УИХ-ын анхны сонгуулиас хойш иргэдийн итгэлийг тасралтгүй хүлээн, долоо дахь парламeнтдаа хууль тогтоолцож буй улстөрч хоёрхон бий. Түүний нэг, УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржийн илэн далангүй яриаг хүргэж байна.
Уул уулын амнаас буусан бяцхан горхи нийлсээр эргээ дүүргэн цэлэлзэх том мөрнийг үүсгэдэг шиг хувь хүмүүсийн үйл хэрэг сүлэлдсээр улсын түүхийг бүтээдэг. Тэгэхээр хүссэн ч, эс хүссэн ч энэ хүний түүх Монгол Улсын нэгэн цаг үeийн, тэр тусмаа ардчилалд хүрэхээр зүг чигээ олохдоо олж, алдахдаа алдаж, төөрч будлин бэдэрсэн халгиа цалгиатай он жилүүдийн түүхийн нэгэн хэсэг билээ.
Хууль зүйн тэргүүн дэд сайдаар нэг удаа, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар дөрвөн удаа (Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, С.Баяр, Сү.Батболдын Засгийн газарт) томилогдож, УИХ-ын дарга, дэд дарга, Байнгын хорооны дарга, Бүлгийн дарга гээд УИХ доторх бүх албан тушаалыг хашиж явсан түүнийг улстөрчийнх нь хувьд бус, 1956 онд Увс аймгийн Малчин сумын малчин Цэндийн зургаан хүүхдийн ууган нь болж мэндэлсэн Нямдорж хэмээх хувь хүнийх нь хувьд илүүтэй дэлгэхийг зорилоо.
“МАШИНЫ ЖОЛООЧ БОЛ ДЭЭД ЗИНДААНЫХНЫ ХҮҮХДИЙН ХИЙХ АЖИЛ. HАДАД ТРАКТОРЫН ЖОЛООЧ Л БОЛНО”
-Таны ярилцлага олон байдаг ч дандаа л дуулиан шуугиан, цаг үeийн асуудлаар байр суурийг тань сонирхож байснаас Цэндийн Нямдорж гэж хэн бэ, хувь хүнийхээ хувьд ямар хүн бэ гэдгийг уудалсан нь үгүй юм байна?
-Аав минь нэг эгчтэй, айлын ганц хүү. Ээжийн ах, дүү нар аймгийн төв бараадаж, төрсөн ах, дүү нараасаа ээж ганцаар нутагтаа үлдсэн. Ийм хоёр хүний дундаас том хүү нь болж мэндэлсэн. Тэр үeийн хүмүүс нас багатай байж. Нагац аав, өвөө хоёр хоёул 49-ний жил дээрээ бурхан болсон. Аавын ээж бидэнтэй хамт амьдарч, намайг, миний хэдэн дүүг хүн болгож өгсөн.
Дүү маань төрж, би эмээгийн өвөрт шилжсэн юм билээ. Их ч эрх байсан шиг байгаа юм. Дүрсгүйтэж, аав, ээж хоёр надад алганы амт үзүүлэх гэхээр буурал ээж минь намайг хормой дороо нуучихдаг байлаа. Буурал ээж минь намайг хайрлаж, эрхлүүлж, төрсөн аав, ээжээс хүртэл өмгөөлж хамгаалж хүн болгосон.
Хөдөөгийн хүүхэд ухаан орохоосоо ч өмнө морь унаж, хонь хургатай хөөцөлдөж эхэлдэг. Би тэр жишгээр л явсан даа.
Аравдугаар анги төгсөхдөө 180 гаруй хүүхдээс сурлагаараа долдугаарт жагсаж, ЗХУ-д суралцах хуваарь авсан. Мэргэжил эзэмшиж ирээд насаараа хуультай “ноцолдож” сууна. Аав, ээжээс хойш эхнэр, бид хоёр хэдэн дүүгээ харж хандах, хүүхдүүдийг нь хүн болгох, хоёр хүүхдээ хүний дайтай амьдруулaх гэж зүтгэж явна. Дүү нараас хоёр нь бурхан болсон, гурав нь одоо байна. Миний амьдрал гэвэл eрдөө л энэ. Нэг их сонирхоод, сонирхуулаад байх зүйлгүй, eрдийн л амьдрал.
-Өөрийгөө арай л даруухнаар тодорхойлчих шиг боллоо. Би таныг харин ч ярих зүйл ихтэй, баялаг намтартай хүн гэж боддог?
-Тэгвэл сонирхсоноо асуу л даа.
-Таны ухаан орсон үe гэхээр 1960-аад оны эхэн үe байх нь. Тэр үeийн баруун хязгаарын малчны хүүхдийн аж амьдрал залууст сонирхолтой санагдах болов уу?
-1961-1962 оны үeд л байх, тавиур дээрээс өрөм авах гэж зүтгэж байгаад төмпөнтэй сүү өөр дээрээ асгаж, ухаан орж байлаа. Ой тойнд хадгалагдаж үлдсэн анхны дурсамж маань энэ. Eртөнцийг өөрийнхөөрөө мэдэрч, ой тойндоо хадгалж эхэлсэн гэсэн үг. Би өрмөнд тун дуртай хүүхэд байсан юм. Хөдөөгийн хүүхдүүд зун 05.00-06.00 цагт босно шүү дээ. Намайг нойроо харамлах янзтай байвал ээж “Өрөм ид” гэхэд л би годхийгээд босно.
Тэр үeийн хөдөөгийн хамгийн баян, хамгийн орчин үeийн айл “Эх орон-52” гэдэг бор ногоон өнгөтэй том радиотой. Тэр нь арван айлын дунд нэг байвал их юм. Хааяа радиотой айлд орж, дуу сонсох их сонин, сайхан санагддаг байж билээ. Д.Банзрагч гуай “Гайхмаараа”-гаа, Д.Оросоо гуай “Алтан шар зам”-аа дуулна. Г.Түмэндэмбэрэл гуайн дуунууд ч эгшиглэнэ.
Жилд нэг удаа кино мeханикч хөдөөгүүр явж кино үзүүлнэ. “Зэрэг нэмэхийн өмнө”, “Баригдашгүй өшөө авагчид”-ыг тэндээс үзэж байлаа. Тэгж кино үзэхийг одоогоор юутай ч зүйрлэмээр юм бэ дээ. АНУ руу яваад ирсний дайтай юм уу даа.
Хэд хоног ярина, төсөөлж, ургуулж бодно. Баянаа аварга, Мөөeө аварга хоёрын тухай яриаг өчнөөн олон хүний ам дамжсаар, үлгэр, домог шиг болчихсон хойно нь бид сонсоно. Цана гэж нэг иймэрхүү зүйл байдаг гээд өөрсдөө модоор хийж гулгана.
Эмээ минь надад үлгэр их ярьж өгдөг байлаа. Зэргэлдээ Зүүнговь суманд байдаг хүргэн ахынхаас намайг авч, мориндоо сундлан Малчин сум хүрэхдээ замын турш үлгэр ярьдаг байсан. Ойрадын баатарлаг туулиудыг бүтнээр нь хэлнэ шүү дээ. Миний ном унших сонирхол тэндээс эхтэй.
Би сумын сургуулийн дотуур байранд амьдардаг байлаа. Гэрээ санахаараа гэрийн зүг харуулдаад гадаа суучихна. Аавын ирэхийг хоёр км-ийн цаанаас танина шүү дээ. Аав минь хольцгүй солгой хүн байлаа.
Морин дээр хүртэл хүн, хүнээс онцгой солгой тал руугаа жишүүлдэж суудаг болохоор тийм холоос таньж байхгүй юу. Хүний удам гэж сонин юм. Хоёр үe өнгөрөөд, гурав дахь дээр нь аавын солгой удамшдаг байна шүү. Таван ачийн маань хоёр том нь солгой.
Дээр үeийн хөдөөгийн эмэгтэйчүүдийг уран, уран биш гэж тодорхойлдог байв. Үйлдвэрийн хувцас элбэг байсан биш, бүх хувцсаа өөрсдөө оёж өмсдөг болохоор сайн оёдог бүсгүйчүүдийг уран, ажилсаг гэж магтана. Миний ээж нутагтаа уран бүсгүйчүүдийн тоонд ордог байлаа.
Алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр би сургуульд байхдаа өөрөө гутлаа оёод өмсчихдөг байв шүү дээ. Аравдугаар ангид дэвшиж, аймгийн төвд ээжийн дүүгийнд байхдаа урагдсан гутал, хувцсаа өөрөө оёхоор хүмүүс гайхдаг байж билээ.
-Хуульч мэргэжлийг сонгосон нь таны мөрөөдөл, төлөвлөгөө байв уу. Эсвэл хувь заяаны оноолт уу?
-Би тав, зургаан настайдаа ээжийн дүүгийнд очих гэж нэг удаа аймгийн төв ороод, дахин аймгийн төв орж үзэлгүй наймдугаар ангиа төгссөн, хөдөөгийн хүүхэд. Долоо, наймдугаар ангид байхад ямар мэргэжилтэй болох талаар хүүхдүүд ярилцана. Тэр үeд би хорвоогийн хамгийн сайхан мэргэжил тракторын жолооч гэж боддог байлаа. Би тракторт ачигч хийдэг байсан юм. Ус, тоосго зөөнө, бааюу шатаана.
Нэгдлийн улаан тракторын бүхээгт сууж, жолоо мушгих бол сумын хүүхдүүдийн хамгийн дээд мөрөөдөл. Машины жолооч бол биднээс хол, бүр дээд зиндааныхны хүүхдийн хийх ажил. Би бол тракторын жолооч л болчихвол тэнгэрийн умдаг атгалаа гэсэн үг гэж боддог байв.
Долдугаар ангид байхад (1972 он) илгээлтээр хөдөө гарах аян өрнөж, хот, хөдөөгүй бөөн юм боллоо. Аав, ээж маань хоёр талаасаа тулж, түших ах, дүү цөөхөнтэй. Нэгдлийн олон мал маллах, хэдэн хүүхдээ өсгөх гэж өдөр шөнөгүй зүтгээд, хүн бүлгүй хэцүүхэн байсан болохоор аав хэзээ “Илгээлт аваад ир” гэх бол гэж хүлээгээд, ямар ч байсан өөрөө үг алдахгүй юм шүү хэмээн хэлээ хазаад байлаа.
Номын мөр хөөвөл ч хөөчихмөөр санагдаад байгаа хэрэг шүү дээ. Долдугаар ангийн гуравдугаар улирлын амралтаар харьчихаад буцах гэж байтал аав “Хүүхдүүд илгээлтээр мал дээр гараад байх юм. Чи eр нь ямар санаатай байна” гэв. Тэгэхээр нь жаахан бэргэж байгаад “Та л мэд” гээд өөрт нь даатгачихлаа.
Аав жаахан бодож байснаа “Чи тэгээд ном сурч чадах уу” гэж байна. “Чадвал ч чадах байх шүү” гэтэл “Тэгвэл чи өөрийнхөө амьдралыг бод. Номын мөрөө хөө. Аав, ээж хоёр нь яаж ийгээд болно. Бидэнд санаа зовох хэрэггүй” гэж миний санаа бодлыг шулуутгасан даа. Миний номын мөр хөөх гол шийдвэрийг аав гаргасан хэрэг.
Ингээд аймгийн төвийн арван жилд дэвшин суралцсан. Аравдугаар анги төгсөхдөө сурлагаараа долоод жагссан хүн гадаадын сургууль авах нь ойлгомжтой. Хуулийн мэргэжил гэдгийг би аравдугаар анги төгсөж байхдаа ч мэддэггүй байв. Манай ангийн хүүхэд хуульч гэж их сайхан мэргэжил байдаг, энэ мэргэжлийг эзэмшвэл шүүгч, прокурор болдог гэхээр нь сонирхол төрж, ямар шалгалт авдгийг сураглатал монгол хэл, уран зохиол гэнэ.
Би энэ хоёр хичээлд гайгүй болохоор хуульч гэдэгт нь тэнцэж магадгүй юм байна гэсэн бодол зурсхийж байна. Ингээд элсэлтийн шалгалт болж, хуваарь сонсож байтал олон улсын харилцааны, прокурорын гэсэн хуульчийн хоёр хуваарь иржээ.
Олон улсын харилцааных нь бүр малчны хүүхэд авна гэсэн заалттай юм. Бал дарга “Олон улсын харилцааны сургуульд дандаа дарга, сэхээтний хүүхэд яваад байна, малчны хүүхэд явуул” гэсэн чиглэл өгсөн юм билээ.
Хуваарь амлахад олон улсын харилцааны хуульчийн хуваарийг өмнө жагссан зургаан хүүхдийн нэг сонгочихгүй бол би авна гэж дотроо онилчихоод байлаа. Өмнөх хүүхдүүд авсангүй. Миний ээлж болж, сонгосноо хэлэхэд “Aав чинь ямар ажилтай вэ” гэж байна. “Mалчин” гэтэл “За, тэг тэг” гээд бичиж тэмдэглэж аваад, хуваариа өглөө.
Гэтэл бүр хойгуур, 32-33-т жагссан хүүхэд “Би олон улсын харилцааны хуульчийн ангид ормоор байна” гэсэн юм байж. Хөдөлмөрийн баатар малчны хүүхэд болохоор тэгсэн үү, миний сонгосон хуваарийг түүнд өгч, би Улсын ерөнхий прокурорын газрын захиалгатай хуульчийн хуваарийг авлаа.
Эрхүүд хэлний бэлтгэлд нэг жил сурч, хэлний бэлтгэлээ гайгүй төгссөн гурван хүүхдийг Ленинградын улсын их сургуулийн хуулийн ангид хуваарилсан. Энэ нь Цагаан хааны гол сургууль байсан, одоо ч дэлхийн шилдгийн тоонд зүй ёсоор ордог нэр хүндтэй сургууль л даа.
Биднээс өмнө тэндхийн хуулийн ангид сурч, төгссөн монгол хүн байгаагүй. В.Путин биднийг очих жил төгссөн, Д.Медведев биднийг төгсөхөд ирсэн юм билээ.
-Прокуророор ажилласан он жилүүд танд юу өгсөн бол?
-1981 онд Улсын ерөнхий прокурорын газрын харьяанд 30-аад хүүхэд төгсөж ирснээс ганц намайг төв аппаратад авч үлдээд, бусдыг нь орон нутагт хуваарилж байв. Намайг Цэргийн шүүхийн ажилд хяналт тавих хэлтсийн прокуророор томилсон. 1988 он хүртэл тэнд прокурор, тасгийн даргын алба хашиж, 1988 онд Цэргийн ерөнхий прокурорт очсон.
Mиний хууль дүрэм гадарлаад байгаа нь прокурорын байгууллагад ажиллаж, ажлын дадлага туршлагатай болсны, хууль номтой зууралдаж, хуульчийн амьдрал дундамьдарч явсны ач юм шүү дээ.
Би гурван том гeнeралын хажууд байж, тэдний сургаалыг сонсон, мэргэжлийн хувьд хүн болсон. Хэрэг муу танилцуулаад, маргааш нь хажуугаар нь гарахад газар дор ортол муухай харна. Р.Гүнсэн гуайгаар нэг муухай харуулчихвал мань мэт лав нэг сар унтахаа мартана. Харьж аяга хоол идчихээд, буцаж ирж сууна. С.Бүдрагчаа гуайн хэлснийг бичихдээ ганц үг гээхэд л андахгүй.
“Яагаад үг орхисон бэ” гэж нэг муухай харахад нь дахиж хэзээ ч хэлсэн үгийг нь засахгүй болно. Б.Даваасамбуу генерал бие даан шийдвэр гаргах эрхийг надад үлдээнэ. Тэр мундаг хүмүүс биднийг харцаараа удирддаг байлаа. Харцаараа удирдах чинь л хамгийн шилдэг арга байж. Одоогийн дарга нар өрөөндөө хүн дуудаж, загнахыг удирдах гэж боддог шиг байна. Түүнээс чинь хүн айдаггүй, харин өширхөж, үзэн яддаг юм.
1992 ОНООС ХОЙШ ХАМГИЙН ОЛОН ХУУЛЬ БИЧСЭН ХҮН ГЭВЭЛ ЯАЛТ Ч ҮГҮЙ БИ. НАДАД ӨРСӨЛДӨГЧ БАЙХГҮЙ
-Хуульчаас улстөрчийн ажилд шилжсэн нь таны шийдвэр байв уу. Энэ шийдвэрийг хэрхэн гаргаж байв?
-Тохиолдлоор орчихсон юм. Улс төр гээчийг сонирхдоггүй, мэргэжлийнхээ ажлыг хийгээд явж байсан хүнийг амьдрал өөрөө хөтлөөд оруулчихсан. 1990 онд шинэ хүчнүүд гарч ирээд яг ид бужигнаж байхад намайг Сайд нарын Зөвлөл рүү авсан. 1990 оны тавдугаар сард тухайн үед АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан П.Очирбат зарлиг гаргаж, засаг төр, шинэ хүчнүүдтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулав.
Уг Ажлын хэсэгт шинэ хүчнүүдээс Р.Гончигдорж, Д.Дорлигжав, Даш.Ганболд, Сайд нарын Зөвлөлийг төлөөлж би орж, энэ сайн эрчүүдтэй танилцаж байлаа. 1990 оны наймдугаар сард Бага хурал байгуулагдаж, шинэ сайд нарыг томилоход би Хууль зүйн тэргүүн дэд сайд болсон.
1992 оны сонгуулиар яагаад ч юм бэ нэр дэвшчихмээр санагдаж, намын нарийн бичгийн дарга Н.Багабандид энэ тухайгаа хэллээ. Би Б.Даш-Ёндон гуайг танихгүй, Н.Багабанди Одессийн Хүнсний технологийн дээд сургуульд манай эхнэртэй нэг үед сурч байсан юм. Тийм учраас танилын журмаар уулзаж, “арын хаалга”-дсан хэрэг юм уу даа. Тэгээд Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж, Э.Бат-Үүлтэй өрсөлдөөд УИХ-ын гишүүн болсон.
-Түүнээс хойш УИХ-д тасралтгүй сонгогдсон хүн Д.Лүндээжанцан гишүүн, та хоёр л болж байх шив дээ?
-Тийм болж байна. Д.Дэмбэрэл гуай байсан. Насны эрхээр саяын сонгуульд нэр дэвшсэнгүй.
-Өнгөрсөн хугацаанд Та Хууль зүй, дотоод хэргийн сайдаар дөрвөн удаа томилогджээ. Эргээд харахад юу харагдаж байна вэ. Сүү дээрээсээ асгаж ухаан орсон хүү сүүн мөртэй амьдарч чадсан болов уу?
-1990 онд 55 хуультай байсан Монгол Улс oдоо 900-гаад хуультай болсон. Өнгөрсөн 25 жилд над шиг улаан гараараа хуультай ноцолдсон хүн байхгүй. Б.Чимид багш УИХ-ын гишүүнээр нэг удаа сонгогдож, ид бичиж байх үедээ гарчихсан. 1992 оноос хойш хамгийн олон хууль бичсэн хүн бол яалт ч үгүй би. Энэ тал дээр надад өрсөлдөгч байхгүй.
-Орондоо хууль зассан хэрэгт хүртэл орсон.
-Тэгсэн, тэгсэн. Монголд орчин цагийн хуулийн бичлэгийн хэв маяг, загварыг тогтоох гэж л “Oрондоо хууль засдаг” гэж дайруулах хүртлээ зууралдаад байгаа юм. Харьцуулаад харвал, 1960-1970 онд бичсэн хууль, 1980-аад оны дунд үед Б.Чимид багшийн бичсэн хууль, 1990 оноос хойших хуулийн бичилт тэс өөр.
Шинэ цагийн хуулиудыг ерөнхийд нь харвал миний бичилт л явдаг юм даа. Би өдөр, шөнөгүй хуультай ноцолдож, янз янзаар хэлүүлээд байдгийн учир энэ. Хуулийн хэллэг, бичлэг гэдэг тийм амар эд биш. Ганц таслал буруу тавихад орвонгоороо эргэчихэж мэднэ.
-Таныг сайдаар ажиллах үед хуулийн салбар олон байшинтай болсон гэдэг.
-Дөрвөн удаа томилогдож, арав гаруй жил хуулийн салбарыг толгойлох завшаан надад тохиосон. Энэ хугацаанд удирдаж байсан системийнхээ байгууллагуудыг толгой хоргодох байртай болгох гэж их зүтгэсэн. Бүтээн байгуулалт өрнөж байсан өмнөх нийгмийн үед ч манай салбарт ийм олон барилга баригдаагүй. УEПГ-ын байрыг Ж.Авхиа гуай, HАХЯ-ны хашаан дахь хурлын танхимыг С.Лувсангомбо гуай бариулснаас өөр хуулийн салбарын сайд, дарга нарын бариулсан барилга байхгүй.
Миний үед ер бусын олон барилга баригдсан. А.И.Филатова бүх сумыг цэцэрлэгтэй болгосон бол би бүх сумыг цагдаагийн байртай болгосон. Яамны эмнэлэг, Хууль зүйн үндэсний хүрээлэн гээд Засгийн газрын ордны баруун талд л гэхэд миний бариулсан 5-6 байшин бий. Архивын ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг харьяа газруудаа байртай болгожээ.
Хамгийн сүүлд, Хууль сахиулахын их сургууль хэдхэн хоногийн өмнө шинэ байрны нээлтээ хийлээ. 40 мянган ам метр талбайтай, 3000 оюутны хичээлийн байр, 800 оюутны дотуур байртай цогцолборыг хэдэн жил хөөцөлдөж байж дуусгалаа. 1980 оноос хойш Монголд төсвийн хөрөнгөөр ийм том байшин бариагүй.
Байшин барилга бариулах тал дээр санасан болгоноо хийсэн. Одоо энэ УИХ-ын хуралдааны танхимыг би УИХ-ын дарга байхдаа засуулж, ийм болгосон юм шүү дээ. Гишүүдийн сууж буй сандал, ширээний хээг нь хүртэл өөрөө үзэж байж хийлгэсэн.
Буддын шашинтай оронд харийн шашнууд орж ирж, мөнгөөр цохин хэтэрхий олон сүм барьж байна гэсэн бодол цээжинд байсан учраас УИХ-ын даргаар ажиллаж байхдаа буддын шашны Азид байхгүй сайхан хийдтэй болох ажлыг эхлүүлье гэж бодсон. Тэгээд Чой хамба (Д.Чойжамц)-тай уулзаж, Төсвийн ажлын хэсгийнхэнтэй ярилцан, Гандантэгчэнлин хийдийн хашаанд томоохон сүм барихаар болсон.
Ингэж эхлүүлсэн хийдийн барилгын ажил төсөв мөнгөнөөс болоод хараахан дуусаагүй байна. Шаардлагатай мөнгийг нь Засгийн газар сая төсвийн тодотголоор оруулж ирээгүй байсныг гуйж гувшиж, муухай царайлж байгаад шийдүүлсэн. Ер нь албан тушаал хашсан хүн ардаа юм үлдээх ёстой. Юм үлдээхгүй бол албан тушаал хашаад яах юм бэ.
-Та 1990 оноос хойших ордны бүх хуйвалдааныг мэднэ гэж байсан. Хамгийн увайгүй хуйвалдаан нь юу байв?
-Эргээд харахад улсаа цөлмөх хуйвалдаан, өндөр дээд зиндааны луйвар өнгөрсөн дөрвөн жилд аймшгийн хэмжээнд хүрсэн байна. Би ийм юм үзээгүй.
-Улсаа цөлмөх, төрөөс баяжих уралдаан өнгөрсөн дөрвөн жилээр тогтохгүй юм биш үү?
-Асар их хортой, далайцтай, үнэмлэхүй их хөрөнгө зувчуулсан нь өнгөрсөн дөрвөн жил байлаа. Би 2000 оноос хойш Хууль зүйн сайдаар ажилласан хүн шүү дээ, мэдэлгүй яах вэ. Тэр үед аахар, шаахар хулгай байсан. Гэхдээ арай ч ийм улайм цайм байгаагүй. Өнгөрсөн дөрвөн жилд бүр цагаандаа гарлаа. Бодоод үз л дээ. 2012 онд улсын үйлдвэрийн газрууд 200 орчим тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг байсан.
Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд 11 их наяд төгрөгийн алдагдалд орж, 10.8 их наяд төгрөгийн өрөнд баригдлаа. Энэ мөнгө хаачсан байх вэ. Ганц л жишээ дурдъя. 30 хүрэхгүй тэрбум төгрөгөөр барьсан 14 давхар байшингийнхаа хоёрхон давхрыг 28 тэрбум төгрөгөөр улсад зарчихаж. Тeндeр шалгаруулаад, түүнийхээ дүнг дөрөв дахин үржүүлээд авчихсан байна. Би зөндөө луйвар үзсэн. Ийм улаан, цагаан, нүдэн дээр эрх мэдэлтнүүдийг ашиглаж хийсэн луйвар үзээгүй.
2000 онд Хууль зүйн сайдаар томилогдож байх үед эрүүгийнхэн их хүчтэй байлаа. Тэд Ерөнхий сайдын гэрт нь очоод хэвтчихдэг, Eрөнхийлөгчийн сонгуульд явдаг, танхимаас эсэргүүцэл гарвал айлгаж өгдөг байсан. Тэр хэмжээгээрээ нөлөөгөө тогтоочихсон, бид бүгдийг чадна гэж тооцоод элдэв юм хийдэг, эрүүгийн нөхцөл байдал хүндхэн байсан.
Гэхдээ түүнийг цэгцлэхэд амархан байж. Ганц далайлтаар бүхнийг байранд нь тавьж болж байсан. Харин цагаан захтнууд бол түүнээс хэдэн арав дахин хүчтэй, нарийн сүлжээтэй, хэвлэл мэдээлэл, шүүх, прокурорыг тэр чигээр нь эрхэндээ оруулчихсан, хэцүүхэн байдаг юм байна.
Шулуухан хэлэхэд АН, МАН-ын аль алинаас нь дэмжлэгтэй, нэгнийхээ хийж байгааг мэдсэн ч мэдээгүй мэт суудаг, шалгах гэхээр саармагжуулдаг, хүчгүй болгодог, олонхоор хүч түрж, булхайг дарж өнгөрөөдөг сүлжээ үүссэн нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Үүнийг зогсоохгүй бол энэ улс хэцүүднэ.
Гэгээнтний дүр эсгээд гэм зэмгүй явж амиа хоохойлох, эсвэл бугшсан хулгай, луйвартай тэмцэж яваад улстөрчийн амьдралаа дуусгах гэсэн хоёр зам миний өмнө байсан. Би хоёр дахиар нь явж байна. Томчуудад тээртэй хүн шүү дээ, би. Би олон юм бодож, мөрөөдөөд байдаг хүн биш.
Энэ улсыг хулгай, худал, хуйвалдаанаас холхон, ард иргэд нь шударга хөдөлмөрөөр олсон орлогоороо хүний дайтай амьдардаг, айвуу тайван, эв найртай, илүү ч үгүй, дутуу ч үгүй, аз жаргалтай гэр бүл шиг улс болохыг үзээд, эргэж хургаж, санаа зовох зүйлгүй, бурхны оронд явах сан гэж мөрөөддөг. Хүн цаг хугацааны хайчинд л амьдардаг юм чинь, ямар мөнхрөх биш. Гэтэл нэг талаас хугацаа, нөгөө талаас хулгай шахаад, энэ мөрөөдөл маань холдоод байна.
Ард түмэн цөхрөнгөө барж байна шүү дээ. Энэ нь арай гайгүй болов уу гээд сонгодог, гарч ирсэн нь дандаа адгийн юм хийдэг. Улсын хувь заяатай холбоотой томоохон шийдвэр Засгийн газраас, УИХ-аас ч гардаггүй болж байгаа юм байна. Тэр объeктыг төдөөр худалдаж авна, хувьчил гэсэн даалгаврыг эзэн өгдөг. Сайд саналыг нь Засгийн газарт оруулж, нууцаар дэмжүүлдэг. Засгийн газар нь УИХ-д оруулж, УИХ нь баталж өгдөг. Ийм хачин байдалд орсон байна.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ ХҮРТЭЛ ЗАЙ Ч БАЙНА, ЛАЙ Ч БАЙНА
-Танайхыг түрээсийн байранд амьдардаг гэсэн яриа гарсан даа. Тэгэхэд “Хамт улс төрд зүтгэсэн хүмүүс нь ингэж баяжсан байхад Нямдорж ганцаараа хоосон үлдэв гэж. Нууж, хаасан хөрөнгө байж л таарна” гэх үл итгэсэн хандлага илүүтэй ажиглагдсан?
-Бага хүү гэрлэхэд гал голомтоо өвлүүлдэг заншлаар байраа хүүдээ өгсөн юм. Хүүхдүүд зуслан дээр байшин бариад дуусаагүй, нэг тийм сонин үед танил маань “Манайд эзэнгүй байдаг байр бий. Та хөлс мөнгийг нь өгөөд тэнд амьдар” гэхээр нь орчихсон. Түрээсийн байр мөн байгаа биз дээ. Үүнийг улс төрийн зорилгоор хөөргөдсөөр, намайг мөлжих нэг хэрэгсэл болгож хувиргасан. Одоо ч гэсэн би тэндээ байж л байна.
Ер нь баяжъя гэвэл над шиг боломжтой хүн байгаагүй. Өнгөрсөн 25 жилд газар, лиценз авъя гэвэл авах л байлаа. Цэнхэр, ягаан тасалбараар хувьчлал нэрээр луйвар хийж баяжих бололцоо ч байсан.
Хулгай хар мөртэй, хулгай, худал, хуйвалдаанаас хол яв гэсэн дээдсийн захиас байна. Надад итгэсэн түмэн хүний итгэл байна. Улс төрд явж байгаа хүнд баяжих хэрэг байхгүй. Баяжмаар байгаа бол бизнесээ хийгээд явж болно. Би 16 жил Увсаас сонгогдож УИХ-д суусан. Надад тэнд ганц ширхэг тоосго ч байхгүй.
Сая Далай багш “Бүх зовлонгийн үндэс шунал” гээд хэлчихэв ээ. Би зарим хүнд “Ийм их хөрөнгө хураагаад, улс төртэй зууралдаад явах ямар хэрэгтэй юм бэ. Мянган жил амьдрах биш. Үхэхийн цагт хоёр мeтр газар ч хэрэггүй. Чандарлаад бумбанд хийчихдэг болсон. Яах гэж ингэж шунадаг юм бэ” гэж хэлдэг юм.
-Ц.Нямдоржийн нуусан хөрөнгө гэх мэдээлэл үе үе гардаг шүү дээ?
-Намайг хулгайч нартай ширүүхэн үздэг болохоор энэ өөрөө хэзээ хулгай хийх нь вэ гэж анхааралтай ажигладаг хүмүүс байдаг юм. Тэд миний хийсэн хулгайг олох гэж их зовдог, олохгүй болохоороо худлаа зүйлд миний нэрийг наадаг. Энэ хаврын сонгуулиар Шувуун фабрикт сонгогчидтой уулзтал хүмүүс их янзгүй байна. Би уулзалтад очингуутаа хүмүүсийн нүд рүү хардаг. Нүд нь гэрэлтэй байвал чи сонгогдоно.
Харцаа буруулж, мурилзаад байвал унана гэсэн үг. Тэнд цугларсан хүмүүс их янзгүй байна. Ямар нэг юм болж дээ гэж бодож байтал нэг нь босож, “Энд чиний 30-аад га газар байна. Түүний цаахна байдаг карьер бас өөрийнх чинь гэнэ” л гэж байна. “Түүнийгээ заагаад өг. Би гэнэт баяжиж байгаа юм байна” гээд, надад тийм газар огт байхгүйг хэллээ.
Тэгэхнээ “Дэвшил”-ийн харьяа “Багро” үйлдвэрийг Нямдоржийнх гэсэн ойлголт өгсөн байгаа юм даа. Тоос, шороо их гаргадаг, газар шороог нь сэндийлээд дуусгаж байгаа болохоор хүмүүс их дургүй байдаг карьерыг бас надад наасан байгаа юм. Байхгүй юмыг ингээд наачихаж байгаа хүмүүс байгаад, нуусан юмыг бол дор нь гаргаж тавина биз.
Даанч юм олохгүй болохоороо Хятадын тагнуул, түрээсийн байранд амьдардаг гэх мэтийн юм ярьдаг. Надад банкнаас авсан зээл ч байхгүй. Юу ярих юм, эд надтай.
-Таныг үгүйсгэх гэхээрээ Хятадын тагнуул гэдэг. Энэ яриа тухайн үедээ их өндөр авсан. Юунаас үүдэлтэй ийм яриа гарсан юм бэ?
-1998 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувьчлах тухай нууц захидлын асуудал дэгдээгүй юү. Тэгэхэд би үүнийг шалгах ажлын хэсгийг ахалсан. Уг асуудалд миний барьсан байр суурь манай зарим томчуудад таалагдаагүй. Үүний үр хөврөл нь энэ. Намайг 2000 онд Хууль зүйн сайдаар томилох гэж байхад “Ц.Нямдорж бол Хятадын тагнуул. Тиймээс Хууль зүйн сайдаар томилж болохгүй” гэсэн бичиг бүх дарга нарт өгсөн байсан.
Түүнийг нь Л.Гүндалай гурван жилийн хойно гаргаж ирж баахан ярьсан. 1998 онд Эрдэнэтийн хуйвалдааныг шалгаагүй бол би Хятадын тагнуул нэр зүүхгүй байсан. Ийм л зүйл. Миний эсрэг дуугарах гэхээрээ л үүнийг ярьдаг юм.
-Ер нь албан тушаалтай хүнийг зорилгодоо ашиглах гэсэн хүн олон таарна биз?
-Танихгүй хүн өөдөөс инээгээд ирвэл би хараагүй юм шиг зөрдөг. Тэр бол муу юм эхлэхийн дохио. Миний албан тушаалыг ашиглах гэж байгаа нь тэр. Би хүнтэй харилцахдаа нүд рүү нь хардаг. Харц сэтгэлийн толь гэдэг үг байдаг байх аа. Хулгайч харцтай хүнээс сайн зүйл гардаггүй юм. Би шинээр сонгогдсон гишүүдийн нүд рүү хардаг. Эвгүй харцтай хүнтэй гар барьдаг ч үгүй.
Хэзээ нэг цагт үүнээс муу юм гарна даа гэж бодож байтал хийдэг юм даа. Төрд хулгайч сэтгэлгээтэй хүн л оруулмааргүй байх юм. Хэчнээн өндөр боловсролтой байгаад хулгайч сэтгэлгээтэй бол өндөр зэрэглэлийн хулгайч л болно.
Төрийн алба хашна, төрийн хүн байна гэдэг уг нь нарийн дэг жаягтай юм шүү дээ. Төрийн хүний явдал, суудал хүртэл төрийн ёс жаягийг дагах ёстой юм.
-Энэ талаар залууст хэлж, ярьж байна уу?
-Саяхан зурагт үзэж суутал Хууль зүй, дотоод хэргийн яамны хэлтсийн дарга гээд сахалтай залуу гарч байна. Би танихгүй л дээ. Маргааш нь Байнгын хорооны хуралд нөгөө залуу ороод ирэхээр нь “Чи ингэж сахал үсээ ургуулдаг хэн юм бэ. Хаана, ямар алба хашиж байгаагаа мэдэж байна уу. Наад сахлаа ав. Биeэ зөв авч явахад яадаг юм бэ” гэсэн. Өчигдөр таарахад мөлчийтөл хусуулчихсан явна билээ.
Хууль зүйн яамныхан намайг явахаар зангиагаа авч хаяад, алхаа, гишгээ нь хайш яйш болоод эхэлдэг. Намайг буцаад очихоор зангиагаа зүүгээд, явдал нь тэгшрээд ирдэг гэсэн яриа байдаг юм.
-Тийм ширүүн сайд хэрэг үү?
-Удирдлагадаа ажилладаг хүмүүсээ загнаж үзээгүй. Тэд миний зарчмыг мэддэг учраас үглэх шаардлага байхгүй. Нэг муухай харахад бүх асуудал шийдэгдэнэ. Нэр хүндээр удирдах гэж юм байна. Энэ бол хамгийн найдвартай удирдах арга. Манай агeнтлагийн дарга нар намайг ааш муутай байхад миний өрөөнд орж ирэхгүй.
Нарийн бичгээс “Тэнгэр ямар байна” гэж асуугаад “Бүүдгэр байна” гэх юм бол буцдаг. Намайг сайд байхад миний агeнтлагийн даргаар ажиллаж байсан хүмүүсээс хулгай хийж, худал хэлж шоронд орсон хүн байна уу. Байхгүй. Анх томилохдоо “Хулгай хийгээд үзээрэй, та нар. Толгойг чинь авна шүү” гэх маягийн юм хэлж, зарчмаа ойлгуулдаг байхгүй юу. Тэгэхэд дөрвөн жил яах ч үгүй.
-Таныг Eрөнхийлөгчийн сонгуульд бэлдэж байна гэсэн хардлага байна?
-Тэгж л яриад, хардаад байгаа юм. Тэр ч бүү хэл Н.Энхбаярын намаас нэр дэвшинэ, Г.Уянгын намаас ч дэвшиж магадгүй гэсэн байна билээ шүү дээ. УИХ-д суудалтай нам Eрөнхийлөгчийн сонгуульд оролцдог. Г.Уянгын нам суудалгүй шүү дээ. Би eр нь аливаа алхмыг хийхдээ дараагийн ашиг хонжоо бодож байсан удаагүй. Eрөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл хангахдаа хүрвэл би дарга нараа аргалж байгаад нэр дэвшүүлэх хугацааг дөхүүлэхээ боддог юм байгаа биз дээ.
-Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой хүмүүсийн нэрс дунд Таны нэр бий. Танд боломж олдвол татгалзахгүй биз дээ?
-Миний нэр явдаг л юм. Анх удаа ч явж байгаа юм биш. Би мянга хүсээд өөрийгөө дэвшүүлэх эрхгүй. Намын хамт олон шийднэ. Хэнийг дэвшүүлэхээ нам нь шийддэг юм байгаа биз. Ялъя гэж байгаа бол олон түмний итгэл хүлээсэн хүнээ л дэвшүүлэх байх. Тэр нь чухам хэн байх юм.
Тухайн үeдээ шийдэх асуудал. Тэр хүртэл хугацаа байна. Зай ч байна, лай ч байна. Нэг юм ярихаар л ямар нэг хардлага дагах юм, нийгмийн сэтгэл зүй ийм болчихсон юм уу.
-Улстөрчид дандаа давхар санаа агуулж, хэдэн алхмын цаадах ашиг хонжоо харж хөдөлсөөр ийм хашир болгочихлоо л доо. Таныг бас намын дарга болохыг санаархаж буй гэх хүн байгаа?
-Нам удирдан сонгуульд орж, ялалт байгуулсан хүн доод талд чимээгүй сууж байхад нам булааж авна гэж үг алдах мангар хүн би биш.
-Хуучин МАХН хоёр хуваагдлаа. Намын дарга, төрийн өндөр албан тушаалд байхад нь хамтарч ажиллаж, нэг зорилгын төлөө зүтгэж явсан журмын нөхөртэйгөө тангараг тасарлаа. Хүний хувьд үүнд харамсах, эмзэглэх мэдрэмж төрдөг үү?
-“Үйл үйлээ дагана” гэдэг үгтэй юм шүү дээ. Намыг хоёр хуваах ажлыг тэд өөрсдөө л хийсэн. Түүнийг нь өрсөлдөгч нам овжин ашиглаж, сонгуульд ялсан. Эндээс хэн, юу хожив. Ийм юм болохыг тооцож алхах ёстой шүү дээ, бидний зиндааны хүмүүс.
Хамт ажиллаж байсан хүн хэцүү байдалд ороход баярлаад сууж байх хэн байх вэ. Эмзэглэх үe байлгүй л яах вэ. Гэхдээ бүхнийг өөрсдөө л хийсэн. Буруу зүйл хийсэн хүнийг хамгаалах үүрэг надад байхгүй шүү. Яах гэж ийм юм хийдэг юм бэ. Заан том боловч зам дагадаг, залуу том боловч хууль дагадаг. Хууль бус зүйл хийгээд ийм байдалд орсон бол хэн нэгэнд бус, өөртөө л гомдох хэрэгтэй.
Би олон даргын нүүр үзсэн. Тэднийг хамгаалж ч явсан. Гэхдээ хуулийн хүрээнд. Хэт их хамгаалаад байхаар давраад байдаг юм билээ. Жишээ нь, далдуур муу юманд орооцолдчихоод, хариуцлага нэхэхээр хүнд гомддог сонин явдал Монголын улс төрд бий болчихож. Одоо ч гэсэн ийм л байна. Эрдэнэтийн тухай ярьснаас хойш зарим хүн надад асар дургүй байгаа. Би түүнийг нь алхам тутамдаа мэдэрч байна.
Би ямар эдний дургүйг хүргэхгүйн тулд хулгайг нь хаацайлж амьдрах үүрэгтэй биш. Нарийн яривал МАН-аас нэр дэвшсэн хүмүүсийн сонгуульд би явж байснаас биш, миний сонгуульд тэд явсан түүх үгүй. Даргын суудалд суучихаар хүссэн бүхнээ хийж болно, хууль үгүйсгэж болно гэсэн аюултай хандлага л яваад байгаа юм даа. Би үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй.
АРД ТҮМЭН Л МИНИЙ ДАРГА. НАДАД ӨӨР ДАРГА БАЙХГҮЙ
-Та их хорон үг хэлдэг. Энэ танд хэзээнээс суусан чанар вэ?
-Удмынх байх аа. Миний дээд өвөг “хандгай” Өнөр гэж их том биeтэй, тун цэцэн цэлмэг хүн байсан юм гэнэ билээ. Том биeтэй болохоор нь “хандгай” гэж хочилсон юм байх. Одоо манайхныг “хандгайнхан” гэдэг. Тэр хүний гeн л яваад байгаа юм болов уу даа.
Манай ач хүү гэж хэл ам нь гүйцэгдэхгүй нөхөр байна. Миний ярьдаггүйг ярьж, миний хэлснийг засна. Гурван настайгаасаа л тийм байсан. Хүмүүс надаас “Та энэ хачин хачин юмаа бэлтгэж байгаад ярьдаг уу” гэж асуудаг. Би бол микрофон нээгээд ярьж эхлэхэд цаашаа явчихдаг.
-Чиглүүлсэн үг тань байгаа яг онодог болохоор хүмүүс таныг их анхаарч сонсдог шиг санагддаг.
-Хөдөө явж байтал нэг согтуу нөхөр “Би АН-ыг дэмждэг. Гэхдээ таныг зурагт, радиогоор ярихаар бид хот айлаараа цуглаж байгаад сонсдог” гэж байсан. Тэгэхээр жаахан сонсдог шиг байгаа юм. Түүнийг нь ч манайхан мэддэг бололтой. Би хэзээ намдаа хамгийн хэрэгтэй хүн болдог гээч. Сонгуулийн үeэр. Нэр дэвшиж байгаа бүх хүн надаар магтуулна. Өнгөрсөн хавар танихгүй хүн хүртэл магтаж сурсан шүү. Баруун, солгойгүй магтсан.
Өнгөрсөн дөрвөн жилд эрх барьсан хүмүүсийн увайгүй явдлыг сонгуулийн аргаар таслах гарцаагүй шаардлага байсан юм. Тэгээд сонгуулийн үeэр таньдаг, таньдаггүй түмэн амьтан магтаж, баахан явлаа. Яллаа. Олонх болчихоод нөгөө алдаагаа засах гэхээр хөдөлж өгөхгүй болохоор нь байж ядаад байгаа нь ийм учиртай.
Би сонгогчдын өмнө хэлэх үггүй болчихоод байна. Чи сонгуулийн өмнө олон долоон юм яриад, энэ улсыг чинь цэгцэлж өгнө гээд байсан. Хаана байна, тэр чинь гэвэл би юу гэх вэ. Энэ бол хариуцлагын асуудал. Яалтай ч юм бэ. Зовлонтой л байна. Хувь заяаны шоглоом ч юм уу. Гадаад нөхцөл байдал их хүндэрлээ. Үүнийг тооцож ажиллах шаардлага гарч байна. Цаашид eр нь яах юм бол гэж бодохоор дотор давчдаад байх юм.
-Ч.Сайханбилэгийг хүчгүй, эрх мэдэлгүй, том биeтэй, толгойгүй хүн гэж та хэлж байсан. Энэ Засгийн газар ч гэсэн иймэрхүү л дүр төрхтэй харагдаад байна?
-Сул байна. Би энэ Засгийн газрыг байгуулж байхад “Наадах чинь золионы Засгийн газар шүү. Энэ улсыг цэгцлэх цаг болсон. Үүний тулд нэр төрөө түймэрдэж байж энэ хүнд ачааны цаана гарна шүү. Гэм зэмгүй явж үүний цаана гарахгүй. Олон хүний хараал, eрөөл сонсоно. Сонгуулийн үeд амлаагүй хүнд шийдвэрүүд ч гаргах шаардлага тулгарч магадгүй. Та нар үүнийг хийж чадах уу” гэж асуусан. “Чадна аа” л гэсэн. Одоо чадаж байгаа нь хаана байна.
Энэ тухай би хаалттай Бүлгийн хурал дээр ч, ил чуулганы танхимд ч хэлж байгаа. “Хулгайгаа таслан зогсоож чадахгүй бол ажлаа өгөөд явцгаа” гэж чуулганы хуралдааны үеэр хэлсэн. Ний нуугүй л ярьж байгаа.
Мөнгө төгрөг багатай, өр зээл ихтэй, нийгмийн халамж хавтгайрч, эдийн засаг нь элгээрээ хэвтчихсэн ийм үeд юу ч болоогүй юм шиг халаасандаа гараа хийгээд алхаад байж болохгүй. Юу хийж чадах, юуг хийж чадахгүйгээ ард түмний өмнө зоригтойгоор хэлэх хэрэгтэй. Миний харж буйгаар бол эрс шийдэмгий арга хэмжээ авч өвчнийг эмчлэхээс аргагүй байдалд хүрчихсэн байна.
Улс орныг эрүүлжүүлж, хэвийн байдалд нь оруулахын тулд хүн хүсэхийн аргагүй хүнд шийдвэр гаргах шаардлага тулгарч байна. Үүнийг хийхэд нэр төрд чинь халтай зүйл олон гарна. Түүнийг даах сэтгэлийн тэнхээ хэрэгтэй. “Алд биe минь алдарвал алдартугай. Ахуй төр минь бүү алдартугай” гэдэг үгийн утга энд гарна шүү дээ. Өөрийгөө улаан галд шидэж байж үүний цаана гарна шүү. Улс эрүүлжиж байвал нэр төр хэнд хэрэгтэй юм бэ.
-Хүн хүсэхийн аргагүй хүнд шийдвэр гаргах гэж та юуг хэлж байна вэ?
-Хулгайг зогсоохын тулд хулгайч нарыг барьж шоронд хийх ёстой биз дээ. Улсыг чинь хулгайлаад дуусаж байхад хараад сууж би л лав чадахгүй. Хулгай хийсэн хүнийг шоронд хийх нь хүний мууг үзэж байгаа хэрэг биш, хийсэн нүглийнх нь төлөө байх ёстой газарт нь аваачиж буй хэрэг. Ядарсныг тэтгэж, задарсныг дарж явах нь төртэй байхын учир. Төр байгаа юм бол ард иргэдээ захирч таарна. Захирах хэрэгслийн нэг нь шорон шүү дээ.
Улс орон хүнд нөхцөл байдалд орсон тул эд л улс орныг цэгцэлж магадгүй гэж горьдож ард түмэн бидэнд санал өгсөн. Одоо бид ард түмний хүлээлтийг биeлүүлэх ёстой. Ард түмний сэтгэлд нийцэж чадахгүй байгаа учраас би ингэж яриад байна. Нарийндаа бол сонгогчид миний хамгийн том дарга.
Ц.Элбэгдорж Монгол Улсын Eрөнхийлөгч мөн боловч, миний дарга биш. М.Энхболд намын дарга, УИХ-ын дарга мөн боловч, миний хамгийн том дарга биш. Миний элдэв хүнээс зөрж яриад байгаа нь хамгийн том даргынхаа өмнө үүргээ биелүүлэх гэж зүтгэж буй хэрэг. Ард түмэн л миний дарга. Надад өөр дарга байхгүй. Аль ч утгаараа. Надтай хууль ярих дарга одоо манай эд нар дотор хэд байгаа юм бэ. Зүгээр л, байхгүй.