УИХ-ын гишүүн Д.Дамба-Очиртой ярилцлаа. Тэрбээр Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийг ахалж ажилласан юм.
-Эдийн засгийг сэргээх, хямралаас гаргах агуулгатай хэд хэдэн хөтөлбөр баталсан туршлага бидэнд бий. Энэ удаагийн хөтөлбөрийн онцлог юу вэ?
-Уг нь энэ хөтөлбөрийг өнгөрөгч найм, есдүгээр сард батлах ёстой байсан юм. Эдийн засаг маш хүнд байгаа учраас ядаж уналтыг нь зогсоож, тогтворжуулан, өсгөх хэрэгтэй. Хүмүүст мессеж өгөх үүднээс нэрийг нь хүртэл өөрчилж, Эдийн засгийг сэргээх хөтөлбөр болгон баталсан. Хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн заалтаар Засгийн газарт чиглэл өгсөн байгаа. Түүнчлэн ханшийн уналтыг зогсоох, тогтворжуулах, томоохон хөтөлбөр, төслүүдийг эхлүүлэх, хөтөлбөрийн хэрэгжилтийг зургаан сар тутам УИХ-д тайлагнах, урт хугацаанд бага хүүтэй зээл авч арилжааны болон бондын зээлийн хүүгийн төлбөрийг барагдуулах гэхчилэн нэлээд зүйл тусгасан. Уг хөтөлбөрийг баталснаар Засгийн газарт ажил хийх боломж гарч ирж байгаа.
-Засгийн газраас өргөн барьсан төслийн зүсийг хэр хувиргасан бол?
-Өмнө нь ийм ч юм хийнэ, тийм ч юм хийнэ гэж баахан төсөл, хөтөлбөр, арга хэмжээний жагсаалт баталж ирсэн. Тиймээс бид Монголын эдийн засагт нөлөөлөхүйц, өнөө маргаашгүй хэрэгжүүлэх томоохон төслүүдийг нь баталж өгсөн. Бусдыг нь Засгийн газрын түвшинд шийдээд яваг. Ингэж эрэмбэлэхгүйгээр өмнөх шиг баахан хөтөлбөр батлаад явуулбал баримт бичгийн тоо нэмэгдэнэ үү гэхээс хасагдахгүй, хэрэгжихгүй, хэл ам дагуулна. Бодлогын зүйлүүддээ л анхаар гэсэн зарчим баримталсан.
-Эдгээр хөтөлбөр хэрэгждэггүй гэсэн шүүмжлэл дагадаг. Одоогийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гол хөшүүрэг нь юу вэ. УИХ, Засгийн газар яаж ажиллахаар байна вэ?
-Нэгдүгээрт, хөтөлбөрийн биелэлтийг УИХ-д зургаан сар тутам тайлагнана. Хоёрдугаарт, бичиг баримт, хөрөнгө санхүү нь бэлэн болсон томоохон төслүүдээ хөдөлгөх чиглэл өгсөн. Гол нь хурдан эхлүүл гэж байгаа юм. Гуравдугаарт, Засгийн газраас оруулж ирсэн хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор шаардлагатай хууль, эрх зүйн орчин бүрдүүлэхэд УИХ яаралтай, хурдтай ажиллах ёстой.
-Эдийн засгийг сэргээх хөтөлбөр болон ирэх оны төсөв хэр уялдаатай бол. Хөтөлбөртэй холбоотойгоор төсөвт гар хүрэхээр байна уу?
-2017 оны төсөв бол үндсэндээ хямралаас гарах зорилготой. Салангид, энд тэнд байсан төсвийг нийлүүлж, хариуцлага, сахилга батыг өндөржүүлсэн гэж үзэж байгаа. Алдагдлыг одоо баталсан хэмжээнээс хэт их буулгавал үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, хувь хүмүүст хүндээр тусна. Тэдний орлогыг л хумьж эхэлнэ гэсэн үг шүү дээ. Ирэх оны төсвийн хүрээнд баталсан есөн хувийн алдагдал бол аль алийг нь харгалзан үзсэн алтан дундаж. Эдийн засгийн байдлаас харахад алдагдал үүнээс буурах байх.
-Хувь гишүүний тухайд бүтээн байгуулалтын төслүүдээс хамгийн түрүүнд алийг нь хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна вэ?
-Тавантолгой. Бүх юм нь бэлэн болчихсон ч байнга хэл ам дагуулж байгаа Гацууртын ордыг ч ойрын үед эргэлтэд оруулахыг шаардана. Түүнчлэн эрчим хүчний хоёр, гурван төслийг нэн түрүүнд хөдөлгөх ёстой.
-Эдгээрийг хөдөлгөх хөрөнгө, санхүүгийн асуудал нь том даваа болчихоод байгаа шүү дээ.
-Хамгийн түрүүнд Энэтхэг, Хятадын Засгийн газрын тус бүр нь нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглаж эхлэх хэрэгтэй. Энэтхэгийн зээлийг нефть боловсруулах үйлдвэр барихад ашиглахаар болж байх шиг байна. Үүнийг нь ч дэмжиж байгаа. Гэхдээ хурдан эхлүүлэх ёстой. Үр ашиг талаас нь харвал Монгол Улсад нефть боловсруулах үйлдвэр ашиггүй байж ч мэднэ. Энэ төрлийн үйлдвэр том байх тусмаа ашигтай байдаг юм гэнэ лээ. Гэхдээ бид ямар ч тохиолдолд өөрийн гэсэн нефтьтэй байх ёстой. Энэ бол үндэсний эрх ашиг. Хоёрдугаарт, Монгол Улс хэдий хүртэл уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь гадагш гаргах вэ. Боловсруулах үйлдвэрүүдээ барьж эхэлснээр хүнд үйлдвэрийн салбар хөгжиж, өртөг шингэсэн бүтээгдэхүүнийхээ үр шимийг хүртэх болно. Одоо гагцхүү ярих биш, хийж эхлэх л хэрэгтэй.
-БНХАУ-аас авахаар ярилцаж байсан зээлийн хэлэлцээр одоогоор тодорхойгүй болчихлоо. Үүнийг боломж гэж харах хэсэг ч байна. Янз бүрээр л тайлбарлах юм. Та ямар байр суурьтай байна вэ?
-Аль ч улсаас зээл авдаг бай, энэ бол Монголын эдийн засгийг дэмжих, өсгөж сайжруулах мөнгө байх учиртай. Түүнээс энэ засаг төрийн толгойд байгаа хэдхэн хүн аваад идчих хэрэг биш. Зээл аваагүй нь ононо гэж ярьж буйг буруу гэж бодож байна. Ер нь Далай ламыг урин дулаан орсон үеэр авчирч яагаад болоогүй юм бэ. Үүсээд буй нөхцөл байдлын ард иргэд, аж ахуйн нэгжийн амьдрал, үйл ажиллагаа бий. Далай лам манайд ирвэл Хятадтай харилцаа муудах нь ойлгомжтой шүү дээ. Тиймээс үүсээд буй харилцааг сайжруулахын тулд Засгийн газар эрвийх дэрвийхээрээ хөөцөлдөхөөс өөр арга байхгүй.