Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа шинэ уран бүтээлүүдээ олны хүртээл болгосоор буй. Тэрбээр хамгийн сүүлд 2009 онд “Гайхамшигт үдэш” тоглолтоо толилуулснаас хойш уран бүтээлээ үзэгчдэд “тайлагнаагүй” билээ. Харин тун удахгүй шинэ тоглолт хийхээр бэлтгэж буй талаараа цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм. Сонсогчдодоо хүргэхээр зэхэж буй шинэ цомог болоод тоглолтынх нь талаар түүнээс тодрууллаа.
-Хоёр ч шинэ цомог гаргахаар зэхэж буй гэж сонслоо. Цомгуудаа танилцуулна уу?
-Ирэх оны есдүгээр сар гэхэд хоёр цомгоо сонсогчдодоо хүргэчихсэн байна. Би өмнө нь “Харанга” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбаттай хамтран “Ariunaa & Chuka” цомог гаргаж байсан шүү дээ. Энэ удаа “Хурд” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Отгонбаяртай хамтран “Ariunaa & Otgoo” нэртэй цомог гаргах гэж байна. Эл цомог таван дуунаас бүрдэнэ. Нөгөөх нь миний шинэ уран бүтээлээс бүрдсэн “Тусгаар тогтнол” цомог. Сүүлийн таван жилийн турш бүтээсэн уран бүтээлүүдээсээ 10 дууг шилж тус цомогтоо оруулах юм.
-Шинэ цомгууд тань өмнөхүүдээс ямар ялгаатай байх вэ. Таны уран бүтээлийн өнгө аяс өөрчлөгдөж байгаа юу?
-Нэлээд өөрчлөгдөж буй. Дууны шүлэг, аялгуу, хөгжмийн дуугаралт өмнөхөөс өөр. Их аятайхан цомгууд болно.
-“Тусгаар тогтнол” нэрийг нь сонсоход их өргөн утга агуулгатай уран бүтээлүүд “төрөх” нь ойлгомжтой санагдаж байна.
-Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуайн “Тусгаар тогтнол”, О.Дашбалбарын “Тэнгэр шиг бай” гэх мэт шүлгийг дуу болгон дахин “төрүүллээ”. Уран бүтээлээрээ дамжуулж орчин үеийн залуусыг ухааруулж, гэгээрүүлэх гэсэн юм.
-Тоглолт хийхээр төлөвлөж буй гэсэн үү. Товоо гаргасан уу?
-Эх орон, тусгаар тогтнол, хайр сэтгэлийн сэдэвтэй шинэ тоглолтоо таван жилийн өмнө хийе гэж бодсон боловч цаг нь биш тул хойшлуулсан. Харин ирэх жил тоглохоор шийдлээ. Гэхдээ яг хэдийд гэдгээ тогтоогүй байгаа. Тоглолтод дуулах шинэ дуунуудаа бичүүлж, дүрсжүүлж, бэлтгэлээ хийж байна. Дан шинэ уран бүтээлээ танилцуулах тоглолт учраас сонсогчдод дуунуудаа хүргэх хугацаа, бэлтгэл хэрэгтэй. “On’n off”, “Up music” продакшны хамтран ажиллаж дадсан уран бүтээлчидтэйгээ дахин ажиллах байх.
-Өнгөрсөн сард “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” хэмээх дууныхаа клипийг үзэгчдэд хүргэсэн. Дараагийн шинэ уран бүтээлээ хэзээ олны хүртээл болгох вэ. Реппэр Gee-тэй хамтарсан дуугаа хэзээ олонд сонсогчдод хүргэх вэ?
-Сүүлийн үед “Үл таних эмэгтэй”, “Хунгийн сүүлчийн дуу” киноны дуу, “Хайр ийм өнгөтэй” гээд л ихэвчлэн уянгын дуу дууллаа. Тиймээс дараагийн удаа Д.Отгонбаяртай хамтран гаргах цомогт багтах шинэ дуугаа толилуулна. Нэлээд хэмнэлтэй, доргио дуу бий. Реппэр Gee-тэй хамт дуулсан “Хижи гөрөөс” дуу “Тусгаар тогтнол” цомогт багтана. Мөн “UBS” телевизийн бүтээж буй “Говийн домог”, “Хувьсал” продакшны шинэ уран бүтээлийн дууг мөн дуулсан. Аль алийг нь удахгүй үзэгчдэд хүргэнэ.