Өнгөрсөн сард багагүй зовлон “бэлэглэж”, хотын удирдлагуудын чихийг халууцуулсан цас дахиад л түмэн асуудал дагуулж, хот, хөдөөгүй сандаргах вий хэмээн хэн хүнгүй ярьж байна. Үүнтэй зэрэгцээд ОБЕГ, Ус цаг уур, орчны шинжилгээний газрынхан иргэдийг болзошгүй аюулд бэлтгэлтэй байхыг сануулж, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын төлөв болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийв.
1.1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР МАЛЧДЫН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛНА
Ирэх оны нэг, хоёрдугаар сард манай орны зарим нутгаар олон жилийн дунджаас ахиу хэмжээтэй цас орох төлөвтэй гэнэ. Үүний улмаас зарим зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаанаас үүдэлтэй зам тээврийн осол нэмэгдэж, иргэд гэмтэж болзошгүй учир орон нутгийн Онцгой байдлын газрууд болон холбогдох байгууллагууд бэлтгэлтэй, иргэдийг болгоомжтой байхыг анхааруулав. Энэ сарын 1-ний байдлаар манай улсын 13 аймгийн 95 сум цагаан зудтай, өвөлжилт хүндэрч болзошгүй байсан бол одоо нийт нутгийн 70 орчим хувь нь цастай, 15 аймгийн 110 сум, нийслэлийн нэг дүүрэгт өвөлжилт хүндэрсэн гэж Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар мэдээллээ.
Тэрбээр “Цаашид хүйтний эрч чангарч, хур тунадас их хэмжээгээр орох төлөвтэй. Бид их цас орж, шуурах үед бусад нутгаас илүү зутардаг 14 аймгийн 88 сум, 142 даваа, 30 тал хөндийд гамшгийн үед ажиллах хүн хүч, техник хэрэгслийг бэлэн болгосон. Баян-Өлгий, Дорнод, Завхан, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтийд цас нэмж орвол өвөлжилт хүндрэх төлөвтэй. Тиймээс малчид, орон нутгийнхан сэрэмжтэй байх ёстой” гэлээ. Мөн тэрбээр “Малчид мал сүргээ онд тавтай оруулж, өвлийг өнтэй давахын тулд амь нас, эрүүл мэндээ гаргуунд гаргадаг. Тиймээс Засгийн газраас 12 аймагт төсөвлөсөн 1.1 тэрбум төгрөгийг малчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад зориулна” гэлээ.
Г.ОЮУНЖАРГАЛ: ХАСАХ 50 ХЭМ ХҮРЭХГҮЙ
Зурагт, сонин, сайт, сошиал ертөнцөд “Хасах 50 хэм хүрч хүйтэрнэ” гэсэн мэдээлэл түгээд буйг Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Г.Оюунжаргал үгүйсгэв. Гэхдээ өнөөдрөөс ес эхэлж буй учир хүйтний эрч аажмаар чангарах аж. Тэрбээр “Ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийн Алтай суманд цас хамгийн зузаан буюу гурван мм, бусад газарт 0.2-2 мм орсон.
Энэ сарын эхний бөгөөд дунд үед нэлээд дулаарсан ч сарын төгсгөлөөс хүйтэрнэ. 24-нөөс цаг агаар тогтворгүй болж, нутгийн баруун, зүүн хагаст цасан шуурга шуурна. Харин оны эхний саруудад цас их хэмжээгээр орж, томоохон голуудын сав газраар 37-48 хэм хүйтэрнэ” гэлээ.
ПИРОТЕХНИКИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ БОЛГООМЖТОЙ ХАРЬЦАХЫГ САНУУЛАВ
Шинэ жилийн баяртай холбогдуулан ОБЕГ-ынхан иргэдийг пиротехникийн хэрэгслийг зөвшөөрөлгүй газраас худалдан авч, бэртэж гэмтэхээс сэрэмжлүүлэв. Чанар, аюулгүйн шаардлага хангаагүй, хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, хэрэглэх заавар, тайлбаргүй пиротехникийн хэрэгсэл худалдан авч, зарж борлуулж буйг тэр бүр хянаж чадахгүй ч иргэд аюулгүй байдлаа хамгаалж, урьдчилан сэргийлэх бүрэн боломж бий аж.