Хүнгэнэсэн сайхан хоолой, хүн чанар, сэтгэл зүтгэл “ханхлуулсан” нэгэн залуутай ярилцлаа. Тэр бол Монголын Үндэсний урлагийн их театрын дуучин П.Баярмагнай. “Авьяаслаг монголчууд” шоунд оролцож, нэгдүгээр шатанд “Би монгол хүн” хэмээн огштол дуулсан түүнийг шилдэг 32-ын тоонд багтсанд баяртай байна. Шүүгчийн асуултад “Энэ зөвхөн Монголынх биш, дэлхийн шоу. Монголчуудыг дэлхий харж байгаа. Би монгол хүн. Тийм болохоор оролцож байгаа юм” гэж энгийн бөгөөд утга учиртай хариулсан нь түүнийг бүрэн илэрхийлчихсэн гэлтэй.
Хамгийн сүүлд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн нэрэмжит уралдааны гран при шагналыг хүртсэн тэрбээр UBS телевизээс зохион байгуулсан “Universe best songs” уралдааны шилдгийн тоонд багтаж, хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн нэрэмжит уралдаанд айрагдаж, олон улсын хоёр ч уралдаанаас шагналын хур буулгаж байсан юм. МҮУИТ-ын тайзнаа Богд хааны дүрийг чадварлаг бүтээсэн энэ залуу “Оройн дээд” дуулалт жүжгээрээ өнгөрсөн хавар “Гэгээн Муза” цом авч чадсан.
-СУИС-ийг онц дүнтэй төгссөн чадварлаг дуучин театрт ажилладаггүйг “Universe best songs” уралдаанд оролцоход нь мэдээд гайхаж билээ. Тэр үеэс П.Баярмагнай цөөнгүй фэнтэй болсон болов уу?
-СУИС-ийг 2008 онд төгсөөд ДБЭТ-т орохыг хүссэн ч орон тоо байгаагүй. Багш минь намайг “Чи солист шүү, хоорын дуучин биш” гэдэг байсан болохоор найрал дууны ангид орохыг хүсээгүй. Тэгээд байж байтал Төв аймгийн “Монгол туургатан” театрын дарга агсан Ч.Ганхуяг найруулагч “Учиртай гурван толгой” дуурийг шинэчлэн, Балганыг гол дүр болгохдоо намайг тоглооч гэж санал тавьсан.
Гавьяат жүжигчин Баярмаа Нансалмаад, би Балганд дуулсан. Төв аймагт, дараа нь урилгаар ДБЭТ-т бас тоглосон. Тэр үед нэг санаа төрсөн нь, дундаж нэгэн байснаас өөрийгөө бэлдэж, тулалдаж, зүтгэж хүнд тоогдох хэрэгтэй юм байна гэж би бодсон. Тэгээд л телевизийн шоу нэвтрүүлэгт сонгодог чиглэлээрээ оролцож, нэг кинонд тоглолоо. Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд оролцож тусгай шагнал авлаа. Энэ бүгдээс урам авч, уран бүтээлээ хийгээд явж байна.
Хүн болгон тайзан дээр ёслолын хувцастай гараад л дуулдаг. Тэгвэл тухайн дүрээ илэрхийлэх хувцастай, тийм сэтгэл, өгүүлэмжтэйгээр яагаад дуулж болохгүй билээ гэж би боддог учраас “Universe best songs” уралдаанд “Янаг цэцэг” дууг “Парисын дарь эхийн сүм”-ийн Квасимодогийн хувцастай дуулсан. Ядуу хүний тухай дуулж байгаа бол гуйлгачны хувцастай, хааны тухай өгүүлж байгаа бол тийм хувцсыг нь өмсөөд үзэгчдэд хүртэл нь дуулах хэрэгтэй гэсэн бодол ерөөсөө салдаггүй юм.
Сүүлийн үед амжилт арвин байна. 2008 онд сургууль төгссөн хүн одоо дуу ч үгүй, юу ч үгүй болохыг үгүйсгэх аргагүй. Харин би байнга бэлдэж, зүтгээд үеийнхнээсээ хоцрохгүй гээд л явж байна. Баянхонгор аймагтаа хоёр жил гэрээгээр ажиллаж, төвийн театрын шилдэг уран бүтээлчдийг урьж, шинэ найруулагч аваачин, “Учиртай гурван толгой” дуурийг тоглосон.
ДБЭТ-ын гоцлооч Ш.Наранчимэг Нансалмаад, би Юндэнд, Бямбажав Балганд дуулсан. Ингээд аймагтаа хоёр жил ажиллаад гэрээ бараг дуусах дөхөж байтал ҮДБЭЧ (хуучнаар) “Оройн дээд” жүжиг тоглох болж, Д.Ганболд найруулагч намайг гол дүрд нь сонгосон. Тайзан дээр анх удаа Богд хааны дүр бүтээж, “Гэгээн Муза” авсан даа.
-Г.Бирваа гуайн нэрэмжит уралдаанд оролцож байгаа дуучдыг анзаарвал орон нутгийнхан нэлээд хоцрогдсон санагдсан. Улаанбаатарт байдаг мэргэжлийн урлагийн байгууллагад ажилладаг дуучид нь бэлтгэл сайтай байна лээ. Уг нь СУИС төгсөж, мэргэжил эзэмшсэнээрээ адилхан л баймаар юм.
-Уран бүтээлчдийн хувийн бэлтгэлтэй холбоотой л доо. Бүх зүйлийг байхгүй гээд хүлээгээд суух биш өөрийгөө бэлтгэчихээд, хотод ирэхээрээ концертмейстртэй ажиллаж, сайжруулж болно. Би ч бас Төв болон Баянхонгор аймагт ажиллаж байсан. Төгөлдөр хуур байхгүйгээс эхлээд бэрхшээл бий л дээ. Гэхдээ Улаанбаатарт байгаа найз нар маань надаас түрүүлж байгаа даа гэж бодохоор зүгээр сууж чаддаггүй. Өөрийгөө дасгалжуулах л хэрэгтэй.
Нэг талаараа бид ч бас тамирчин шүү дээ. Саяхан болсон Г.Бирваа гуайн уралдааны хоёрдугаар шатанд 21 дуучин үлдсэний 13 нь олон улсын уралдааны шагналтай байсан. Ийм өндөр зэрэглэлийн дуучид оролцож байгаа уралдаанд микрофонгүй дуулах нь зүйтэй гэж шүүгчид шийдсэн нь загатнасан газар маажих шиг болсон. Ур чадвараараа өрсөлдөх боломж үнэхээр бүрдсэн шүү.
-“Авьяаслаг монголчууд”-ын шилдэг 32-т багтчихлаа. Дараагийн шатанд юу үзүүлэх бол?
-Эхний шатанд “Би монгол хүн” дууг дуулсан. Нийтлэг сэдэв, агуулга руу орохгүй болов уу.
-Мэргэжлийн дуучин байж яах гэж ийм шоунд оролцдог байна аа гэсэн өөнтөгч хүмүүст “Монголчуудыг дэлхий харж байгаа. Би ч бас монгол хүн” гэж хэлсэн чинь маргахын аргагүй хариулт болж сонсогдсон.
-Зарим хүн тэгж шүүмжилдэг. Гэхдээ манай мэргэжлийн чадалтай уран бүтээлчид тэрүүхэндээ л “шатаад”, зүтгээд яваа ч ард түмэн маань мэдэх завгүй амьдарч байна шүү дээ. Намайг “Нарантуул” зах дээр явж байвал энэ нөгөө “Universe best songs”-т орсон Баярмагнай байна гэхээс биш өөрөөр мэдэхгүй, танихгүй. Тийм болохоор өөрөөрөө дамжуулж, уран бүтээлч нөхдөө танилцуулмаар байна.
-Танай байгууллагын нэр саяхан өөрчлөгдөж Үндэсний урлагийн их театр боллоо. Одоо ямар уран бүтээл хийж байгаа вэ?
-Бид Д.Нацагдоржийн 110 жилд зориулаад “Учиртай гурван толгой” дуурийг их зохиолчийн анх бодож, санаж зохиосон хувилбараар нь Багануурт тоглох гээд бэлтгэж байна. Дараа нь хотод ч тоглоно.
-Н.Наранбаатар найруулагч “Тэнгэрийн хүү” жүжигтээ өөрийг тань тоглуулах болсон гэсэн үү?
-Дөнгөж сая л энэ тухай сонслоо. УДЭТ-ын 85 жилийн ой тохиож байгаа шүү дээ. 10-нд театрын уран бүтээлчид өөрсдөө энэ жүжигт тоглоно. Харин би 12-нд тоглох юм байна. Ойн баярын гэнэтийн бэлэгний нэг хэсэг юм болов уу даа.
-“Оройн дээд” дуулалт жүжигт тоглоод багагүй туршлагатай болсон учраас давгүй байх аа.
-Би оюутан байхаасаа л драмын ангийн оюутнуудын тоглолтыг үзэж, тэднээс зөвлөгөө авдаг байсан. Төгсөхдөө “Дуучид, жүжигчдийн нүүр хувиргах урлаг” сэдвээр дипломын ажил бичсэн. Бид 10 настай хүү, 40 настай эрийн алинд ч хувирч болно шүү дээ. Зүгээр л дуулаад өнгөрөх биш дуун дотор амьдрал буйг өгүүлж, үг болгоныг амилуулж дуулахыг хүсдэг. Зарим хүн “Хэтэрхий их жүжиглэж байна” гэж шүүмжилж л байсан. Гэхдээ гурван бадаг дууг зүгээр л дуулаад орох ёстой гэсэн нэг хэв маягаасаа салмаар байна.
-Дэлхийн сонгодог дуурьт дуулах хүсэл бий юү?
-Байлгүй яах вэ. Одоохондоо ярихад эрт байна. Би нэг ажлыг дуусгаж байж дараагийнхыг нь эхлүүлдэг дутагдалтай. Он гараад хоёр эсвэл гуравдугаар сард энэ байгууллагад хоёр жил юу хийснээ тайлагнаж Үндэсний их найрал хөгжимтэй тоглолт хийнэ. Төлбөр мөнгөтэй биш, зүгээр л уран бүтээлчдэдээ зориулсан тоглолт байх юм. Дараа нь дуурьт дуулах хүслээ гүйцээнэ ээ.
-Эхнэр, хоёр хүүхэд тань Баянхонгор аймагт, өөрөө Улаанбаатарт амьдарч, уран бүтээлээ ард түмэнд хүргэх гээд л завгүй явна. Заримдаа ингэж олон зүйл амжуулж, өөрийгөө таниулах гэж зүтгэж явах хэцүү санагддаг уу?
-Үгүй, хэцүү биш. Би ч үнэндээ уран бүтээлээ л түрүүнд тавьдаг. Гэр бүлийнхэн маань Баянхонгорт, хоёр жил тусдаа байна гэдэг мэдээж амаргүй. Манай хамт олон харин намайг дураар нь байлгаж, хоёр гурван сар болоод гэр рүүгээ яваад ирэхийг зөвшөөрдөг.
-Та ямар үед сэтгэлээр унадаг вэ?
-Ойр дотнын хүмүүс маань хийж байгаа зүйлийг минь ойлгохгүй байх үед гундана даа. Гэхдээ өөрийгөө зоригжуулж, бусдын итгэлээр босоод ирдэг. Олон хүний итгэлээр өлгийдүүлэх сайхан шүү дээ.
-Их өөдрөг юм аа?
-Намайг гэсэн олон сайхан хүний сэтгэл байхад өөдрөг байлгүй яах билээ. Хотод би ээж, дүү нартайгаа амьдарч байгаа. Тэд минь намайг алган дээрээ бөмбөрүүлж байна. Дүү минь дэлхийн аварга Уранцэцэг шүү дээ. Нэг нь тамирчин, нөгөө нь дуучин болохоор идэх хоол нь ч өөр. Ээж минь хоёр тусад нь хоол унд бэлддэг юм. Дүү маань тамирчин учраас жингээ хасаж, шөлтэй хоол иднэ. Харин би илчлэгтэй сайн хоол идэх ёстой.
-М.Уранцэцэг гавьяат таны төрсөн дүү юм уу?
-Намайг дөрөвдүгээр ангид сурч байхад аав, ээж минь бурхан болж, бага ангийн багш минь намайг өргөж авъя гэсэн юм. Асрамжийн газар руу явуулахгүй, би л авна гэж зүтгэсэн сайхан сэтгэлтэй тэр хүн миний ээж. “Чи миний том хүү бол” гэдэг байсан ч би шууд яваад очиж чадаагүй. Тэр үеэс байнга холбоотой байж байгаад нэг л өдөр яваад очсон доо, ээждээ. Хүүхэд болохоор хүлээж авахад хэцүү л санагдаж байсан. Энэ хүний хайр халамжинд бай гээд хувь заяа хэлсэн болохоор л бид одоо хамт байна даа.
Миний төрсөн аав, ээж хүүхэдтэй болсон ч тогтдоггүй байсан болохоор сэтгэл нь эмтэрдэг байсан байлгүй, эрт бурхан болсон. Ганц хүүтэй болсон нь би. Одоо ч гэсэн миний аав, ээж намайг харж байгаа, ингээд яриад сууж байхад ч дэргэд бий гэдэгт итгэдэг.
-Дандаа сайхан сэтгэлтэй хүмүүсээр хүрээлүүлж амьдардаг хувьтай хүн юм даа, та.
-Ч.Ганхуяг найруулагч намайг анх Балганд дуулуулах гэж сонгоод, Төв аймагт аваачсан. Тэгээд нэг өдөр “Чи дандаа л сандаалтай явж байх юм. Бороо орвол хоолой нь өвдөнө шүү дээ. Надад илүү гутал бий” гээд өгч байлаа. Ойр дотнын хүмүүсээс гадна хамт олон хүртэл нэгэндээ ингэж сэтгэл гаргаж болдгийг тэгж мэдэрсэн. Би ч яах вэ, “Монгол туургатан”-д уригдан ажиллаж байгаа нэг л хөөрсөн хүн байснаас биш хувцас хунараа бодсон ч юм байхгүй л явсан байх.
Бас Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай “Чи бид хоёр өнчин өрөөснөөрөө адилхан юм” гээд намайг Төв аймагт тайлан тоглолт хийхэд “Дээл хийж өмсөөрэй” гээд торго өгч байлаа. Одоо тэр дээлийг өмсөх ямар сайхан байдаг гээч. Богд хааны дүрд сонгогдоод тоглоход Ардын жүжигчин П.Цэрэндагва гуай ах дүүс шиг болж, намайг бэлдсэн.
“Чи их хувьтай хүн байна. Би хүртэл Богд хаанд тоглож байгаагүй. Хаан хүний дүрд тоглоно гэдэг их заяа шүү. Чи сайн тоглож чадвал сайхан явна. Муу хийвэл муухай явна шүү” гээд л бэлдсэн. Дараа нь “Гэгээн Муза” дээр шагнал гардуулах дугтуйг энэ хүний минь гэргий Д.Мэндбаяр эгч нээгээд “Ээ бурхан минь” гэж уулга алдаад намайг дуудсан. Нөхөр нь намайг бэлдэж, эхнэр нь шагнал өгөөд л нэг тийм бэлгэшээлтэй.
-Хүүхэд байхдаа хэн шиг дуучин болохыг мөрөөдөж байсан бэ?
-Биднийг бага байхад дуучин шиг дуучид байсан гээд хэлчихэд буруудахгүй байх. Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат, Х.Үнэнхүү, У.Далантай нарыг сонсож, “Золгож ээждээ үнсүүлэх сэн дээ”, “Хайрхан уулын бараа”, “Бурхан бумбын орон”, “Бүүвэй ээж” зэрэг дууг сонсдог байлаа. Энэ дуунууд л амьдралд минь нөлөөлж, намайг урлагийн замд хөтөлсөн. Одоо ч гэсэн хурим найран дээр эдгээр дууг л хүмүүс дуулдаг.
-Тэдэн шиг болохыг хүсэж байсан бол хожим нь нэг тайзан дээр дуулах хувь тохионо гэдэг сайхан байх шүү. Мөрөөдлөө гүйцэж амьдарна гэдэг гоё юм аа.
-Сайхаан. Тэгээд л оногдсон замаар нь явж байна. Зам нарийсвал зүтгээд, өргөсвөл дагаад өгсөөд явна даа.
-Алдар цол хүнийг эвддэг гэдэг. Урлагийн ертөнцөд тийм эвдэрсэн хүнтэй хэр их таарав. Эсвэл ингэвэл л эвдрэх юм байна гэж анзаарав уу?
-Орчин нөхцөлөө буруу үнэлж, би-гээр өвчлөхөөрөө л бурууддаг юм шиг ээ. Үүнээс цааш боломж байхгүй, би оргилд нь хүрсэн гээд бодчихоороо бусад хүн жижигхэн харагддаг байх. Надад бол тийм зүйл байгаагүй ээ, тийм боломж, ухамсар ч алга.
Үзэгчид их хуурамч шүү дээ. Хэн сайн явна, түүн рүү хошуурдаг. Тийм үед л уран бүтээлч хүн өөрөөрөө үлдэх хэрэгтэй. Хошуурахаар нь дагаж цогиод хэн ч биш болж болохгүй.
-Гэр бүлийнхнээ манай уншигчдад танилцуулж болох уу?
-Миний эхнэрийг Бурмаа гэдэг. Сайхан дуулдаг бүсгүй бий. Нэг үе Баянхонгор аймгийн ХДТ-таа ажиллаж байсан. Мэргэжлийн дуучин биш ч театр уран бүтээлчээр дутагдаж, 21 сумаар шалгаруулалт хийхэд нь тэнцэж дуучин болсон хүн. Гэр бүлийнхэн нь тэр чигтээ сайхан дуулдаг хүмүүс бий.
Манай эхнэр одоо хоёр хүүхдэдээ анхаарал тавиад ажиллахаа больсон. Том хүүг минь Түвшинтөгс, охиныг минь Нарансолонго гэдэг.
-Хайртай дуучныхаа нэрийг хүүдээ өгчихөө юү дээ. Аавынх нь өгсөн нэр үү?
-Би ч нэг их лам хараар явдаггүй. Чи зөв яв, сайхан юм сэтгэж бод, тэрний хариу хэзээ нэг өдөр ирнэ. Муухай юм бодвол тийм л хариу ирнэ гэж боддог. Тэгээд өөрөө л бодож байгаад хүүхдүүддээ нэрийг нь өгчихсөн.