УДЭТ-ын чадварлаг, царайлаг бүсгүйчүүдийн нэгийг зочноор урилаа. Олны хараа, хэл амнаас хол, өөрийнхөөрөө, даруухан амьдардаг М.Тогтохжаргал УДЭТ-ын босгыг даваад хэдийнэ найман жил өнгөрчихжээ. Энэ хугацаанд тэрбээр “Тамгагүй төр”, “Хайрын виз”, “Дон Кихот” “Хар са¬наа, хайр сэтгэл” гээд олон жүжгийн гол дүр бүтээсэн. Амаржаад удаагүй ч ажилдаа орж, дүрүүдээрээ үзэгчидтэйгээ уулзаж буй түүнтэй ярилцлаа.
-Та гурав дахь үрийнхээ зулайг үнэрлээд удаагүй. Ямар хурдан ажилдаа орчихов оо?
-Уран бүтээлч эмэгтэй бүрийн л туулдаг амьдрал шүү дээ. Манай театрын ахмад уран бүтээлч эгч нар бүгд л ингэж ажиллаж ирсэн. Маш хурдан тайзан дээрээ эргээд гарах хэрэгтэй. Уран бүтээлээ цалгардуулж болохгүй.
-“Тамгагүй төр” жүжгийн Гүргэл хатны дүрд та тоглож буй. Төрүүлсэн хүүгээ хүнд алдаж, цаашлаад нас барахыг нь хардаг эмгэнэлт дүр шүү дээ. Амаржаад удаагүй болохоор эл дүрээ өмнөхөөсөө илүү мэдэрч тоглож байна уу?
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулагч энэ жүжгийг анх 1998 онд манай театрт тавьсан байдаг. Харин би 2009 онд дахин тайзнаа тавигдахад нь Гүргэл хатны дүрд тоглож эхэлсэн. Их золгүй эмэгтэй. Бага хүүгээ төрүүлээд удаагүй байхдаа энэ дүрд дахин тоглож байна. Тайзаа санасандаа тэр үү, эсвэл нялх биетэй болоод тэр юм уу, яагаад ч юм дүрээ илүү мэдэрч байна. Өөрийн эрхгүй өмөлзөөд, нулимс урсаад л байна.
-Дэлгэцийн шинэ уран бүтээлээр хэзээ үзэгчидтэй уулзах вэ. Киноны санал хэр олон ирж байна вэ?
-Одоогоор хоёр киноны санал аваад байгаа. Гэхдээ тоглох, эсэхээ шийдэж чадаагүй л байна. Зохиолтой нь танилцаж байгаа. Аливаа бүтээлд тоглоход киноны зохиолоос гадна, найруулагч, хамтран тоглох жүжигчид их чухал. Аль болох өмнө тоглосон дүрүүдээс өөр, надаас тэс өөр зан араншинтай хүний дүрд хувирах санал ирээсэй гэж хүсдэг. Яг л өөрөөрөө урсаж тоглосноос тэс өөр хүн бүтээх нь ажиллагаа ихтэй ч амттай санагддаг.
-Театрын ажлын хажуугаар кинонд тоглох амаргүй. Дээр нь нялх хүүхэд асарч байгаа хүнд бүр л хэцүү байж таарна.
-Театрынхаа ажлыг цалгардуулж болохгүй. Түүнийхээ хажуугаар амжуулж кинонд тоглодог. Театрын зүгээс ч бидэнд тийм шаардлага тавьдаг юм. Би их азтай. Сайхан ханьтай учирсан. Сэтгэл тайван уран бүтээлээ хийх нөхцөлийг хань, ээж минь бүрдүүлж өгдөг. Аялан тоглолтоор, киноны зургийн ажлаар явахад тэд л арыг даагаад үлддэг.
-Та хэвлэлд тэр бүр ярилцлага ч өгдөггүй. Бас таны талаарх мэдээлэл ч тун ховор юм. Тийм нууцлаг хүн үү. Уг нь олонх уран бүтээлчийн хувийн амьдрал олны нүдэнд ил байдаг шүү дээ.
-Аль болох чимээгүйхэн амьдрахыг л эрмэлздэг юм. Миний амьдрал хэнд сонирхолтой байх билээ. Ямар сайндаа л намайг гурван хүүтэй гэдгийг хүмүүс мэддэггүй.
-Шар сонин, сайтуудад гүтгүүлж үзсэн үү?
-Үгүй ээ. Миний талаар янз бүрийн мэдээлэл гардаггүй. Би нэр алдар хөөхийн тулд урлагийн мэргэжил сонгоогүй. Чин сэтгэлээсээ хүссэн, дуртай зүйлээ л сонгосон. Тэгээд л хувийн амьдрал, хийсэн үйлдэл бүрээ дэлгээд байдаггүй болохоор намайг тоож “оролддоггүй” байх. Үүнд их баяртай байдаг шүү.
-Гэр бүл, ханиа танилцуулаач?
-Миний хань найруулагч мэргэжилтэй, Б.Сүхболд гэж хүн бий. “Imagine” энтертайнментад ажилладаг. Том хүү маань 10, дундах нь дөрвөн настай. Бага маань таван сартай. Яагаад ч юм анхны хүүхдээ хүү байгаасай гэж хүсдэг байлаа. Би 2001 онд “Оюутан мисс” уралдаанд оролцож байлаа. Тэр үед шүүгч нь надаас “Чи хэдэн хүүхэдтэй болох вэ” гэж асуусан юм. Яагаад ч юм “Би гурван хүүтэй болж, дархан бэр болно” гээд хариулчихсан. Тэр маань биелчихлээ.
-Одоо охинтой болохыг хүсэж байна уу?
-Хүсэлгүй яах вэ. Айлын охидуудыг харахаар хайр хүрээд л байгаа юм. Охид танхи, бас их адтай. Бага хүүгээ гараас жаахан гарахаар охинтой болно доо.
-Урлагийнхан хүүхдүүдээ энэ салбарт хөл тавихад тун дургүй байдаг юм билээ. Ардын жүжигчин С.Сарантуяа Б.Тамирыг, Гавьяат жүжигчин И.Одончимэг З.Номундарийг жүжигчин болгохгүй гэж эсэргүүцсэн ч дийлээгүй гэдэг. Та хоёр хөвгүүдээ урлагийн хүн болох шийдвэр гаргавал яаж хүлээж авах вэ?
-Жүжигчин мэргэжлийг эзэмшиж болно. Гэхдээ мэргэжилдээ эзэн байх нь л хамгийн хэцүү гэдгийг ойлгуулахыг хичээнэ дээ. Манай том хүү жүжигчин болно гээд байгаа. Би “Миний хүү өөр бусад мэргэжлийг ч сонирхож үз. Одоохондоо чамд аав, ээжийнх нь мэргэжил арай ойр санагдаад байж магадгүй.
Яваандаа сонирхол чинь өөрчлөгдөж ч болно. Харин үнэхээр урлагт хайртай, энэ мэргэжилд дуртай бол болно” гэдэг юм. Юу болохыг харж л байя. Дунд хүү маань ч бас бүжиглээд, дуулаад л байгаа. Авьяас цухалзаад л байдаг юм.
-Та хэр эзэгтэй вэ?
-Гэрийн эзэгтэйн үүргээ гүйцэтгэлгүй яах вэ. Гэхдээ би өөрийгөө сайн эзэгтэй, сайн ээж гэж хэлж чадахгүй.
-Гарын тань хоол юу вэ?
-Манай том хүү цуйванд, дундах нь будаатай хуурганд их дуртай. Хөвгүүдийнхээ дуртай хоолыг сайн хийдэг шүү. Би өөрөө шарах шүүгээнд төрөл бүрийн хоол хийж турших дуртай.
-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?
-Би Улаанбаатар хотын унаган иргэн. Нийслэлийн тавдугаар дунд сургуулийг төгссөн. Бага тойрогт өссөн дөө.
-Айлын хэд дэх хүүхэд вэ. Багадаа ямар охин байв?
-Би айлын отгон охин. Гурван эгч, нэг ахтай. Багадаа байрынхаа хөвгүүдтэй нийлдэг, эршүүд маягийн охин байлаа. Аав, ээждээ их танхи байсан даа.
-Урлагийн мэргэжил хүний эрх занг ч үгүй хийчихдэг байх аа. Найруулагчдад загнуулна, хүмүүсээс янз бүрийн шүүмжлэл сонсоно, ямар ч хүнд нөхцөлд тайзан дээр гарна, зураг авахуулна гээд л хатууждаг шиг санагддаг.
-Магадгүй шүү. Найруулагчдад загнуулж, шүүмжлүүлдэг л юм. Гэхдээ би ажлаа хийж байгаа, тэр хүн надад мэргэжлийн үүднээс үг хэлдэг болохоор эмзэглэдэггүй.
-Урлагийн хүн болохыг багаасаа мөрөөдсөн үү. Эсвэл санамсаргүй тохиолдлоор сонгосон уу?
-Би багаасаа л бүжиглэдэг байлаа. Бүжигчин болно ч гэж боддог байв. Харин ахлах ангид орсон хойноо жүжигчин болох шийдвэр гаргасан. Энэ шийдвэрээ гэрийнхэндээ хэлэхэд хэн нь ч гайхаагүй. Багаасаа л урлаг, уран сайхны арга хэмжээнд оролцдог байсан болохоор тэр байх.
-Таны гэр бүлийнхэн дунд урлагийн хүн бий юү?
-Гавьяат жүжигчин, бүжигчин Ч.Жаргалсайхан миний нагац эгч. Өөр хүн байхгүй ээ.
-УДЭТ-ын босгыг даваад найман жил болчихжээ, та. Хэрхэн энэ их айлын гишүүн болж байв?
-Би 2006 онд СУИС төгсөнгүүтээ том хүүгээ төрүүлсэн юм. Тэр үед УДЭТ-д шалгуулмаар байсан ч чадаагүй. Удалгүй 2008 онд шалгуулж тэнцээд, дагалдан жүжигчин болж байлаа. Миний төрсөн өдөр аравдугаар сарын 3-нд. Тэр өдөр УДЭТ-аас “Та манай театрт тэнцлээ” гэсэн хариу сонсож байв. Их дурсамжтай шүү.
-Театрын жүжигчин болох нь таны мөрөөдөл байсан уу?
-Жүжигчин болсон л юм чинь энэ байгууллагад ажиллахыг хүсэх нь ойлгомжтой. Оюутан байхдаа УДЭТ-т жүжиг их үздэг байлаа. Ахмад уран бүтээлчидтэй тааралдаж, тэдэнтэй мэндлээд зөрөх болгондоо “Би энэ газарт ажиллавал гоё оо. Ийм мундаг хүмүүстэй хамт жүжигт тоглох сон. Яаж ийгээд л энд орно” гээд мөрөөддөг байлаа.
-Хамгийн анх ямар дүрээр тайзан дээр гарсан бэ?
-“Тамгагүй төр” жүжгийн бага хатан. Дагалдан жүжигчин байхдаа олны хэсэгт гарч, туслах дүрүүдэд тоглож байсан. Харин “Тамгагүй төр”-ийн Гүргэл хатан миний анхны гол дүр дээ.
-Та “Тамгагүй төр”, “Хайрын виз”, “Дон Кихот” “Хар санаа, хайр сэтгэл” жүжиг, “Сүүлчийн шөнө” кино гээд олон уран бүтээлд уян зөөлөн эмэгтэй, эерэг дүрд тоглосон. Тийм өөрөө хэр зөөлөн хүн бэ?
-Их зөөлөн шүү. Бас их тайван. Хэр баргийн зүйлд уурлаж, бухимдахаа урьтал болгохгүй.
-Өөртөө чөлөөт цаг хэр гаргадаг вэ. Юу хийх дуртай вэ?
-Ихэнхдээ гэр бүлтэйгээ байдаг даа. Зав гарвал хөвгүүдээ тоглоомын төвд тоглуулах, ханьтайгаа хамт кино үзэх дуртай.
-Урлагийнхан бусдад үлгэр жишээ үзүүлэх ёстой. Тэр дундаа эмэгтэй уран бүтээлч биеэ сайхан авч явах шаардлагатай. Та гангалах дуртай юу?
-Би аль болох энгийн байхыг хүсдэг. Олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо биеэ бэлдэлгүй яах вэ. Гэхдээ гангалаад л, гоёж гоодоод явахыг нэг их хүсдэггүй.
-Даашинз, гоёл чимэглэлийн цуглуулгатай биз дээ?
-Ажлын шаардлагаар худалдаж авдаг, захиалгаар хийлгэдэг. Тэгсээр нэг мэдэхэд л олон болчихсон байдаг шүү.
-Танд өөр сонирхож цуглуулдаг зүйл бий юү?
-Гоёлын гар цүнх цуглуулдаг. Энд тэнд явахаар нүд унаад л явдаг юм. Бас асаагуур цуглуулдаг хообийтой. Өвөрмөц хэлбэртэй, сонин дүрс, зурагтай асаагуур олон бий.
-Жүжигчид киноны зураг авахуулах явцдаа орлон тоглогчгүйгээр хүйтэн голын усанд орох, өндрөөс үсрэх зэргээр эрсдэлтэй үйлдэл хийх нь бий. Та тийм зориг гаргаж байв уу?
- Жүжигчин хүн эерэг, эсрэг гэлтгүй найруулагчийн оноосон ямар ч дүрд хувирч чаддаг байх ёстой. Би хэт задгай, эротик дүрд л тоглохгүй гэж боддог. Бусдад нь яаж ийгээд тоглоно шүү. “Хайрлаагүй амь” кинонд тоглох үедээ би есөн давхар байшин дээрээс үсэрсэн.
Найруулагч “ОБЕГ-ын алба хаагчид чамайг тосож авна. Бэхэлгээ ч хийнэ. Чи үсэрч чадах уу” гэж асуусан. Би зориглоод үсрэхээр шийдсэн. Миний ажил л юм чинь. Миний тоглосон анхны кино.
-Айгаагүй юү?
-Би ажлаа л хийсэн шүү дээ. Тэгж зураг авахуулах ёстой юм бол хийх л хэрэгтэй гэж бодсон.
-Ер нь амьдралдаа ийм эрсдэлтэй алхам, зоригтой шийдвэр их гаргадаг уу?
-Би нэг л амьдрах юм чинь эрсдэлтэй үйлдэл хийх зоригтой байх ёстой гэж боддог шүү. Би хэдий зөөлөн, даруу хүн ч гэлээ зоригтой шийдвэр гаргадаг. Гаргасан шийдвэртээ ч үнэнч байж, хүрэхийг зорьдог.
-Та хэр мөрөөдөмтгий хүн бэ?
-Мөрөөддөг шүү. Нэлээд мөрөөдөмтгий. Гэхдээ мөрөөдлөө биелүүлэхийн төлөө маш их хичээдэг.
-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?
-Би олон хүүхэдтэй, өнөр гэр бүлтэй болохыг мөрөөддөг.
-Хэрвээ цаг хугацаагаар аялж, танд Монголын алтан үеийн дэлгэцийн уран бүтээлд тоглох боломж олдвол та ямар киноны, хэний дүрд тоглох вэ?
-Ямар гоё юм бэ. Тэгвэл “Мандухай сэцэн хатан” киноны Мандухай хатны дүрд тоглоно. Дайчин, эрэмгий, гайхалтай, түүхэн дүр.
-Эзэмшсэн мэргэжил тань танд ямар давуу тал болоод муу дадал суулгав?
-Ар гэрийн ажлаа орхигдуулдаг муу зантай болж. Энэ мэргэжлийг эзэмшсэн хүн бүр л үүнтэй санал нийлэх байх. Мэргэжлээсээ олж авсан сайн, давуу тал олон бий. Урлаг хүнийг хүмүүжүүлчихдэг шүү дээ.
СУИС-ийн багш нар маань ч “Эхлээд хүн шиг хүн бол. Дараа нь жүжигчин болно” гэж захидаг байлаа.
-Та урлагийн мэргэжил сонгооүй бол өдийд юу хийж яваа бол?
-Би хуульч юм уу, эмч болох байсан. Намайг дунд сургууль төгсөх үед эгч маань эмч болгох гэж их зүтгэсэн. Эгчийнхээ үгэнд орох байсан ч юм бил үү.
-20 жилийн дараах өөрийгөө төсөөлөөч?
-Холливудын кинонд тогломоор байна. Жүжигчин хүний л мөрөөдөл шүү дээ. 20 жилийн дараа гэхэд энэ мөрөөдөл минь биелсэн байх болов уу. УДЭТ-ынхаа ахмад уран бүтээлчдийн нэг болсон байна. Аягүй бол эмээ болчихсон суухыг үгүйсгэхгүй.