Монголчууд дүрвэж буй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд цацагдаж, байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын зарим гишүүд шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойш Монгол Улсын иргэд эх орноосоо ихээр дүрвэж, Сирийн дараа орохоор түвшинд хүрээд байна гэж ярихад хүртэл даамжирлаа. Монголчууд эх орноосоо үнэхээр дүрвээд байгаа эсэх талаар бодит мэдээлэл авахаар Гадаадын иргэн харьяатын газрын Шалган нэвтрүүлэх газрын дарга Г.Ганбаттай уулзаж тодруулга авснаа хүргэж байна.
Монгол Улсын хилээр нэвтэрч буй иргэдийн бодит тоон мэдээлэл ямар байна вэ? Хилээр орсон, гарсан иргэдийн тоог тодруулмаар байна?
Монгол Улсын иргэд гадаад руу зорчих нь жил ирэх тутам өсч байна. Гэхдээ энэ нь зөвхөн гадаад руу гараад байгаа асуудал биш гарснаасаа илүү хилээр орж ирж байгаа иргэдийн тоо илүү өссөн байгаа. Тухайлбал энэ оны 7 сарын байдлаар 182 мянган иргэн хилээр гарч 196 мянган иргэн орж ирсэн, 8 дугаар сард 217 мянган иргэн гарч, 233 мянган иргэн орж иржээ. 2016 оны 7,8, 9, 10 сарын байдлаар нийт 771 иргэн гарч, 797 иргэн орж ирсэн байна. Хилээргарсан зорчигчоосоо орсон зорчигч илүү буюу 30 хувиар нэмэгдсэн статистик тоо харагдаж байна. Иргэдийн шилжилт хөдөлгөөн ихэссэн юутай холбоотой вэ гэхээр нэгдүгээрт,Тавантолгойн нүүрс тээвэрлэлт зогсонги байдалд байсан, харин саяхан нүүрс тээвэрлэлт эхэлж эдийн засаг сэргэж эхэлж буйтай холбоотой нүүрс тээврийн жолооч нар Өмнөговь аймаг дахь Гашуусухайт болон Шивээхүрэнгийн боомтоор зорчих нь ихэссэн. Энэ 2 боомтоор л гэхэд өдөрт 3200 тээврийн хэрэгсэл, 3900 иргэн нэвтэрч байна. Хоёрдугаарт, Монгол Улсын иргэд аялал жуулчлалын зорилгоор гадаад руу ихээр зорчиж байна. Хавиргын боомтоор л гэхэд өнгөрсөн 7 хоногийн мэдээллээр өдөртөө 15-18 автобус амралтын өдрүүдээр гараад, орж ирж байгаа мэдээлэл байна. Тиймээс аялал жуулчлал хөгжиж, эдийн засаг сэргэж буйтай холбоотой хилээр нэвтрэх иргэдийн тоо өсөж байгаа гэж би дүгнэж байна. Монгол Улсын хилээр гарсан болон орсон иргэдийн тоонд төдийлөн ялгаа харагдахгүй байгааг энд онцолж хэлье.
Монгол Улсад хичнээн хилийн боомт үйл ажиллагаа явуулж байна вэ? Үүнээс олон улсын зэрэглэлтэй болон байнгын үйл ажиллагаатай хичнээн боомт байна вэ?
Монгол Улсын хэмжээнд 25 боомт үйл ажилллагаа явуулж байдаг. Үүнээс Олон улсын зэрэглэлтэй нь 10 боомт байдаг, тус 10 боомтын 9 нь байнгын үйл ажиллагаатай. Зөвхөн хил залгаа орны иргэд л зорчдог2 талын тогтмол үйл ажиллагаатай 10 боомт байна. Мөн түр ажиллагаатай Бургастай, Байтаг, Даян зэрэг боомтууд бий.
Олон Улсын зэрэглэлтэй Сүмбэр боомт шинээр нээгдсэнтэй холбогдуулан аялал жуулчлал, бизнесийн чиглэлээр иргэд ихээр зорчиж байна. Түүнчлэн ОХУ руу иргэд 3 сарын хугацаатай визгүй зорчдог болсноор аялал жуулчлал, бизнесийн зорилгоор иргэд Алтанбулагийн боомтоор ихээр зорчиж байна. Тус боомт нь 24 цагаар үйл ажиллагаа явуулж байна. 2015 оноос Ханги боомт байнгын ажиллагаатай болсноор Бизнесийн чиглэлээр иргэд мөн маш ихээр зорчиж байгаа. Эдгээрээс дүгнээд үзэхээр, Монгол Улсаас дүрвэээд байгаа асуудал огт байхгүй байна. Харин ч хилээр орж гарч байгаа иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Хамгийн гол нь хилээр гарсан иргэдийн тоо, хилээр орж ирж байгаа иргэдийн тоонд төдийлөн том зөрүү харагдахгүй байгааг дахин хэлэх хэрэгтэй.
Монгол Улсын хилээр жилд хичнээн хүн зорчдог бол? Тэдгээр иргэдийн хичнээн нь Монголчууд байдаг вэ?
Монгол Улсын хилээр жилд дунджаар 4.5 сая иргэд зорчиж байгаа гэсэн стастик тоо байна. Эдгээр иргэдийн 75 хувь нь Монголчууд байна. Жилээс жилд хилээр зорчиж орсон гарсан иргэдийн тоо тогтмол өсч байгаа тоо харагдаж байгаа. Манай байгууллага дээр сар бүр тогтмол статистик тоо гараад явж байгаа. Хилээр гарчихаад эргэж огт орж ирэхгүй байгаа юм шигээр буруу ташаа мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулаад улс төржүүлээд байх шаардлагагүй. Энэ буруу ташаа мэдээлэл улс оронд олон сөрөг байдлаар нөлөөлөхийг хэлэх нь илүүц биз ээ. Тухайн хэвлэл мэдээллийн байгууллагууд албаны эх сурвалжаа сайн нягталж бодитоор хандах хэрэгтэй.
Монгол Улсын хилээр зорчих иргэдийн тоо хэдээс хэдэн саруудад өсдөг вэ?
Үндэсний их баяр наадмын үеэр болон аялал жуулчлалын улиралд буюу 7, 8 саруудад хиллээр зорчих иргэдийн тоо огцом нэмэгддэг. энэ оны 6 дугаар сарын тоог 8 дугаар сарын тоотой харьцуулаад харахад 40 хувиар өссөн харагдаж байх жишээтэй.
Үргэлжлүүлээд 9 сард хичээлийн шинэ жилтэй холбогдуулан иргэд суралцах болон бизнесийн чиглэлээр буюу бараа таваараа татах гээд хилээр зорчих нь ихэсдэг. Жил бүрийн 7,8,9,10 саруудад хилээр нэвтэрсэн иргэдийн тоо ихээр нэмэгддэг.