Ардын жүжигчин А.Дашпэлжээ хэмээх энэ эрхмийг тайз, дэлгэцээр дамжуулан монголчууд андахгүй болсон. Маршал Х.Чойбалсангийн дүрийг хэдэнтээ амилуулсан түүнийг сайн мэдэх хүмүүс нь “Хүнд хэцүү цагт театраа үүрч, дүүрсэн сайхан баритон, чадалтай дуучин” хэмээн тодорхойлдог бол дотно, ойр хүмүүс нь “Илүү зан, элдэв маяггүй сайхан эр” гэдэг юм билээ.
Харин өөрийгөө “Би их “өртэй” хүн хэмээн тодотгосон А.Дашпэлжээг “Хоймор”-тоо урилаа.
-Оны сүүлийн өдрүүд гацуурын гэрэл, чимэглэл шиг гялтганасан дурсамжаар дүүрэн байлаа. Хэдийгээр эдийн засаг хэцүү байгаа ч шинэ оноо угтах гээд хүмүүс халаасныхаа хэмжээгээр л тансаглаад өнгөрлөө.
Та нэг ярилцлагадаа тансаг гэдгийг сэтгэлийн таашаал гэж их сонирхолтой тайлбарласан байсан. Ер нь таныхаар бол таашаал бүхнийг тансаг гэж ойлгож болох уу?
-Миний бодлоор тансаглал гэдэг нь тухайн хүний л хандлага, хэмжүүр байх. Магадгүй, үр хүүхэдтэй, элэг бүтэн, эрүүл энх буйгаа, эсвэл төрийн одон медалиар шагнууллаа боллоо доо гэсэн бодол өөрт нь тансаглал мэт байж болно.
-Энэ бүхэн чинь сэтгэл ханамж биш юм уу?
-Магадгүй, нэг талаар сэтгэл ханамж нь тухайн хүний сэтгэлгээний тансаглал байж мэднэ. Санасан, бодсон, хүссэн нь биелсэн болохоор тэр. Нөгөөтэйгүүр тансаглал гэдэг нь нийтлэг ойлголтоор эд материал, мөнгө төгрөгтэй холбоотой байж болох. Тэр нь өнгөний буюу харагдах байдлын тансаглал юм болов уу. Нэг жишээ хэлэхэд, би театрын уран сайхны удирдагчийн ажлыг аваад алдаатай, оноотой л яваа. Гэхдээ алдаа, оноо гэдэг нь хүмүүсийн дүгнэлтээр шүү дээ.
Гадаа “Бэст оф классик” сонгодог тоглолт зохион байгуултал “Тансаг зүйлийг гудамжинд гаргалаа” гэж нэг хэсэг сэг болтлоо муулуулсан. Тэгэхээр нь зөрүүдэлсэн мэт “Учиртай гурван толгой”-г талбайд, бүр морь, малтай тоглуулсан. “Өө, сонгодог урлагийг бүр хог дээр гаргалаа” гэх хүн байсан ч “Тансаг, сайхан тоглолт үзлээ” гэж олонх нь талархсан.
Тэгэхээр тансаг, тансаглал гэдэг нь таны хэлдгээр сэтгэл ханамжаар илэрхийлэгдэхийг үгүйсгэхгүй.
-80 гаруй жилийн түүхтэй “Учиртай гурван толгой” дуурийг Та монгол ахуйдаа тоглуулахаар нэлээд чармайсан. Түүний хүчинд театрт тэр бүр очдоггүй хүмүүст, сонгодог урлагийг хүлээж авдаггүй зарим нэгэнд үндэснийхээ дуурийг үнэ төлбөргүй, тэгээд бас их өвөрмөц байдлаар сурталчилж чадсан.
Талбай дээр морь унаж гарч ирсэн Юндэн, Нансалмаагийн талаар нэг хэсэг ам уралдан ярьж, бахархсан шүү. Ер нь яагаад ийм санаа гаргасан юм бэ. Монгол ахуй алдагдаж буйд эмзэглэсэн хэрэг үү, эсвэл шинэлэг арга хайсан юм уу?
-Монгол ахуй байдал минь алдагдаж байгаад эмзэглэсэн сэтгэл гэж болно. Нүүдэлчин соёл иргэншил дэлхийд ганц манайд л байна, үүгээрээ мөнгө олно энэ тэр гэж ярьдаг боловч яг үнэндээ бид уламжлалаа хадгалж чадаж байна уу. Хөдөө морио унадаг, морьтойгоо малаа хариулдаг малчин ер нь хэр олон байгаа бол. Нөгөө ногт, хазаар, чөдрөө зангидаж, байна уу. Сураа элдэж хийж байна уу. Үгүй л болов уу.
Дан сатурк, мяндсан утас, резинээр л орлуулдаг болж. Тэр бүү хэл, өв тээгч буюу уламжлалт бүтээлээ хийдэг хүмүүс нь ховордсон. За, яснаас хатуу, цаснаас цагаан эсгий гэж магтаж ерөөл хүртэл хайлдаг байсан үе өнгөрчээ. Үүнээс гадна нүүдэлчин монгол ахуй нь байгаа хэрнээ эмээл зэрэг хэрэгсэл хотод үзмэр болох тийш хандсан байна шүү дээ. Наадмаар морио ачиж ирээд, ачаад аваад явдаг болж.
Нэг талдаа амар хялбар мэт боловч тэр болгонд бид уламжлалаасаа алсарч байна. Энэ бүхнээс үүдээд л “Учиртай гурван толгой” дуурийг монгол ахуйтай илүү дөхүүлэхийг хүссэн. Нөгөөтэйгүүр, уран бүтээлийг шинэлэг байлгах гэсэн оролдлого. Монголын язгуур соёл, уламжлалыг үзэхээр ирсэн жуулчдад илүү сонирхолтой, бодитой байлгахад үндэснийхээ дуурьт өөрийнх нь гэсэн шигтгээ оруулсан.
Жишээ нь, төв талбайд тоглосон “Учиртай гурван толгой”-д дуучид морьтой явж, ноос үс саваад л сонин байсныг гадаадынхан илүү мэдэрсэн байх. Харин бид өөрсдийн зүйлийг мэддэг учраас “цадчихаад” анзаарахгүй байж мэдэх юм.
-Тун удахгүй бид Цагаан сараа тэмдэглэнэ. Уг нь уламжлал, ёс заншлаа дээдэлдэг, сэтгэлийн таашаал эдэлдэг сайхан баяр цэнгүүн мөн. Гэтэл бэлэг сэлтнээс эхлээд зарлага ихтэй гэж ундууцдаг, тээршаадаг хүн олширчээ. Та энэ талаар ямар бодолтой байдаг бол?
-Монгол хүнд Цагаан сар, наадам бол сайхан уламжлал, гайхалтай баяр. Бүтэн жилийнхээ тайланг гаргаад, ирэх жилийнхээ өнгийг гэгээлэг сайхнаар угтаж бэлгэшээдэг том утга учиртай баяр шүү дээ, Цагаан сар. “Өвлийг өнтэй давлаа, сайхан хаваржиж байна, наашилж яваа цагийн аяс сайхан байна” гээд л дандаа өөдрөг, бэлгэ дэмбэрэлтэй үг ярьж, угтдаг биз дээ. Энэ цаг үед бидний уламжлал буруушаагдаж буй нэг зүйл нь бэлэг байх.
Миний бодлоор, буурлууд нь хүүхдүүдийг баярлуулж, хүүхдүүд нь настнуудаа хүндэлж бэлэг өгөхийг буруу гэхгүй. Харин өрсөлдөөд байгаа юм шиг жаахан хэтрүүлчихвэл утгаа алдана. Үүнээс гадна сэтгэл эмзэглүүлсэн нэг зүйл сүүлийн үед гарах болжээ. Цагаан сарын идээ, шүүс маань маш их бэлгэдэлтэй, ерөөлтэй байдаг.
Хүмүүс тэр ёс уламжлалынхаа дагуу бөөн явдал суудал болж бэлдчихээд баяр дуусмагц идээгээ гаргаад хаячихдаг болж. Байрнуудын гадаа энд тэндгүй хэвийн боов хөглөрч байгааг хараад сэтгэл эмзэглэж, хачин болдог. Гуравхан хоног зүгээр харах л гэж идээ засдаг хэрэг үү.
Юу болж байна аа. Идэж чадахгүй бол ёс төдийхнөөр идээ засах хэрэг байна уу. За яах вэ, өөрийнхөө мөнгийг хаях, үгүй нь тухайн хүний эрх гэж бодъё. Гэтэл бэлгэдэл гэдэг зүйл уланд гишгэгдэж байгаа биз дээ. Хамаг л сайхныг ерөөж, хүсэж, хоймортоо тавьж байсан идээгээ гаргаад хаячихаар ямар юмных нь бэлгэдэл байх юм бэ. Гайхамшигтай сайхныг гайхмаар муухай болгож байгаа нь тун харамсмаар.
-Монгол хүн монгол ёс, бас жудгаасаа холдож буй нь энэ мэт үйлдлээр харагддаг юм болов уу. Та монгол эр хүний жудаг, журамт ёсны илэрхийлэл болсон хэдэн сайхан дүрээр түмэн олны сэтгэлд хоногшсон. Жишээ нь, Соном-Очир хэмээх дүр тань олон салаа замын уулзварт очоод ийш тийш хөлбөрч, шарвалгүй төрөө дээдлэх сэтгэлээ чандлан үлддэг.
Тухайн цаг төр болон монгол хүний төрх байдал, ухаан бодол Соном-Очироос харагддаг. Харин орчин цагийн монгол хүн ямар байх ёстой гэж Та боддог вэ?
-“Төрийн сүлд өршөө” киноны Соном-Очир гүнгийн дүрдээ би их таашаалтай байдаг даа. Учир нь Монголын мундаг том зохиолчдын ургуулсан дүр, тухайн цаг үеийн үйл явдал надаар дамжин гарсан гэж боддог. Соном-Очир төрийн сүлдэндээ залбирч, дээдэлдэг. Би ч гэсэн төрдөө л сүсэглэж, итгэдэг хүн. Энэ тухай тайлбарлахын тулд жаахан холоос эхэлье, уучлаарай.
Би Дундговь аймгийн Өлзийт суманд малчны гэрт төрж, өссөн. Цэрэгт явтлаа хөдөөгийн хүүхдүүдийн л адил малынхаа захад байсан. Цэрэгт гурван жил, тэр дундаа 05 дугаар ангид алба хаасан хүн гэхээр тухайн цагтаа том боловсон хүчин гэсэн үг. Өнөөдрийнхөөр бол их, дээд сургууль төгссөний дайтай үзэж байлаа шүү дээ. Тиймээс нутаг орондоо тийм залуусыг Эвлэлийн үүр болон бригадын дарга, тоо бүртгэгч, сумын захиргааны нарийн бичиг зэрэг албанд томилдог байсан юм.
Тэр журмаар би сумандаа Эвлэлийн үүрийн даргын албыг гурван жил залгуулсан. Тухайн цагт Эвлэлийн байгууллага нь урлаг, спорт, хадлан, хашаа хорооны дайчилгаа гээд бүх л ажилд оролцдог, бас намын бэлтгэл хүчин байлаа. Ингэж яваад би дууны нэг уралдаанд оролцож, сумаасаа шалгарлаа. Аймагт дуудлаа, шалгарлаа. Хот руу дуудлаа. Тэндээ гурван шатаар дахин уралдаанд орлоо. Ямар азаар юм бүү мэд, тэргүүн байр эзэлчихжээ.
Ингээд амьдрал маань хэдэн зуун хэм эргэж, сонгодог урлагийн хүн болох зам руу орсон. Үүний дараа дахин шалгаруулалт болж, таван хүнийг сонгоод Болгарын Софи хотын хөгжмийн дээд сургуульд явуулсны нэг нь би болсон. Жирийн малчны хүү консерваторид сурлаа. Ирээд сонгодог театрт ажиллалаа. Өдийг хүртэл улсдаа ажиллаж байна. Энэ эрчээрээ 65 нас хүртлээ ажил албаа хариуцлагатай хашиж, төр, түмэндээ “өрөө” төлнө гэж боддог.
Өр гэхээр элдэв зээл, мөнгө төгрөгийн асуудал биш л дээ. Би төрийн мөнгөөр, бүр тэтгэлэгтэй сурч, боловсорсон хүн. 65 нас хүрээд “Би өртэй” гэж өөрийгөө зовоохгүй сэтгэл амарна гэж боддог хүн дээ. Төрдөө сүсэглэдэг гэдгээ л ойлгуулах гээд хамаг байдгаа тооччихлоо, зөв ойлгоорой.
Өнөө цагийн монгол хүн ямар байх ёстой вэ гэдэг асуултаас тань улбаалаад, мөн л Соном-Очир гүнээр жишээ авъя. Нийгэм нь ямар байхаас бүр тодруулбал, социалист уу, ардчилсан уу гэдгээс үл хамаараад хүн бүр төрөө дээдэлж, хүндлэх л ёстой. Төр, хувийн хэвшлийнхэн хэн байх нь хамаагүй ээ, эх орны эд, эс бүхэн өөрийн эрх ашгаас төрийнхийг илүүд тавих ёстойг “Төрийн сүлд өршөө” кинонд гаргасан гэж боддог. Дээдлэх гэдэг нь төрөө цэвэр байлгахыг хэлжээ.
Тийм төртэй байхад доод бидний гүйдэл цэгцэрнэ биз дээ. Эл киног бүтээдэг жил П.Очирбат гуай төрийн тэргүүн байсан юм. Тэрбээр “Энэ киног төрийн албанд томилогдсон хүн бүрт заавал үзүүлж байгаасай” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр Ерөнхийлөгчид хүртэл айхтар туссан кино болжээ. Өнөө цагийнхны төлөв байдлыг цахим ертөнцөөр тандахад ямар учиртайг нь ч ойлгохоо больсон.
Нэгнийгээ муулж, Төрийн тэргүүнээ ч гутааж байх шиг. Зэрэгцэж суучихаад л нэгнийгээ элдвээр хэлж, идэж, ууснаа ч нуухаа больж. Ийм байхад хүний ёс, жудаг энэ тэрийг ярих юмгүй байгаа биз дээ.
-“Мандухай сэцэн хатан” киноны Өнөболд ноён хэцүү цагт жинхэнэ чанараа гаргаж, хатандаа хүнлэг, журамт эр хүний ёсоор ханддаг, би эргээд таны дүр рүү орчихлоо. Тийм хүн өнөөдөр манай төрд алга шүү.
-Өнөболд бол элдэвлэж, шалчиганаад байдаггүй шулуухан эр. Уг хүн нь омголон, одоогийнхоор амбийцтай. Хаан болох хүсэлтэй, бас Мандухайг эхнэрээ болгох бодолтой. Мөн өөрөө эрх мэдэл, нэр төртэй. Хэдийгээр тийм ч гэсэн түүний хүсэл зорилго бүр нь төрийг түвшин байлгахын төлөөх сэтгэл нь шүү дээ. Эцэстээ төрийн хүний ухаан, жинхэнэ эр хүний ёсоор тамгаа бариад л Мандухайг зорьсон.
Нөгөөх нь ч “Би таныг ингээд хүрээд ирнэ гэдгийг мэдэж байсан” гэдэг биз дээ. Би ингэж өөрийн бүтээсэн дүрээ өмөөрч байгаа юм. Түүний жудгийг өмөөрлөө. Эндээс үүдээд нэг зүйл бодлоо. Өнөө цагийн монголчууд яагаад нэгнийгээ муулах дуртай болчихсон юм бэ. Өөрөө нэг их ариун цагаан амьтан. Тэгтэл нөгөөх нь эргүүлээд л “балбах” юм.
Яагаад гэгээлэг, жудагтай, барьцтай зүйл ярьж болдоггүй юм бэ. Ялангуяа төрийн дээр сууж байгаа хүмүүс. Бүгд л боловсролтой, чадалтай л байх юм. Гэхдээ би тэднийг нүүр тулан мэдэхгүй л дээ. Хэвлэл мэдээлэл, цахим ертөнцөөс авсан мэдээллээр багцаалаад ойлгоход ийм л харагдах юм даа.
-Та олон удаа маршал Х.Чойбалсангийн дүр бүтээжээ. Түмэн олон танаар төлөөлөн тэр хүнийг хүлээн авдаг болсон мэт. Түүнийг сайлдаг, бас муулдаг. Бүр хараах нь ч бий. Тэгэхээр ийм зөрчилтэй дүр бүтээх саналыг Та хэрхэн хүлээж авч байв?
-Уран бүтээлч хүний хувьд би эхэндээ тэр дүрийг гаргаж чадах уу, үгүй юү гэж бодож хүлээж аваагүй ээ, яг үнэнээ хэлье. Кинонд тоглох юм сан гэсэн хүсэлдээ хөтлөгдөж хүлээж авсан. Өнөөдрийн түвшнээс эргээд харахад их ерөөл бэлгэшээлтэй явдал байж дээ. Найруулагч Д.Долгор гэдэг эмэгтэй намайг сонгоод, шат шатны шалгаруулалтаар баталснаар би дэлгэцийн урлагт анхны дүрээ бүтээсэн нь тэр, 1985 онд шүү дээ. Киноны зохиолч нь С.Удвал гуай байсан.
1924 онд болсон үйл явдлын тухай кинонд Х.Чойбалсангийн идэр үеийн дүр оноолоо л гэсэн. “За, кинонд тоглох нь, алаад өгнө өө” гэж бодсон. Зураг авах ажил дуустал ингэж л бодож байснаас дүрээ шүүмжлэх, эсвэл эмээх сэтгэл байгаагүй. Ингээд, кино бэлэн боллоо. Өнөөгийнх шиг айхтар сурталчилгаа энэ тэр байсан биш, “Ард” кино театрт нээгээд, найруулагч, зохиолч тэргүүтэй хүмүүс үг хэлж, гол дүрийн жүжигчдийг танилцуулсан. Цэцэг өгсөн үү, яасан санахгүй байна.
Киногоо үзэж, гараад уран бүтээлчдийн багийнхан “Монгол кино” нэгтгэл рүү явцгаалаа. Нэг өрөөнд бөөнөөрөө суугаад Удвал гуай жүжигчдэд саналаа хэллээ. П.Цэрэндагваас эхэлж “За, Данзан маань болжээ гэж бодож байна. Би Баваасанг тийм нэг омголондуу хүн байсан болов уу гэж бодсон. Д.Сосорбарам маань тэрийг нь гаргасаан” гээд нэгбүрчлэн ярилаа. Би “За, намайг ч ёстой магтана даа” гэж бодоод л их додигор байлаа.
Тэгтэл “Дашдэлжээ, за, яах вэ, би Маршалаа олжээ” гээд өөр юм хэлсэнгүй. Магтуулна гэж онгироод, горьдож суусан би ийм үг сонсоод жаахан чамласан, нуулгүй хэлэхэд. Удвал гуай маш сүрхий хүн шүү дээ. Тэгээд аль талаас нь хараад намайг тэгж дүгнэснийг мэдэхгүй юм. Итгэл хүлээлгэсэн талаасаа хэлсэн ч байж мэдэх юм. Түүнээс хойш би Х.Чойбалсангийн дүрд зургаа, долоон удаа сонгогджээ. Энэ утгаараа би тэр хүнийг муулуулж, хараалгах дургүй.
Ийм сэтгэлийнхээ үүднээс дүрийг нь бүтээхдээ үнэн зөвөөр гаргахыг чадлаараа хичээж, хүмүүст ухааруулах талаас нь хандаж, ганц үгийг ч болов жинтэй өгүүлэхийг зорьж ирсэн. Үүнтэй холбогдуулаад нэг зүйл ярья.
1990-ээд оны эхэн үеэр урлагийн хэдэн хүн Бээжинд ажлаар очоод, туршлага судалж, басхүү түүх соёлтой нь танилцжээ. Мао Зэдуны бунхантай танилцаад нэг нь хөтчөөсөө “Танайх Мао даргаа яагаад ингэж шүтдэг юм бэ. Соёлын хувьсгал нэрээр түүх соёлын үнэт зүйлсээ устгаж, эрдэмтэн мэргэдийг баривчилж, хядсан нүгэлтэй хүн биз дээ” гэтэл нөгөөх нь даргаасаа асуугаад ингэж хариулжээ.
“Энэ хүний үйл хэргийн 51 хувь нь буян. Үлдсэн нь муу байж болно. Тиймээс бид шүтдэг” гэжээ. Үүнээс улбаалаад бодоход, аливааг дэнслэхэд учир байна аа. Маршал Чойбалсан маань тухайн цаг үеийнхээ нөхцөл байдлыг л даван туулж гарсан шүү дээ. Тэрсэлсэн нь, тэр ч бүү хэл гэмгүй нь ч хойд улс руу дуудагдаад, эргэж ирэлгүй байхгүй болсон түүх бий шүү дээ.
Тэгэхээр би тэр хүнийг юу гэж зөвтгөж боддог вэ гэхээр, ноён нуруутай байж, амьд үлдээд, энэ улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалан авч гарсан. Төр ямар хүчтэй байдгийг түмэн олонд ойлгуулсан гэж боддог. Түүнийг өөрийгөө тахин шүтүүлсэн гэдэг. Хүчээр албадаж тахин шүтүүлээгүй байх аа. Тэрбээр “Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө байсан нь дээр шүү” гэсэн байдаг. Өнөөдөр сонсоход бүдүүлэгдүү байж мэдэх. Гэхдээ өөрийн ажилдаа эзэн байхыг л ойлгуулан хэлсэн хэрэг.
А.ДАШПЭЛЖЭЭ: Гайхамшигтай сайхныг гайхалтай муухай болгож байгаа нь харамсмаар
-Нөхцөл байдал эвгүй тийм үед төр удирдах үүрэг хүлээвэл та яах бол. Түүний оронд өөрийгөө тавьж бодож үзсэн үү?
-Яг тэгж бодож байсан. Гэхдээ миний бодол үнэндээ ахардах юм билээ. Төрийн хүн гэдэг чинь түмний хувь заяаг шийдэх лут ухаантай байх учиртай. Тэгэхээр над мэтийнх нь тийм байр сууринд очвол асуудлыг хааш нь ч шийдчихэж магадгүй шүү дээ, онгироод. Бид одоо буруутгаад байгаа болохоос тухайн үедээ өөр гарц байгаагүй, магадгүй хамгийн зөв шийдвэрүүдийг Маршал гаргаж байсныг ч үгүйсгэхгүй шүү дээ.
-Нэг хийсвэр асуулт тавья. Хэрэв Х.Чойбалсантай уулзах боломж олговол Та юуны тухай хөөрөлдөж, чухам юу мэдэхийг хүсэх вэ?
-За, ёстой энэ тухай бодож байсангүй. Хэрэв тийм боломж олдвол би нэг л зүйл мэдэхийг хүснэ. Тэрбээр тодорхой хэсэг хугацаанд алга болсон гэдэг. Чухам хаана, юу хийж явсныг нь хэн ч олж тогтоогоогүй байдаг. За яах вэ, сүүлд “Долоон бурхан харвадаггүй” кинонд галзуугийн эмнэлэгт хэвтүүлээд, тариа хийх гэж сандаргаж буйгаар үзүүлдэг. Энэ бол баттай баримт биш.
Үнэхээр эмнэлэгт хэвтүүлсэн үү, эсвэл сургалтад хамруулж, үзэл бодолд нь нөлөөлөх гэж оролдсон уу, үгүй бол өнөөгийнхний ярьдгаар тархийг нь угаахаар саатуулсан юм уу, бүү мэд. Ямартай ч, нэг хэсэг алга болсон нь гарцаагүй гэдэг. Тэгэхээр тэр үед хаана байв, танд юу тохиолдов гэдгийг л асуух байх даа.
-Уран бүтээлч хүн судлаач байдаг. Бүтээх зүйлээ, дүрээ судлахын тулд янз бүрийн түүх сөхөж, уншиж, холбогдох материал эд зүйлтэй танилцаж, мэргэжилтнүүдээс зөвлөгөө авдаг. Тийнхүү судалгаа хийж байхдаа Та хамгийн их огшсон, эсвэл эмзэглэж, өмөлзсөн тохиолдлоосоо хуваалцана уу?
-Би гүн гүнзгий, ёроолд нь тултал судалгаа хийсэн хүн биш. Эрдэмтэд мэргэжилтнүүдийн судалгаа, тухайн цаг үед нь гаргасан шийдвэр, журам тогтоолтой танилцах, тэр явдлыг биеэр үзэж, туулсан гэрчүүдийн яриа дурсамжийг унших зэргээр өөрийн хүрээнд л судалсан. Тэгэхээр Х.Чойбалсангийн дүрд тоглосноор л бага сагахан мэдээлэл хуримтлуулсандаа тулгуурлаад бодоход нэг зүйл санаанаас минь гардаггүй юм.
Юу гэхээр, нөгөөх айхтар хэлмэгдүүлэлт энэ тэр өнгөрч, нөхцөл байдал харьцангуй тайван болж, улс маань гайгүй хөгжиж эхэлсэн, дараачийн Төрийн тэргүүнээ товлоод, гаргачихсан байсан үед Маршал “За, та нар минь ингээд цааш явна аа. Би одоо нутагтаа очоод, нэг уулын аманд таван ямаатай байхад болно доо” гэж хэдэнтээ хэлсэн гэдэг. Энэ ер нь юу гэсэн үг вэ. Түмэндээ шүтэгдсэн, тусгай хангамжид хөлбөрдөг хүн уулын мухарт тавхан ямаатай байхыг хүсдэг нь ямар учиртай юм бэ.
Залуудаа үүний учрыг ойлгохгүй л явлаа. Харин сүүлийн үед бодох нь ээ, тэр хүн өөрт байсан бүх хүч, чадвар, туршлагаа барагдтал зүтгэж, хувийн жаргалыг үзээгүй юм байна. Гараа өргөж бууж өгөөгүй л болохоос бүх нөөцөө дуустал зүтгэжээ. Тэгээд л хувь хүн гэдэг амар амгаланг олж, тайван амьдрахыг хүссэн байх нь гэж бодох болсон. Үүнээс үүдээд бодох нь ээ, төрийн хүн түүн шиг л зүтгэх ёстой.
-Та 2014 онд Ардын жүжигчин болсон. А.Дашпэлжээд шагнал нь оройтлоо гэх хүн цөөнгүй байсан. Ихийг амжуулж, хийсэн хэрнээ тэр зүйлийг хүртэж чадалгүй ойчсон хүн олон бий.
Энэ утгаараа ер нь хүнийг хийж бүтээх урмаар тэтгээд шагналыг нь эртхэн өгмөөр ч юм шиг. Та энэ тухай хэрхэн тунгааж байна вэ?
-Шагнал гэдгийг хэрэгтэй, хэрэггүй, эсвэл эрт өглөө, оройтууллаа гэдэг нь хувь хүмүүсийн бодол. Миний хувьд шагнал бол маш том урамшуулал гэж боддог. Гэхдээ би тэр зүйлийг авах юм сан гэж хэзээ ч бодож байгаагүй. Түрүүн хэлсэнчлэн төрийн хар хүний ухаанаар л сүлдэндээ залбирч, ажлаа зүй ёсоор нь сайн хийхийг хичээж ирсэн. Аав, ээж минь ч биднийг тэгж л сургасан. Тэд маань 12 хүүхдээ бүгдийг нь хөдөлмөрт хариуцлагатай ханддаг болгосон.
-Та ээжийгээ 90 нас гартал нь олон жил өргөж амьдарсан гэж сонссон. Ах, дүү нараасаа хамгийн хариуцлагатай, итгэл даах чадвартай нь болохоор тийм “албанд” томилогдсон уу, эсвэл эрэмбэ дараагаараа тэгж таарсан юм уу. Миний бодлоор хамгийн хариуцлагатайд нь ногддог хатуу “алба” юм шиг ээ. Ер нь хариуцлага гэдгийг та юу гэж ойлгодог вэ?
-Илүү хариуцлагатай нэгэндээ ээж, аавыгаа даатгадаг байхыг үгүйсгэхгүй. Миний хувьд эрэмбээрээ явсаар, цаг нь ирээд л таны хэлээд буй тэр “албанд” очсон. Би ээжтэйгээ 10 гаруй жил хамт байсан. Өнгөрсөн хавар бурхан болохоосоо өмнө жил гаруй нутагтаа, отгон хүүгийндээ өргүүлж байгаад явсан даа. Хариуцлага гэдэг чинь их энгийн зүйл шүү дээ, уг нь. Хариуцсан ажил, үүргээ сайн л хийхийг хариуцлага гэнэ. Гол нь л тэр.
-“Өөрийгөө хүндэл, хайрла, биеэ тоо, бусад хүн юу гэх нь хамаагүй” гэдэг болжээ. Цаг өөр болсонтой холбоотой байх л даа. Та ер нь өөрийгөө тоож байсан үе байна уу?
-“Өглөө” кинонд “Хиагтын гудамжинд юу гэж бурсан гэж санана аа” гэдэг шиг та намайг ёстой чөлөөтэй буруулж байна даа. Энэ талаар ярих нь хэр зохистойг мэдэхгүй юм. Авах, гээхийн ухаанаар хандаарай. “Өөрийгөө тоохгүй бол бусад нь чамайг тоохгүй” гэдэг нь сүүлийн үед гарсан хэлц үг байх. Уг нь өөрийгөө тоох биш, тоолгохоор ажиллаж, амьдрах ёстой гэж бодож байна. Хийж байгаадаа чин сэтгэлээр хандаж байгаа хүнийг өрөөл бусад эрхгүй л хүндэлдэг.
Эндээс үүдээд нэг зүйл санаанд буулаа. Бид эртнээс өөрсдөө хоол хүнс, гутал хувцсаа хийж ирсэн уламжлалтай шүү дээ. Жишээ нь, гутал оёж, улладаг хүмүүсийн дундаас онцгой сайн нэгнийгээ зорьж очдог байлаа. “Тэр хэн гуай гутлыг ч ёстой янзын улладаг шүү. Төчнөөн жил болоход энэ ул нь яагаа ч үгүй байна” гээд л ам уралдан бахархан ярьдаг байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр нэг гутлыг хоёр жил өмсвөл бараг муу хэлүүлж байна шүү дээ. Бидний оюун ухааны хүмүүжил ийм байдалтай болж.
-Цаг цагаараа байдаггүй гэдгийн илэрхийлэл юм болов уу?
-Үйлдвэрлэгч орон бол яах вэ. Гэтэл бараг бүгдийг бусдаас авдаг улс ийм цамаан байвал хөгжих талаар яриад нэмэргүй. Хувь хүнээс түмэн олон, түмнээс төрийн бодол гэж явна биз дээ. Тэгээд эргээд төрөөс түмэн рүүгээ хандана.
-Нэг юм бүтээх гээд махруу зүтгэдэг хүн бий. Эсрэгээрээ цаг нь ирэхээр болно гээд орхидог нь ч бий. Та аль нь вэ?
-Хариуцсан ажлаа сайн хийхийн тулд арга, аргачлал нь ямар байхыг тухайн үедээ л шийдээд явна даа. Махраад бүтэхгүй ажил гэж бий. Эсрэгээрээ маш хурдан түргэн шийдэгддэг асуудал ч байдаг.
-Сүүлийн үед үндэсний хэмжээний дуурь, тэр дундаа балетын том хэмжээний бүтээл гарахгүй байна. Тийм авьяас билэг, ур чадвартай хүн алга уу, эсвэл боловсон хүчин бэлтгэх ажил хоцрогдсоных уу?
-Үндсэн хоёр шалтгаан байна гэж хардаг. Өмнөх нийгмийн үед сонгодог урлагийн боловсон хүчнийг төрийн бодлогоор бэлтгэж байсан. Өнөөдөр тэр бодлого байхгүй, бүр эрт алдагдчихсан шүү дээ. Тиймээс том хэмжээний мэргэжлийн бүтээл ховордчихлоо. Тэрнээс биш авьяас, ур чадвар нь байгаа. Сонгодог урлаг бол дэлхийн хэмжээнд яригддаг өндөр түвшний урлаг. Тиймээс маш их авьяас хүч, цаг хугацаа, бас эдийн засгийн чадвар шаардана.
Тэгж хамаг байдгаа гарган, чөмгөө дундартал бүтээснийг нь зохих ёсоор үнэлж авахгүй болохоор хэцүү л дээ. Том хэмжээний бүтээл дуурь, балетыг нэг хүн хийхгүй. Түүнийг босгосон хүмүүсийг мөн л үнэлэхгүй болохоор хэдий болтол зүтгэх юм бэ. Ялангуяа зах зээлийн гэх нийгэмд.
-Яагаад ч юм бэ таныг нэлээд романтик байх гэж бодлоо. Сэтгэл их хөдөлсөн үедээ яадаг бол?
-Мэдэхгүй ээ. Хувь хүнийхээ хувьд ямар вэ гэхээсээ уран бүтээлчийн хувьд романтик байж мэднэ. “Хөхөө Намжил”-ыг би тайзан дээр морьтой гаргасан. Морийг үлгэрт гардаг шиг нисгэж чадахгүй ч гэсэн жигүүртэй гэдгийг нь харуулж, далавч хийсэн. Хүүхдүүдэд сонин биз дээ. Энэ ч гэсэн романтик зантай холбоотой юу, үгүй юү?
Ингэж хэлээд тэрбээр нүдээ эргэлдүүлэн инээлээ. Үг болгоноо тод хэлж, заримдаа утгыг нь гаргах гэж тун нухацтай, зөөж ярих энэ хүн 280 гаруй “хүүхэдтэй” ДБЭТ хэмээх том айлын уран сайхны удирдагч. Нэг ёсондоо аав гэсэн үг. Ийм хүнтэй уулзчихаад “гэр бүлийнх” нь уран бүтээлээс асуулгүй өнгөрч болохгүй.
Энэ оны өмнөхөн балет болон бүжгийн урлагийн талаар мэргэжилтнүүд нэгэн хэлэлцүүлэг өрнүүлж, тэр үеэр ДБЭТ-ын бүжигчдийг зарим нэгэн хүн “Чадваргүй” энэ тэр гэсэн юм билээ. Үүнээс үүдэн хөлсөө дуслуулан, зүтгэж буй бүжигчдийн дунд, эсвэл тэдний хийж бүтээж буйг үгүйсгэх хүсэлтэй хүмүүс хооронд үл ойлголцол гарсан мэт санагдсан.
Гэхдээ энэ бол миний хувийн бодол. Юутай ч театрын уран сайхны удирдагч тэрбээр “Жижиг юмыг сүр бадруулж буруу талаас нь яриад, олны дунд цацчихаар нийгмийг хамарсан ташаа ойлголт бий болох аюултай шүү” хэмээсэн.
-Он солигдоод хэдхэн хонож байгаа энэ цаг үед театрынхаа уран бүтээл, энэ улирлын тоглолтын талаар уншигчдад маань товчхон мэдээлэл өгнө үү?
-Манай уран бүтээлийн үйл ажиллагааны мөчлөг улирлаар хэмжигдэж, хоёр он дамнадаг онцлогтой. Жишээ нь, 2016 оны аравдугаар сард нээсэн 54 дэх улирлынхаа тоглолтын хаалтыг ирэх долдугаар сарын 31-нд хийнэ. Тэгэхээр өнгөрсөн арванхоёрдугаар сарын 17, 18-нд тоглосон “Щелкунчик” балетаар ДБЭТ 2016 оны үзвэрийн хаалтаа хийсэн. Харин дараачийнх нь амралтын өдөр 24, 25-нд тоглосон “Цөмөөхэй” балет бол манай гэрээт тоглолт байлаа.
Бид 2016 оныг нэлээд ачаалалтай, басхүү амжилттай үдэж, тахиа жилийнхээ өнгийг тодорхойлсон олон ажил эхлүүллээ. Тухайлбал, өнгөрсөн есдүгээр сард Найрал дууны ангийнхан маань бүтэн бүрэлдэхүүнээрээ БНСУ-ын Тэжон хотын дуурийн театрт гала тоглолт хийсэн, мөн тэдний уран бүтээлчидтэй хамтран “Кармен” дуурьт дуулсан бол Оросын алдарт Их театрынхан манайд ирж, тоглолоо.
Хамгийн сүүлд гэхэд Италиас, бүр тодруулбал, Ж.Вердийн төрсөн нутгаас удирдаач театрт маань ирж, дохилоо. Мөн цаашдаа хамтран ажиллаж, “Атилла” дуурь тавьж, хоёр орны үзэгчдэд хүргэхээр тохиролцлоо. Манай уран бүтээлчдийн дунд сонгон шалгаруулалт явуулж, Италид мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах тухай ч ярьсан. Энэ мэтээр дурдвал олон ажил байна.
Дахиад хэлэхэд, манай театр 2016 оны тоглолтыг хаасан ч, улирлынхаа уран бүтээлийн хувьд талдаа л орж явна. Ирэх зун хүртэл төлөвлөсөн ажлуудаа дарааллынх нь дагуу гүйцэтгэж байна даа.
-Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулан, тавьсан “Цөмөөхэй” балет гэрээт тоглолт ч гэсэн оролцсон олонх уран бүтээлч нь ДБЭТ-ынх шүү дээ. Тэгэхээр тэдний хөлсийг “Монголын балетын хөгжил” сангаас гаргасан уу?
-Сүүлийн гурван жил манай тайзнаа “Цөмөөхэй” балетыг гэрээний дагуу тоглосон. Тэгэхээр хөлс мөнгийг нь “Монголын балетын хөгжил” сангаас гаргасан.
-Цалин хөлсний гэрээг театртай байгуулсан уу, эсвэл хувь уран бүтээлчидтэй хийсэн юм уу?
-Театртай хийсэн юм билээ. Түрүү жилүүдэд тэрхүү цалин, мөнгөтэй нь холбоотой асуудал гарсан уу, яасан, жүжигчид маань хувиараа гэрээ хийх зэрэг санал тавьсан шиг байна лээ. Нөгөө тал ч театр уран бүтээлчдээ үнэ хөлсгүй тоглуулах энэ тэр гэсэн санал гаргасан байх. Бид гэрээт тоглолтод бүжигчдээ үнэ хөлсгүй тогло гэж шахах эрхгүй. Шахлаа гэхэд зах зээлийн нийгэмд тэр тушаалыг дагах хүн гарах болов уу. Энэ мэт зүйлээс үүдээд жижигхэн асуудал бий болсон нь яам тамгынханд хүрч, “Нэгнийгээ дэмжихгүй байна” гэсэн яриа гарсан шиг байна. Миний бодлоор сүр бадруулах зүйл энэ биш.
Хэн нэгэн санамсаргүй болон санаатайгаар хэлсэн үгийг өлгөж, аваад “Театрын бүжигчдийн дунд үл ойлголцол гарчээ. Балетын анги нурж байна” энэ тэр гэсэн зүйл ярьж, бор шувуу нисгэх нь хэр зохимжтой бол. Нөгөөтэйгүүр, Монголын ДБЭТ хэн нэгний хэлснээр нурчих хэврэг байгууллага биш. Дуурь, балет бол асар их тэсвэр тэвчээр, хүч хөдөлмөр, авьяас, хамтын сэтгэл зүтгэлээр бүтэж, үзэгчдэд хүрдэг дэлхийн сонгодог урлаг.
Тэгж бүтээсэн ажлаа хэн нэгний амны зоргоор нураах болчимгүй уран бүтээлч манайд байхгүй гэж итгэдэг. Уран бүтээлч хоорондын жижиг маргааныг томруулаад, цахим хуудсаар цацах нь болчимгүй явдал. Мөн энэ байгууллагад ажиллаж байсан зарим нэг хүн өөрийнх нь үед л театр цэцэглэн хөгжиж, түүнээс хойших нь тааруухан болж, чадахгүй байгаа мэтээр ярьдаг. Түрүүн би хэлсэн, театр маань төлөвлөсөн уран бүтээлээ таслахгүй, илүү чанартай болгохоор хаа хаанаа хичээцгээж л явна.
-Бидний сэтгэлгээ өөрчлөгдөхгүй, өмнөх нийгмийнхээрээ яваад буйн илрэл энэ юм болов уу. Үүнийгээ л засахгүй бол урагшлахгүй дээ.
-Өөрчлөлт сэтгэлгээнээс эхэлнэ гэдэг үнэн шүү. Гэхдээ мэдэж байгаа хэрнээ мэдэн будлиад байгаа хүнээс болж үл ойлголт үүсэх нь бас бий.
-Та 1996-2000 онд энэ театрыг удирдаж явсан. Өнөөдөр уран сайхны удирдагчаар ажиллаж байна. Энэ утгаараа ДБЭТ хүнд хэцүү цагт ч нуралгүй явсаар ирснийг гэрчлэх хүн.
-Хөөрхий дөө, тэр үеийг одоотой зүйрлэх юм биш. 1996-2000 он шүү дээ. Олон уран бүтээлч маань амьдралаа хөөгөөд явчихсан хэцүү үе байсан шүү дээ. Үлдсэн хэд нь “Энэ театрын гал голомтыг таслах ёсгүй шүү. Хүнд хэцүү цаг дуусна. Тэр болтол тоглолтоо зогсоож, таслалгүй авч явах хэрэгтэй” гээд зүтгэсэн. Заримдаа цалингаа ч тавьж чадахгүйд хүрч л байсан. Гэсэн ч чин сэтгэлээрээ үлдсэн хэд маань зүтгэсэн.
Зөвхөн уран бүтээлчид гэлтгүй театрын барилга, цахилгаан, дулааны асуудал хүнд байсан. Нэлээд хөөцөлдсөний эцэст 1999 онд капитал засвар хийсэн шүү дээ. Түүнээс хойш өдгөөг хүрэхдээ бас л элэгдэж, мууджээ. Гэсэн ч хамаг зүйлээ шавх, тана гэж байгаа ийм цагт энэ талаар яриад нэмэргүй л дээ. Үүний оронд харин эв эеэ хичээх нь чухал. Уран бүтээлчид гэдэг их сонин улс шүү дээ. Өнгөн дээрээ эсэргүүцэж байсан ч, хөөрхий дөө, цуглах ёстой цагтаа гозойж л байна.
Үүрэг өгсөн бол шөнө ч хамаагүй гүйцэтгэж л байдаг юм. Энэ бүхнээс үүдээд би нэг зүйл онцолмоор байна. Одоо биднийг жаахан л дэмжээд өгвөл хөгждөг, дэвждэг цаг дээрээ иржээ гэж боддог. Би гадаад орчин нөхцөлийг биш, уран бүтээлч, боловсон хүчний талаар ярьж байна л даа. Энэ театрынхан ямар түвшинд хүрснийг хүмүүс мэднэ.
Зөвхөн монголчууд биш, олон улсад мэдэж, мэдэрсэн гэдгийг энд ярих илүүц биз ээ. Тиймээс улам дэвшин, давшихад минь төрийн дэмжлэг гарцаагүй хэрэгтэй байгааг дуулгамаар байна.