Нэг мод амьдралынхаа туршид 38 сая төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 120 сая орчим төгрөгөөр хэмжигдэх ус эргэлтэд оруулж, агаар цэвэршүүлдгийг судлаачид тогтоожээ. Өөрөөр хэлбэл, 160 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх баялгийг та бидэнд үнэгүй бэлэглэдэг гэсэн үг. Харин энэ их баялагт эзэн суусан бид байгалиа хайрлан хамгаалахад хэчнээн төгрөгийн хувь нэмэр оруулдаг бол... Ой модны үнэ цэнэ, ач холбогдлыг ойлгуулсан нэгэн чухал арга хэмжээ өнгөрсөн баасан гаригт болсон нь “Ойн эрдэмтдээ сонсъё” уулзалт байлаа. Цагаан өвлөөр ногоон ой ярилаа гээд гайхаж магадгүй л юм.
Гэвч манайх шиг агаар, хөрсний бохирдол ихтэй, сүүлийн таван жилд 759.2 мянган га талбай бүхий ойгоо “тавиад туучихсан” орны хувьд ногоон хөгжлийн асуудал өвөл, зунгүй анхаарлын төвд байх ёстой. БОАЖЯ-наас санаачлан өрнүүлж буй “Эрдэмтдээ сонсъё” цуврал уулзалтын хүрээнд болсон гурав дахь арга хэмжээ нь энэ бөгөөд хурлаар дэлхийн хамгийн үнэтэй гурван баялгийн нэг гэгддэг ойн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй бэрхшээлийг онцлон хэлэлцэв. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, цөлжилт зэрэг байгаль эхийн хилэгнэл, хүний буруутай үйл ажиллагаанаас болж ойн нөөц жилээс жилд буурсаар буй энэ үед эрдэмтэн судлаачдын санал, байр суурийг сонсох нь тулгамдаж буй асуудлуудыг зөв, оновчтой шийдэх гол түлхүүр.
БОАЖ-ын сайд ч уг үйл ажиллагааг нээхдээ “Эрдэмтэд Монгол орны ойн нөөц, баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх асуудлаар саналаа хуваалцсанаар төрийн бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй, зөв, оновчтой төлөвлөн хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно” хэмээн тодотгосон. “Өмнөх уулзалтуудаас өргөн хүрээнд болж байна” гэж зохион байгуулагчид онцолсон уг үйл ажиллагаанд ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, ХААИС, МУИС, Монгол орны “UN-REDD” үндэсний хөтөлбөрийн төлөөлөл 50 гаруй судлаач оролцож, саналаа солилцов.
Оролцогчид БОАЖЯ-ны уг санаачилгыг сайшааж байсан ч санал бодлыг нь сонсоод зогсохгүй бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлж, хамтарч ажиллахад анхаарах хэрэгтэйг сайдад онцгойлон захилаа.
АШИГЛАЯ, БАС ХАМГААЛЪЯ
Ойг хэрхэн хамгаалах вэ. Нэг ширхэг ч мод тайруулж, огтлуулахгүй, ашиглуулахгүй байх уу. Эсвэл хортон шавьж, ойн элдэв өвчлөлөөс хамгаалж байна гэх нэрийдлээр өмхөрч хөгширснийг нь үг дуугүй тайраад л байх уу. Мэргэжлийн судлаач, дендрологичид энэ асуултад “Эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй” гэж хариулав. Ойн нөөцөө хамгаалж, хэмнэх ёстой байтал яагаад ашиглах шаардлагатай гэсэн юм бол. Нэг баримт сөхье. Манай улс нэг хүнд ногдох ойн хэмжээгээр дэлхийн дунджаас хэд дахин өндөр ч ойн салбараас олж буй орлого эдийн засгийн ердөө 2-4 хувийг бүрдүүлдэг гэнэ.
Социализмын үед 20 орчим хувийг бүрдүүлдэг байж. Харин ойн нөөцөөр манай орноос бага ч ашиглаж, хамгаалах чиглэлээр хавьгүй туршлагатай Швед тэргүүтэй зарим орон ДНБ-ийхээ 40-50 хувийг энэ салбараас төвлөрүүлдэг аж. Тэд байгалийн нөөцөөс төвлөрүүлсэн орлогынхоо зохих хувийг ойн сангаа хамгаалж, нөхөн сэргээхэд зарцуулдаг. Харин манай улс ойг эдийн засгийн эргэлтэд оруулахад ер анхаардаггүй гэж судлаачид онцлов. Харин ч хамгаалж байна гээд хав дарж, нөхөн сэргээх ажилд зарцуулдаг мөнгийг жил бүр улсын төсвөөс гаргуулдаг юм байна. Олон жил мөрдөгдөж буй энэ тогтолцоо хамгийн буруу жишиг гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрөв.
Өөрөөр хэлбэл, ойн салбар өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг байх ёстой гэж үзэж байна. Доктор Д.Тэгшжаргал “Ой бол нөхөн сэргээгддэг баялаг учраас ашиглалтыг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй. Харин байгалийн жамаар сэргэн ургаж буй ойг хамгаалах, ургах орчин нөхцөлийг нь сайжруулах, түймрээс хамгаалах, шавьжны хор хөнөөлийг бууруулах хэрэгтэй” гэв. БОАЖЯ-ныхан ч “Ойн тогтвортой менежмент”-ийг хэрэгжүүлэхдээ нөхөн сэргээх зардлыг нь ашиглалтын орлогоос нөхөх чадавхтай болгоход анхаарч ажиллана гэж мэдэгдэв.
БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга М.Тунгалаг “Ойн салбарын өгөөж маш бага байна. Уг нь бидэнд өргөн боломж бий ч ашиглаж чадалгүй өдий хүрчээ. Бид энэ салбараас ашиг олох биш, дандаа мөнгө зарлагадаж ирсэн. Ой модыг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой олон дүрэм журам бий ч тэдгээрийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байна. Бид ХБНГУ-ын тусламжтайгаар хийсэн “Олон зорилтот үндэсний ойн тооллого”-ын материалыг энэ сарын 13-нд Засгийн газарт хүлээлгэж өгнө. Энэ нь 40 жилийн дараа хийсэн, бүрэн хэмжээний тооллого судалгаа юм.
Үүнийг хүлээлгэн өгч, танилцуулснаар ойн бодлогын баримт бичгээ шинэчлэн сайжруулж, өөрчлөх, баримталж ирсэн дүрэм журмаа эргэж харах цаг болсныг ойлгох байх” гэв. Эрдэмтэд ойн нөөцөө ашигласан шиг ашиглаж, хамгаалсан шиг хамгаалъя гэдэгт санал нэгдэв.
ОЙН ЭМЧ ДУТАГДАЖ БАЙНА
Манай улс социализмын үед ойн мэргэжилтэн бэлтгэх зорилгоор оюутан залуусаа ЗХУ руу илгээдэг байсан гэдэг. Энэ чиглэлийн мэргэжилтэн зайлшгүй бэлтгэх шаардлагатай байсан учраас хол ойрыг үл харгалзан, хэлний бэрхшээлийг тоолгүйгээр харь орныг зорьдог байсан хэмээн ой судлаач нэгэн өвөө өгүүллээ. Өдгөө харин манай улсад таван сургууль энэ чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг болжээ. Гэвч энэ чиглэлээр суралцагчдын тоо жилээс жилд буурсаар буй аж. Энэ нь ойн салбарын хөгжлийг доройтуулж, мэргэжилтнүүдийн чадвар “бүдгэрэх” аюулд хүргэх вий хэмээн хаширлах судлаач ч байв.
Мод тарихын ач холбогдлыг хүн бүр мэдэх ч түүнийг хэрхэн арчилдаг, нөхөн сэргээж хамгаалахын тулд юу хийх ёстой гээд нарийн зүйлсийг эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүд хэнээс ч илүү мэдэж буй. Тиймээс л ойн салбарт мэргэжлийн боловсон хүчин ус, агаар шиг хэрэгтэй гэв. МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн доктор С.Гэрэлбаатар “Эрдэмтдийн саналыг хүлээн авч, төр, засгийн бодлогын түвшинд хэрэгжүүлэх боломжтойгоороо уг уулзалт ихээхэн онцлог, ач холбогдолтой. Манай улсын хувьд ойн сангийн доройтол, хомсдол хамгийн чухал тулгамдсан асуудал болсон. Мөн оновчтой технологи нэвтрүүлэх шаардлагатай. Үүний тулд чадварлаг мэргэжилтэн бэлтгэж, ажиллуулах ёстой” гэсэн бол доктор Н.Баатарбилэг “Ойн чиглэлээр бэлтгэгдэж буй мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байна. Бусад орон Ойн факультеттай байхад Монголд алга. Тиймээс БОАЖЯ ойн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалах зөвлөл байгуулах ажлыг эрчимжүүлж, дэмжих нь чухал” гэв.
БОАЖЯ-ныхан ч ойн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх тогтвортой тогтолцоо бий болгож, тэднийг баталгаат ажлын байртай, амьдрал ахуйд нь хүрэлцэхүйц орлоготой байх эдийн засаг, нийгмийн орчныг бүрдүүлэхэд анхаарахаа хэлсэн.
ДОРОЙТЛЫГ БУУРУУЛЖ, ХҮЛЭМЖИЙН ХИЙТЭЙ ТЭМЦЬЕ
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон Монгол Улсын ногоон хөгжлийн бодлогод ойн нөөцийг хамгаалах, үр өгөөжтэй ашиглах чиглэлээр хэд хэдэн чухал зорилт тусгасан байдаг. Жишээлбэл, цөлжилтийг сааруулан, ойжуулах ажлыг эрчимжүүлж, 2030 он гэхэд ойгоор бүрхэгдсэн талбайг нийт ес (одоо 7.78 хувь ), мод ашиглалтын түвшинг 80 хувь болгож өсгөнө гэжээ. Гэвч бодит байдал дээр манай орны ойн 80 орчим хувийг хөгшин мод бүрдүүлж, ойн доройтол хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг нэмэгдүүлж буй гэсэн айхтар баримтыг мэргэжилтнүүд хэлсээр байгаа.
Энэ аюулаас хамгаалахын тулд нэн түрүүнд ойн доройтлыг бууруулахад анхаарах хэрэгтэй гэв. Гэвч эрс тэс уур амьсгалтай манай орны ой нь байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар муу, түймэр, хөнөөлт шавьж, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд хялбархан өртдөг, эмзэг экосистем учир хомсдол, доройтлыг бууруулах замаар хүлэмжийн хийн хэмжээг багасгах нь хамгийн чухал гэж Монгол орны “UN-REDD” үндэсний хөтөлбөрийнхөн онцлов.
Тэд уг ажлынхаа эхлэлийг сансрын судалгаагаар тавиад буй аж. Тус хөтөлбөрийн талаар доктор Билгүүн “Бид хөтөлбөрийн хүрээнд сансрын зураг ашиглан судалгаа хийсэн. Удахгүй Монгол орны ойгоос гарч буй хүлэмжийн хийн ялгаруулалт, шингээлтийг тооцож гаргах төлөвлөгөөтэй байна” гэсэн юм.