Долоохон хоногийн дотор болсон оюутны ДАШТ, залуучуудын Азийн АШТ-д түрүүлж, зургаан алтан медаль хүртэн, монгол түмнээ баярлуулсан М.Анхцэцэг өчигдөр орой эх орондоо ирлээ.
Зардал олдоогүйн улмаас тэрбээр дээрх хоёр том тэмцээнд дасгалжуулагчгүй ганцаараа оролцон, залуучуудын Азийн аварга, оюутны дэлхийн аварга цол хүртсэн нь энэ.
Үүний сацуу М.Анхцэцэг болон түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр нарт Казахстан, АНУ, БНСУ, Узбекистан зэрэг дөрвөн орноос санал ирсэн. Зөвхөн БНСУ л гэхэд хэрэв иргэншлээ сольж, манай саналыг зөвшөөрвөл сар бүр зургаан мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 мянган вон амласан ч багш, шавь хоёр эл саналыг нь хүлээж аваагүй, "Зөвхөн Монголдоо" гээд л эх орондоо үлдсэн нь монгол түмний хүндлэлийг хүлээгээд буй.
Эх орныхоо бахархал болсон түүнийг Монголын хүндийг өргөлтийн холбоо, "Алдар" спорт хорооны хамт олон, тамирчид, гэр бүлийнхэн, найз нөхөд нь ерөөлийн сайхан үг, мөнгөн аягатай сүү, үлээвэр найрал хөгжимтэй угтан авлаа.
Манай сайт “Тренд хүн” буланг албан ёсоор нээж байна. Бид тус булангийнхаа хамгийн анхны зочноор ОУХМ М.Анхцэцэгийг урилаа.
Монголын хүндийг өргөлтийн спортод олон түүхэн амжилтын эзэн болж буй түүнийг эх орондоо ирэх үеэр нь ийн ярилцсан юм.
-Хоёр том тэмцээнд ганцаараа оролцох амаргүй байлаа-
-Юуны өмнө оюутны дэлхийн аварга, залуучуудын Азийн аварга болсон танд баяр хүргэе. Энэ мөчид төрж буй сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Баярлалаа. Хоёр том тэмцээнд аваргалж, зургаан алтан медаль авсандаа баяртай байна. Дасгалжуулагчгүй, ганцаараа явах амаргүй байлаа. Багшийгаа их үгүйллээ. Заавар, зөвлөгөө, нөмөр нөөлгийг нь их санасан. Тэмцээнд ганцаараа явах шиг муухай зүйл байдаггүй юм байна. Өргөлийн захиалгаа гүйцэтгэхээр дэвжээнд гарах мөчид Анхаа чадна аа“ гээд уухайлан дэмжихэд нь их эрч хүч, урам авдаг.
Бусад орныхон “Дасгалжуулагчгүй оролцож байгаа юм уу” гээд намайг их гайхаж байна лээ. Ямартай ч зорьсондоо хүрлээ.
Энэ дашрамд намайг үргэлж дэмждэг төрүүлж, өсгөсөн ижий аавдаа, Ц.Хосбаяр багш, Монголын хүндийг өргөлтийн холбоо,
"Монгол жонс", “Сувинер хаус”, “Үнэн анд”, "Есүүдын Батууд" компани, Г.Эрхэмбаяр аварга, "Мөнгөн гүүр" эмнэлгийн хамт олон, монголын ард түмэндээ баярлаж явдгаа илэрхийлье.
-Хоёрын хоёр тэмцээнд дасгалжуулагчгүй оролцох амаргүй байсан нь мэдээж. Багштайгаа хэрхэн холбоо барьж байв. Ц.Хосбаяр дасгалжуулагч ихэвчлэн юу гэж захиж, зөвлөсөн бэ?
-Тэмцээний үеэр багштайгаа үргэлж холбоотой байсан. Багш маань намайг "Багш нь шавьтайгаа сэтгэл, зүрхээрээ үргэлж хамт байгаа шүү. Өөртөө итгэлтэй, зоригтой байгаарай. Чадна аа, Анхаа" гэж урамшуулсан.
Бэлтгэл сайтай байсан болохоор сэтгэл санаа тогтвортой, өөртөө ч итгэлтэй байлаа. Тэмцээнд явахын өмнө багш маань жиндээ хэрхэн орох, жингийн захиалгаа яаж тооцоолох, хоол ундаа хэрхэн тохируулах талаар 4-5 хуудас зөвлөмж бичиж өгсөн.
-Оюутны ДАШТ-ий үеэр Канадын дасгалжуулагч өөрт чинь тусалсан гэж сонссон.
-Тэгсэн. 28 настай М.Надеу гэдэг тамирчин оюутны ДАШТ-ий үеэр төдийгүй тэмцээний дараа эмнэлэгт үзүүлэхэд ч бас тусалсан. Бүр Мехсикээс эх орон руугаа буцан буцтал надтай хамт байсан. Түүний тусламж, дэмжлэг надад их дэм боллоо.
-Зардал олдоогүйн улмаас Ц.Хосбаяр дасгалжуулагч тантай хамт явж чадаагүй гэсэн. Энэ тэмцээнд оролцохын тулд хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Японд болсон залуучуудын Азийн аварга, Мехсикт болсон оюутны дэлхийн аваргад оролцохын тулд багш бид хоёрт нийт 22 сая төгрөг шаардлагатай байсан.
Токиогийн олимпод өрсөлдөх шигшээ баг хараахан бүрдээгүй, санхүүгийн хямралтай байгаа болохоор хувиасаа л зардлаа бүрдүүллээ.
Манай ээж Сэлэнгэ аймгийнх. Эдгээр тэмцээнд оролцоход Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Зүүнхараа сумын харьяат, “Номголжин” компанийн захирал М.Алтанцэцэг, улсын аварга Г.Эрхэмбаяр ах тусалсан.
-Д.Дагвадорж аварга надад үргэлж тусалдаг-
-Д.Дагвадорж аварга таныг Токиогийн олимп хүртэл ивээн тэтгэхээр болсон. “Гэтэл энэ удаа тэмцээний зардалд нь тусалсангүй, амлалтаасаа буцлаа” гэж зарим хүн буруу ойлгож байгаа бололтой.
-Харин тийм ээ. Тийм буруу ойлголт зарим хүнд байгаа бололтой. Д.Дагвадорж аварга намайг үргэлж дэмжиж, хувцас хэрэглэл, уураг витаминаар хангадаг. Мөн Д.Сэржбүдээ захиралтай “YTM Mongolia” ХХК намайг цалинжуулдаг. Сая тэмцээнд явахынхаа өмнө дэмжлэг хүсэхэд “Энэ удаад санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломжгүй байна” гэсэн. Хаа хаанаа санхүүгийн хүндрэлтэй байгаа өнөө үед шүүмжлэхээсээ өмнө ойлгох хэрэгтэй шүү, хүмүүс ээ.
-Би мөнгөний төлөө бус эх орныхоо төлөө штанг өргөдөг-
-Ц.Хосбаяр дасгалжуулагч та хоёрт дөрвөн орноос санал тавьсан. Тэр саналыг нь та хоёр хүлээж аваагүй гэж сонссон.
Дөрвөн орноос санал ирсэн нь үнээн. Хамгийн их мөнгөн дүнтэй саналыг Солонгос улс тавьсан. Тэднийх “Хэрэв иргэншлээ сольж, саналыг нь зөвшөөрвөл сар бүр зургаан мянган ам.доллар, гэрээний төлбөрт 500 мянган вон өгнө" гэж амласан. Би мөнгөний төлөө биш, эх орныхоо төлөө л штанг өргөдөг.
Эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний туйлын зорилго, аз жаргал. Тэрнээс биш мөнгө чухал биш ээ. Энэ бол гэр бүлийнхэн, дасгалжуулагчтайгаа ярилцан, зөвлөж байгаад гаргасан миний эцсийн шийдвэр.
Олон улсын тэмцээнд аваргалж, “Монголын тамирчин Анхцэцэг” хэмээн дуудуулсаар шагналын тавцанд баярын нулимстай гарч, төрийн дууллаа эгшиглүүлэн зогсох хэчнээн сайхан гээч. Би тэгэх бүртээ эх орон, ижий ааваараа, монгол хүн болж төрснөөрөө бахархдаг.
-“Монголын тамирчин М.Анхцэцэг олимпын аварга боллоо” гэж хэлүүлэхийг л хүсч байна-
-“Яах вэ” гээд эргэлзсэн үү?
-Огт эргэлзээгүй. Би Монголын тамирчин, Мөнхжанцангийн Анхцэцэг хэвээрээ л үлдмээр байна. Дахиад ямар ч орноос хэчнээн төгрөгийн санал тавьсан ч эх орноосоо би хэзээ явахгүй ээ. Тамирчин бүхэн олимпын аварга болохыг мөрөөддөг. Миний хамгийн том зорилго маань ч бас тийм. Харин тэр үед “Монголын тамирчин М.Анхцэцэг олимпын аварга боллоо” гэж хэлүүлэхийг л хүсэж байна.
-Оюутны ДАШТ-д оролцох үедээ гараа бэртээсэн. Хэр их зовиуртай байна вэ?
-Нэлээн хөндүүрлэж байна. Өвчин намдаах эм уугаад л явж байгаа. Тэмцээн дууссаны орой нь нислэгтэй байсан болохоор Мексикийн эмнэлэгт рентген зураг авахуулаад “Яс нь зүгээр” гэнгүүт нь эх орон руугаа шууд буцсан. Одоохондоо яг ямар бэртэл авснаа мэдэхгүй л байна. Одоо энд (Буянт-Ухаа олон улсын нисэх буудал)-ээс шууд эмнэлэг рүү явна.
-Азийн АШТ-д оролцож байх үеэр чинь танд Дэлхийн цомд өрсөлдөх урилга ирсэн гэсэн. Та тус тэмцээнээс өнгөрсөн жил хүрэл медаль хүртсэн. Энэ удаа оролцох уу?
-Дэлхийн шилдэг найман тамирчин урилгаар оролцдогоороо онцлогтой Дэлхийн цомын тэмцээн арванхоёрдугаар сарын 12-13-нд Катар улсад болно. Гараа бэртээчихсэн болохоор бараг оролцож чадахгүй байх аа. Юун түрүүнд бэртлээ эдгээх нь зүйтэй.
М.Анхцэцэгийн анхны гэх тодотгол бүхий түүхэн амжилтууд
-М.Анхцэцэг Монгол Улсын рекордыг 63 удаа шинэчлээд буй.
Өдгөө 18 настай М.Анхцэцэг 13-тайдаа буюу 2011 онд ОУХМ (2010 онд спортын мастер) цолны болзол хангажээ. Өдгөө өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын Монгол Улсын рекордыг 63 удаа шинэчлээд буй.
-ДАШТ-д хамгийн өндөр амжилт гаргаад буй тамирчин
М.Анхцэцэг насанд хүрэгчдийн ДАШТ-д 2014 онд анх удаа оролцохдоо огцом шахалтаар 107, түлхэлттэй өргөлтөөр 124 кг өргөж, X байрт шалгарсан. Мөн тус тэмцээний дараа гарсан дэлхийн чансаагаар залуучуудын ангилалд тэргүүлж, өсвөр үед аман хүзүүдэж, насанд хүрэгчдийнхэд VI байрт бичигдсэн юм. Харин өнгөрсөн жилийн ДАШТ-д хүч сорихдоо огцом шахалтаар 110, түлхэлттэй өргөлтөөр 133 кг өргөж, VIII байрт шалгарсан билээ.
Хэрвээ огцом өргөлтийн хоёр юм уу гурав дахь оролдлогоороо 116 шахсан бол баараггүй мөнгөн медаль авах байсан юм. Харамсалтай нь өргөж чадаагүй ч тэрээр түүхэн амжилтын эзэн болсон. Учир нь манай тамирчдаас хэн ч ДАШТ-д арваас дотогш байрт шалгарч, медалийн төлөө өрсөлдөж байгаагүй юм.
Тэрбээр өнгөрсөн жилийн УАШТ-д түрүүлэхдээ огцмоор 116 кг өргөсөн. Мөн бэлтгэл дээр огцмоор 120, түлхэлттэй өргөлтөөр 148 кг өргөж байлаа. Түүний давтсан бол ДАШТ-д хол тасархай түрүүлж, УАШТ-ийх шигээ өргөсөн бол мөнгөн медаль авах байлаа.
-Дэлхийн цомоос медаль авсан Монголын анхны туйванч
Гаргасан амжилтаараа дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг найман тамирчин урилгаар оролцдог Дэлхийн цомд өнгөрсөн жил өрсөлдсөн. Нэр хүнд, чанар чансаагаараа олимп, ДАШТ-ий дараа үнэлэгддэг тус тэмцээнд хүч үзсэн Монголын анхны тамирчин болсон нь тэр.
Зүгээр ч нэг оролцох бус огцомоор 112 кг өргөсөн амжилтаар хүрэл медаль авч, мөн энэ тэмцээнээс медаль авсан Монголын анхны туйванч болсон юм.
-Залуучуудын ДАШТ-ий медальт Монголын анхны тамирчин
М.Анхцэцэг энэ жилийн залуучуудын ДАШТ-д өрсөлдөхдөө түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөж тус тус мөнгөн медаль авсан. Ийнхүү нэг алт, хоёр мөнгөн медаль авснаар мөн л түүхэн амжилтын эзэн болсон юм.
-Азийн аварга болсон Монголын анхны эмэгтэй туйванч
Олимпын эрх олгох хамгийн сүүлчийн тэмцээн болох энэ жилийн Азийн АШТ-д хүч үзсэн М.Анхцэцэг огцом шахалтаар 112, түлхэлттэй өргөлтөөр 132, нийлбэрээр 244 кг өргөн түрүүлж, Азийн аварга болсон Монголын анхны эмэгтэй туйванч болсон юм.
-Оюутны ДАШТ-д аваргалсан Монголын анхны тамирчин
-Саяхан болсон оюутны ДАШТ-д М.Анхцэцэг түрүүлж, Мексикийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр ийнхүү тус тэмцээнд Монголын тамирчдаас анх удаа түрүүлсэн юм.
-Рио-2016 олимпод VIII байрт шалгарав
М.Анхцэцэг “Рио-2016” олимпийн эмэгтэйчүүдийн 69 кг-д өрсөлдөн огцом шахалтаар 106, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж, нийлбэр дүнгээр VIII байрт шалгарсан юм. Олимпийн дэвжээнд дэлхийн шилдгүүдтэй анх удаа хүч сорьсон нь энэ.
Ярилцсан: Б.Буяндалай
Гэрэл зургийг: Э.Харцага