Уурхайчдын баяр жил бүрийн арванхоёрдугаар сарын 25-нд тохиодог. Ухаанаараа уул мөрлөсөн уурхайчдын хувьд энэ өдөр ажил үйлсээрээ бахархан, алдар цуутнуудаа дурсдаг билээ. Монголын уул уурхайн эх үндэс болсон Налайхын уурхайгаас өдгөө Хөдөлмөрийн баатар ес, Гавьяат уурхайчин 14, Төрийн шагналтан гурав төржээ. Тэдний нэг Гавьяат уурхайчин Л.Дамдинсүрэнтэй ярилцлаа.
-Баруун хязгаар нутгийн хүн Налайхын уурхайтай хувь заяагаа холбосон түүхээс тань ярилцлагаа эхлэх үү?
-Үнэндээ бол уурхайчин болно гэсэн хүсэл мөрөөдөл байгаагүй. Уурхайчин гэж ямар мэргэжил байдгийг ч мэддэггүй байлаа. Ховд аймагтаа VIII ангиа төгсөөд, хүүхдүүд политехникум гэж сайхан сургууль байдаг гэхээр нь сонгочихсон. Багш нар маань намайг IX ангид оруулах саналтай байсан ч зөрсөөр байгаад уул уурхайн анги авлаа. Цахилгаанчны анги байхаар нь модонд авирдаг мончёр санаанд ороод уул уурхай гэхээр байгальд аялдаг сайхан мэргэжил байх гэж бодоод сонгосон.
Ингэж л тохиолдлоор уурхайчин болсон доо. Политехникумаа Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгсөөд Налайхын уурхайд хуваарилагдаж билээ. Анх уурхайдаа замчнаар ажилласан. Гуравдугаар дамжааны оюутан байхдаа Налайхын уурхайд үйлдвэрийн дадлага хийсэн юм.
Энэ уурхайн гүнд мод материал, тоног төхөөрөмж оруулах, цахилгаан тэргээр нүүрс зөөж газрын гадарга дээр гаргадаг урт зам байдаг. Тэр хэсэгт замчнаар ажиллаж байгаад ашиглалтын IV хэсэгт хоёр сар малтагч хийсэн. Дараа нь ээлжийн мастер болон дэвшиж, тэндээ 20-иод жил ажилласан даа.
-Тэгэхээр хэдэн настайдаа Налайхад ирсэн болж байна. Анх уурхайн гүн рүү ороход ямар сэтгэгдэл төрж байв. Айсан уу?
-20 настай байлаа. Агуу хүмүүсийн эгнээнд орсон доо. Уурхайчин гэдэг үнэхээр бахархалтай, хүнд хэцүү, эр зоригийн хөдөлмөр юм билээ. Уурхайн их ам 170-аад метр гүн, гурван км шахуу хонгилоор алхаж, ажлын байранд хүрнэ. 200 орчим метрийн гүнд ордог байсан.
Уурхай руу анх ороход аймаар, сэтгэлд багтамгүй, сүрдэм. Малтагчаар нэг сар болохдоо ажлаасаа гармаар санагдсан үе олон байсан. Бүх бие нүдүүлчихсэн юм шиг хөндүүрлэж, булчин өвдөж, хаях шүлсгүй болтлоо хөлөрч, ядартлаа ажиллаж, арайхийн, уурхайнхаа аман дээр гарч ирдэг байсан. Уурхайн гүнд комбайн ажиллахаар нүүрсний тоос босоод бие биенээ харахгүй болно шүү дээ.
Бэхэлгээний том модыг зөөж чадахгүй, таван кг-ын багтаамжтай хүрзтэй нүүрс арай ядан даасан тийм л арчаагүй амьтан анх орсон. Уурхайчдын хатуу ширүүн шаардлага, “Чадал тэнхээгүй, амь амьсгаа хэрэггүй” гэсэн үг нь намайг хурцалсан.
-Тийм болохоор л уул уурхайг эрчүүдийн ажил гэдэг байх. Гэхдээ та богино хугацаанд мастер болсон байсан шүү дээ.
-Уурхайн ажлыг суртлаа ямар ч хүн шантардаг. Агуу уурхайчдын эгнээнд орж ажиллана гэдэг амаргүй, уулын нуралт, гал, усны аюул, нүүрсний угаар, хорт хийн ялгарал, тэсэрч дэлбэрэхийг даван гардаг хүнд хөдөлмөр шүү дээ. Зарим нь хий хоосон эх оронч гэж цээжээ дэлдэж байхад уурхайчид чимээгүйхэн ажиллаж л байдаг. Тамирчны бэлтгэл ханана гэдэг шиг уурхайн гүнд сар гаруй ажиллаад таван кг-ын даацтай хүрзээ даадаг, нойтон модны талыг өргөдөг болсон шүү.
Техникийн анхан шатны удирдагч хүнийг мастер гэдэг. 20-иод хүний амь, тухайн өдрийн бүх ажлыг хариуцаж газрын гүнд “амьдардаг” төрийн төлөөлөгч, ажилчдын шадар туслах, зөвлөгч нь байх ёстой гэж сургадаг байлаа. Мастер болсон ч би бүх зүйлийг мэддэг болоогүй. Бригадын дарга Дашдорж, машинист Саранцацрал хэсгийн дарга Палма зэрэг мундаг удирдагчдынхаа хүчээр л мастер болсон.
-Уурхайчид гүн рүү орохдоо гарын үсгээ зурдаг юм билээ. Энэ нь амь эрсэдсэн ч гомдолгүй гэсэн утгатай юу?
-Хөдөлмөр, аюулгүй байдлын зааварчилгаа өдөр бүр авна. “Тэсэлгээ хийхэд ажилчдыг аюулгүйн зайнд гарга, тэсэлгээний ажлыг мастер удирдаж явуул, хана, таазнаас унах зүйлээс болгоомжил, агаарын бүрэлдэхүүнийг байнга шалгаж, тэсэрч дэлбэрэх аюулаас болгоомжил, бэхэлгээгүй налуу газрыг урьдчилан бэхэл” гэх зэргээр зааварчилгаа өгнө. Уурхайн гүн рүү орж байгаа хүн бүр ийм зааварчилгаатай танилцаж, гарын үсгээ зурна.
Өдөр бүр давтан зааварчилгаа өгөх нь уурхайчны хувьд хууль. Уурхайн ажил маш нарийн хатуу дэг журмын дор явагддаг. Тэгэхээс ч өөр аргагүй. Ус шавар шавхай, ашигт малтмалын заагаар хорт хий ялгарна. Нүүрст устөрөгч, метан мэтийн дэлбэрдэг хийнүүд байна. Налайхын уурхайд хэд хэдэн удаа метаны дэлбэрэлт болж, уурхайчид амь үрэгдэж байсан.
Далд уурхайн нөхцөл маш хүнд, байнга л аюул заналхийлж байдаг. Тиймээс ажлын цагаас хоёр цагийн өмнө очиж, зааварчилгаа авч, хөдөлмөр, аюулгүй байдлын хувцас, баг, багажаа аваад, нормын хоолоо авч гүн рүү ордог.
-Уурхайн гүн рүү нэг орчихвол ажил дуустал буюу долоон цаг гарч ирдэггүй шүү дээ. Уух зүйлээ авч орох уу?
-Сүүгээ уучихаад, хоол, хийжүүлсэн ус хоёроо аваад гүн рүү орно. Ажилдаа улайрсан үедээ хоолоо ч идэх завгүй. Ажил сайн яваа үед дараагийн ээлж ирчихээд байхад ажлын байраа булаалдан зодолдох тохиолдол ч гарна. Нэгнээсээ их нүүрс гаргах гэж өрсөлдөнө. Тэр үед ажлыг оромдоно гэсэн ойлголт байгаагүй.
-Тухайн үед хэр их хэмжээний нүүрс гаргадаг байв. Налайхын уурхай оргил үедээ 960.000-1.000.000 тонн нүүрс гаргадаг байсан гэл үү?
-Манай хэсэг 1981, 1982 онд ЗХУ-ын ижил нөхцөлтэй уурхайн дунд дээд амжилтыг 20 хувиар ахиулж, жилд 380 мянган тонн нүүрс, сард 62 мянган тонн, хоногт 6000 тонн нүүрс олборлож, шинэ амжилт тогтоож байлаа. Энэ амжилт дахин эвдэгдээгүй. Налайхын нүүрс Улаанбаатар хотын ДСЦ-уудыг хангаж, жижиглэнгээр авдаг хүмүүс уурхайд ирж, машинаар зөөдөг байлаа.
-Налайхын нүүрс илчлэг сайтай гээд эрэлт ихтэй байдаг. Онцлог нь юу юм бол оо?
-Налайхын нүүрс 12 хүртэл давхаргатай. Бидний үед V давхарга хүртэл ашигласан. Шатаахад үнс бага гардаг, 4500 ккал ихтэй, цогших чанар сайтай учраас улаанбаатарынхан дуртай байдаг.
-Та сая уурхайд хэд хэдэн удаа осол болсон талаар дурдлаа. 1990 оны арванхоёрдугаар сарын 17-нд болсон ослоор 20 уурхайчин амиа алдсан. Тэр өдрийг уурхайчид хар өдөр гэдэг юм билээ. Тухайн үед та уурхайн гүнд байсан уу?
-Даваа гаригийн өглөө эрт ажилдаа ирээд ерөнхий маркшейдрийг дагуулаад уурхайд орсон. Их амаар ороод цааш явж байтал нүүр, ам нь битүү тоосонд будагдсан хүмүүс өөдөөс ирлээ. “Мотор зөөж байтал гэнэт л их чимээ гарсан” гэхээр нь ямар нэгэн дэлбэрэлт болж гэдгийг мэдсэн. Тэгээд нөгөө хэдийг “Гарч бай” гээд цааш явтал аврагчид “Нуралт үүссэн гэнэ” гээд уклоноор гүйгээд орсон. Гэхдээ тэд хорт хийгээс хамгаалах баггүй явж байсан.
1981 он
Уклоны дэргэд маш олон хүн хордоод уначихсан, аврахынхан баггүй гүйж ороод тэсрэлтийн дараах хорт хийнд ухаан алдчихсан байлаа. Уурхайчид аврагчдыг аврах гэж ороод ухаан алдаж унасан. Заримыг нь чирч гарган, хиймэл амьсгаа хийхэд уснаас гаргаад хаясан загас шиг болсон байв. 400-гаад уурхайчин нэгдүгээр ээлжинд ажлаа авах гээд ирчихсэн. Тэднийг дотогш оруулалгүй, аврахын нэмэлт тасгуудыг дуудаж, уурхайг агааржуулж байтал уурхайн дарга орж ирсэн.
Метан дэлбэрч, маш аймшигтай осол болсон. Дэлбэрэлтийн цөмд байсан 12 уурхайчин амиа алдсан. Нүүрсний заагаар ялгарч буй метаны хий маш их байлаа. Уурхайчдыг аврахаар найман хүн араас нь ороод амиа алдсан. 100-гаад уурхайчин угаарын хийд хордсон юм шүү. Олон сайхан нөхдөө алдаж, маш их уй гашууд автсан даа, бид. Үүнээс сургамж авч уул уурхайн салбарынхан хий дэлбэрэхээс урьдчилан сэргийлэх, болгоомжлох, хянуур ажиллах шаардлагатай.
Ардчилал дөнгөж эхлээд, жагсаал цуглаан, өлсгөлөн болж, хүмүүс улс төржсөн үе байлаа. Үүнээс болж уурхайн сахилга дэг журам жаахан суларсан. Уурхайн хатуу дэг журмыг захиргаадалт гэж шүүмжилдэг, ардчилал хэрэгтэй гэсэн яриа гарсан. Энэ нь ч бас осол гарахад нөлөөлсөн. Уурхайн тухайн үеийн удирдлага руу дайрсан, огцрохыг дайрсан улстөржилт ихсэж, хийрхсэн үе байлаа. Далд уурхайн ажилд улстөржилт, хийрхэл хэрэггүй, маш хатуу дэг журам байх ёстой.
-Та уурхайчдыг аврах ажлыг голлон зохион байгуулсан юм байна шүү дээ.
-Осол гарах үед уурхайн гүнд явж таарсан болохоос аврах ажилд бүгд л гар бие оролцсон. Налайхын эмнэлгийг чөлөөлж хордсон уурхайчдаа хэвтүүлж, бүх уурхайчныг гаргасан. Хэрэв аврагчид хорт хийгээс хамгаалах багтай орж, тэсрэлт болсныг шалгаад онцгой байдал зарлан, нэмж нэг ч хүн оруулаагүй бол дахин найман хүн амиа алдахгүй байсан гэж би боддог. Гэхдээ Засгийн газар шуурхай арга хэмжээ авч, ЗХУ-аас аврагчид ирж, 12 уурхайчныхаа шарилыг гарган, нутаглуулсан.
Хамт ажиллаж байсан олон сайхан залуусаа алдаад сар гаруй би унтаж чадахгүй, хар дарсан. Олон хүн ингэсэн байх. Далд уурхайд сахилга, дэг журам, зохион байгуулалт маш чухал шүү, энэ бол захиргаадалт биш. Уул уурхайн салбарыг одоо ч гэсэн улстөржүүлж байна. Уурхайд улс төржилт байх ёсгүй. Үүнийг сургамж болгож байгаа юм шүү.
-Өмнө нь метан дэлбэрэх аюултай гэж нэгэн уурхайчин ярьсныг тоогоогүйгээс ийм осол гарсан гэсэн яриа байдаг. Энэ үнэн үү?
-Ер нь бол Налайхын уурхай анхнаасаа хий дэлбэрэх аюултай байсан. Газрын гүнээс хий байнга ялгарч байдаг. Хэн нэгэн сануулсан, сануулаагүй дэлбэрэх аюултай уурхай 70 гаруй жил ажилласан байхгүй юу. Тиймээс хорт хийг хянах, агааржуулах хэсэг ажилладаг. Бүх хонгилд агаарыг хэмжиж, хаана хий их ялгарч байна, тэрний мөрөөр дор нь арга хэмжээ авдаг. Тэр үед метан ихсэж байгааг агааржуулахын мастерууд сануулсан ч тэрийг нь анхаарахаас илүү улстөржсөн нь харамсалтай.
-Хариуцлага алдсан хүмүүст арга хэмжээ авсан биз дээ?
-Уурхайн дарга ажлаа өгсөн, бусад удирдлагуудад арга хэмжээ авсан. ЗХУ-ын экспертүүд ирээд “Байгалийн гэнэтийн гамшгийн тохиолдол болсон байна” гэж үзсэн. Гэхдээ сахилга, дэг журам, хариуцлага ямар нэг байдлаар нөлөөлсөн гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгж байж цаашдаа ийм байдал гаргуулахгүй.
-Талийгаачдын ар гэрийнхэнд нөхөн олговор өгсөн үү?
-Насанд хүрээгүй хүүхдүүдэд тэтгэмж өгч, ар гэрийнхэнд нь орон сууц олгосон.
-Осол гарах үед 18 аймгийн бүх сумаас залуучууд ажиллаж байсан гэдэг юм билээ.
-Осол гарсан мэдээллийг сонсоод 18 аймгийн бүх л сумаас ах дүүгээ сурсан хүмүүс уурхай руу ярьсан. Уурхайн даргын өрөөний утсаар аймаг, сумынхан цагийн хуваарийн дагуу холбогдон, ослын талаар асуудаг байсан. Тэр үед л бүх аймаг, сумаас ирсэн хүн ажилладаг юм байна гэж мэдсэн.
-Цогцсыг нь ч болов нутагт нь аваачъя гэсэн хүн байв уу?
-300-гаад метрийн гүнд осол болсон байх. Зөвлөлтийн уурхайчид аврах ангийнхан хамтарч цогцсыг гарган, бүгдийг нь Налайхдаа нэг дор оршуулсан. Уурхайчид хал үзэж, халуун чулуу долоосон учир хүлээцтэй хандсан. Ар гэрийнхэн нь янз бүрийн гомдол ер гаргаагүй. Уурхай аюултай гэдгийг мэддэг байсан. Тэр ч байтугай хүү нь нас барчихаад байхад “Энэ олон хүний ажил явдлыг уурхай минь даахгүй шүү дээ, бид өөрсдөө энэ хүнийхээ ажил явдлын зардлыг даая” гэж байлаа.
Аврахын байлдагч залуугийн аав хүүгээ нас барсныг дуулаад цус харван амиа алдсан харамсалтай явдал болсон. “Бид орж ажиллая, хувь нэмрээ оруулъя” гэсэн саналыг уурхайчид маш их гаргасан. Үүнийг би “Сэтгэлд мөнхөрсөн уурхайчин” номондоо бичсэн. Тэр явдлаас хойш 20 гаруй жил өнгөрсөн ч тэдгээр уурхайчны өмнө амьд үлдсэн бид буруутай юм шүү. Сэтгэлдээ наминчилж явдаг даа.
-Түүнээс хойш уурхай хаагдсан уу?
-1995 он хүртэл ажилласан. Улс орон зах зээлийн эдийн засагт шилжиж, нүүрсний татаас гэж өгдөг байсан нь зогсож, эдийн засгийн хувьд хүнд байдалд орж, уурхай маань дампуурах байдалд орж, хувьчлагдсан.
-Одоо ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байгаа биз дээ?
-Их уурхайн хэмжээнд ажиллахгүй. Хувь компани, хүмүүс гар аргаар нүүрс олборлож байна.
-Нүүрсний нөөц нь дуусах болоогүй биз дээ?
-60-аад сая тонн нүүрс газрын дор бий. Тэрийг ашиглах нь эдийн засгийн хувьд ашиггүй. Гэхдээ нийслэлд ойрхон энэ уурхайг шинжлэх ухаан технологийн дэвшлээр газрын дор байгаа метаны хийг нь авч ашиглах, хийжүүлэн хэрэглэх боломжтой. Ямар нэг байдлаар Налайхын уурхай ашиглалтад орно гэдэгт би итгэлтэй явдаг. Судалгаа, шинжилгээ хийж байгаа юм билээ.
-Уурхай хаагдсаны дараа олон хүн ажилгүй болж, амьдрал нь хэцүүдсэн байх.
-Тийм ээ. Сүүлийн үед хаалтын менежент гэж их ярих болж. Налайхын уурхай анхных нь байсан болохоор хаалтын менежментийн талаар бодоогүй байсан. Хэзээ нэгэн цагт уурхайн нөөц дуусна, тэр үед энэ дүүргийг яаж авч явах вэ гэдгийг бодсон хөтөлбөр, ажлуудыг алсуур хийх ёстой байлаа.
Тухайн ашигт малтмалаас олсон орлогоор хивс, гурил, барилгын материал, оёдол ч юм уу, өөр чиглэлийн үйлдвэр байгуулж, уурхай зосгоход амьдралаа аваад явчих нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой. Үүнийг хаалтын менежмент гэж ярьж байгаа юм. Үүнийг хийгээгүй байсан. Туршилтын туулай болсон гэхэд болно.
Тухайн үед Налайхад 30-аад мянган хүн амьдарч байснаас 18 мянга хүртлээ цөөрсөн шүү дээ. Одоо эргээд 30 гаруй мянган хүнтэй болж, дахин суурьшсан. Хувийн жижиг уурхайнууд хөдөлмөр хамгааллын наад захын шаардлага хангаагүй, амь эрсдэх орчинд ажиллаж байгаа нь хэцүү санагддаг.
-Байсхийгээд л уурхайд хүн дарагдсан, эндсэн осол гардаг. Үүнд Налайхын удирдлагууд анхаарал тавьдаг уу?
-Налайхын уурхайн орд газрыг лицензээр хэсэг болгон авч, түүндээ олборлолт явуулж байна. Нэгдсэн хяналтын систем тогтоогүй, бэхэлгээний чанар муу, амь дүйсэн орчинд ажиллаж, агааргүй газар орж амиа алдах явдал их байна. Цаашдаа төр засгаас анхаарч, жижиг оврын уурхай байгуулах, нэгдсэн хяналттай болгох, боловсон хүчнээр хангаж болмоор санагддаг.
-Уурхайчид удам дамжсан байдаг. Таны хүүхдүүдээс уурхайчин бий юү?
-Миний мэргэжлийг өвлөсөн хүн байхгүй. Нэг үе Налайхын уурхайчид удам дамжсан уурхайчид гэдгээрээ бахархдаг байлаа. Тэр улсууд маань амьдралын мөр хөөж, янз бүрийн ажил мэргэжилтэй болсон. Зарим нь аав, ээжийнхээ ажлыг өвлөн, жижиг оврын уурхай ажиллуулж байна. Хайгуулын ажил нь сайн яваа компани ч байна.
Налайхын уурхай төр засгийн анхааралд байх ёстой. Монгол оронд уурхайн өв соёл үүсэх тулгын чулуу тавьсан гавьяатай. Уурхайчид Налайхын уурхайн орд газарт сүү, идээний дээжээ өргөн, сүсэлж явдаг, бичигдээгүй хууль бий.
-Уучлаарай, одоо үед уурхайчныг хар ажилтан мэт ойлгодог хүн цөөнгүй. Уурхайн гүнд орж, ажлын хүндийг нуруундаа үүрч буй нь бага цалинтай, өрөө тасалгаанд сууж байгаа нь доллароор цалинждаг гэдэг. Таны үед ямар байв?
-Бидний үед эсрэгээрээ байсан. Газрын гүнд нүүрс олборлож, малталт хийж байгаа уурхайчид мэргэжлийнхээ зэргээр цалинждаг. Тэд хийснээрээ өндөр цалин авдаг. Инженер техникийн ажилтнууд тогтмол цалинтай байсан. Уурхайн дарга 1100 төгрөгийн цалин авч байхад уурхайчин 1500-5000 төгрөг сард авдаг байлаа. Хийж байгаа нь илүү цалин авдаг социализмын үеийн зарчим. Одоо үед ажилтнууд нь бага, дээгүүр албан тушаалтнууд нь илүү цалин авч байгаа нь буруу.
-20-иод жил уурхайтай амьдралаа холбосон танд сайхан дурсамж олон байх. Сайхан дурсамжаар ярилцлагаа өндөрлөх үү?
-Уурхайчдаа, уурхайгаа байнга л зүүдэлдэг. Алтан үе минь болохоор уурхай сэтгэлээс гардаггүй. Маш өндөр амжилт тогтоочихоод хамт олноороо баясаж, баярлаж, хөдөлмөрийн амт шимтийг мэдрэхээс илүү эрхэм сайхан зүйл байхгүй. Уурхайн ажил маш хүнд ч ажлаа дуусгачихаад түүнээсээ их таашаал авдаг. Нуралтыг бэхэлж, хад чулууг нэвтэлчихээд дараа нь түүндээ омогшдог. Нэг сая тонн нүүрс гаргачихаад уурхайчид бүгд баярлаж баяссан.
Налайхын уурхай хоёр дахь удаагаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авахад уурхайчид маш их баярласан. Хамтран зүтгэгчид минь алдар гавьяа хүртэж, Хөдөлмөрийн баатар, Гавьяат уурхайчин болоход өөрсдөө авсан мэт баярладаг. Уурхайчин гэдэг нэрээрээ бид бахархдаг байлаа. Танай сониноор дамжуулан үе үеийн уурхайчдадаа шинэ оны баярын мэнд хүргэе.