Хорвоог хүн бүр өөрийнхөө замналаар туулдаг ч эргээд харахад бүтээсэн зүйлтэй, инээгээд учрах олон нөхөдтэй, халуун дотноор хайрлах гэр бүлтэй бол үнэ цэнэтэй бүхнийг өвөртөө хийсэн мэт сэтгэл хангалуун байх биз ээ. Хүн болж төрөөд, “өөрийгөө олж” замбуулингийн замаар төөрч, будлилгүй алхана гэдэг тэгш сайхан хувь тавилан. Урлагийнхан дундаа нэр хүндтэй, өрх бүлийнхээ халамжит эгч, хань, ээж, эмээ болсон Ардын жүжигчин Самбуугийн Сарантуяатай “Зүрхнээс зүрхэнд” анхны уран бүтээлийн цэнгүүнийх нь өмнө ярилцлаа.
40 жилийн турш тайз, дэлгэцэнд дүрээ мөнхөлж, үзэгчдийг уярааж, уйлуулж, инээлгэж, аргадаж, ухааруулсан энэ хатагтай анх удаа тоглолт хийх гээд өөртөө өндөр шаардлага тавьж, зэхэхийн ялдамд догдлол, хүлээлтээр дүүрэн өдрүүдийг завгүй өнгөрүүлж байна. “Ширүүн тулааны өмнө” жүжгийн Бурмаагийн дүрээр УДЭТ-ын тайзнаа анх гарсан түүний театрт бүтээсэн дүр нь хэдийнэ 100-г давж, 10 гаруй уран сайхны киноны гол дүрд тогложээ.
Драмын урлагт зүрх сэтгэлээ зориулсан мэргэжил нэгтнүүдийнхээ шилдгийг нь тодруулдаг “Гэгээн Муза” наадмыг санаачлан, зохион байгуулж, өдий хүртэл уйгагүй хөдөлмөрөө үүнд зориулан яваа түүний туулсан замнал бахдам сайхан.
-Урлагийнхан дунд Сарантуяа гэдэг нэртэй хүн цөөнгүй болоод ч тэр үү таны алдрыг дуудахдаа Самбуугийн Сарантуяа гэж бүтнээр нь хэлэх нь олонтаа. Охиныхоо заяаг дүүргэж, замыг нь засалцсан аавынх нь тухай дурсаж, ярилцлагаа эхлэх үү?
-Миний аав Увс аймгийн Давст суманд төрсөн Тавхийн Самбуу гэж хүн байлаа. Олон хүүхэдтэй айлд төрж өссөн хүн болоод ч тэр үү хүнийг гэх, нэгнээ хайрлах сэтгэлийг бидэнд харамгүй өвлүүлэн өгчээ. Ижий, аав нь тэгж сургасан болохоор өөрөө гэр бүл зохиож Самбуугийнх гэдэг айлыг бий болгоод тэр сэтгэл, хүмүүжлээ хүүхдүүддээ өвлүүлжээ. Саяхан миний ачийн төрсөн өдөр боллоо. Ойрд манайхан ингэж олуулаа цуглаагүй болоод ч тэр үү, яриа дэлгэхээр л аавыг дурсаж, жишээ болгоно.
Бид эгч дүү зургуулаа, би айлын том охин. “Муу аав минь биднийг хараад баярлаж суугаа байх даа” гээд л бас ярьж суулаа. “Аавын тэгж хэлж байсан нь яг шүү”, “Тэр үед аавын үзүүлсэн нь санаанд орлоо” гэх мэтээр яриа болгоны сэжимтэй л холбогдож байгаа юм. Сайн, бас сайхан аав байна гэдэг юутай гайхам юм бэ. Үеийн үед дурсагддаг юм байна. Алс хэтийг харсан тэр хүмүүжил, сургаалыг хүүхдүүдээс нь гадна ач, зээ нар нь хүртэл ярьж байгаа юм. Хүн шиг хүн байх ухааны эхлэлийг ээж, аав хоёр минь бий болгосон.
Олны өмнө би жүжигчин Сарантуяа хэдий ч олон нийтийн төлөө өөрийнхөө боломжоор янз бүрийн ажил хийдэг. Тэгэхэд хүмүүс “Самбуугийн Сарантуяа мөн дөө. Яг л аав байна шүү” гэж хэлдэг юм. Энэ үг л миний бүх зүйлийг тодорхойлчих шиг сайхан санагддаг.
-Өдий хүртэл та тайз, дэлгэцнээ олон сайхан ээжийн дүрийг бүтээсэн байна. Тэр болгондоо ээжийгээ шинээр таньж мэдэрдэг байх даа.
-Миний ээж 70 нас нэлээд хол гарсан хүн бий. Айлын том охин болохоор ээжтэйгээ зэрэгцээд өтөлж байна. Олон сайхан ээжийн дүрд тоглох тоолондоо л ээжийгээ дахин мэдэрч, улам бүр хайрладаг. Хүмүүс яг үнэндээ тэгж мэдэрч чаддаггүй шүү дээ. Биеийг нь асууж утсаар ярих, хааяа нэг эм, сүүний мөнгө өгснийгөө их зүйлд боддог.
“Ээж ээ” жүжгийн гол дүрийг авчихаад “Би ч гэсэн ээж шүү дээ. Ээжийн дүрд тоглоход асуудалгүй” гэж бодож байж билээ. Гэтэл найруулагч Баатарт Ганцэцэг бид хоёр тайзан дээр айхтар загнуулсан. “Та хоёр чинь өөрсдөө ээж биз дээ”, яаж үзээгүй ээж нар гэж хэллээ дээ, мартчихаж. Тэндээс бас л их зүйл бодсон шүү. Ойлгож, ухаарч, мэдрэх яагаа ч үгүй л явж. Эх хүн дандаа л үрийнхээ төлөө гэж, өр төлөөс нэхэхгүй ч агуу хайр, хүчээрээ хамгаалсаар байдаг. Өөрийнхөө мэргэжлийн буянаар ээжийн дүр авах бүртээ л энэ бүхнийг шинээр мэдэрч, ойлгож байна даа.
-Бурхны зурсан хувь төөргөөр л хүн амьдардаг, эсвэл тавилангаа бид өөрсдөө л бүтээдэг гэсэн хоёр ойлголтын аль нь танд үнэн санагддаг вэ?
-Жүжигчин хүн уран бүтээлээрээ хүмүүждэг юм байна. Би театрын жүжигчин болж “Ширүүн тулааны өмнө” жүжигт Нямсүрэн гуайтай эхнэр, нөхөр болж тоглосноосоо хойш нөхрөө та гэж дуудах нь зөв юм байна гэж бодсон. Энэ бол монголчуудын сайхан уламжлал шүү дээ.
Түүнтэй нэгэн адилаар би хувь төөргөө хүн өөрөө зурах ёстой гэж боддог байснаа “Эдип хаан” жүжигт тоглосныхоо дараа хувь тавиланг зөрчих боломжгүй гэдгийг ухаарсан. Хүн зорьсондоо үнэнч байж, түүндээ хүрэхийн тулд юу эсийг хийдэг билээ дээ. Гэсэн ч бурхны зурсан хувь төөрөг байсаар байх шиг ээ.
-Та хувьтай хүн үү?
-Би хувьтай. Тиймдээ ч энэ хувь тавиландаа талархдаг.
-Тайз, дэлгэцийн жүжигчин болоод 40-өөд жилийг ардаа үдсэн хэрнээ анх удаа тоглолт хийх гэж байгаа нь содон сонсогдлоо. Бас тоглолтын нэр их сайхан юм. Хэзээ нэгэн цагт тоглолт хийхээрээ ингэж нэрлэнэ гээд бодчихсон байсан уу?
-Урлаг, спортынхон чинь их эрэмбэтэй шүү дээ. Алдар гавьяатай, ахмадууд маань эхлээд тоглолт хийг дээ гээд л нэгнээ хүлээгээд байдаг юм. Гэхдээ хүн бүр ч тэгдэггүй бололтой. Би Мягаа (Ардын жүжигчин Г.Мягмарнаран) ахыг “Та л тоглолтоо хийчих. Тэгвэл дараа нь би хийе” гээд яваад байсан юм. Тэгээд л Мягаа ахын тоглолтын дараа “За одоо миний ээлж болжээ” гэж тоглоом шоглоомоор хэлсэн нь ийнхүү тохиолоо.
Манай театр захиргаа, үйлдвэр үйлчилгээ, уран бүтээлийн гэсэн гурван хэлтэстэй. Уран бүтээлийн хэлтсийн дарга маань бидний цэнгүүнийг хийх хүсэлтэй байдаг. Энэ нь ч зөв юм. Үзэгчидтэйгээ илүү ойр байж, театрт ажиллахдаа хүн юу хийж бүтээснээ тайлагнах боломж олдож буй нь энэ шүү дээ.
Тоглолтын төлөвлөгөө гарангуут л юу гэж нэрлэх вэ гэж бодсон. “Зүрхнээс зүрхэнд” гэсэн нэр санаанд орж, ингэж нэрлэхээр болсон. Жүжигчин хүн уран бүтээлээ үзэгчдийн зүрхэнд хүргэж, нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгах учиртай. Уран бүтээлийн цэнгүүн хийхийн зэрэгцээ урлаг судлаач Дэ.Мягмарсүрэн гуайтай хамтран ийм нэртэй ном бичиж байгаа.
Тоглолт, ном аль алийг нь мэргэжлийн хэмжээнд байлгах гэж хичээж байна. Жүжиглэхүйн ухаан, уран бүтээл талаас нь хүргэнэ. Нэрнийхээ талаар номондоо нэлээд дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Энэ үг намайг ч бас хурцалж, ухамсарт маань шууд нөлөөлөөд байгаа шүү.
-Та жүжигчнээс гадна зохион байгуулах их авьяастай шүү дээ. Өмнө нь намын гишүүн, нийгмийн идэвхтэн байсан уу?
-Үгүй ээ. Намын идэвхтэн байсан ч арга хэмжээ хүчээр авахуулаад больсон. Тухайн үед надад нөлөөлж, тийм шийдвэр гаргуулсан хүмүүст одоо баярлаад байдаг юм. Тэгээгүй бол уран бүтээлч хүн намын гишүүн байж болно, болохгүй гээд мэтгээд байгаа энэ үед яаж ч явах байсан юм билээ. Нэг юм эхлэхээрээ эцсийг нь үздэг хүн тэр чигээрээ идэвхтэй явах байсныг үгүйсгэх аргагүй.
-“Гэгээн Муза” академи байгуулж, уран бүтээлчдээ дэмжиж, урам зоригийг нь нэмж яваа энэ үйлсээр тань бахархдаг шүү.
-1999 онд Драмын мэргэжлийн жүжигчдийн төвийг сэтгэл, зүтгэл нэгтэй хүмүүс байгуулж, 2003 оноос “Гэгээн Муза” наадам хийх болсон. Саяхан байгууллагынхаа нэрийг өөрчилж, “Гэгээн Муза” академи болгоод байна. Өнгөрсөн хугацааны түүх, дурсамжаа бодохоор гэгээлэг сайхан байдаг юм.
Анх уран бүтээлчид ийм наадамтай болох хэрэгтэй гэсэн санаагаа олон хүнд ярьж явсан. “Болор цом” наадам надад их нөлөөлсөн л дөө. Оны эцэст байгууллага, холбоод салбарынхаа шилдгүүдийг тодруулдаг шиг урлагт яагаад ийм наадам байж болохгүй билээ гээд Б.Отгонбат, Л.Дэмидбаатартайгаа ярилцаж, Урлагийн ажилтны холбооны Тунгаа эгчтэй санал солилцож байсан. Ямар нэр өгөх талаар санал дэвшүүлж, Монголынх гэдгээ тодотгоод “Ам цагаан хулгана” гэж нэрлэх үү ч гэсэн яриа гарсан.
Тэгж байгаад нэвтэрхий толь харж байгаад Зевс тэнгэрийн есөн охин байдаг, урлагийн тэнгэрийг Муза гэдгийг олж мэдсэн. Яруу найраг, хөгжим, уран зураг гээд бүгд тусдаа таних тэмдэгтэй Муза байдгийг мэдсэн тэр шөнөө нойр хүрээгүй. Яг л энэ юм байна гэж шийдээд “Гэгээн Муза” академийн гишүүн Пүрэвсүрэнгийн нөхөр, зураач Аянгад энэ тухай хэлж цомынхоо зургийг гаргуулсан.
Дүрслэх урлагийн сургуулийн доктор Энхдаваагаар монгол дархны ур ухаан шингэсэн, анхны алтан шармал цомуудаа хийлгэж билээ. Анхнаас нь л олон улсын хэмжээнд байлгах зорилго өвөрлөж, бүх зүйлээ бодож боловсруулсан. Бид Олон улсын театрын наадамд очиж туршлага ч судалж байлаа.
-Одоо бол энэ наадам “Болор цом”-оос дутахгүй нэр хүндтэй болж, “Гэгээн Муза” хүртсэнээрээ уран бүтээлчид бахархаж байна.
-Тэгэлгүй яах вэ, бахархах ёстой юм. Бидний зорилго ч тийм. Мэргэжлийн үнэлэлт, дүгнэлт өгдөг наадам байх ёстой гэж үзээд бид 10-13 эксперттэй нийлсэн шүүгчдийн баг ажиллуулж, наадмаа хоёр үе шаттай зохион байгуулдаг. Их ажил болно шүү дээ. Эхэндээ хүмүүс сайн ойлгохгүй, “Би жүжгээ оруулмаар байна”, “Юун сүртэй юм” гээд л буруу ташаа зүйл ярьдаг байсан. Нэгэнтээ бүртгэл, шүүлт эхэлчихсэн байхад тийм боломжгүй.
-Энэ наадмын үйл ажиллагааг харахаар та хэдийнэ өөрийн гэсэн багтай болчихсон юм шиг санагддаг. Тантай ямар зан чанартай хүмүүс гар нийлэн ажилладаг вэ?
-Тийм хүн гэж хэлэх боломжгүй л дээ. Манай багийнхан бүгд л зүрх сэтгэлээрээ театрын урлагтаа хайртай хүмүүс. Бид 11-үүлээ, 10 хүүхэн, ганц ханхүүтэй. Тэр нь Отгонбат. Бүгд өөр өөрийн гэсэн эрхлэх ажилтай хэдий ч “Гэгээн Муза”-г зохион байгуулахад ханцуй шамлан оролцоцгоодог.
Дангаараа биш, бүр гэр бүлээрээ оролцоно. Өөр өөрийн гэсэн хариуцах ажилтай. Та нар хийгээд өгөөч, нааш ирээч гэхгүй байсан ч өөрсдөө сэтгэлээрээ яриад л бүх ажлаа амжуулдаг. Өдий хүртэл ийм ажил би хийлээ, тэдэн төгрөг авмаар байна гэж нэг нь ч ган хийгээгүй шүү. Үүнд нь би их баярлаж явдаг юм. Мэдээж боломжоороо урамшуулна л даа.
-Танай гэр бүлийнхэн ч бас дайчлагддаг байх даа?
-Нөхөр битгий хэл хүүхдүүдээ ч дайчилна. Гадуур гүйх ажил их байдаг болохоор нэгэн зэрэг орохгүй бол болдоггүй.
-О.Бат-Өлзий ах та хоёрын хуримыг их гоё болж байсан гэдэг юм билээ. Бараг л урлагийн тоглолт, халз мэтгэлцээн шиг сонирхолтой үйл явдал болсон тухай сонсож байсан юм байна.
-Манай хурим АСК (Авхаалж сэргэлэнчүүдийн клуб) гэдэг шиг л юм болсон. “Манай Сараа тийм, манай Бат-Өлзий ийм” гээд хоёр театрынхан дунд хөгжилтэй, халуун дотно яриа, өрсөлдөөн болж байсан шүү.
-Өөрөө хурим хийхээс илүүтэй хүүхдүүдийнхээ хуриманд очих нь ээжүүдэд онцгой дурсамж үлдээдэг байх даа.
-Тийм шүү. Том хүүгийнхээ хуримыг хийсэн. Ёстой эвгүй. Гадаад хүнтэй гэр бүл болж, тив алгасаж хурим хийх гээд би энд тэвдээд л, хүү болохоор “Та нар хүрээд ирэхэд л болно, юу ч хэрэггүй” гээд л. Тэнд очиж “Бэр гуйна аа” гэлтэй биш. Гэхдээ эндээс ууцнаас бусдыг нь авч яваад, хуримыг нь хоёр янзаар хийсэн. Дээл хувцас, гоёл зүүсгэлийг нь авч очоод монголчууд ингэж хуримладаг гэдгийг харуулсан.
Тэр үед хоёр хүүхдээ бүжиглэж байгааг харахаар л “Яаж яваад хорвоогийн хоёр талаас ингэж нийлдэг юм бэ” гэж бодогдоод нүдний нулимс гарчих гээд байсан шүү. Одоо тэд маань хоёр хүүтэй өнөр сайхан айл болсон.
-Танай хоёр бага чинь ихрүүд. Ер нь та хоёр ихрийн удамтай юу?
-Анх байхгүй л юм шиг байсан. Ихэр хүүхэд төрүүлсэн чинь манайх ч удамтай, тэднийх ч удамтай болж таарсан.
-Б.Тамир театртаа ажиллаж байгаа юу?
-Байхгүй ээ. Гарсан.
-Анх хэрхэн театрт орж байсан бэ?
-Яг л энэ залуусын жишгээр л орсон. Манай залуус студи ангиар дамжиж, нэг жил дагалдаад дараа нь жүжигчин болдог юм. Манай хүн эхнийх дээрээ бүдэрч, дахиж шалгуулж байж тэнцсэн.
-Ийм мундаг аав, ээжийн хүү болж төрснөөрөө Тамир бас давхар хариуцлага хүлээдэг байх даа.
-Тийм юм билээ. Би хүүгээ энэ номонд оруулах ярилцлага Дэ.Мягмарсүрэн ахад өгөхөд нь л сэтгэлийг нь сайн ойлголоо. Тэр бүр надтай тэгж ярихгүй л дээ. Олны танил байна гэдэг нь түвэгтэй л байсан юм шиг байна. Оюутан байхаас нь л хүмүүсийн яриа гарч байж л дээ. Хүмүүс өөрийнхөө бодож байгааг баталгаажуулж тэр тэгсэн л байх гэж тааж ярьдаг шүү дээ.
Театрт шалгалт өгч байхад нь би санаа зовно. Гэсэн хэрнээ комисс суугаад шалгаруулж байхад нь заал руу орж чадахгүй, тойроод л явсан. Дээд давхрын гэрэл тусгадаг бель-этажнаас нууцаар хүүгээ харж санаагаа амрааж байгаа юм.
Улайм цайм цагаан арьстай хүнийг “Чи хар арьстай шүү дээ” гээд яриад байвал хүн үгүй гэдгээ батлахын тулд хичээнэ шүү дээ. Түүнтэй ижилхэн хүмүүс хүүг минь өөрөөр ярьж, буруугаар хэлээд байхаар “Үгүй” гэдгийг нь батлахын тулд хичээж, хурцлагддаг юм байна.
Миний хүү их хөдөлмөрч. Ямар нэгэн зүйл хийгээд л яваад байдаг юм. Хамтлаг байгуулж дуулаад, найзуудтайгаа продакшн нээж, дараа нь театрын жүжигчин болсон. Одоо кинонд тоглож, зохион бичиж, найруулж байна. Урлагт ийм хөдөлмөрч хүмүүс их хэрэгтэй байдаг. Би хүүгээрээ их бахархдаг аа.