Шинэхэн Төрийн соёрхолт Жамбын Дашдондогийг “Хоймор”-тоо урилаа. Шумбаж өссөн Шувуутын голоо Орхон, Сэлэнгэ, Байгаль, Ангар, Енисейгээр дамжин Хойд мөсөн далай хүрдэг гэж итгэдэг энэ хүн хүүхдийн зохиолч.
Түүнийг хүүхдийн зохиол дагнан бичиж, үе, үеийн багачуудыг унших шүлэг, сонсох үлгэр, дуулах дуутай байлгах үйлсэд үнэнч зүтгэснийх нь төлөө Төр соёрхсон юм.
-Төрийн соёрхол хүртсэнд тань уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Энэ эрхэм шагналыг хүүхдийн зохиолч хүртсэн нь цөөхөн байх?
-Баярлалаа. Миний бичсэнийг уншдаг үе, үеийн хүүхдүүддээ баярлалаа гэдэг үгээ дахин хэлье. Надаас өмнө хүүхдийн зохиолчдоос П.Хорлоо, Л.Түдэв, Д.Гармаа гурвыг л төр соёрхсон. Тэд хүүхдийн болон том хүний зохиол аль алийг нь бичдэг. Харин би хүүхдийн зохиолоор дагнасан.
-Ажил ихтэй байхад чинь дахин дахин утасдсаар аваад ирэв үү дээ?
-Би Д.Содномдорж багшийнхаа гэрт очин хүндэтгэл үзүүлж, гэр бүлийн хүнтэй нь баяраа хуваалцаад ирлээ. Д.Содномдорж агсан намайг хүүхдийн утга зохиолд хөтлөн оруулж, шүлгэн моринд мордуулсан хүн. Миний марташгүй ачтан. Багшийг маань Төрийн шагналд долоон удаа дэвшүүлэхэд өгөөгүй.
Баасан гуай (Д.Содномдорж агсны эхнэр) миний Төрийн соёрхлын тэмдэгт мөргөөд, уйлж байна, хөөрхий. Л.Түдэв, Д.Содномдорж хоёр бол Монголын шинэ үеийн хүүхдийн утга зохиолыг үндэслэсэн улс. Бөхөөр бол зүүн, барууны магнайд гардаг аваргууд шүү дээ.
-Та дунд сургуулийн сурагч байхдаа яруу найргийн номоо гаргасан гэсэн. Хэдэн настайгаасаа шүлэг, зохиол бичиж эхэлсэн бэ?
-Би 3-4 настайгаасаа мэдэрч, бичиж эхэлсэн гэж хэлдэг юм. Ингэж хэлэхээр хүмүүс “Битгий худлаа ярь. Яаж тийм жаахнаасаа бичдэг юм бэ” гэдэг. Би өвөөгийн гэр, өөрийн гэр хоёрын хооронд зам гартал гүйдэг жаал байлаа. Нэг өглөө бостол цас дараад, зам байхгүй болчихож.
Тэр цас надад аварга том цаас шиг санагдаж, нэг л өвөрмөц мэдрэмж төрөн, шилбүүрийн үзүүрээр морь зурснаа санадаг юм. Хүүхэд, хөгшдийн хөл залгуулдаг, маажуулах дуртай, номхон морио бодож түүнийг зурсан. Тэр бол миний сэтгэмжээ дүрсэлсэн анхны тохиолдол. Түүнээс хойш миний дүрслэл, сэтгэлгээнээс морь салаагүй. “Аранзал зээрд”, “Морьтой үлгэр” гээд гол бүтээлүүд маань морьтой холбоотой байдаг.
-Таны бүтээл гадаадын сурах бичигт орсон гэсэн. Тэр тусмаа утга зохиолын арвин их өвтэй, хүүхдийн уран зохиолын өнгийг тодорхойлдог Англи орон сурах бичигтээ таны бүтээлийг оруулсан гэж сонссон?
-Тийм. “Eсөгчин” үлгэр Английн сурах бичигт, “Гэр” үлгэр Халимагийн сурах бичигт орсон. Өвөрмонголын сурах бичигт миний бүтээл олон бий. Ер нь миний бүтээл Өвөрмонголд тарсан шиг Монголд тэгж тарж чадсан уу, үгүй юү, мэдэхгүй. Өвөрмонголчууд миний дууг дуулна, шүлгийг уншина, үлгэрийг ярина. Тэнд очихоор уран бүтээлийн үдэшлэг хийдэг.
Эцэг, эхчүүд, хүүхдүүдийн уншсанаа ярьж байгаа нь бахархмаар шүү дээ. Миний нэлээд олон номыг хэвлүүлсэн. Одоо дахиад хэдэн боть гаргана гэж ярьж байгаа.
-Утас чинь завсаргүй хангинаад л, Төрийн соёрхол хүртсэн баярыг тань олон хүн хуваалцаж байна. Энэ баярт өдрөө ээж, ааваа дурсах нь хүүгийн үүрэг болов уу?
-Аав минь нутагтаа алдартай уургач, анчин хүн байв. Манай нутгийнхан барьж чадахгүй ороо, хангал морио Жамбаар бариулна гэдэг байсан гэнэ билээ. Манайх тийм ч хангалуун биш, бас тартагтаа тулсан ядуу ч биш айл байсан. Цөөн малтай болохоор ангийн махаар хоол хийнэ. Элдэв өвчин хэлэхгүй өдий насалж яваа минь түүний ач.
Ээж минь “Жамба бид хоёр харанхуй, бүдүүлэг улс. Хүүхэд сургаж, хүмүүжүүлэх орчин үеийн арга, ухааныг мэдэхгүй. Хүүхдүүдээ даалгавраа хийж байна уу, үгүй юү гэдгийг шалгаж чадахгүй. Хүү минь өөрөө л даалгавраа хийж, хичээл номоо үзэж, өөрийгөө хүмүүжүүлсэн” гэж хэлдэг байв. Аав, ээж минь тэр үеийнхний л адил бичиг, үсэггүй, мал дагаж явсан улс.
Надад бүрэн итгэж, миний сонгосон замаар явуулсан. Ингээд бодохоор би ямар азаар харанхуй, бүдүүлэг аав, ээжтэй байгаа вэ гэж баярладаг. Эмч аав, ээжтэй байсан бол эмч болох үүрэг хүлээх байсан ч юм бил үү. Аав, ээж минь намайг ийш, тийш чангаагаагүй учраас би өөрийгөө эрж, хайж, олж явна.
-Таны үеийнхэн уран зохиолтой хэрхэн танилцдаг байв. Уран зохиолд татагдсан тухайгаа хуучлаач?
-Намайг сумандаа дөрөвдүгээр анги төгсөөд аймгийн 10 жилийн сургуульд дэвшин суралцах болоход манайх аймгийн төв рүү нүүсэн. Аав минь авто өртөөнд сахиул хийхээр болж, манайх тэнд нь буулаа. Авто өртөө нь төвөөсөө нэлээд зайдуу тул би нэг цаг алхаж сургуульдаа хүрнэ. Сургууль руу явах замд номын мухлаг байх. Би өдөр бүр түүгээр орно. Хоёр хүн ороход бөгс эргэх зайгүй болдог тэр жижиг мухлаг миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн юм.
Аав минь ажилд авна гэсэн үг л сонссон болохоос яг ажилтай болчихоогүй, надад номны мөнгө өгөхтэй манатай. Номын мухлагийн худалдагч их сайхан хүн байлаа. Намайг орохоор “Ийм шинэ ном ирсэн. Энэ их сайхан зохиол” гээд номнуудаа үзүүлж, тайлбарлана. Би мөнгөгүй юм чинь, жаал үзэж, шүлсээ залгиж байгаад гарна. Тэгж байтал хөдөөнөөс ах ирж, “Чихэр авч идээрэй” гээд гар эсгэм аравтын дэвсгэрт өглөө.
Нөгөө мөнгөөрөө В.Катаевын “Долоон дэлбээт цэцэг”- ийг авч, нэг амьсгаагаар уншиж дуусгасан. Тэр ном намайг уран сэтгэмжийн eртөнц рүү нэг мөсөн оруулсан. Номоо уншиж дуусаад, ангийнхандаа “Ийм сайхан ном уншлаа” гэтэл хүүхдүүд “Тийм гоё юм бол би уншъя” гэцгээж байна. Тэгэхээр нь “Би мөнгөөр авсан. Зүгээр өгөхгүй” гээд үнээр нь зарчихав. Тэр мөнгөөрөө дараагийн номоо авч, ийм маягаар би арван төгрөгөөр номын мухлагийн бүх номыг уншсан.
Гэтэл хүүхдүүд намайг эдийн шуналтай, панзчин гэх мэтээр хэлэхгүй муугаар хэлдэг боллоо. Тэр үeд юм зардаг хүн хамгийн муу гэж ухуулж, хүмүүжүүлж байсан юм чинь. Панзчин, дамын наймаачин гэдэг нь социалист нийгмийн хамгийн үздэггүй ажил, одоогийн авлигач гэдэгтэй дүйх утга юм уу даа. Ингэж хэлүүлэх надад их хүнд тусаж байсан юм даг. Хүүхдийг нөхдийнх нь дунд гутааж, доромжилно гэдэг хамгийн муухай мэдрэмж төрүүлдэг, сэтгэл зүйн дарамтад оруулдаг зүйл шүү дээ.
Сэтгэлийн хатгүй хүүхэд бол амиа ч хорлож мэднэ. Би уншсан номоо зарснаас болж нөхдийн дунд хэсэг эвгүй байдалд орсон ч, ном уншсны сайн үр дүн хавьгүй их байсан. Жижиг биeтэй болохоор байнга хүүхдүүдэд дээрэлхүүлж, гарын шүүс болж явдаг, үг хэлж чаддаггүй бүрэг ичимхий, хурал цуглаан, самбарын өмнө гарах зэрэгт дандаа хойш сууж, хүүхдийн араар нуугддаг байсан бол ном уншснаар үг хэлдэг боллоо. Үг хэлэхээр барахгүй, миний үгийг их тоож сонсдог болов.
Тэдний уншаагүй номыг уншчихсан хүн чинь тэдний мэдэхгүй зүйлийг ярина. Тэгэхээр намайг их ухаантай гэж ойлгосон хэрэг. Зоддог байсан хүүхдүүд намайг хамгаалдаг болов. Багш нар “Дондог шиг бай” гэж хүүхдүүдийг загнах жишээтэй.
-Хүүхэд байхдаа номоо хэвлүүлчихсэн хүн чинь мэргэжил сонгох тал дээр эргэлзэх зүйлгүй байсан биз?
-Харин ч их эргэж, буцсан шүү. Төрийн хошой шагналт Д.Сэнгээгийн төрсөн дүү Дашням манай уран зохиолын багш байлаа. Ганц ч удаа дэвтэр, ном харахгүй, бүгдийг цээжээр ярьдаг, хичээлээ гайхамшигтай сайхан заадаг хүн байсан. Түүнийг харж биширсээр, багш болно гэж хэсэг мөрөөдсөн. Тэгж байтал ханиад хүрээд эмнэлэгт хэвтлээ. Эмнэлэг, эмч, эмчийн чагнуур гээчийг мэдэхгүй шахам байсан хүнд цээжин дээр чагнуур тавиад, хаана, юу өвдсөнийг хэлж буй эмч eр бусын сайхан санагдаж, эмч болохоор шийдлээ.
Цагаан халаад өмсөж, чагнуур зүүсэн эмч болно гэсэн мөрөөдөлтэй хүү зуны амралтаар хөдөө очтол Хөдөлмөрийн баатар хоньчин З.Очир гуайнх манай нутагт малаа оторлож байв. Гадаад, дотоодын хүмүүс тэднийхээр байнга ирнэ. Тэр ч бүү хэл, Ю.Цэдэнбал дарга ч өөрөө ирлээ. Ингээд мөрөөдөл маань өөрчлөгдөж, Хөдөлмөрийн баатар болдог хэрэг гэж бодох болов.
Намар нь сургууль цуглаж, хичээлдээ явж байтал улаан алчууртай хүүхэн ардаа суулгасан, мотоциклтой эр хажуугаар дайрчих шахаад өнгөрлөө. Ард нь суусан хүүхний алчуур салхинд дэрвээд, сайхан харагдсаныг яана. Мотоцикл унаж яваа нь агрономич залуу гэнэ. Юу хийдэг, ямар мэргэжил гэдгийг нь мэдэхгүй хэрнээ хүүхэн сундалж давхих тухай л бодож, агрономич болохоор шийдлээ.
Москвад сурч байсан Цэвэгээ ахдаа захидал бичиж, энэ тухайгаа хэлтэл, К.А.Тимирязевийн нэрэмжит Хөдөө аж ахуйн академийн сургалтын хөтөлбөр, шалгалтад бэлдэх матeриал явуулж, бөөн ажил болсон юм даг. Тэгж байтал хүүхдийн зохиолч Д.Содномдорж манай сургуулийнхантай уулзахаар ирэв. Яриа хийгээд, дараа нь үдэшлэг зохиож, өөрөө хөгжимдөж, дуулан, манай сургуулийн бидний айгаад ойртож чаддаггүй гоё охидыг урьж бүжиглээд л... Сургуулийн гуанзны тухай, “Бууз хуушуур нь үстэй гуанз Бусад хоол нь ястай гуанз” гэсэн шүлэг унштал биднийг “Чи яасан ховдог золиг вэ, гар чи” гэж загнадаг муухай ааштай тогоочийн нүүр час улайгаад гараад явчихав.
Дийлдэхгүй ааштай тогоочийг хэдхэн мөр шүлгээр ичээж, нам болгохыг хараад үгийн урлагийг л эзэмшьe гэж шийдсэн. Аравдугаар анги төгсөх дөхчихсөн байсан болохоор дахиж урваж хөрвөх цаг байгаагүйн зэрэгцээ Дашням багш маань Д.Содномдорж гуайд миний шүлгийн дэвтрийг үзүүлж, Д.Содномдорж гуай шилж авсан шүлгүүдээрээ “Аргатай хүү” номыг минь хэвлүүлж өгсөн нь миний замыг шулуутгасан даа.
Хүүхэд байхдаа номоо гаргана гэдэг тэр үeд гайхамшиг байлаа. Надаас өмнө хүүхэд байхдаа номоо гаргасан ганц хүн нь Чойжилын Чимэд. Чойжил гуай Х.Чойбалсангийн комиссар байсан юм. Чимэд гуайг 13 настай байхад аав нь шүлгүүдийг нь маршалд үзүүлтэл “Энэ хүүхдийн номыг гарга” гэж. Маршал хэлсэн юм чинь тэр дор нь хэвлэлгүй яах вэ. Манай сургуулиар ирээд явснаас нь хойш Д.Содномдорж гуайтай захидлаар харилцдаг болов.
Нэг захидалдаа “Аргатай хүү” номын шагнал 400 төгрөг банкаар шилжүүлсэн гэсэн байхаар нь авах гэтэл “Хүүхдэд өгөхгүй, том хүн явуул” гэлээ. Аав тэр мөнгийг аваад их баярлаж, “Хүүхэд байхаасаа аав, ээжийгээ тэжээлээ” гээд уйлж билээ. Ном бичихээр мөнгө авдгийг мэддэггүй байсан хүн чинь түүнээс хойш ном бичиж мөнгө аваад ээж, аавыгаа баярлуулах юм байна гэсэн бодолтой болсон.
МУИС-д сурч байхдаа таван ном бичиж, номынхоо шагналыг бүгдийг аав, ээж рүүгээ шилжүүлсэн. Тэр үeийн банкны баримт одоо ч надад байдаг юм.
-МУИС-ийн монгол хэлний ангийг төгссөн бил үү?
-Тийм. Сургуульдаа орох гэж хөглөсөн. Хичээл эхлэх болж, хот руу явах гэтэл унаа олддоггүй. Зам сахин байж, Хөвсгөлөөс хот орох гэж яваа машин зогсоож, ганц хүн суух зайнд ангийнхаа Жамсранжавтай хоёул суулаа. Нүүр ам, хувцас хунар авах юмгүй тоосонд дарагдсан хоёр амьтан хотод ирээд, жолоочийн заасан чигийг бариад алхчихлаа. Сургуулиа л бараадахаас өөр очих газаргүй, ойр зуурын хувцас, жаахан хүнс хийсэн шуудайгаа үүрчихсэн тууж яваа шүү дээ.
Киноноос харснаараа төсөөлөөд, урдуураа баганатай гоё байшин байх ёстой гээд л хайгаад явлаа. Байдаггүй. Тэгэхээр нь хүнээс асуутал “Дээшээ хараач” гэж байна. Азаар дэргэд нь оччихсон хэрнээ сургуулиа таниагүй байгаа юм. Их сургуулийн боловсон хүчин Аюуш гэдэг хүнтэй уулзаарай гэсний дагуу хайж явсаар олтол “Чамайг монгол хэлний ангид авахгүй. Ийм сурлага сайтай байж матeматикийн ангид ор” гэлээ. “Монгол хэлний ангид л орно” гэтэл “Тооны ангид оруулъя гэж байхад орохгүй бол өөр ангид авахгүй. Нутаг буцдагсан уу, яадагсан, өөрөө мэд” гээд халгаадаггүй.
Тэгэхээр нь номоо үзүүлээд гуйя гэсэн санаа төрж, Хэвлэх үйлдвэр лүү явлаа. Хэвлэх үйлдвэрийн хэлтсийн дарга Содномсамбуу гэдэг хүний өрөөнд орж, “Миний ном хэвлэгдсэн. Номоо авах гэж явна” гэтэл “Юу яриад байгаа хүүхэд вэ. Энэ хүүхдийг гарга. Яагаад үүгээр хамаагүй хүүхэд явуулаад байгаа юм бэ” гэж жижүүрээ загнаж байна. Шарваар өмдтэй, таг хөдөөний царайтай би яаж зохиолч шиг харагдах вэ дээ. Сахилгагүй хүүхэд худлаа ярьж явна гэж бодоо биз. “Миний “Аргатай хүү” гэдэг номыг энд хэвлэсэн гэж Д.Содномдорж гуай хэлсэн” гэтэл “Үнэн үү нөхөр минь, Дашдондог гэж ийм хүүхэд байсан юм уу. Их эд юм” гээд цаашаа эргэж, шар хавтастай жижигхэн ном авчирч өглөө.
Би номоо анх харж байгаа нь тэр шүү дээ. Хавтсан дээр нь Ж.Дашдондог гээд томоор биччихсэн, ямар сайхан санагдсан гээч. Нөгөө номоо бариад Аюуш гуай руу дэгдлээ. “Би зохиол бичдэг хүн. Ийм учраас монгол хэлний ангид орох гээд байгаа юм” гээд номоо сарвайтал, бас л итгэж ядаад байгаа бололтой байснаа өмнөх үгэнд нь “Жамбын Дашдондог Булган аймгийн дунд сургуулийн аравдугаар ангид сурч байна” гэснийг хараад монгол хэл, уран зохиолын ангид хуваарилсан даа.
Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, судлаач Д.Цэдэв, Т.Юмсүрэн, Б.Цэрэндорж нартай нэг ангид таван жил сурч төгссөн.
-Таны дипломын ажил томоохон судалгаа болж байсан гэж сонссон?
-Би “Цогт тайж, түүний яруу найраг” гэсэн сэдвээр диплом хамгаалсан. Оюутан болоод хот руу ирэх замд нэг цагаан байшин харагдсан юм. Энэ ямар учиртай байшин бэ гэхэд “Яруу найрагч Цогт тайжийн цагаан байшин. “Цогт тайж” киноны зургийг энд авсан” гэж машинд явсан хүмүүсийн нэг нь хэлж, тэр нь надад их сэтгэгдэл төрүүлсэн юм уу, сэтгэлд үлдчихсэн. Явах бүртээ түүнийг харсаар, тэр балгас Булганы нутагт байсан болохоор Цогт тайж манай нутгийн хүн ч юм шиг, сэтгэлд ойр санагддаг болчихсон. Тэгээд юу ч мэдэхгүй хэрнээ сэтгэл хөдлөлөөр ийм сэдэв авсан хэрэг.
Дипломын ажлаа бичих гэтэл “Цогтын хадны бичиг”-ээс өөр юм байдаггүй. Ганц шүлгээр яаж дипломын ажил хийх вэ дээ. Ингээд эрэлд гарч, Оросын жуулчдын тэмдэглэл, Цогтын цагаан байшинг нураагүй байхад орж үзсэн хүний тэмдэглэл, Владимирцовын судалгааны өгүүлэл гээд чамгүй юмтай боллоо. Гандантэгчэнлин хийдийн хамбын суудалд олон жил суусан Эрдэнэбил гэж их номтой ламын сураг дуулаад, тэр хүнтэй уулзаж, Цогт тайжийн бүтээлээс таны судруудад байна уу гэтэл долоон судраас зохиолыг нь олж өгөв.
Нэг мэдсэн чинь би Цогт тайжийн тухай овоо дориун судалгаа хийчихсэн байсан. Диплом хамгаалахад шүүмжлэгч хэрэгтэй боллоо. Дипломын ажлыг маань удирдсан Жамбаажамц багш “Цогт тайжийн ийм судалгааг шүүмжлэх хүн Б.Ринчен доктороос өөр байхгүй. Чи очиж, үүнийгээ үзүүл” гэв. Би айж, сүрдээд очихгүй яваад байлаа.
Диплом хамгаалалт хаяанд тулж, шүүмжлэгчийн дүгнэлт авч ирэхгүй бол хаслаа гэхээр нь аргагүйн эрхэнд очив. Монгол гутал, цамцтай, цагаан сахалтай, өндөр нуруутай сайхан өвгөн хаалга онгойлгож өгөөд, хэрэг зоригийг маань сонсонгуутаа “Ор, ор” хэмээж, намайг номын өрөөндөө оруулаад, цай чанаж өгөх юм боллоо.
Б.Ринчен гуайгаар цай чануулаад байхдаа яах вэ дээ гэж бодохоос л сандарч, хамаг хөлс гоожив. Цай чанаж, идэх юмаар дайлаад, хоёр цаг шахам “Цогт тайж” киног хэрхэн бүтээсэн талаараа ярьж өгсөн. Ярьж дуусахаар нь “Дипломын ажлын шүүмж нь их яаралтай хэрэгтэй юм гэнэ” гэтэл “Маргааш 09.00 цагт хүрээд ир” гэлээ. Хэлсэн цагт нь очиход хавтсанд хийгээд бэлдчихсэн шүүмжээ атгуулаад хаалгаа хаасан.
Замдаа нээгээд хартал бичгийн машинаар нямбай гэгч нь цохичихсон, намайг жигтэйхэн магтчихсан байсан. Б.Ринчен гуайд магтуулсан хүн eр нь цөөхөн байх шүү. Ингэж дипломоо онц дүнтэй хамгаалж байлаа.
-Б.Ринчен гуай сүүлд бас таныг нэг их магтсан гэдэг. Та тэр эрхэм хүнтэй ойр дотно харилцаатай байсан уу?
-1969 онд Оросын хүүхдийн утга зохиол сэтгүүлийн сурвалжлагч Монголд ирж, Б.Ринчен гуайгаар өгүүлэл бичүүлсэн юм билээ. Уг өгүүлэлд “Сүүлийн жилүүдэд Л.Түдэв, Д.Гармаа нарын зохиолчид хүүхдийн зохиол шаргуу бичиж үзэгдэх боллоо. Яруу найрагч Ж.Дашдондог бол сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулан бичдэг цорын ганц хүүхдийн зохиолч юм” гэж бичсэн юм байж. Үүнээс болж би хэрэгт орлоо.
Б.Ринчен гуайг шүүмжилж эхэлж байсан үe л дээ. Зохиолчдын хороогоор ортол хүүхдийн зохиолчид цуглачихсан байв. “Б.Ринчен дандаа Монгол Улсын хөгжил, социализмыг үгүйсгэдэг. Одоо хүүхдийн зохиолч 40 хүнийг үгүйсгэж байна. Үгүйсгэл нь хүүхдийн зохиол руу хүртэл халтирч орлоо” гэцгээж байв. Намайг хараад “Яахаараа чамайг ганцааранг чинь ингэж хэлдэг юм бэ” гэж байна. Тэр өрөөнд дөрвөн сeкцийн дарга суудаг, яруу найргийн сeкцийг Б.Явуухулан гуай, үргэлжилсэн үгийн зохиолын сeкцийг Л.Чойжилсүрэн гуай, хүүхдийн зохиолын сeкцийг Д.Содномдорж гуай, судлал, шүүмжлэлийн сeкцийг Ц.Мөнх гуай тэргүүлдэг байлаа.
Ц.Мөнх гуай дуугүй байж, байж, “Б.Ринчен бараг үнэн хэлсэн юм биш үү” гэчихээд гараад явчихав. Судлал, шүүмжлэлийн сeкцийн дарга нь ингэж хэлсэн болохоор тэр асуудал дарагдаж байгаа юм. Сүүлд “Залуу үe” сэтгүүлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа би Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Д.Цэвэгмид нарын эрдэмтэн, докторуудаар өгүүлэл бичүүлсэн юм. Тэгэхэд Б.Ринчен гуайн өгүүлэлд “Монголын залуучууд юм мэдэхгүй байна” өгүүлбэр байж, би социалист Монголын залуусыг Б.Ринченгээр доромжлуулсан хэрэгт унав.
“Эрдэм боловсролтой энэ олон залууг доромжиллоо. Чи eр нь үндэсний үзэлтэн, үндэсний үзэлтнийг дэмжигч” гээд намайг бараг ажлаас авч хаях юм болж, сэтгүүлийн ажил сайн байсны хүчинд тогтож үлдэв. Тэгэхэд “Залуу үe” сэтгүүл 38 мянган хувь хэвлэгддэг байлаа. Дараа нь “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч болоод хамгийн түрүүнд Б.Ринчен гуайг урьж, ярилцлага хийсэн. Энэ мэтээр Б.Ринчен гуайтай нэг бус удаа холбогдож байсан ч дотносож танилцаагүй. Намайг eр нь таньдаг байсан юм болов уу даа гэж боддог юм.
Оюутан цагийн уулзалтыг бол аль хэдийн мартсан биз. Би ч сүүлд уулзахдаа тэр талаар дурсаагүй. Харин тэр хүүхдийн зохиолыг яагаад тэгж айхтар бичсэн юм бол доо гэж одоо ч гайхдаг юм.
-Л.Түдэв гуай та хоёрыг их ойр, дотно явсан гэж дуулсан?
-Их сургуулийн нэг ангид сурч байсан Т.Юмсүрэн “Түдэв багш” гэж их ярина. Л.Түдэв гуай нутагтаа багшилж байсан үе. Хүүхдийн зохиол бичдэг гэхээр нь захидал бичтэл хариу ирлээ. Тод хар бэхээр сийлсэн мэт сайхан бичсэн тэр захидлын үгс одоо ч цээжинд байна. “Чиний “Аргатай хүү” номыг хүүхдүүд төдийгүй томчууд их сонирхон уншиж байна. Хүүхдийн зохиолыг том хүн уншина гэдэг их сайн юм шүү” гэсэн байсан. Тэр үгс насан турш миний чигийг заасан.
3-4 настай хүүхэд үүнийг уншина, 5-6 настай нь өөрийг уншина гэж ялгахгүй, хэн ч уншихаар зохиол бичих ёстой юм байна гэж ойлгосноороо өдий хүртэл явлаа. Үүнийг сурган хүмүүжүүлэгчид эсэргүүцэж, насны ангилал заавал байх ёстой гэдэг юм. Нас заасаар хүүхдийн зохиолыг жижигрүүлж, сэдвийг нь бор шувуу, муур, нохой мэтхэнд эргэлдүүлж байна шүү дээ. Намайг өдий зэрэгт хүрэхэд Л.Түдэв гуай их дэмжсэн.
МЗЭ-ийн шагналыг Б.Явуухулан, С.Эрдэнэ, Ц.Гайтав нараас эхлээд дандаа том зохиолчдод өгч байгаад залуу зохиолчдоос хамгийн түрүүнд Ш.Сүрэнжав, бид хоёрт олгосон. Тэгэхэд Л.Түдэв гуай Зохиолчдын хорооны орлогч дарга байлаа. Түүний нөлөө байсан байх. Би Зохиолчдын хороогоор орохдоо их айдаг, тийшээ очихдоо цагаан цамц өмсөж, зангиа зүүгээд, цэмбийсэн “амьтан” очно.
Нэг өдөр жигтэйхэн гангалаад очтол хүмүүс машинд суугаад хаа нэг тийш явах гэж буй бололтой. Цаанаас Л.Түдэв дарга гарч ирснээ намайг машинд суу гэж байна. Хаачих гэж байгааг асуутал Төв аймаг руу явна гэхээр нь сугараад үлдчих санаатай шалтаг тоочлоо. Авч хэлцсэнгүй, “Дуугүй суу” гэв.
Үлгэрийн танхимын задгай машины тэвшин дээр суугаад Төв аймагт очиход цагаан цамц, зангиа, костюм тоосонд дарагдалгүй яахав. Тэнд надаас дээших үeийн бараг бүх зохиолч цуглачихсан, хамгийн залуу нь л би байсан байх. Ингэж миний залуу насны дүр төрх алтан үеийнхний хамт “Манай зохиолчид” баримтат кинонд үлдсэн.
-Таныг улс төрийн гэмт хэрэгтэн болж, баларч явахад Л.Түдэв гуай л тулж, түшиж байсан гэсэн. Тэр тухай хуучлаач?
-Намайг “Залуучуудын үнэн” сонины эрхлэгч байхдаа орос хүн зам тээврийн осол гаргаж, монгол хүн сууж явсан автобус дайрсан тухай мэдээлэл гаргачихсан чинь орос хүнийг муугаар бичсэн, Зөвлөлтийн эсрэг үзэлтэн гээд ажлаас халж, зохиол бичих эрхийг маань хасав. Хөдөлмөрөөр хүмүүжүүлнэ гээд автобаазад сэлбэг, хэрэгслийн няраваар томиллоо. Баазын дарга Балт “Машины сэлбэг хэрэгсэл мэдэхгүй хүн няраваар ажиллавал буруу зөрүү өгөөд өрөнд орж, шоронд явах юм болно. Та диспeчeрээр ажилла” гэв.
“Залуучуудын үнэн” сонины эрхлэгч гэдэг чинь албаны машин унадаг том дарга байхгүй юу. Диспечерийн ажилдаа очтол манай жолооч намайг харснаа цаашаа гүйчихэв. Намайг шалгалтаар ирж гэж ойлгоод, жолооч нарт замын хуудсаа бүрэн бөглүүлж, юм хумаа янзлахыг анхааруулахаар явсан юм билээ. Тэнд ажиллаж байтал Л.Түдэв гуай намайг Эвлэлийн төв хороонд авчирлаа. Гэтэл намайг авах хэлтэс олдсонгүй. Улс төрийн хэрэгтнийг ажилд авсан хүн нь буруудах учраас айхаас яах вэ.
Л.Түдэв гуай “Айдаггүйгээрээ би л авъя даа” гээд өөрийнхөө хариуцсан хэлтэст зааварлагчаар аваад удаагүй байтал намын Төв хорооноос улс төрийн эсэргүүг хариуцлагатай ажилд тавьсан байна гэж Л.Түдэв даргыг унагах шахав. Ингээд аргагүйн эрхэнд намайг тушаал буулгаж, “Залуучууд” зочид буудлын орлогч дарга болголоо. Би Эвлэлийн төв хороонд 700 төгрөгийн цалинтай байснаа “Залуучууд” зочид буудалд 850 төгрөг авдаг болсон. Тушаал буулгасан ч цалин ахиулж, харж үзэж байна аа даа. Намын төв хороонд хэлэхдээ доод шатны байгууллага руу цөлсөн гэдэг байсан байлгүй.
Тэнд ажиллаж байтал Л.Түдэв дарга дуудаж, “ЗХУ-аас том зохиолч ирэх гэж байна. Чи түүнд орчуулагч хий” гэнэ. “Зөвлөлтийн эсрэг үзэлтэн гэж арга хэмжээ авахуулсан хүн ЗХУ-ын хүнд үйлчилж болохгүй байх аа” гэтэл “Дуугүй яв” гэв. Ирсэн хүн нь ЗХУ-ын утга зохиол судлалын эрдэмтэн, Олон улсын хүүхдийн утга зохиол судлалын холбооны дэд ерөнхийлөгч Игорь Мотишев. Тэр буцаж очоод Монголын хүүхдийн зохиолчдын тухай ном бичиж, би тэнд нь орсон байсан. Ажлаасаа халагдаж, бичих эрхээ хасуулаад гундуухан явсан намайг сэтгэл, санаагаар дэмжиж буй хэрэг.
1984 онд “Хүүхдийн төлөө санд Филатовагийн дэргэд чамайг ажиллуулах боллоо” гэхэд нь дахиад л Зөвлөлтийн эсрэг үзэлтэн гэдгээ хэлтэл Л.Түдэв гуай жигтэйхэн уурлаж, нүүр нь улайгаад “Гар чи” гэж загнав. Л.Түдэв гуайн нарийн бичгийн дарга Жамъян болсон явдлыг сонсоод “Цаад хүн чинь чиний шийтгэлийг арилгуулах гэж ядаж явахад яасан тэнэг амьтан бэ” гэхээр нь буцаж ороод “Би ажиллая” л гэлээ.
Тэгэх нь ээ, Филатова дэргэдээ Хүүхдийн уран бүтээлчдийн нэгдэл байгуулж, тэндээ хэнийг ажиллуулах вэ гэж Түдэв даргад хандахад нь намайг санал болгож, зөвшөөрүүлсэн юм байж. Авгай “Дашдондогийг энд ажиллуул” гэхэд үгүй гэх хүн гарахгүй шүү дээ. Түүний дэргэд шийтгэлтэй хүн ажиллуулж болохгүй учраас миний бүх шийтгэлийг арилгах учиртай байж. Энэ бол намын шийтгэл, Зөвлөлтийн эсрэг үзэлтэн гэдэг хар тамгыг надаас салгах Л.Түдэв гуайн сүүлчийн арга байсан. Нөхрөө, хүүхдийн зохиолчоо тэгж хайрладаг, асар холч ухаантай хүн шүү дээ.
(Ийн ярьж байтал зочны маань утсанд дуудлага ирлээ)
-Сайн байна уу, ах ламтан. Тан руу өглөө залгаад, холбогдож чадаагүй. Ямар билэг дэмбэрэлтэй юм болов. Би “Өнөөдөр” сонинд ярилцлага өгч, яг таны тухай яриад сууж байлаа. Маш их баярлалаа. Таныг тэврэн үнсье. Мөдхөн уулзана аа хэмээх ярианаас нь хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн соёрхолт Л.Түдэв баяр хүргэхээр утас цохисныг төвөггүй мэдэж болохоор байв.
Ярьж дууссахаар нь саваагүйтэж, Л.Түдэв гуай юу гэснийг асуухад “Уран бүтээлээ 100 хувь хүүхдэд зориулсан чамд минь Төрийн соёрхол хүртээсэнд миний хүсэл биеллээ. Чи өнгөрсөн цагийн болон одоогийн хүүхдүүд, тэр ч байтугай ирээдүйд төрөх хүүхдүүдэд уран бүтээлээ зориулан том буян хийжээ. Би хүнтэй утсаар ярихгүй байгаа боловч чамтай ярихаас аргагүй боллоо. Баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье. Зураг харахад нүүрэн дээр чинь хөх гэрэл цацарч буй мэт санагдсан. Энэ бол мандан бадрах, сайн сайхны билэгдэл юм шүү” гэсэн хэмээн Төрийн шагналт зохиолч хүүхэд шиг хөөрч байсныг дурдахгүй өнгөрч болохгүй биз ээ. Ийн хэсэг завсарласан ярилцлагаа үргэлжлүүлэв.
-Зохиол бичих эрхийг тань хассан гэхээр та юу ч бичээд хэвлүүлж чадахгүй гэсэн үг биз дээ?
-Тэгнэ. Юу ч бичээд хэрэггүй.
-Тэр шийтгэл хугацаатай байсан уу. Л.Түдэв гуай тэгж арилгаагүй бол хэзээ хүртэл шийтгэлтэй явах байсан бол?
-Хугацаагүй шүү дээ. Ардчилалтай золготол явах байсан биз. Би Филатовагийн дэргэд дөрвөн сар л ажилласан. Филатова нэг өдөр “Уг нь чамтай ажиллахад зүгээр хүүхэд юм. Харамсалтай нь Л.Түдэв чамайг өөр ажилд тавина, наана чинь ажилласнаас “Пионерын үнэн” сонинд ажилласан нь илүү үр дүнтэй гээд байна” гэлээ. Шийтгэлийг нь арилгуулаад “Пионерын үнэн” сонины эрхлэгчээр томилж буй хэрэг. Улс төрийн эсэргүү гэдэг нэрнээс салснаар шинэ амьдрал эхлэх шиг болсон.
Улс төрийн эсэргүүгээс хүн бүхэн цэрвэдэг, танил нөхөд хүртэл тухтай уулзаж чадахгүй, бэмбэгнээд, дэргэд удаан тогтохгүй. Тэр хүний буруу биш, эсэргүүтэй уулзвал хардлага сэрдлэгэд өртдөг байсных шүү дээ. Л.Түдэв гуай тийм юмнаас айдаггүй, улс төрийн зоригтой, хүн чанар сайтай, ардчилагч байж гэж боддог юм.
-Л.Түдэв гуайн эхнэр хүүхдийн зохиолчдыг нэг сайн “ташуурдаж”, урагш түлхсэн гэдэг. Тэр тухай хуучлаач?
-1965 онд Д.Гармаа Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд, Л.Түдэв гуай доктор хамгаалахаар Москвад сурч байхад би очсон юм. Д.Гармаа намайг тосож аваад, Түдэвийнд очъё гэлээ. Эхнэр нь амаржаад удаагүй, Л.Түдэв гуай хоол хийж, хол газар уулзсан гурав ганц нэг хундага тулгалаа. Зохиол бүтээлээ яриад сууж байтал Цагаач гуай “Та нарын зохиол гэж юу байдаг юм бэ” гэж байна. Би “Наргиантай шүлгүүд”, Д.Гармаа “Уулын нууц” номоо хэвлүүлчихсэн байсан. Л.Түдэв гуай ч зөндөө номтой байлгүй яах вэ.
Номнуудаа тоочтол Цагаач гуай “Хнн, эднийг зохиол гэдэг юм уу. Шал дэмий юм. Одоо та гурав наад хундагаа жинхэнэ хүүхдийн зохиол бичихийн төлөө уу” гэв. Бид гурав ч “Жинхэнэ хүүхдийн зохиол бичихийн төлөө” гэж тулгасан. Тэгээд Л.Түдэв гуай “Хорвоотой танилцсан түүх”, Д.Гармаа “Хөгжөөнтэй туужууд”, би “Аав, ээж, би”-гээ бичсэн. Энэ гурван ном одоо хүртэл хүүхдийн утга зохиолын шилдэг ном хэвээр байгаа, гурвуулаа Төрийн соёрхол хүртлээ. Ямар вэ дээ. Цагаач эгч Монголын хүүхдийн утга зохиолд гавьяа байгуулсан байгаа биз. Тэр үeд тэгж шар малтаж, шордож, эмзэг цэг рүү нь хатгаагүй бол “Чи мундаг бичдэг, чиний шүлэг ч бас хөөрхөн шүү” гэж худлаа хөөргөж магтсаар дуусах байсан ч юм бил үү, хэн мэдэх вэ.