кино драмын ангид дахин шалгуулсан.
-Дахин шалгуулахдаа додигор “амьтан” орсон байх даа. Хоёр жил ажиллачихсан юм чинь.
-Уг нь тийм. Гэтэл дахиад унахаа шахсан. Бүр ур чадварын шалгалтад шүү.
-Яагаад вэ?
-Хүүхэд, залуучуудын театрт ажиллаж байхдаа Ж.Жанчивдорж багшийгаа юу л хийнэ, даган дуурайдаг байв. Гэтэл яг тэр хүний хэв маягт ороод, “хүлэгдчихсэн”. Хүүхэд юм чинь өөрийгөө тэгж байна гэж яаж мэдэх вэ. Сайн жүжигчин болж байна л гэж бодож байгаа юм чинь, зайлуул. Гэтэл шалгалт дээр Г.Доржсамбуу багш “За даа, миний хүү чи жүжигчин болж чадахгүй юм байна. Чамайг харахаар Ж.Жанчивдорж харагдаад байна. Ингэж нэг хэвэнд баригдаж болохгүй. Одоо яв даа” гэв.
Баараггүй тэнцэнэ гээд итгэчихсэн байсан би ч айх, гайхах зэрэгцлээ. Хэсэг зогсов. Намайг өмөөрөх, магтах хэн ч алга. Шантраад хаалгаар гарах гэтэл “Батбаатар аа” гээд л дуудлаа. Эргээд хартал “Чи яг өөрийнхөөрөө нэг үзүүлбэр үзүүлээдэх. Хэнийг ч дуурайхгүй шүү” гэв. Ингээд би М.Шолоховын “Гэр бүлтэй хүн” зохиолын хэсгээс уншлаа.
Уншиж байхад багш нар намайг тоодоггүй ээ. Хоорондоо юм ярьж инээлдээд л. Уншиж дууссаны дараа Г.Доржсамбуу багш “Бид сая юу ярьсан бэ” гээд асууж байна. Хамаг анхаарлаа зохиолдоо төвлөрүүлээд, түүндээ “орчихсон” хүн яаж тэрийг мэдэх вэ дээ. Тиймээс “Мэдэхгүй” л гэлээ. Ингээд л сэтгэлээр унасан амьтан өрөөнөөс гарсан.
Яваад өгмөөр байсан ч гомдлын мөр гэж бодоод дүнгээ сонсох болов. Хүлээж хүлээж дүнгээ хартал тэнцчихсэн байлаа. Ингэж л би жүжигчин мэргэжил эзэмших эрхээ авсан юм даа. Гавьяат жүжигчин И.Одончимэг, О.Энхтуул, Ё.Алтангэрэл, Г.Золбоот зэрэг мундаг уран бүтээлчид манай ангийнхан.
-Сургуулиа төгсөөд Хүүхэд, залуучуудын театртаа буцаж очсон уу?
-Үгүй. Г.Золбоот, И.Одончимэг, О.Энхтуул бид дөрөв Дундговь аймгийн театрт хуваарилагдсан юм. Тэндээ хэсэг ажиллаад И.Одончимэг, О.Энхтуул нар Улсын драмын театрт, Г.Золбоот бид хоёр Армийн драмын театрт уригдсан даа. Аав минь “Хүүгийнхээ л сургууль төгсөхийг харчихвал үхсэн ч яах вэ” гэж ярьдаг байлаа.
Яг л намайг сургуулиа төгссөний дараахан өөд болсон доо. Аавыгаа бурхан болсны дараахнаас Армийн драмын театрт ажиллаж эхэллээ. Гэтэл тэнд очоод хамгийн анх “Сэрүүн зүүд” хэмээх маш хүнд сэдэвтэй жүжигт дүр бүтээсэн. Удалгүй тус театрынхаа долоон том жүжгийн гол дүрд тоглодог боллоо. Тэгж л ачаалалтай ажилладаг байж.
-Долоон жүжгийн гол дүр зэрэг аваад л театрын бүх уран бүтээлд тоглож байх үедээ залуу насны аагаар биеэ тоож байв уу?
-Ёстой тийм зан байгаагүй. Тэр үед чинь ах захаа мэддэг, театрын бусад уран бүтээлчээсээ эмээдэг, үзэгчдээ хүндэлдэг байлаа.
-Армийн драмын театрыг татан буугдтал ажилласан уу?
-Тэгсэн. Армийн драмын театр “Орчин үе” нэртэй болж, зарим жүжигчнээ Улсын драмын театрт шилжүүлж, сүүлдээ татан буугдсан даа. Тэр үед нэг хэсэг олны жишгийг даган наймаа хийж ч үзсэн.
Гэвч миний хийх зүйл биш юм байна лээ. Ингэж явсаар 1999 оноос буцаад кинонд тоглож эхэлсэн юм.
-Хүүхэд, залуучуудын театр таныг олон сайхан багштай золгуулснаас гадна амьдралын тань ханьтай учруулсан ээлтэй газар юм.
-Миний ханийг Ж.Эрдэнэчимэг гэдэг. Нүүр хувиргагч мэргэжилтэй. Би сайн санадаг юм. Г.Доржсамбуу багшийн Л.Лхасүрэн багшид хаягласан зурвасаа атгаад 1983 оны долдугаар сарын 20-нд Хүүхэд, залуучуудын театрын босгоор алхаж байв. Театрын доод давхрын том танхимд уран бүтээлчид ширээний теннис тоглоно. Тэнд л анх эхнэрээ харсан даа.
Манай хүн маш сайн тоглодог юм. Удалгүй танилцаж, нэгэндээ татагдаж, бие биенээ ойлгосон доо. Урлагийн хүний арыг дааж амьдрах хэцүү. Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртсэний минь ард “Хөдөлмөрийн баатар” хань байгаагийн гавьяа.
-Таны ууган хүү Б.Анхбаяр бас кино урлагт зүтгэж байна. Танайх хэдэн хүүхэдтэй айл вэ. Хэдэн ач, зээтэй болов?
-1984 онд том хүүгээ өлгийдөж, удалгүй тэрсхэн хоёр охинтой болсон доо. Хоёулаа эхэлсэн амьдрал минь баяжиж, манайх гурван хүүхэд, таван ач, зээтэй болжээ.
-Хүүгээ мэргэжлийг тань өвлөнө гэхэд эсэргүүцээгүй юү. Уг нь Б.Анхбаяр зураач болох авьяастай байсан юм билээ.
-Зураач болно гэж итгэдэг байсан юм. Гэтэл нэг л өдөр “Би жүжигчин болно” гээд зүтгэчихсэн. Эхэндээ ч “Чаддаг юмаа л хий. Зураач бол. Эсвэл урлагаас өөр мэргэжил сонго” гээд их эсэргүүцсэн. Сүүлдээ дийлээгүй.
-Аавын үүднээс биш, уран бүтээлч хүний зүгээс хүүдээ зөвлөгөө өгдөг үү?
-Эхэн үед нь киноных нь зохиолыг хамт уншдаг, энэ дүрд яаж тоглох вэ гээд ярилцдаг байлаа.
-Охид тань урлагийн авьяастай юу?
-Нэг нь англи хэлний багш, нөгөө нь эмч. Том охин маань бага байхдаа надтай хамт Ж.Биндэр найруулагчийн “Сүүгээр ариусдаг хорвоо” кинонд тоглосон. Аль алинаас нь жаахан юм цухалздаг л юм.
-Өнгөрсөн хугацаанд та 50 гаруй жүжиг, 100-гаас илүү кинонд дүр бүтээжээ. Эдгээрээс хамгийн их “махаа идэж” бүтээсэн нь ямар дүр байсан бэ?
-Би хамгийн анх 1984 онд “Их замын тоос” киноны Тулгаа гэж дүрд тоглосон. Түүнийгээ ч их бэлгэшээдэг. Урлагт хөл тавих их замын тоосыг минь энэ дүр хөдөлгөсөн гэж боддог юм. 24 настайдаа “Эцсийн шийд” жүжгийн Богд хааны дүрд тоглож байв. Зөвхөн энэ дүрд тоглосноороо бас нэг их сургууль төгсөх хэмжээний зүйл сурсан даа.
Богд хааны дүрийг дэлгэцэнд бүтээснээрээ алдартай Н.Цэгмид, Ц.Гантөмөр зэрэг багштайгаа эл жүжигт тоглосон юм. Тэдний хэлсэн үгийг чих тавин сонсолгүй яах билээ. Би Богд хааны дүрийг кинонд ч бүтээсэн. Гэхдээ энэ хүний тухай кино хийж, тоглох сон гэж мөрөөддөг шүү.
-Жүжигчин мэргэжил эзэмшиж амжаагүй байсан танд “Их замын тоос” кинонд тоглох завшаан хэрхэн олдсон бэ. Одоогийнхтой харьцуулахад тэр үед киног нарийн шалгуураар бүтээдэг байсан үе шүү дээ.
Дүрийн сонгон шалгаруулалтыг ч их чамбай хийдэг байж таарна.
-Ж.Сэлэнгэсүрэн найруулагч дүрийн сонгон шалгаруулалтад орох санал тавьсан юм. Тэгээд Хүүхэд, залуучуудын театрынхаа хэдэн эрэгтэй жүжигчинтэй хамт очиж шалгуулан тэнцэж байлаа. Би дунд сургуульд байхдаа “Гарын таван хуруу” киноны Батын дүрд шалгуулаад тэнцээгүй юм.
Тэр үед “Би хэзээ нэгэн өдөр “Монгол кино” үйлдвэрт ирж, заавал кинонд тоглоно” гэж өөртөө амлаж байв. “Их замын тоос” кинонд тоглохоор тэнцэхэд тэр амлалт бодогдож, их баярласан санагдана.
-1990-1999 он хүртэл манай кино урлаг уналтад орсон гэж хэлж болно. Тэр үед эл урлагийг нуруун дээрээ үүрч, тэсэж үлдсэн цөөхөн уран бүтээлчийн нэгийг таныг гэхэд хилсдэхгүй.
-Би үүгээрээ бахархдаг. Кино урлаг зогсонги байдалд орж, дэгэн догонтой л болсон үе. Энэ үед Г.Золбоот бид нар чадлаараа кино бүтээн, тоглож, “амьсгал”-ыг нь тасалчихгүй юм сан гэж хичээсэн, гүрийсэн.
Яах вэ, киноны чанар муудсан үе бий л байх. Байр саваа барьцаанд тавиад л кино хийдэг байлаа шүү дээ.
-Тэр үед та “Цусан холбоо” уран сайхны киноны зохиолыг бичиж, найруулсан байх аа.
-“Тавилан” нэртэй зохиолоос сэдэвлэж бичсэн юм. Тухайн үед хамгийн их хөндөгдөж байсан сэдэв шүү дээ. Тэр үед траншейны гэгдэх хүүхдүүд ямар олон байлаа. Тэдний ирээдүй хэрхэх нь аймшигтай санагддаг байв.
Уран бүтээлч хүн л болсон хойно сэтгэл дэх эмзэглэлээ илэрхийлсэн минь тэр. Би дөрвөн киноны л зохиол бичиж, найруулсан. Тэр нь “Цусан холбоо”, “Морь буусан шагай”, “Чи итгэхгүй л дээ”, “Хайрлах сан даа”. Энэ жил дахин кино хийнэ гэж бодож байгаа шүү.
-Тоглосон дүрүүдийг тань харахад айхтар ширүүн хүн, эсвэл бүр эсрэгээрээ ч гэж дүгнэж болохоор. Үнэмштэл тоглоно гэдэг л жинхэнэ жүжигчин байх даа.
-Багш нар минь “Чи тайзан дээрээ хаан мэт бай. Харин амьдрал дээрээ харц шиг бай” гэж сургадаг байв. Би өнөөдрийг хүртэл багш нарынхаа энэ захиасыг мартаагүй. Дүрд тоглохдоо би зохиолчийн бичсэн, найруулагчийн хүссэнийг л өөрөөрөө дамжуулж гаргах ёстой.
Харин амьдрал дээрээ аль болох даруухан байхыг л хичээдэг. Гэхдээ тайзан дээр, камерын өмнө энэ даруухан зангаа би “хөөгөөд явуулчихдаг”. “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн” гэдэг дээ. Гэхдээ эрдэмтэйдээ биш, тийм байхыг хүсдэгтээ л би даруухан амьдардаг.
-“Гранд фильм” продакшн байгуулан ажиллаж байл уу, та?
-“Жигүүр гранд” группийн дэргэд тийм продакшн байгуулан ажиллаж байгаад больсон. Одоо “Хангарьд” студи байгуулан ажиллаж байгаа.
Реклам, клип, баримтат кино гэхчилэн дүрс бичлэгийн бүхий л төрлөөр ажиллаж байна. Сүүлд “Жигүүр” богино хэмжээний кино хийсэн.
-Нээрэн, таныг гарын их дүйтэй, муухан оёдолчноос илүү юм оёдог гэж сонсож байсан юм байна.
-Дунд сургуулийн сурагч байхаасаа л дүрэмт хувцсаа янзлаад, загварыг нь өөрчлөөд өмсчихдөг байсан юм. Тэр маань л нөлөөлсөн байх. Зах зээлд шилжих үед юм оёж зардаг байлаа.
Ямар сайндаа л актлагдсан шүхрийн материалаар бошинз хийж зарах гэтэл эсгэх газар олдоггүй. Тэр том юмыг хаана ч дэлгэх вэ дээ. Тэгэхээр нь таван давхрын тагтнаасаа доош нь унжуулж тогтоочихоод нэг үзүүрээс нь татаад л эсгэж байлаа.
-Та Өвөрхангай аймгийн Нарийнтээлээс гаралтай гэв үү. Танай нутгийнхан уртын дуу сайхан дуулдгаараа зартай шүү дээ. Та дуулдаг уу?
-“Хар аварга” хэмээн алдаршсан Д.Цэрэнтогтох аваргын нутаг шүү. Уртын дуугаараа ч дагуулахгүй хүмүүс. Би бас оролдоно.
Жаахандаа уртын дуу дуулж, Пионер, сурагчдын урлагийн үзлэгт оролцдог байлаа. Ямар сайндаа л намайг жүжигчин болно гэхэд аав минь “Миний хүү уртын дуучин бол” гээд халгаадаггүй байв.
-Нутаг руугаа хүлгийн жолоо хэр залдаг вэ?
-Байнга очдог минь ч цөөрсөн дөө. Хааяа л очдог.