Энэ удаагийн зочноор залуу эмч, магистр, докторант А.Ариунзаяаг урьж, ярилцлаа. Тэрбээр нүдний төрөлд Монголдоо тэргүүн эгнээнд явдаг “Болор мэлмий” эмнэлэгт торлог шилэнцэр, хүүхдийн эмчээр ажилладаг юм. Салбартаа манлайлж, ур чадвар, хичээл зүтгэлээрээ цойлж яваа түүнийг Монголын залуучуудын холбооноос үнэлж “Алтан гарт залуу эмч” шагналыг өнгөрсөн лхагва гаригт хүртээсэн юм.
Мөн тэрбээр 2011 онд “Тэргүүний залуу” алтан медаль, 2015 онд ЭМЯ-ны “Жуух бичиг”-ээр шагнуулсан, өсөж яваа эмч юм.
-Юуны өмнө “Алтан гарт залуу эмч” болсонд баяр хүргэе. Энэ шагнал таны ажлыг үнэлж, урам хайрласан нь лавтай. Өдий зэрэгтэй эмч болоход тань гүүр болсон хүн хэн бэ?
-Монголын залуучуудын холбооны дэргэдэх Эрүүл мэндийн байнгын хороо, Эрүүл мэндийн корпорацаас санаачилсан оны тэргүүний залуу эмч шалгаруулах ёслолд нүдний эмчийн төрлөөс шилдэг болсондоо маш их баяртай байна. Энэ шагнал залуу эмч нарт урам зориг, эрч хүч өгсөн сайхан зүйл боллоо.
Мэргэжил дээшлүүлэхийн тулд олон сургалтад хамрагдан, гадаадын хэд хэдэн оронд суралцаж, эрдэм шинжилгээний цөөнгүй ажил хийсэн. 2014 онд эрдмийн зэрэг хамгаалаад, одоо доктор болох гээд явж байна. Үүний зэрэгцээ эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, нийтлэл хэвлүүлсэн.
Энэ бүхэн маань бага хэмжээгээр нөлөөлсөн ч багш нарын маань сургаал надад хамгийн их түлхэц болсон. Тэд минь намайг аливаа зүйлд хурцалж, зааж, зөвлөж, шахаж шаардсаны хүчинд үеийнхээ залуусыг манлайлан, түрүүнд нь алхахын төлөө эрмэлзэж явна.
-Та хэдэн жил эмчийн ажил хийж байна вэ?
-Эрүүл мэндийн салбарт ажиллаад 11 жил болж байна. Энэ хугацаанд ЭХЭМҮТ, Улсын клиникийн II эмнэлэгт ажилласан. Өдгөө “Болор мэлмий”-д торлог шилэнцэр, хүүхдийн их эмч хийж байна. Миний ажиллаж буй энэ төрөл манай улсад гурван жилийн өмнөөс орж ирсэн.
Одоохондоо гарын таван хуруунд багтах мэргэжилтэн бий. Тэдгээрийн нэг нь болж энэхүү албанд хүчин зүтгэж явна.
-Эмч байна гэдэг тэр дундаа хүний нүд эмчилнэ гэдэг амаргүй шүү дээ. Яагаад ийм мэргэжил сонгох болов. Удамд тань эмч бий юү?
-Миний багш Ардын эмч, доктор, профессор, “Болор мэлмий” эмнэлгийг үүсгэн байгуулагч Ж.Баасанхүү. Багаасаа эмч болох сонирхолтой байсан учраас АШУҮИС-д орж, “Хамгийн нарийн мэргэжлийн мэс заслын эмч болно” гэсэн хүсэл тээж байсан. Тэр дундаас нүд, тархи, зүрхний мэс засалчаас алийг нь сонгохоо мэдэхгүй байсан ч багш маань үг, үйлдэл бүрээрээ үлгэрлэж, нүдний эмч болох замыг минь хөтөлсөн.
Мөн АШУҮИС-ийн багш Д.Уранчимэг, Булган, ЭХЭМҮТ-ийн эмч Алтанхүү нарыг дурдахгүй өнгөрч болохгүй. Тэд минь намайг байнга хажуудаа байлгаж, зааж сургаж байсан.
-Нүдний торлог, шилэнцэрийн эмч хуруу дарам цөөн гэсэн. Тэгвэл энэ чиглэлийн мэргэжилтнийг хаана бэлтгэдэг вэ?
-Би АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд, үргэлжлүүлэн нүдний мэс заслын ерөнхий эмчээр суралцсан. Тэгээд Энэтхэг улсад торлогийн чиглэлээр сурсан. Түүнчлэн Бээжинд нэг жил, Сингапур, Тайланд, Тайванд мэргэжил дээшлүүлсэн. Манай улсад энэ чиглэлийн эмч байгаагүй үед хүмүүс торлогийн мэс заслыг гадаадад хийлгэдэг байсан.
Өртөг өндөртэй учраас мөнгөтэй нь эдгэрч, боломжгүй нь хараагүй болж байв. Гэвч манай эмнэлэг үнэтэй, сайн тоног төхөөрөмж оруулж ирэн, боловсон хүчин бэлдэж, дотооддоо эмчлэх болсон.
-Торлог шилэнцэр гэж яг ямар өвчнийг хэлдэг юм бэ?
-Энэ нь нүдний өвчнөөс хамгийн хүнд нь. Нүдний дотор талын бүрхүүл, бүх торлог эд, харааны мэдрэл, судасны цөм гэмтсэнээр бий болдог өвчин. Улмаар хараагүй болгодог гэмтэй. Чихрийн шижин, удамшлын өвчин хүндрэхээрээ нүдний торлогийг гэмтээдэг.
Мөн хараа муутай хүмүүсийн торлогийг эмчлэхгүй удах тусам нимгэрч, цоорох, урагдах аюултай. Цөөн тохиолдолд гэмтэл, саажилт, харвалтаас үүдэн дээрх өвчнөөр өвдөх магадлалтай. Өвдсөн хүний нүдний угийг дурандах, урагдсан бол лазераар эмчлэх, урьдчилан сэргийлэх зэргээр эмчилгээ хийдэг.
-Та хялар засах цөөнгүй хагалгаа хийсэн юм билээ. Ийм үед засрах, бүрэн эдгэх боломжтой юу?
-Харааны гажигтай хялар хүүхдүүд төрсөөр л байна. Төрөлхийн гажигтай бол мэс заслаар, хараа муутай бол зориулалтын, таарсан шил зүүснээрээ засрах боломжтой. Гэвч үзүүлэхгүй, анхаарахгүй байснаас болж мэс засалд орохоос өөр аргагүйд хүрэх, орсон ч эдгэрэхгүй байх тохиолдол бий.
Тиймээс эцэг эхчүүд хараа муутай, удмын харааны бэрхшээлтэй хүүхдийнхээ харааг хоёр наснаас нь эхэлж тогтмол шалгуулж, зургаан сар тутамд үзүүлж, шил тааруулан зүүж хэвших нь чухал гэдгийг хэлмээр байна.
-Махнаас нүд, яснаас шүд гэдэг дээ. Ийм эмзэг эрхтэнд мэс засал хийх эрсдэлтэй байх даа. Таны хийсэн 700 орчим хагалгааны үеэр ямар нэгэн хүндрэл гарч байв уу?
-Ямар ч мэс засал тодорхой эрсдэл дагуулдаг. Заримдаа цус алдах, булчин сулрах, оёдол задрах тохиолдол бий. Хүүхдүүдэд бүрэн мэдээ алдуулалт хийгээд, хагалгаанд оруулдаг. Насанд хүрэгчдийн хувьд ч хагалгааны үеэр хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. Гэвч өнөөг хүртэл миний хийсэн хагалгаанд ямар нэгэн асуудал гараагүй.
Багш нарын зааж, сургаснаар бүхнийг хийхийг хичээж, аливаад үргэлж бэлтгэлтэй байдаг. Харин хагалгааны дараа улайх, хавдах, цус гарах, нэг юмыг хоёр болгож харах зэрэг хүндрэл үүсдэг ч яваандаа эдгэрдэг.
-Таны мэргэжлийн сайхан нь юу вэ?
-Хамгийн нарийн, ур чадвар шаардсан ажил боловч хүний мэлмийг нээж, хараатай болгоно гэдэг сайхан зүйл. Хагалгаанд орсон хүмүүсийн 80-аад хувь нь үргэлж талархлын үг хэлдэг.
-Залуу хүн мөрөөдлийн далайтай байдаг шүү дээ. Таны мөрөөдөл юу вэ?
-Мэдээж хүний хүсэл хязгааргүй. Эмч хүний хувьд ирээдүйд өвчнийг багасгах, тууштай тэмцэх том хүсэл байна. Гэхдээ юуны түрүүнд аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах шаардлагатай. Миний санаагаар болдог бол орон нутагт очиж, хүмүүст нүдний өвчний талаар, ямар хор хөнөөлтэйг, мэлмийгээ хэрхэн хамгаалах, хоолны ямар дэглэм барих талаар зөвлөгөө, сургалт явуулмаар байна.
Үзлэгт хамруулж, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, ядарсан нэгэнд туслах хүсэл байна. Сонгинохайрхан дүүрэгт үзлэг хийж байхад хараагүй болсон, хөгжлийн бэрхшээлтэй, ядуу хүн маш олон байсан нь үнэхээр харамсалтай, сэтгэл өвтгөсөн.
Гэтэл улсын нүдний эмнэлэг цөөтэй манайд урьдчилан сэргийлэх битгий хэл өвчтнөө дийлэхгүй байна шүү дээ.
-Өдөрт хэчнээн хүн торлог, шилэнцэрийн үзлэгт хамрагддаг вэ?
-Үүнийг гаргахад үнэхээр амаргүй. Манай эмнэлэг улсынх шиг ачаалал ихтэй байдаг. Боловсон хүчин, тоног төхөөрөмж хүрэлцээтэй ч үйлчлүүлэгч цөөрөхгүй байна.
-Тэгвэл нүдний өвчнөөс яаж сэргийлэх ёстой бол?
-Нийгмийн хүчин зүйлс буюу стресс, тамхидалт, хорт утаанаас болж дутуу төрөлт, хоол хүнс зэрэгтэй холбоотой хүүхдийн төрөлхийн нүдний хорт хавдар, хараа нь гүйцэд хөгжихгүй байх зэрэг нь нэмэгдэж байна. Дутуу төрсөн хүүхдийн эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжгүй.
Түүнчлэн бидний эргэн тойронд компьютер, гар утас, тоглоом, хичээлийн хэт ачааллаас болж хараа муудах эрсдэл өндөр байна. Тиймээс ээжүүд хүүхэд тээсэн цагаасаа эхэлж зөв хооллох, ухаалаг хэрэгслээс аль болох хол байх хэрэгтэй.
-Хоёулаа ярианы сэдвээ жаахан өөрчилье. Таны хувьд аз жаргал гэж юу вэ?
-Эмч хүн болохоор эрүүл мэндийг л хамгийн том аз жаргал гэж боддог. Үүний дараагаар элэг бүтэн, ажилтай орлоготой амьдрал, идэж уух, өмсөх зүүх нь элбэг хангалуун, гэр бүл, найз нөхөд, үр хүүхэдтэй байх. Өдөр, шөнөгүй мөнгөний төлөө зүтгэсэн хэрнээ өвдөж, олсон мөнгөө түүндээ зарцуулах нь аз жаргал биш.
-Эмч хүний ажил маш хариуцлагатай. Тэр хэрээрээ цаг наргүй. Таны хувьд гэр бүлдээ цаг зарцуулж чаддаг уу?
-Улсын эмнэлэгт ажиллаж байхдаа жижүүрт гарч, яаралтай дуудлагад олон явсан. Шинэ жилийн үеэр тэсэрдэг тоглоом, салютанд өртсөн, харандаа, баланд нүдээ хатгасан хүн олон ирдэг. Тэр болгонд шөнө дуудагдах нь энгийн л зүйл.
Гэр бүлдээ зарцуулах цаг хомс байдаг ч тэд маань намайг ойлгодог болохоор өдий зэрэгтэй явна. Эмч хүн үргэлж суралцаж байдаг. Тиймээс ажилдаа дуртай, мэргэжилдээ хайртай болохоор өөрийгөө хөгжүүлэхэд анхаардаг.
-Та их зарчимч, хариуцлагатай хүн шиг санагдлаа.
-Би аливаа зүйлийг эхэлсэн бол дуусгахаас нааш санаа амардаггүй зантай. Хятадад нэг жил сурахдаа цаг бол алт гэдгийг мах цусандаа шингэтэл ойлгосон. Цагийг үр бүтээлгүй өнгөрөөх үнэхээр дургүй болсон. Чөлөөт цагаараа амрах биш, өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг.
Кино үзсэн ч хадмал орчуулгатайг нь сонгож, англи хэлний сонсдог хичээл сурах зэргээр цагийг ашигладаг. Юу ч хийхгүй сууж байгаа хүнийг харахаар өөрийн эрхгүй бухимддаг. Залуу нас, цаг хугацаа эргэж олдохгүй шүү дээ. Тиймээс одоо хийхгүй бол хэзээ хийх юм бэ.
-Цагийг үр бүтээлгүй өнгөрөөдөг хүн цөөнгүй. Тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Залуус нэг үеэ бодвол хөдөлмөрч, оюунлаг болсон байна. Гэсэн ч цаг ашигладаггүй, дэмий сэлгүүцдэг хүн бас цөөнгүй байна. Цаг нартай уралдаж, өөртөө болон ирээдүйнхээ төлөө зорилготой байгаарай. Аливаа зүйлийг маргааш гэж хойшлуулах тусам улам хэцүү болно.
-Эмч хүн ямар байх ёстой бол?
-Эмч хамгийн түрүүнд ёс зүйтэй байх нь чухал. Тэгээд өндөр мэдлэг, боловсролтой, хүнээ гэсэн сэтгэлтэй байх ёстой. Өвчтэй хүний оронд өөрийгөө, гэр бүлийнхнээ тавьж, төсөөлж харилцах хэрэгтэй.
-Таны аав зураач хүн гэсэн. Ийм аавын охин авьяастай байх даа.
-Аав минь шүлэг бичнэ, ая зохионо, зураг зурна. Үүний зэрэгцээ хуульч мэргэжилтэй хэрнээ боксын спортын мастер цолтой, Бие хамгаалах холбооны тэргүүн, бурхан урлаач гээд олон талын, мэргэжил сонирхолтой, бүтээлч, хөдөлмөрч, дайчин хүн. Жаран настай ч залуу хүн шиг шүү.
Өглөө таван цагт босож дасгал хийнэ, цэцгээ усална, хоолоо хийнэ. Ер нь бүгдийг амжуулна даа. Тиймдээ ч надад үргэлж “Муу хүмүүстэй нөхөрлөж болохгүй. Цагийг зөв өнгөрөөх ёстой” гэх мэтээр сургадаг.
Заримдаа би уурлаж бухимдах, стресдэх үедээ өөрийгөө тайвшруулах гэж зураг зурна аа. Аавын дуурайл байх. Мөн би бүжгийн авьяастай. Мэргэжлийн биш ч сонирхогчийн түвшинд давгүй ээ. Ажилласан газрынхаа урлагийн арга хэмжээг дандаа зохион байгуулдаг.
“Хүмүүс “Эмч нар гар хардаг. Мөнгө өгөхгүй л бол эмчилдэггүй” гэсэн буруу ойлголттой байдаг. Гэтэл ёс зүйтэй байна гэж тангараг өргөсөн эмч мөнгө өгөөгүйнх нь төлөө хүнийг дутуу эмчилнэ гэж бодохгүй. Харин ч “Яаж энэ хүнийг эмчлэх вэ. Эдгээчих юмсан” гэж эмч болгон боддог.
Танил тал, том даргаар яриулах тусмаа л эмчийг илүү сандрааж, алдаа гаргахад нөлөөлдөг гэдгийг хэлмээр байна” хэмээсэн түүний үгээр ярилцлагаа өндөрлөе.