Зургийг Г.Ган-Өлзий
Улаанбаатарыг “Амьтанд ээлгүй хот” гээд өргөмжилчихвөл та бүү гайхаарай. Бэлгэгүй зүйл ярилаа гээд шүүмжилж магадгүй л юм. Гэвч бид ийм тодотгол зүүх болзлыг аль хэдийнэ хангачихаад байна. Ховор, нэн ховор амьтдын нөөц сүүлийн 10-аад жилийн хугацаанд 70-90 хувиар багасаж, цагтаа элбэг гэгддэг байсан зарим амьтан сүйрлийн ирмэгт хүрсэн гэсэн цочирдом судалгааг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан гаргажээ.
Байдал энэ янзаараа үргэлжилбэл ямар ч ан амьтангүй болж мэдэх аюултайг уг баримт илтгэж байна. Хүний буруутай үйлдэл, байгалийн хүчин зүйлээс үүдэлтэй хоморголон устгах ажиллагаанд эзэмшил нутгаа нийслэлчүүдтэй булаацалдан амьдардаг хотын ойролцоох амьтад хамгийн их өртдөг. Мэргэжлийнхэн үүнийг “Нийслэлийн ногоон бүсэд тархсан амьтад” гэдэг.
ГОЛ БАЙ НЬ ХӨХТӨН АМЬТАД
Монголчууд амьтан, ургамал, биологийн төрөл зүйлийг зохистой ашиглаж, хамгаалж ирсэн зуу, зуун жилийн түүхтэй. Гэвч энэ уламжлал 1930-аад оноос алдагдаж, ан амьтдын удмын сан хомсдох болсон гэдэг. Тэгвэл нийслэлийн ногоон бүсэд нутагшин, тоо толгой нь өсөж байсан амьтдын нөөц 1980-аад оноос огцом багасаж, 2000 оноос ховордож, устаж эхэлсэн гэж судлаачид үздэг аж. “Амьтан асралт” компанийнхан агнуур зүйч, амьтан судлаачдын оролцоотойгоор өнгөрсөн онд хийсэн “Нийслэлийн агнуур зохион байгуулалтын ажлын тайлан” ч үүнийг баталж байна.
Үүнд “Байгаль, цаг уур, хүний шууд болон дам нөлөөллөөс болж нийслэл орчмын амьтдын хэвийн, тогтвортой байршил алдагдаж, ховордож, үгүй болох нь ихсэж байна. Тэр дундаа, агнуурын онцгой ач холбогдолтой хөхтөн амьтдын нөөц эрс багассан” гэжээ. Нийслэлийн Байгаль орчны газраас 2012 онд хийсэн судалгаагаар хотын “өмчид” 57 зүйл хөхтөн амьтан бүртгэгдсэн байв. Гэтэл хамгийн сүүлд хийсэн дээрх судалгаанд 54 зүйлийн хөхтөн бий гэжээ. Тэд цаасан дээр нэрээ үлдээгээд устаж, үгүй болов уу, эсвэл судлаачдын нүдэнд өртөхөөргүй болтлоо ховордсон уу.
Ямартай ч энэ төрлийн амьтны гурван зүйл үгүй болсон байж мэдэх баримт уг судалгаанд байна. Үүнээс өөр хэд хэчнээн амьтан мөр, нэрээ үлдээгээд үгүй болсныг тааварлашгүй. Дэлхийн байгаль хамгаалах холбооныхон нийслэлийн нутагт тархсан амьтдын 38.7 хувь нь “Аюулд өртөхөөргүй” нөхцөлд амьдарч буй гэсэн үнэлгээ хийжээ. Гэвч энэ нь тэдгээр амьтад аюул, дарамтаас ангид болсон гэсэн үг биш аж. МУИС-ийн доктор, амьтан судлаач Ч.Батсайхан “Би өмнө нь АНУ-ын Колородагийн их сургуулийн эрдэмтэдтэй хамтран амьтны экологи, газар зүйн популяц амьдрах орчинд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийж байсан юм.
Хотжилт, бүтээн байгуулалтаас үүдэлтэй олон дарамт, нөлөөнд автаж буй амьтдын хувьд шилжилт хөдөлгөөн, нүүдэл бол нэг төрлийн “вакцин” юм. Өөрөөр хэлбэл, хот суурин газар бараадан амьдардаг амьтад нэг газраа удаан хугацаанд байж, идэвхгүй амьдрах нь эрсдэлтэй. Тиймээс тэд бусад бүсийн амьтнаас хэд дахин илүү аюултай нөхцөлд амьдарч буй юм. Хот хөгжиж, хүн ам олшрохын хэрээр амьтны нөөц хомсдоно” гэв. Хот барааддаг амьтдад бид багагүй дарамт учруулдаг гэдгийг түүний үг баталж байна.
Одоогоор нийслэл орчимд тархсан хөхтөн амьтдаас аргаль хонь, баданга хүдэр, монгол тарвага, хандгай, халиун буга устаж болзошгүй, зэрлэг гахай, шилүүс, мануул, саарал чоно, шар үнэг, хярс, бараан хэрэм ховордож байгаа, хүрэн баавгай, булга эмзэг, сохор номин, усан булга, заарт харх мэдээлэл дутмаг гэсэн “оноштой” байгаа аж.
УРИЛГАГҮЙ ЗОЧИД
Бэртэж гэмтсэн, сүргээсээ хоцорч төөрсөн амьтан нийслэлийн нутаг дэвсгэрээс олдсон тухай мэдээлэл үе үе дуулдах болов. Саяхан л гэхэд нийслэлийн 64 дүгээр сургуулийн хашаанд шилүүс орж ирсэн бол “Мобиком” корпорацын ойролцоогоос далавч нь гэмтсэн халзан түнжүү олдсон. Мөн Эмээлт өртөөний орчимд хоёр халиун буга ирж сар гаруй болсон, 22-ын товчоогоор 400 гаруй цагаан зээр орж ирсэн гээд тоочоод байвал цөөнгүй. Зэрлэг амьтад суурьшлын бүсэд зочлох нь тийм ч гайхмаар, шинэ үзэгдэл биш ч сүүлийн гурван жилд урилгагүй зочин орж ирэх нь эрс нэмэгдэж буйг мэргэжилтнүүд ярьж байна.
Нийслэлийн Байгаль орчны газрын амьтан, ургамал, хорт бодисын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Байгальмаа “Зэрлэг амьтан нийслэлийн бүсэд нэвтрэх тохиолдол нэмэгдсэн. Ялангуяа бэртэж гэмтэн, хаягдсан амьтан олдох нь их. Өнгөрсөн онд гэхэд л начин шонхор, алтан хараацай, шар шувуу, цагаан зээрийн гэмтсэн үр төл нийслэлийн төв хэсгийн барилгажсан талбайгаас олдсон. Уур амьсгалын өөрчлөлт, хоол тэжээлийн хомсдол зэрэг хүчин зүйл үүнд нөлөөлж
буй” гэсэн бол агнуур зүйч Г.Далхсүрэн “Хотын төвд зэрлэг амьтад орж ирэх нь тийм ч таатай үзэгдэл биш. Амьтдын төдийгүй иргэдийн аюулгүй байдалтай холбоотой. Үүнд хэд хэдэн зүйл нөлөөлж буй. Нэн түрүүнд газар ашиглалттай холбоотой бэрхшээл. Нийслэлийн хүн ам өсөхийн хэрээр хот тэлж буй. Энэ нь амьтдын амьдрах орчин багасаж, шахагдах шалтгаан болдог. Ингэснээр эзэмшил нутгийн давхцал үүсэж, амьтад суурьшлын бүс рүү орохоос аргагүйд хүрч байна. Тархац нутаг нь тасарч, нүүдлийн зам хаагдах, идэш тэжээл хомсдох зэрэг шалтгаан ч тэднийг дайжихад нөлөөлдөг” гэлээ.
ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтөний экологийн лабораторийн эрхлэгч, доктор Б.Лхагвасүрэн нэгэн ярилцлагадаа “Нутаглаж байсан бүсэд нь хүний буруутай үйлдлээс үүдэлтэй дарамт, нөлөө ихсэж, тав тухыг нь алдагдуулснаас болж зарим амьтан дайждаг” хэмээжээ. Амьтад хотын төвөөр “гүйлдэх” нь сайны дохио биш гэдгийг судлаач, эрдэмтэд ийнхүү тайлбарлаж байна. Дээрх шалтгаанууд амьтдыг хөдөлгөөнд оруулаад зогсохгүй хорогдоход хүргэдэг. Тухайлбал, догол, цусан халдвар, үхрийн мялзан, шүлхий, хонины цэцэг, ямааны годрон зэрэг өвчнөөр сүүлийн 40 жилд 310 зээр үхсэн гэсэн баримт бий аж.
Энэ нь бэлчээр нутгийн давхцалаас үүдэлтэй гэж судлаачид үзэж байна. Мөн Богд хан, Баянзүрх уул хооронд, Хадат болон Гүнтийн даваанд засмал зам тавьж, Хутаг-Өндөр, Сүүж уул, Согоот, Шар хад орчимд газар их хэмжээгээр олгож буй нь нийслэл бараадсан амьтдын шилжилт хөдөлгөөн, амьдралд ихээхэн өөрчлөлт авчирсан гэж үзэх мэргэжилтнүүд ч бий. Цаашид Улаанбаатар улам өргөжин тэлж, олон бүтээн байгуулалт хийх нь мэдээж. Тэр үед амьтад биднээс аврал эрж, нийслэлд зочлох нь улам л олшрох болов уу. Эсвэл бүрмөсөн дайжих юм биш байгаа.
“ҮХ” ГЭЖ БУЙГААС ЯЛГААГҮЙ
310005. Энэ бол нийслэлийн Шуурхай мэдээллийн албаны утас. Мал, амьтанд яаралтай тусламж хэрэгтэй үед энэ дугаар руу залгаж, нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтнүүдтэй холбогдох боломжтой аж. Тэд амьтанд шаардлагатай тусламж, үйлчилгээ үзүүлэх, эмчлэх, байгальд нь буцаан тавих ажлыг холбогдох алба, мэргэжилтнүүдтэй хамтарч хийдэг гэлцдэг ч хамгаалсан дүр эсгээд оромдоод өнгөрдөг байна. Манай улсад өдгөө зэрлэг амьтан хамгаалах болон агнуурын холбогдолтой таван хууль хүчин төгөлдөр хэрэгжиж буй.
Тэдгээрийн дотор нийслэлийн ногоон бүсэд орж ирсэн амьтдад үзүүлэх тусламж, үйлчилгээг хэрхэн зохион байгуулах талаар нарийвчлан тусгасан заалт үгүй. Тиймээс хотод орж ирсэн урилгагүй “зочдыг” чухам ямар байгууллага хариуцахыг тодорхой заалгүй, нялзааснаас мэдээлэл хүлээж авахаас хэтрэхгүй байгааг мэргэжилтнүүд ярьж байна. Өвдөж, гэмтсэн амьтныг асарч тойглох, эмчлэх, тэжээх, зарим тохиолдолд зориулалтын орчинд байлгаж хамгаалах шаардлагатай. Гэвч манайд тийм нөхцөл боломж, үүнд зарцуулах хөрөнгө мөнгө байдаггүйгээс буцаан тавих нэрийдлээр “хөөгөөд” явуулчихдаг аж.
Хамгийн сүүлд хотын төвөөс олдсон, далавч нь гэмтсэн халзан түнжүүг л гэхэд дор хаяж 2-3 өдөр эмчлэх шаардлагатай байсан ч түр байлгах байгууллага олдоогүйгээс нууранд буцаан тавьсан байна. Нийслэлийн Байгаль орчны газрын мэргэжилтэн Ц.Байгальмаа “Суурьшлын бүсэд орж ирсэн амьтдыг хамгаалахад зориулж мөнгө төсөвлөдөггүйгээс бид нөөц, бололцоондоо тулгуурлан энэ асуудлыг шийддэг. Зарим байгууллагыг гуйх тохиолдол ч байдаг. Харин 2017 оны төсөвт багахан (хэмжээг нь хэлэхээс татгалзав) зардал тусгасан байна лээ. Нөхцөл байдал дээрдэнэ гэж найдаж байна” гэлээ.
Мал эмнэлгүүд ч “Зэрлэг амьтан үзэж, эмчилдэггүй” гээд хавьтуулдаггүй тухай тэрбээр ярив. Нийслэлийн Мал эмнэлгийн газарт Нохой, жижиг амьтны эмчилгээ, үйлчилгээний хэлтэс гэж бий. Нохой, муураас гадна зэрлэг амьтан эмчлэх чиглэлээр мэргэшсэн эмч нар тэнд байдаг гэнэ. Тус хэлтсийн их эмч А.Түвшинбаяртай утсаар холбогдож зэрлэг амьтанд ямар төрлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг талаар лавлахад “Нохой, мууртай холбоотой дуудлага их ирдэг. Зэрлэг амьтан эмчлүүлье, оношлуулъя, хамтарч ажиллая гэсэн санал бараг ирдэггүй” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Амьтан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Амьтны эрх хамгаалах нийгэмлэгийнхэн ч нийслэлийн ногоон бүсийн амьтдыг хамгаалахад багагүй бэрхшээл тохиолддог тухай онцолсон. Амьтны эрх хамгаалах нийгэмлэгийн тэргүүн С.Дамдинсүрэн “1.3 сая хүн амтай, метрополис хотод “Animal control” буюу амьтан хамгаалал, хяналт зайлшгүй байх ёстой. Дэлхийн бусад орны жишгийг бий болгох хэрэгтэй. Гадаадын орнуудад суурьшлын бүсэд орж ирсэн амьтныг барих зориулалтын хэрэгслээс эхлээд унтуулах, сэрээх тариа, түр хамгаалах байр ч хүртэл байдаг.
Гэтэл бидэнд амьтан барихад зориулсан хэрэгсэл ч алга. Ямар сайндаа л гар бөмбөгийн тор, хөнжил, гудас шидэж, хөглөж байж барих вэ дээ” гэлээ. Тэрбээр нийслэлийн бүсэд орж ирсэн амьтдыг хамгаалах ажлыг урагшлуулах нэгэн төсөл бичиж буйгаа удахгүй БОАЖ-ын сайд, нийслэлийн ЗДТГ-ынханд танилцуулах гэнэ. Түүний хэлсэнчлэн метрополис гэх тодотголтой бараг бүхий л хотод “Animal control” бий аж. АНУ-д гэхэд л зэрлэг амьтан хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 13 мянган байгууллагыг нэгтгэсэн Мал амьтны тусламж, үйлчилгээний үндэсний төв (NACA), Зэрлэг ан амьтныг нөхөн сэргээх төв (BAWRC) идэвхтэй ажиллаж байна.
Иргэд ч суурьшлын бүсээс амьтан орж ирвэл хэнд хандах, ямар дугаар руу залгахаа сайн мэддэг аж. Гэтэл бид “Зэрлэг амьтан эмчлэхгүй” гээд сууж байна. Үнэндээ бол энэ нь маш эелдэг, боловсноор “Бидэнд хамаагүй, үх” гэж буйгаас ялгаагүй.