Дэлгэцэнд мөнхөрсөн, кино урлагийн “алтан үе”-ийн уран бүтээлчдийн үр хүүхэд, ач зээ нар авьяас, мэргэжлийг нь өвлөж яваа жишээ олон. Тэдний нэг болох жүжигчин Т.Энэрэлийг “Удам залгамж” буландаа урилаа. Тэрбээр Монголын тайз, дэлгэцийн урлагийн сор болсон жүжигчин Б.Дашдаваа агсны ач охин юм.
“Хөхөө гэрлэх дөхлөө”, “Түмний нэг”, “Салхины амт” зэрэг кино, 60 орчим жүжгийн гол болон туслах дүрд тоглож, “Сахиуст цэрэг” жүжгийн зохиол бичин, найруулсан Б.Дашдаваа агсныг мэдэхгүй хүн үгүй.
Жүжигчин Т.Энэрэл өвөөгийнхөө мэргэжлийг өвлөж, “Хайрын бэлэг”, “Эцсийн зогсоол Э цэг”, “Гурван найз” зэрэг бүрэн хэмжээний болон олон ангит кино, “Миний чин зоригт бяцхан найз” жүжгийн дүрээр үзэгчдийн эчнээ танил болсон юм.
-Та амаржаад удаагүй ч дэлгэцийн олон уран бүтээлд тоглож амжсан байна лээ. Арваад хоногийн өмнөхөн таны гол дүрийг нь бүтээсэн “Админ Зэт” кино үзэгчдийн хүртээл боллоо. Аймшиг болоод инээдмийн төрлийг хослуулсан эл кинонд тоглоход хүнд байв уу?
-Ээж, гэрийн эзэгтэйн үүргээ гүйцэтгэж, хүүгийнхээ торних нандин үеийн гэрч болох сайхан байна. Хүүгээ ой хүртэл ямар ч уран бүтээлд тоглохгүй гэж бодож байтал нэлээд олон киноны санал ирсэн. Зохиолоо уншиж, найруулагч нартай ярилцсаны эцэст хэд хэдэд нь тоглож амжлаа. Хүүгээ төрүүлснээс хойш дөрвөн кинонд тоглосон.
Тэдний нэг нь “Админ Зэт”. Аймшиг, инээдмийн төрлийг хослуулсан кино учраас миний сонирхлыг их татсан. Тоглоход ч сонирхолтой байлаа. Миний тоглосон дүр нэлээд шилжилттэй, намайг эрс өөрчилсөн. Олон залуу уран бүтээлчтэй хамтарч ажиллах таатай байлаа. Олон сайхан дурсамжтай үлдсэн дээ.
-Үзэгчидтэйгээ хэзээ, ямар шинэ уран бүтээлээр дахин уулзах гэж байна?
-Тун удахгүй МҮОНТ-ийн “Бүсгүйчүүдийн хавар” олон ангит киноны дүрээр үзэгчидтэйгээ дахин уулзана. Яагаад ч юм ээж болсноосоо хойш шинэ уран бүтээлийн санал өмнөхөөс илүү авч байгаа. Саяхан нэг киноны санал авч, тоглохоор шийдчихээд бэлтгэлээ базааж байна.
-Цаг наргүй ажилладаг урлагийн хүнд гэрийн эзэгтэй, ээж хүний үүргийг давхар амжуулах амаргүй. Та хэрхэн зохицуулж байна вэ?
-Одоохондоо самгардаж л байна. Уран бүтээл, ар гэрийн ажлаа зэрэг амжуулах амаргүй юм. Яг одоогоор уран бүтээлээс илүүтэй ээж байх үүргээ хамгийн түрүүнд тавьж байгаа. Хүүгээ хайраар дутаалгүй, халамжилж өсгөхийг хүсдэг. Ар гэрийн ажлаа амжуулахад ээж, хань минь л надад их дэм болж байна даа.
Хань маань мэргэжлийн онцлогийг минь мэддэг, дуртай зүйлийг маань хийлгэхийг хүсдэг болохоор тэр шүү дээ. Хамтран ажилладаг уран бүтээлчид намайг ойлгож, дэмжиж, хүүтэйгээ байх боломж олгож байгаа учраас л ингэж хүссэн уран бүтээлдээ тоглож чадаж байна.
-Ээж болсноор таны амьдрал хэрхэн өөрчлөгдөв. Хүүгээ анх тэврэхэд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Цаг хугацаа өмнөхөөс илүү хурдан өнгөрч буй мэт санагдаж байна. Амьдралын хором бүр үнэтэй гэдгийг ээж болоод л ойлгодог юм байна. Аз жаргал гэдгийг бүрэн утгаар нь мэдэрсэн дээ.
Гэр бүлийн үнэ цэнэ, аз жаргалыг үр хүүхэд л бэлэглэдэг юм байна. Хүүгээ хамгийн анх тэврээд юу гэж бодсон гээч. “Аавтайгаа ямар адилхан юм бэ” гэж. Үнэхээр адилхан харагдсан шүү.
-Та багадаа авьяастай, урлагт хайртай охин байсан уу?
-Дунд сургуульд байхдаа урлагийн үзлэг, уралдаанд оролцдог л байсан. Гэхдээ урлаг, спортоос илүү сурлага сайтай байлаа. Тийм ч болохоор эмч юм уу, хуульч болох байх гэж ойр дотнынхон маань хэлдэг байсан.
Хэн нь ч урлагийн мэргэжил сонгоно гэж төсөөлөөгүй. Урлагт дуртай ч, энэ мэргэжлийг их хэцүү гэж халгадаг байсан юм. Тэгээд юмыг яах мэдэх вэ, өөрийгөө сориод үзье гээд шалгуултал тэнцчихсэн.
-Та Монголын ард түмэнд “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн дүрээр хоногшсон, жүжигчин Б.Дашдаваа агсны ач охин шүү дээ. Урлагийн мэргэжил сонгосон нь өвөөтэй тань холбоотой юу?
-Холбоотой байлгүй яах вэ. Хүүхэд байхаасаа л өвөөгийнхөө тоглосон кинонуудыг үзэж өссөн, урлагт дуртай байсан юм чинь. Гэхдээ дунд сургууль төгсөөд, мэргэжил сонгох үед аав маань л надад “Урлагийн сургуульд шалгуулаад үз. Чи чадна” гэж зоригжуулсан.
Манай аавыг дунд сургуулиа төгсөх үед нь мөн л гэрийнхэн нь урлагийн сургуульд шалгуулахыг ятгасан юм билээ. Гэтэл аав маань өөрийгөө голоод, шалгалтаас нь зугтчихсан гэдэг. Тиймээс л аавынхаа мэргэжлийг үр хүүхдэдээ өвлүүлэх гэсэн нууцхан хүсэл тээж явсан байх.
-Жүжигчин мэргэжлийн ямар онцлог нь бусад мэргэжлээс илүү сэтгэлийг тань татсан бэ?
-Хүүхэд бүр л багадаа дуучин юм уу, жүжигчин болохыг мөрөөддөг байх. Надад ч тийм мөрөөдөл байсан. Гэхдээ СУИС-ийн элсэлтийн шалгалтад бэлдэж байхдаа л энэ мэргэжилд дурлаж эхэлсэн. “Би хийж чадах юм байна” гэсэн итгэл ч тэр үед төрсөн.
Тэр мэдрэмж л намайг өнөөдрийг хүртэл хөтөлж, урагшлуулж байгаа. Өдөр ирэх тусам мэргэжилдээ дурлаж, ихийг сурахыг хичээж явна.
-СУИС-д элсэхэд Б.Дашдаваа гэж мундаг жүжигчний үр хүүхэд гэдгийг багш нар тань мэдсэн үү?
-Би жүжигчин Б.Дашдаваагийн ач охин гэж хүмүүст хэлэхээсээ эмээдэг. Тийм болохоор мэдээгүй. Нэлээд сүүлд л намайг сургуулиа төгсөх үед багш нар гадарласан байх.
-Та өвөөгийнхөө ямар бүтээл, ямар дүрд илүү их хайртай вэ?
-Хүмүүс жүжигчин Б.Дашдаваа гэхээр “Хөхөө гэрлэх дөхлөө” киноны Хөхөөгийн дүрийг нь л хамгийн түрүүнд хэлдэг. Би ч гэсэн өвөөгийнхөө тоглосон энэ дүрд дуртай. Бас өөрөө зохиолыг нь бичиж, найруулж, гол дүрд нь тоглосон “Сахиуст цэрэг” жүжигт нь хайртай.
-Таны аавыг их багад өвөө тань нас барсан юм билээ. Та өвөөгийнхөө тухай хэр сайн мэдэх вэ. Хамтран ажиллаж байсан уран бүтээлчид, найз нөхөдтэй нь уулзаж, дурсамж яриулдаг уу?
-Миний аавыг их бага байхад нь бурхан болсон гэдэг. Аавд маань ч өвөөтэй өнгөрүүлсэн дурсамж бараг байхгүй. Би өвөөгөө ямар хүн гэдгээс нь илүү ямар уран бүтээлч байсан бэ гэдгийг нь л мэднэ.
-Өвөөгөөсөө юу өвлөж үлдэв?
-Хэдэн сайхан гэрэл зураг, өвөөгийн минь тухай сонины нийтлэлүүд, жүжигчин Батнасангийн Дашдаваагийн ач охин гэсэн нэр төрийг нь өвлөж төрсөн дөө.
-Танай гэр бүлд өөр урлагийн хүн байсан уу. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
-Би айлын дунд охин. Нэг эгч, эрэгтэй дүүтэй. Өвөөгөөс маань хойш манай гэр бүлээс урлагийн хүн төрөөгүй.
-Хань тань мөн ижил мэргэжилтэй. Урлагийн гэр бүл байхын жаргал, зовлонгоос хуваалцаач?
-Нөхрийг маань О.Итгэл гэдэг. Одоо УДЭТ-т ажиллаж буй. Хоёулаа урлагийн мэргэжилтэй болохоор мэргэжлийн онцлог, ажлын хүндийг илүү ойлгоно.
-Анх хэрхэн танилцаж байв. Хүү нь одоо хэдэн сартай вэ?
-СУИС-д оюутан байхдаа танилцаж байлаа. Хүү маань арван сартай.
-Урлаг танд юуг өгөв. Жүжигчин болоогүй байсан бол гэх бодол төрж байв уу?
-Урлаг надад аз жаргалтай, сонирхолтой, сайхан амьдрал бэлэглэсэн. Жүжигчин болсондоо харамссан удаа надад байхгүй.
-Та “Эмоци” продакшны шоу тоглолтод оролцож байсан. Тэднийд харьяалагдаж байгаа юм уу?
-Мэргэжлийн үүднээс өсөж хөгжье, суралцъя гэж тус продакшны тоглолтод оролцож байсан. Түүнээс биш “Эмоци”-ийн үндсэн жүжигчин биш. Би 2010 онд СУИС төгссөнөөсөө хойш Төв аймгийн “Монгол туургатан” театрт ажиллаж байгаа. Долоо дахь жилдээ энэ хамт олонтойгоо ажиллаж байна.
-Уран бүтээлчид сэтгэл хөдлөлтэй, бас аливааг аль болох гэгээлгээр хардаг хүмүүс шиг санагддаг. Та ямар зан чанартай хүн бэ?
-Тийм шүү. Би ч гэсэн сэтгэл хөдлөл ихтэй. Бусад хүмүүс л намайг ямар зантайг хэлэх байх. СУИС-д сурч байхад багш нар “Эхлээд хүн бол. Дараа нь жүжигчин бол” гэдэг байлаа. Тиймээс хүн шиг хүн байхыг л хичээдэг дээ.
-Жүжигчин хүн кино үзэхдээ юуг нь голчилж хардаг юм бол. Мэргэжлийн нүдээр үү, эсвэл үйл явдлыг голчилж хардаг юм болов уу?
-Мундаг жүжигчдийнхээ тоглосон киног үйл явдалд нь хөтлөгдөөд л үзнэ. Гэхдээ ур чадварыг нь ажиглаж, суралцахыг хичээдэг.
-Хүндэлдэг, тоглосон дүрийг нь судалдаг жүжигчин бий юү?
-Нэг хүн оноож хэлэх хэцүү юм. Үлгэр дуурайл авдаг, хүндэлж явдаг олон жүжигчин бий.
-Таны бусдаас сонссон хамгийн сайхан үг, магтаал юу байв?
-Хамгийн их урам өгч, “шатааж”, өөртөө итгэх итгэлийг минь дүрэлзүүлсэн хүн бол миний багш. СУИС төгсөөд “Монгол туургатан” театрт очих үед Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг багш маань намайг тосож, “өлгийдөж” авсан юм. “Чи тайзан дээр тоглож байхдаа хүн бүрийн нүдийг булаадаг. Миний охин улам илүү гэрэлтэх хэрэгтэй” гэж хэлж билээ. Энэ үгийг санах бүр нисэж буй мэт санагддаг.
-Амьдралдаа баримталдаг зарчим тань юу вэ?
-Би үнэнч байхыг л хичээдэг. Өөртөө, ойр дотнынхондоо, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч байхыг хүсдэг. Бүх зүйлд чин сэтгэлээсээ хандахыг зорьдог.
-Өөрийг тань илэрхийлэх дүр нэрлээч гэвэл ямар зохиолчийн, аль бүтээлийн, ямар дүрийг хэлэх вэ?
-Энэ тухай ёстой бодож байгаагүй юм байна. Яг намайг илэрхийлэх дүр байхгүй байх. Би жүжигчин хүн л юм чинь “зуурсан гурил” шиг байх ёстой. Ямар ч дүрд хувирч, найруулагчийн хүссэнээр, үзэгчдэд хүртэл амьдрах хэрэгтэй. Надад оноосон бүх дүрийг өөрөөрөө илэрхийлэхийг хичээдэг.