Монголын авьяаслаг жүжигчдийн нэг, тайз, дэлгэцийн од Н.Цэвээнравдан агсны отгон хүү Ц.Төгсбилэгт аавынхаа мэргэжлийг өвлөжээ. “Говийн зэрэглээ”, “Ингэх гээд байсан юм”, “Би чамд хайртай”, “Найрын ширээний ууц” зэрэг кино, Улсын хүүхэлдэйн театр, УДЭТ-ын олон жүжгийн дүрийг бүтээсэн эрхмийн халааг залгаж яваа хүүтэй нь ярилцлаа.
Ц.Төгсбилэгт 2015 оноос УДЭТ-т ажиллаж буй аж. Тэрбээр өнгөрсөн хугацаанд У.Шекспирийн “Ромео, Жульетта”, Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжигт дүр бүтээгээд буй.
-Та аавтайгаа их адилхан юм. Хүмүүсээс ийм үг олон сонсдог биз?
-Байнга л сонсдог доо. Жил ирэх тусам улам л адилхан болоод байгаа. Аавыг маань мэддэг хүмүүс “Цэвээнээ залуудаа яг ийм байсан” гээд л инээдэг юм.
-Дуу хоолойны тань өнгө хүртэл адилхан юм.
-Тийм шүү. Заримдаа тайзан дээр сургуулилалт хийж байх үед ахмад уран бүтээлчид харчихаад “Сая Цэвээнээ л дуугарах шиг боллоо” гээд инээдэг. Их адилхан сонсогддог юм шиг байна лээ.
-Яагаад аавынхаа мэргэжлийг өвлөхөөр шийдэв?
-Ухаан орсон цагаасаа л аавынхаа тоглосон кинонуудыг үзэж, бахархаж өссөн минь нөлөөлсөн. Намайг бага байхад л аавын маань найзууд “Чи жүжигчин болох уу. Аавынхаа мэргэжлийг өвлөнө биз дээ” гэж асуудаг байв.
Намайг “Жүжигчин Н.Цэвээнравдангийн хүү” гэж дуудах нь “Чи жүжигчин бол” гэж байгаа юм шиг санагддаг байлаа. Аав минь эзэмшсэн мэргэжилдээ үнэхээр үнэнч, их хайртай байсан юм билээ. Тиймээс л зориглосон. Би Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж багшийн шавь.
-Н.Цэвээнравдан агсны таван хүүгийн отгон нь та. Дотнын найзууд, ээжид тань хөвгүүдийнхээ аль нэгд мэргэжлээ өвлүүлнэ гэж ярьдаг байсан болов уу?
-Намайг жаахан байхад энгэртээ тэвэрчихээд шагайгаа харвадаг байсан гэдэг. Мундаг харвадаг байсан гэнэ лээ. Намайг өхөөрдөөд “Энэ эр л миний мэргэжлийг өвлөнө дөө” гээд инээдэг байсан гэсэн. Аав минь намайг гурван ой арай хүрээгүй байхад өөд болсон юм.
Одоо дэргэд минь үгүй ч хүүгээ тэнгэрээс хараад баярлаж байгаа байх. Дотнын найзуудынх нь нэг найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Ганхуяг багшид “Бага хүүгээ жүжигчин болгоно” гэж ярьдаг байсан юм билээ.
Тийм ч болохоор Н.Ганхуяг багш аавыг минь орлон гараас минь хөтөлж, энэ мэргэжлээ эзэмшихэд хамгийн их түшиг болсон доо.
-Ах нар тань урлагийн мэргэжил сонгоогүй юм уу?
-Эмч, инженер, менежер гээд өөр мэргэжил эзэмшсэн, ах нар маань.
-Таныг аавынхаа мэргэжлийг өвлөнө гэхэд ээж тань дэмжсэн үү?
-Миний ээж С.Алтанцэцэг “Монгол кино үйлдвэрт 30 гаруй жил эвлүүлэгчээр ажилласан хүн. Урлагийн тогоонд залуу насаа өнгөрөөсөндөө тэр үү, эсвэл аавын захиасыг биелүүлэх гэсэндээ ч юм уу намайг энэ мэргэжлээ сонгоход шууд л зөвшөөрч, хамгийн их дэмжсэн.
-Өдгөө та аавынхаа ажиллаж байсан УДЭТ-т харьяалагдаж явна. Энэ “их айл”-ын босгыг давахад хэцүү байв уу?
-Өндөр босготой айл шүү дээ. Жүжигчин мэргэжил эзэмшсэн хүн бүрийн ажилладаг газар биш. УДЭТ-ын шалгалтад тэнцэж, дагалдан жүжигчнээр ажиллаж байгаадаа баярлаж байна. Гэхдээ болоогүй. Хурдан л жинхэлж, энэ театрынхаа үндсэн жүжигчин болох сон. Ахмад уран бүтээлчдээсээ суралцах зүйл их байна.
УДЭТ-т орсноосоо хойш У.Шекспирийн “Ромео Жулльетта”, Ш.Гүрбазарын “Жаргаагүй нар” жүжигт тоглолоо. Мөн Т.Габбегийн “Үнсгэлжин”, М.Сервантесын “Кихот ноён”, У.Шекспирын “Гамлет”, Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” жүжигт тоглосон.
-УДЭТ-ын босго давсан залуу жүжигчин ахмад уран бүтээлчид хадаг барьж, багш шавийн барилдлага тогтоодог уламжлал бий. Та хадгаа хэнд барьсан бэ?
-Заавал ахмад уран бүтээлч гэлгүй өөрийнхөө хүндэлж, үлгэр дуурайл авдаг уран бүтээлчид хадаг барьдаг юм. Би жүжигчин С.Болд-Эрдэнэ ахдаа хадгаа барьсан.
-Таныг УДЭТ-т шалгуулж, тэнцэхэд ахмад уран бүтээлчид Н.Цэвээнравдан агсны хүү гэдгийг мэдсэн үү?
-Шалгалт өгч байхад л мэдсэн байх. Өмнө нь мэдээгүй. Тэнцсэний дараа Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу дарга, Ардын жүжигчин Н.Сувд багшаас авахуулаад ахмад уран бүтээлчид, найруулагч нар “Аавынхаа ажиллаж байсан газарт ажиллахаар боллоо. Баяр хүргэе. Хичээгээрэй. Аавынхаа нэрийг өндөрт өргөж яваарай” гэж захисан. Намайг их дотно хүлээж авсан.
-Гэхдээ тайзан дээр хамтран тоглох явцдаа тэд “Аав нь мундаг хүн байсан юм. Харин хүү нь хэр чадварлаг вэ” гэж таныг их сонжиж буй байх.
-Тийм байх. Тийм хандлагыг мэдэрдэг, анзаардаг. Жүжгийн сургуулилалт хийх, жүжгээ тоглож байх үед аавтай минь жишиж, харьцуулж буй нь мэдэгддэг. “Сайн уран бүтээлч болоосой” гэсэндээ л тэгж харьцуулж, зааж сургадаг байх.
-Үүнийг л бүтээчих юм сан гэж шунадаг дүр бий биз?
-Байлгүй яах вэ. Гэхдээ хэлэхэд санаа зовмоор л юм. Хэрвээ боломж олдвол Гамлетад тоглож үзэх сэн гэж мөрөөддөг. Эрэгтэй жүжигчин бүр л энэ дүрийг бүтээхийг хүсдэг байх.
-Хэзээ нэг өдөр аавынхаа театрын тайзан дээр тоглодог байсан жүжгийн дүрд тоглох завшаан тохиох байх.
-Бодож л явдаг юм. Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл” жүжигт аав минь тоглосон шүү дээ. Тэр дүрд тоглож үзэх сэн гэж хүсдэг. Оюутан байхдаа Б.Балжинням найруулагчийн “Би чамд хайртай” киноны аавын тоглодог хэсгээс тоглож, бичлэг хийж байсан юм. Үзсэн хүмүүс “Их адилхан байна” гэсэн шүү.
-Аавынхаа дотнын найзууд, уран бүтээлчдээр дурсамж яриулдаг уу?
-Тэгэлгүй яах вэ. Ахмад уран бүтээлчид бүгд миний аавыг их сайхнаар дурсдаг. Улсын багшийн дээд сургуулийн кино драмын ангид багшилж, олон авьяаслаг залуу уран бүтээлч төрүүлсэн гавьяатан, жүжигчин төдийгүй шүлэг, кино зохиол бичдэг, орчуулга хийдэг авьяастан байсныг найз нөхөд нь дурсдаг.
Өрөөлийг ялгалгүй хайрлаж, хүндэтгэж чаддагийнхаа хэрээр бусдад хайрлуулж, хүндлүүлдэг байсан гэдэг. Аавын минь явсан газар инээд цалгидаг байсан ч гэдэг.
-Таны ямар зан чанар Н.Цэвээнравдан агсныхтай төстэй бол?
-Байгаа байдал минь л их адилхан. Зан чанарын хувьд ч төстэй тал байгаа байх. Ээж минь заримдаа миний хийсэн үйлдэл, байгаа байдлыг хараад “Аав чинь яг ингэдэг байж билээ” гэдэг юм.
Аавын тухай олон дурсамж ярьж өгдөг. Аав шигээ хүн болоосой, аавыгаа санаж яваасай гэсэндээ л тэр шүү дээ.
-Аав тань УДЭТ-ын хэдэн тоот өрөөнд суудаг байсан бол?
-16. Ардын жүжигчин П.Цэрэндагва, Төрийн шагналт Д.Сосорбарам, Гавьяат жүжигчин Г.Равдан, С.Дамдин ах нартай нэг өрөөнд суудаг байсан юм билээ.
-Тэр өрөөнд орж, харж сургуулилалтаа хийж, жүжигтээ бэлддэг байсан толиных нь өмнө сууж үзсэн үү?
-Одоо тэр өрөөнд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар зэрэг мундаг жүжигчин суудаг. Хараахан тэр өрөөнд орж, аавынхаа толины өмнө сууж чадаагүй л байна. Уг нь хүсдэг юм. Гэхдээ өөрийгөө чамлаад байгаа.
Яагаа ч үгүй байж тэр толинд харахаас зүрхшээгээд л тэр. Хэрвээ тэр толины өмнө суувал их сонин мэдрэмж төрөх байх. Тэр толинд аавтай минь холбоотой их олон дурсамж шингэж үлдсэн байх гэж боддог доо.
-“Аав минь байсан бол...” гэж бодох үе амьдралд тань их олон тохиолдож байсан уу?
-Зөндөө. Хүүхэд байхдаа “Аав минь байсан бол гоё доо” гэж боддог байлаа. Жаахан томроод “Аав минь байсан бол надад зааж, зөвлөнө дөө” гээд халагладаг байлаа. Энэ мэргэжлээ эзэмшсэний дараа “Аав минь байсан бол надад урам хайрлана даа” гээд л үргэлж санадаг.
Гэхдээ хүнд хэцүү үеэс илүү аз жаргалтай, амжилт гаргасан үедээ аавыгаа илүү санадаг. Надад хэзээ ч биелэхгүй нэг мөрөөдөл бий.
-Юуг тэгтлээ мөрөөддөг гэж?
-Би аавтайгаа хамт тайзан дээр жүжиг тоглож байна гэж мөрөөддөг, төсөөлдөг. Хэзээ ч биелэхгүй л дээ. Гэхдээ ингээд мөрөөдөхөөр өөрийн эрхгүй нүүрэнд инээмсэглэл тодордог юм.
-Та кинонд тоглуулах санал хэр авч байна вэ. Оюутан байхдаа “Худгийн мисс” кинонд тоглосон байх аа.
-Хоёрдугаар дамжаанд байхдаа Ж.Биндэр найруулагчийн “Худгийн мисс” кинонд тоглосон. Одоо бол кинонд тоглохоос илүү театрынхаа ажилд шамдаж байна.
Чадвараа аль болох хурдан ахиулж, театрынхаа үндсэн жүжигчин болмоор байна. Тийм болохоор өөр зүйлд сатаарах бодол алга.
-Аавынхаа бүтээсэн аль дүрд, ямар бүтээлд нь хамгийн их хайртай вэ?
-Тоглосон кинонууд нь зурагтаар их гардаг. “Ирж яваа цаг”, “Би чамд хайртай” гээд л. Аавын тоглосон кино гарч байвал заавал үзэж дуусгадаг юм. Би аавынхаа “Ирж яваа цаг” киноны Шагдарын дүрд их хайртай. Дүр бүрээ хөдөлмөрлөж, авьяасаа шингээж бүтээсэн нь дамжиггүй.
Гэхдээ Шагдарын дүр аавтай минь илүү ойр юм шиг санагддаг. “Говийн зэрэглээ”- гийн ангийн байцаагчийнх нь дүр ч мундаг. Хүмүүс аавыг минь энэ дүрээр нь маш сайн мэддэг шүү дээ.
-Аав тань 42 настайдаа өөд болсон юм билээ. Эр хүний хувьд идэр нас шүү дээ. Та аавынхаа тэр насанд хүрэхдээ ямар амжилтад хүрсэн байхаар төлөвлөж байна вэ?
-Жаахан байхад 40 гаруй настай хүнийг хөгшин гэж санадаг байлаа. Гэтэл үгүй юм байна. Ид хийж бүтээдэг, идэр нас байдаг аж. Аавынхаа мэргэжлийг өвлөнө гээд зориг шулуудсан тэр үе миний хувьд анхны амжилт.
Харин аавынхаа насанд хүрэхдээ мэргэжилдээ эзэн, хамт олондоо үлгэр жишээ нь болчихсон байхыг л хүсэж байна.
-Та гэр бүл зохиож амжсан уу?
-Үгүй ээ, амжаагүй. Ганц бие.
-Ээж, ах нар нь яаруулахгүй байна уу?
-Яарахгүй байна. Эхний ээлжинд ажилдаа, мэргэжилдээ эзэн болох гэж хичээж явна. Цаг нь ирэхээр болох л байлгүй.
-Таны зорилго юу вэ?
-Их олон байна даа. Олон түмэндээ хайрлуулж, аав шигээ чадварлаг, мундаг жүжигчин болохыг мөрөөддөг. Бүр цаашилбал, дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргах сан гэж мөрөөддөг.