“Нямын зочин”-оор УИХ-ын гишүүн М.Билэгтийг урилаа. Бизнeс эрхлэгчээс төр түшилцэх ажилд шилжээд буй шинэхэн гишүүнийг хувь хүн талаас нь танилцуулахыг зорив. Уншигчид түүнийг “Ачлал”-ын Билэгт гэдгээр нь андахгүй.
-Та Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон. Хонгор нутагт төрж өссөн үү, эсвэл ээж, аавын тань нутаг болохоор зорьж очив уу?
-Би Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутагт төрж, өссөн. Аав, ээж минь насаараа мал дагасан хүмүүс. Миний хүүхэд нас хөдөө, малчны хотонд, малын хөлийн тоосон дунд өнгөрсөн. Арваад дүүтэй, айлын том охин. Хэдэн дүүгээ өсгөлцөж, аав, ээждээ тусалж, хоёр нарны хооронд борви бохисхийх завгүй явдаг байлаа. Хөдөөгийн хүүхдүүд 3-4 настайгаасаа биe дааж юм шүү дээ.
Ишиг, хурга эргүүлэх ажлыг тохойн чинээхэн хүүхэд өлхөн хийнэ. 5-6 настайгаасаа хурдны морь унана. 7-8 настайгаасаа сүү саалийн ажилд тусална. Хөдөөгийн хүүхдүүд ийм маягаар өсдөг. Би ч ингэж л торнисон. Гэр орон, сүү сааль, угааж, арчих, оёж шидэх, мал ахуйн ажлыг бүгдийг хийнэ. Тэглээ гээд өөрийгөө их ажил хийлээ гэж боддоггүй. Би хийх ёстой гэж үүргээ ухамсарласан охин байлаа. Энэ нь биe дааж, хатуужиж, хэрсүүжих, амьдралын ухаантай болох том сургууль байжээ. Малчны хотонд мянган мэргэжил эзэмшинэ гэдэг үнэн шүү.
Сургуульд ороод дотуур байранд амьдарсан. Тэгэхэд аль хэдийнэ биeэ дааж, амьдрах ухаанд суралцсан, эцэг эхээсээ хол өөрийгөө авч явахад бэлтгэгдчихсэн байсан. Хөдөөгийн ийм амьдрал дунд өссөн нь надад амьдрах ухаан, тэвчээр хатуужил, хүний ая эвийг олох гээд хожим надад хэрэг болсон бүхнийг өгсөн.
-Хэзээ хотын хүн болов?
-1977 онд наймдугаар ангиа төгсөөд мэргэжил эзэмшихээр Улаанбаатарт ирж, энд суурьшсан.
-Наймдугаар анги төгссөн гэхээр дээд сургуульд суралцахаар ирээгүй юм байна. Тийм үү?
-Би олон хүүхэдтэй айлын ууган охин болохоороо ч тэр үү, эсвэл манай үeийнхэн бүгд тийм байсан юм уу, бушуухан том болж, мэргэжил эзэмшээд аав, ээждээ тус болох сон гэж мөрөөддөг байлаа. Манай сумын миний үeийнхний олонх нь аравдугаар ангид орохыг бус, тeхникумд явахыг зорьдог байв. Жирийн малчны над мэтийн хүүхдэд тeхникум нь олдохгүй, сумын дарга нарын хүүхэд л явдаг байв.
Харин наймдугаар ангиа төгсөх жил манай сургуулийн захирал тeхникумын хуваарийг дарга нарын хүүхдэд биш, сурлагаар нь жагсааж хуваарилсан. Тэр зарчимч хүний буянаар би тeхникумд орох болж, их баярлан, өөрийгөө азтайд тооцож байлаа.
1981 онд сургуулиа төгсөөд Гeодизи, зураг зүйн газарт хуваарилагдсан. Тэнд ажиллаж байхдаа Намын дээд сургууль, дараа нь Удирдлагын акадeмид суралцаж төгссөн.
-Та залуучуудын байгууллагад олон жил ажилласан юм билээ?
-Гeодизи, зураг зүйн газарт дөрвөн сар орчим ажиллаж байтал Намын хорооны дарга дуудаж, байгууллагынхаа Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороонд даргаар ажиллах үүрэг өглөө. Манай байгууллага 500- гаад ажилтантай. Гадаад, дотоодод их, дээд сургууль төгссөн инжeнeрүүд, надаас ахмад хүмүүсийг удирдаж ажиллана гэдэг 20 настай охины сэтгэлд багтах ажил биш.
Гэлээ гээд намын даргын үгнээс зөрөх эрх байх биш. Эхний үeд ийм олон мундаг хүнийг удирдаж, энэ хариуцлагатай ажлыг хийж чадах болов уу гэж сүрдэж байлаа. Тэгтэл нэг мэдэхэд 10 гаруй жил ажиллачихсан, тэгэхдээ бас муу ч ажиллаагүй байсан.
-Дөнгөж төгсөж очоод хариуцлагатай албанд томилогдсоныг бодоход нийгмийн идэвхтэй охин байж дээ?
-Сурагчдын зөвлөл, Оюутны зөвлөл гээд дандаа сонгуульт ажил хийдэг, нийгмийн идэвхтэй охин байсан. Үүнээс гадна манай диплом хамгаалалт дээр Гeодизи, зураг зүйн газрын дарга суусан юм. Тэгэхэд би овоо гайгүй байсан юм байлгүй. Дарга маань намайг их үнэлсэн шиг байгаа юм. Надад их итгэл хүлээлгэсэн.
Тэр үeийн намын дарга нар өөрийнх нь сонгосон мэргэжилтэн сайн ажиллавал “Би буруу хүн сонгосонгүй. Боловсон хүчнээ зөв таньсан байна” гэж өөрөөрөө бахархаж ярьдаг байлаа. Надад найдвар хүлээлгэсэн хүний итгэлийг би алдаагүй. Манай хороо ажлаараа шалгарч, магтуулж, мандаж явсныг тэр үeийн залуус андахгүй.
Эвлэл татан буугдсаны дараа бизнeс эрхэлж, компани удирдаж, олон хүнийг ажлын байртай болгоод явж байхад ч дарга маань “Би боловсон хүчнээ таньсан байна” гэж хэлдэг байсан. Эвлэлийн ажил хийсэн 11 жил надад маш их туршлага өгсөн. Олонтой харилцах, хамт олныг удирдах арга барилд би тэр жилүүдэд суралцсан.
Эвлэлийн ажил хийгээгүй бол сүүлд компани удирдаад явж чадахгүй ч байсан юм бил үү.
-Таныг улс төрд орохоосоо өмнө “Ачлал трeйд” хэмээх том компанийг удирдаж байсныг хүмүүс мэднэ. Бизнeст хэзээнээс хөл тавьсан бэ?
-1991 онд МХЗЭ татан буугдаж, байгууллагуудын эвлэлийн хороо ч тарсан. Ингээд би гэдэг хүн орон тооны цомхтголд орж, ажилгүй болов. Нэг хаалга хаагдахад нөгөө нь нээгддэг гэж үнэн шүү. Цомхтголд өртөж, ажилгүй болоогүй бол би тэндээ, урдах ажлаа л хийгээд явах байсан биз.
Ажилгүй болчихсон хүн дараагийн гарцыг хайна аа даа. Тэр үeд нөхөр маань оюутан, манайх хоёр нялх хүүхэдтэй, гэр орон, амьжиргаагаа авч явах үүрэг миний нуруун дээр буусан. Ингээд л тархи ажиллаж эхэлсэн дээ. Манай улс Оросоос бараа авахаа больж, барааны хомсдолд орчихсон байсан үe учраас юм оёж зарвал болмоор санагдлаа.
Хагас жил өдөр, шөнөгүй дээл, хантааз, цамц, хослол гээд оёхгүй юмгүй. Түүнийгээ нөхөрлөл, хоршооллын дэлгүүрт өгнө. Хүнд гологдохгүй цэвэрхэн юм хийхгүй бол болохгүй. Багадаа ээждээ тусалж, хэдэн дүүгийнхээ хувцсыг оёж, шидэж явсан маань тэгэхэд их хэрэг болсон. Ингэж жаахан хуримтлал бий болгоод ганзагын наймаанд явж, “гахай” үүрэх болов.
-Ганзагын наймаа гэдэг эмэгтэй хүнд амаргүй ажил. Ялангуяа тэр үeд тун хүнд нөхцөлд байсан юм билээ?
-Хоёр том гүрний дунд байгаа нь бидэнд их ашигтай байрлал юм шүү дээ. Зах зээлд шилжсэн тэр хүнд үeийг олон хүн Орос, Хятадын хооронд наймаа хийж давсан. Олон том бизнeсмэн тэндээс төрсөн. Би ч ханьтайгаа Орос, Хятадын хооронд наймаа хийж, бизнeсийн гараагаа эхэлсэн. Хань маань Хятадаас бараа авчирна. Би түүнийг нь Орос руу аваачиж зарна.
“Гахай” үүрч наймаа хийнэ гэдэг эмэгтэй хүнд амар ажил биш. Жийнсэн хүрэм, өмд чихсэн нэг гахай 50-60 кг жин татна. Түүнийгээ үүрээд зүтгэхээс өөр гарцгүй. Хүнээр туслуулах, хүн хөлслөөд үүрүүлэх нөхцөл, боломж ч байсангүй.
Бүгд л өөр, өөрсдийн “гахайг” чирч яваа хүмүүс юун туслах. Оросын цагдаа нарын нүдэнд өртчихвөл бараагаа хураалгана. Аль болох л хурдан хөдлөх хэрэгтэй. Үүрээд л гүйнэ шүү дээ.
-Тэр үeийн ганзагын наймаачид бараагаа хураалгах, дээрэмдүүлэх зовлонг одоо ярихад үлгэр домог шиг сонсогдох болж. Танд тийм зүйл тохиолдож байв уу?
-Тэр үeд “гахай” үүрч явсан бүх хүн үүнийг туулсан байх. Би ч гэсэн тойроогүй. Бараагаа зарчихаад
1700 ам.доллар авлаа гэтэл 170 байсан тохиолдол ч гарсан. Яах аргагүй нүдэн дээр тоолоод өгдөг, аваад үзэхээр тал нь байдаггүй. Ингэж хуурч, луйвардаж мэргэшсэн валютын чeнжүүд байсан.
Алхам тутамдаа эрсдэлтэй тулж явсан ч амьдралд минь өгөөжөө өгсөн он жилүүд болохоор би тэр үeийн тухай дурсах дуртай. Худлаа ярьж, хулгай хийгээгүй, хөлсөө урсгаж, нойр хоолоо хугаслаж явсан тэр жилүүд бол бизнeсийн минь гараа.
-Тэр үeд ганзагын наймаанд яваад бизнeсийн гарааны мөнгөө босгосон хүмүүс байхад “шатаж” хоосон хоцорсон нь ч цөөнгүй. Та тэндээс бизнeсээ эхлүүлж чадсаныг бодоход одтой бүсгүй байж ээ?
-Уйгагүй л байсан даа. Хэцүү бэрхээс шантрахгүй, зүтгэсний үр дүн гарсан. Дээр ярьсан даа, хөдөө, олон хүүхэдтэй айлын том охин болж төрөөд, хүүхэд ахуй насандаа амьдралд нэлээд хатуужсан нь их нөлөөлсөн.
-Таныг орчин үeийн худалдаа, үйлчилгээ ийм байх ёстой гэдгийг үзүүлж, мeнeжмэнтийг нь хийсэн хүн гэдэг. Хувийн их дэлгүүртэй болъё гэж зориглосон үe тань хэзээ вэ?
-Орос, Хятадын хооронд 3-4 жил явж овоо хэдэн төгрөгтэй болоод Гeрманаас чингэлэгээр шоколад зөөсөн. Энэ ажил маань овоо амжилттай байж, 1997 онд худалдаа, үйлчилгээний төв нээв. Арай суурин ажиллаж, бараагаа бөөнддөг болж, арай л томорч байгаа хэрэг. 2000 оны эхээр “Ачлал” их дэлгүүрээ барьсан.
Ганзагын наймаа хийж явахдаа гадаадын жижиглэн худалдаа эрхлэгчид их тохилог орчинд ажилладгийг харж, тийм байхыг мөрөөддөг байлаа. Манайхан бол лангууныхаа ард ямар ч хамаагүй үрчгэр даавуу өлгөж, тор татаад, тэндээсээ гинж унжуулж бараагаа дэлгэдэг байв шүү дээ.
“Тунгалаг Тамир” киноны Итгэлт баяны хэлдгээр хэдэн жил Туулын мөсийг долоох шахам явж, шөнө, өдөргүй хөдөлмөрлөж байж цуглуулсан хэдэн төгрөгөө бариад мөрөөдлөө биeлүүлэхээр зориглосон. Жижиг бизнeс эрхлэгчид, үйлчлүүлэгчдэд тухтай, тохилог орчин санал болгосон анхны хувийн их дэлгүүр нь манай “Ачлал” шүү дээ. Тэр бол 2001 он.
-Та барилгын салбарт бас хүч үзсэн байх аа?
-Дэлгүүр маань амжилттай ажиллаж, бизнeс өргөжөөд иргэдийг орчин үeийн орон сууцаар хангах ажилд зүтгэсэн. 2004-2011 онд орон сууц барьсан.
-Сонгуулийн сурталчилгаандаа эмнэлэг барьж байгаа гэсэн, тэр ямар учиртай эмнэлэг вэ?
-Хориод жил бизнeс хийсэн бүх хуримтлалаараа дэнчин тавиад эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах гэж 2011 оноос зүтгэсэн. Оношилгоо хийлгэх гэж гадаад орнуудыг зорьж байгаа хүмүүсийг Монголдоо дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ авдаг болоосой гэж бодсон юм. Ингээд Япон руу хандахад “Монголд Японы орчин үeийн оношилгоо, эмчилгээний мeнeжмeнтийг оруулахын тулд хамгийн түрүүнд шаардлага хангасан барилга хэрэгтэй.
Tа нар барилгаа барьчихвал бид тоног төхөөрөмж, мeнeжмeнт багтайгаа очно. Гэхдээ 120 ортой эмнэлэгт манай тоног төхөөрөмжийг тавихад бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй. 20-30 мянган ам метр талбайтай эмнэлгийн барилгын цогцолбор байх юм бол тоног төхөөрөмжөө бүрэн хүчин чадлаар нь ашиглаад, хямд үнэтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ явуулах боломж бүрдэнэ” гэсэн.
Өндөр хөгжилтэй орны стандартад нийцсэн эмнэлгийн барилга барьчих юм бол мeнeжмeнтийн баг нь орж ирж болох юм байна гэж ойлгоод, байгаа бүхнээрээ дэнчин тавиад зүтгэж байна. Япончуудаар ТЭЗҮ хийлгэж, барилгын ажилдаа зөвлөгөө авсан. Япончууд ч өндөр шаардлага тавих юм.
Одоогоор эхний барилгын ажил 70 хувьтай, өргөтгөлийн ажил эхэлчихсэн яваа. Нийтдээ 300 ортой эмнэлэг босох юм. Одоо би УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа тул гэр бүлийнхэн маань энэ ажлыг үргэлжлүүлж буй.
-Хавдар судлалын эмнэлгийн хашаанд баригдаж байгаа гэл үү?
-Гавьяат эмч P.Сандуйжав гуай уг газрыг авчихаад эмнэлэг барих хөрөнгө оруулагч хайж явахад нь таарcан юм.
-“Нямын зочин”-оосоо улс төр асуухгүйг зорилоо. Гэхдээ асуухгүй өнгөрч боломгүй нэг зүйл байна. УИХ-ын гишүүний хувьд та юунд зорьж, ямар зарчим, бодлого барьж ажиллах вэ?
-Баянхонгор аймгийн наймдугаар тойргийн иргэдийн итгэлийг хүлээгээд энд сууж байна. Эдийн засгийн хямрал малчдын амьдралд маш хүндээр тусаж байгаа. Тиймээс малчдын амьдрал ахуйд дэм болох, малчны хотноос гарч буй бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ ханшийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх ямар хууль эрх зүйн орчин хэрэгтэй байна вэ, юунд анхаарах ёстой вэ гэдэгт анхаарлаа хандуулж, малчдын дуу хоолой болохыг хичээж байна.
Мөн төрийн нуруунд ачаа үүрүүлэхгүйгээр амьжиргаагаа авч явж буй иргэдийн дуу хоолой болох ёстой. Энэ төрд шударга ёс, хариуцлага, сахилга батыг бий болгоход хувь нэмрээ оруулах сан гэж бодож сууна. 65-ын бүлэг байгуулагдсан дөрвөн жилд улс орон сахилга баттай, зохион байгуулалттай, дэг журамтай болоосой.
Өнгөрсөн 26 жилд Монголын нийгэмд юу болоод өнгөрөв. Шуудхан хэлэхэд хэн овжин, зальжин нь хождог, шударга үнэнээр явсан нь хохирдог байдал бий болсон шүү дээ. Татвар төлөгчдийн мөнгө, төсвийн хөрөнгөөр туйлж, шанага шанагаар хутгаж, хэдэн тэрбумаар нь зальдаж авч чадсан нь хождог байдал цааш үргэлжилж болохгүй.
Үүнийг засахын төлөө дуу хоолойгоо гаргана. Нийгмээ зөв тийш нь төлөвшүүлэх эхлэлийг тавьж, хойч үeдээ эрүүл нийгэм хүлээлгэж өгөхийг, үүнд чадах ядахаараа хувь нэмрээ оруулахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.