Монголын хөгжмийн зохиолчдын холбооны Ерөнхийлөгч, Хөгжим бүжгийн коллежийн багш, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл, хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц нарын ижийтэй ярилцлаа. Эрүүл энхийн манаанд насаараа зүтгэсэн сүрьеэгийн эмч, гурван ачийн эмээ тэрбээр өдгөө 130 дугаар цэцэрлэгт ажилладаг аж.
-Таны хань Хишигтогтох урлагийн олон талын авьяастай байсан нь хоёр хүүгээ хөгжмийн зохиолч болоход нөлөөлсөн үү?
-Миний өвгөн залуудаа Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн лимбэчин байгаад контрабас тоглодог болж, Дархан-Уул аймгийн Залуучууд театр, Сэлэнгэ, Архангайн соёлын ордонд ажилласан. Алтангэрэл сурлага сайтай байсан тул мэс заслын эмч болгоно гэж би мөрөөддөг байлаа. Тэгтэл аав нь надад ч хэлэлгүй Хөгжим бүжгийн коллежид шалгуулсан байна лээ.
Алтангэрэлийн найз, Дорнод аймгаас ХБК-ийн эвэр бүрээний ангид суралцаж байсан хүү манайд хоёр жил амьдарсан. Сургуулийн дотуур байранд амьдарч байсан ч өрөө хүрэлцэхээ больж, том ангийнхныг гаргасан юм билээ. Алтангэрэл морин хуур тоглож, тэр хүү эвэр бүрээ үлээгээд манайх сумын клуб шиг л байлаа. Тэгээд л дүү Мөнх-Ертөнц нь урлагт татагдаж, Хөгжим бүжгийн коллежид элссэн.
-Багадаа ямар хөвгүүд байв?
-Би том хүүгээ оюутан байхдаа төрүүлсэн учир Алтангэрэл эмээ, өвөөгийн амь. Нисгэгч болоод өвөө, эмээгээ онгоцондоо суулгаж тоонон дээгүүрээ эргэлдэнэ гэж багадаа ярьдаг байсан юм. “Хичээлийн завсарлагаар хүүхдүүд ноцолдож байхад Алтангэрэл хэзээний л төгөлдөр хуураа тоглоод томоотой суудаг” гэж багш нь ярьдаг юм.
Гэтэл нэг өдөр эцэг, эхийн хурал зарлаж, сонгодог болон үндэсний хөгжмийн ангийнхан хоорондоо зодолдсон тухай багш нь ярьж, “Энэ муу Алтангэрэл хүртэл жижигхэн мод барьчихсан дээр дээр харайгаад гүйж байгаа юм даа” гэхэд цугласан хүмүүс бүгд инээлдэж билээ. Зах зээлийн үед хүн бүр л амьдрах гэж янз бүрийн юм хийдэг байсан шүү дээ.
Манайх нэг хэсэг талх барьж, ундаа хийж худалдаж үзсэн. Манай гурав машиндаа ундаагаа ачаад л ТҮЦ-үүдэд аваачиж өгнө. Ундаа олныг зарвал илүү мөнгө өгнө гэчихсэн чинь Мөнх-Ертөнц “Ундаа аваарай” гээд л можигонотол гүйдэг байсан нь хөөрхөн. Тавдугаар анги хэрнээ хоёр авдар ундаа өргөөд гүйнэ. Яаж ч даадаг байсан юм.
Хөвгүүд минь чих халууцуулж байгаагүй. Би нэг л удаа айхтар зодож байсан. Ажлаасаа иртэл хөрш маань “Танай хөвгүүд ухсан том нүхэнд тогтсон усанд сэлэх гээд хүүхдүүдтэй явсан” гэдэг юм байна. Үхэж ч болохоор тийм аймаар газар байсан юм. Яах учраа олохгүй байтал өвгөн мотоциклтой гадаа ирэх нь дуулдаж, би ч цонхоор учрыг дуулган хамт хайхаар гартал хажуугаар шурхийтэл гүйлдээд орсон.
Өнөө хоёр гуяндаа хужир ургатал сэлснийг хараад шалны модоор Мөнх-Ертөнцийг цохитол иш нь хугараад унасан. Иш нь яртай байсан учир тэгж амархан хугарсан хэрэг. Алтангэрэл орон доогуур шургаж амжсан тул зодуулаагүй. Одоо Мөнх-Ертөнц “Ээж шалны мод хугартал зодож байсан” гэж намайг цаашлуулдаг юм.
-Тэд танд зориулан дуу зохиож байсан биз?
-Алтангэрэлийн надад зориулж зохиосон “Бурхдын дээд ээж” 2014 оны, Мөнх-Ертөнцийн “Анх ижийдээ би ирсэн” дуу өнгөрсөн оны “Морин хуур” наадамд гуравдугаар байр эзэлсэн. “Анх ижийдээ би ирсэн”-ий шүлгийг Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар гуай бичиж, Гавьяат жүжигчин Б.Сарантуяа дуулж, уран бүтээлчид клипэндээ ээжүүдээ тоглуулсан.
Мөнх-Ертөнц тархины хүнд гэмтэлтэй төрж, арайхийж хөлд орсон хойноо цахилгаан менингит тусан үхэхээ шахаад, хоёр нас хүрэх гэж байхдаа шарлаж, комд орж байсан. Өвгөн бид хоёрыг их зүдрээж байж хүн болсон хүү маань өдий зэрэгтэй явж байгааг нь хараад их баярладаг.
-Танай хүүхдүүд Оросын нэр хүндтэй урлагийн сургуульд сурч, томоохон хөгжмийн наадмуудад байр эзэлж, сайхан уран бүтээл туурвиж, таныг баярлуулсан нь бишгүй олон байх. Хэзээ хамгийн их баярласан бэ?
-Алтангэрэл оюутан байхдаа “Насны одонд цойлсон ижий, аав хоёр минь” дуу зохиож нэг уралдаанаас тэргүүн байрын шагнал аваад ирэхэд нь их баярласан. Морин хуурын концерт бичсэн нь бас нэг наадамд шалгарч, ангийн найз нь хөгжимдөхөд бас их баярлаж билээ. Намайг баярлуулах юм зөндөө хийдэг дээ.
Москвагийн урлагийн их сургуульд сурсан нь, оюутан байхдаа эх орноо төлөөлж, Финландад хэд хэдэн жил дараалан Монголын соёлын өдөрт эх орноо сурталчилсан нь сайхан санагддаг. Мөнх-Ертөнцийг ХБК-ийн кларнетын ангиа төгсөөд аль нэг чуулгад хөгжимчин болно гэж бодож байтал өөрөө хөөцөлдөж элсэлтийн шалгалт өгөөд гадаадад сурах болсон.
Нэг өдөр ажлаа тараад иртэл өвгөн минь “Шар муужгай маань Санкт-Петербургийн Римский Корсаковын нэрэмжит Хөгжмийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангид сурах болжээ” гээд бөөн баяр болж билээ. Алдарт хөгжмийн зохиолч Борис Тищенкогийн шавь болж очсонд нь хүүгээрээ бахархдаг. Сонирхуулахад, хөвгүүд маань хоёул энэ багшийн шавь болж байсан.
Дүүгээ төгсөж ирсэн хойно Алтангэрэл мэргэжил дээшлүүлэхээр Римский Корсаковын нэрэмжит Хөгжмийн их сургуульд очоод яг Борис Тищенкогийн шавь болсон. “Мөнхөө бол миний анхны бөгөөд эцсийн монгол шавь байсан. Ах дүү хоёрын багш болно гэдэг ямар сайхан тохиолдол вэ” гээд тэрбээр их баярлаж байсан гэдэг.
Галт тэрэгний үйлчлэгчтэй танилцаад Москва руу Алтангэрэлд идэж уух юм явуулчихаж болдог байсан. Харин Санкт-Петербург хол учир үмх мах Мөнх-Ертөнцөд явуулах гэж их зардал гарна. Тийм болохоор бага хүү минь идэж уухаас эхлээд хүний газар зүдэрч байж сургуулиа төгссөн дөө.
-Мөнх-Ертөнц өвдсөн нь танай гэр бүлд тохиолдсон хамгийн хүнд явдал байв уу?
-Том хүүг Москвад төгсөх ангид байхад, багыг Санкт-Петербургт дөнгөж оюутан болоход өвгөн маань хүнд өвдсөн. Өвгөн гэртээ өвчин намдаах эмээ уугаад хэвтэрт байхад би ажлаа хийж таван цаас олохоо боддог байлаа. Цалингаасаа илүүчилж хүүхдүүддээ явуулна. Өртөг өндөртэй орон учир тэд арайхийж амиа зогоож байсан байх.
Тиймдээ ч би ёстой л “Өвдөж болохгүй, үхэж бүр болохгүй” гэсэн уриатай ажилладаг байлаа. Алтангэрэлийг төгсөж ирээд ХБК-д багшлан сар гаруй болсны дараа хань минь амьсгал хураасан. Хүүхдүүд их совинтой юм билээ. Мөнх-Ертөнцөд энэ тухай яаж хэлнэ дээ гэж бодож байтал өөрөө залгасан.
“Аав нь дөнгөж сая өөд боллоо” гэхэд “Ирэхэд чинь нөгөө хацар дээр нь үнсэнэ гээд үдсэн шүү дээ, ямар худалч юм бэ” гээд бархираад... “Хичээлээ сайн хийж, аавынхаа хийж чадаагүйг гүйцээвэл ачийг нь хариулж байгаа хэрэг” гэж би захисан.
-Та яагаад эмч болсон бэ. Энэ хугацаанд хэр олон хүнийг эмчлэв?
-Намайг багад аймагт маань улаан бурхан дэгдэж би хоёр дүүтэйгээ өвчилсөн юм билээ. Тухайн үед томхон хүүхдүүдийн амийг аврахад анхаарлаа хандуулж, өлгийтэй амьтдын ам руу бараг л ус цутгаж байсан гэдэг. Нялх эмэгтэй дүү маань улаан бурхнаар өвчилж өөд болсон. Тэр үеэс л эмч болбол өөрийгөө эмчилж чаддаг, ах дүү, ээж аавдаа тустай хүн болох юм байна гэж бодсон.
1979 онд Анагаах ухааны дээд сургууль төгсөөд Дархан хотын Хүүхдийн эмнэлэгт хуваарилагдаж, дөрвөн жил ажилласан. Намайг хүүхдийн сүрьеэгийн чиглэлээр нарийн мэргэжил эзэмших зургаан сарын дамжаанд явуулж, буцаад ирэхэд Сүрьеэгийн диспансерт хуваарилсан. 1986 онд Улаанбаатарт шилжиж ирээд сүрьеэгийн диспансерын зохицуулагч, эрхлэгч болж, энэ чиглэлээр 29 жил ажиллаж, 2009 онд тэтгэвэртээ гарах болсон.
Гэтэл сүрьеэгийн нарийн мэргэжлийн эмч дутагдалтай гэсээр 2012 он хүртэл ажиллууллаа. Тэтгэвэртээ гарсан хойно минь Баянгол дүүргийн Эрүүл мэндийн VII төвийн тасгийн эрхлэгч залгаад “Та зүгээрийг хийхгүй ээ. Цэцэрлэгийн эмч болно шүү” гэснээр 162 дугаар цэцэрлэгт орсон.
Дөрвөн жилийн дараа залуу эмч ирэхэд нь ажлаа өгсөн юм. “Энэ жил л яг гэртээ сууна даа” гэж байтал цэцэрлэгийн танил эрхлэгч тааралдаад “Хол гэж төвөгшөөхгүй бол манайд ажиллаач” гэсэн. Ингээд наймдугаар сараас Дарь-Эхийн 130 дугаар цэцэрлэгт ажиллаж байна. Сүрьеэтэй 350 гаруй хүн жилд дунджаар эмчилдэг байсан гэхээр өнгөрсөн хугацаанд хэр олон өвчтөн үзсэн нь тодорхой гарах болов уу.
-Эмч болоод тулгарсан хамгийн бэрхшээлтэй зүйл юу байв?
-Зургаахан сар дамжаанд сурч, сүрьеэгийн эмч гэх айхтар нэр зүүчихээд хоёр сар ч болоогүй байхад үзүүлсэн анхны сүрьеэтэй өвчтөн маань амьтай голтой амьтан ирсэн. Олон жил ял эдэлсэн түүний хэргийг өвчнийх нь улмаас хэрэгсэхээ больж, нутаг буцаасан юм билээ. Үзэх санаатай ойртоход цусаар тургисан. Хамаг судас нь нарийсчихсан байж.
Цусыг нь тогтоохын тулд хий дэмий л кальци хлорид, зүрх судасны үйл ажиллагааг нь дэмжих тариа тарьсан. Өвчний түүх ч нээж амжилгүй, бүлтийтлээ харж байгаад л үхүүлсэн дээ. Шалан дээр цацагдсан цус нь нөжирч, яг хүн хороочихсон юм шиг харагдаад, үнэхээр зүрх шимширмээр. Тэр үед “Би насаараа сүрьеэгийн эмч хийж чадах болов уу” гэх эргэлзээ төрсөн.
Ер нь сүрьеэ оношлоход төвөгтэй, нийгмийн халдварт өвчин. Турж, эцээд ханиаж халуураад байгаа нь хавдар, хатгаа, сүрьеэ, уушгины буглаа аль нь ч байж болно. Шинжлэх ухаан хөгжсөн газар томограф зураг авахуулаад оношилчихно. Өндөр үнэтэй ийм зураг авахуулах боломжтой хүн манайд цөөхөн учир сайндаа л уушгины зургаа авахуулж, шинжилгээ өгнө. Олон жил ажиллахдаа ёстой л дадлага туршлагадаа тулгуурлаж, оношилж явсан даа.
-Өөрөө сүрьеэ тусчих вий гэх айдастай байнга тулгардаг байв уу?
-Сүрьеэгийн эмч нар тасалгаандаа агаар сорогч төхөөрөмж тавьж, тусгай маягийн маск зүүдэг байсан. Харин сүрьеэгээ оношлуулж чадахгүй өөр тасагт үзүүлдэг хүн олон учир бусад чиглэлийн эмч нар халдвар авах магадлал өндөр. Тухайлбал, ухаан алдаж унаснаа үзүүлэхээр мэдрэлийн эмчид ханддаг. Гэтэл уушгины сүрьеэ хүндрээд тархины менингит болж ухаан алдсан байдаг. Залуучууд сүрьеэгийн эмч болох нэг их дуртай биш шүү.
Дээхнэ үед сүрьеэгийн эмч нарт урьдчилан сэргийлэх эм уулгадаг байсан. Одоо эмийн дасал үүсэж, яг сүрьеэгээр халдварлахад нь тухайн эм үйлчлэхгүй байх эрсдэлтэй болсон. 50 нас шүргэсэн хойно л ханиад томуу хүрээд эдгэхгүй удвал өөрийн эрхгүй айж, “Цээжний зургаа авахуулъя. Сүрьеэгийн агаар дуслын халдвар дунд насаараа ажиллалаа. Үр хүүхэд, ач зээдээ халдвар тарааж хөөдөх вий” гэж эмээж эхэлсэн.
Анх намайг сүрьеэгийн эмч болох үед өвчтөнийг системтэйгээр, долоо, найман жил эмчилдэг байсан нь үнэхээр үр дүнтэй. Хүнд хэлбэрийн сүрьеэгээ надаар эмчлүүлсэн өвчтөнүүд эдгэрч 80, 90 нас хүрчихсэн эрүүл саруул яваатай хааяа тааралддаг.
Бид олон нийтийн газар, автобусанд сүрьеэтэй хүнтэй ам хамраа нийлүүлэх нь холгүй явж, хүн бүр халдвар авсан байдаг. Дөнгөж төрсөн нялх биетэй ээж, өвчинд нэрвэгдсэн хүн сүрьеэгийн халдвар авах нь маш элбэг. Идэвхгүй хэлбэрээр оршиж байсан сүрьеэгийн халдвар биеийн эсэргүүцэл хэзээ сулрахыг отож байдаг. Тиймээс биеийн эсэргүүцэл, дархлалын системээ сайжруулж, ханиад хүрэхээс сэргийлэх хэрэгтэй.