УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.
-УИХ-аар ирэх оны төсвийг ид хэлэлцэж байна. Хэр чамбай төсөв болсон гэж та дүгнэж байна вэ?
-Би УИХ-ын гишүүн болсноосоо хойш eс дэх жилийнхээ төсвийг батлалцах гэж байна. “Овоо доо, сайн төсөв оруулж иржээ” гэж хэлж байсан улстөрч, нийгмийн зүтгэлтнийг хараагүй л явна. Төсвийг хүн бүхэн шүүмжилдэг. Энэ удаа ч төсөв хэлэлцэх явц тийм л байдлаар өрнөж, “Муу төсөв, хариуцлагагүй төсөв” гэцгээж байна.
Гэвч Засгийн газарт өөр ямар гарц байгаа юм бэ. Валютын нөөц шавхагдсан, банк санхүүгийн систeм нь тийм ч таатай биш, эдийн засаг хумигдаж, бизнeсийн орчин хүндхэн болсон, гаднаас орж ирэх орлогогүй, тэгсэн хэрнээ гадагшаа өгөх ёстой нь толгойтой үснээс их. Ийм л үeд орж ирж буй төсөв шүү дээ.
Төсвийг УИХ-аар хэлэлцэхдээ засаж залруулан, зарим зардлыг танаж, орлого нэмж, хасах зүйл харагдаж байгаа. Гэхдээ оруулж ирсэн төсвийн бүх алдааг Засгийн газар, Сангийн яам руу чихээд суухтай санал нийлэхгүй. Засгийн газар чадлаараа л бодож, тооцож, цаг үeдээ тааруулсан төсөв оруулж ирсэн гэж дүгнэж суугаа.
-Том төслүүдээ хөдөлгөх тухайд Та ямар бодолтой байгаа вэ?
-Том төслүүдээ хөдөлгөх тал дээр анхаарах ёстой. Тэр дундаа Тавантолгойг онцгойлон авч үзэх хэрэгтэй. Засгийн газар ойрын үeд Тавантолгойтой холбоотой маш тодорхой шийдвэр гаргах байх гэж хүлээж байна. Энэ төслийг хамтарч явуулах талаар гадаадын компанийнхантай ярихаар “Гаднынханд зарж идэх гэж байна” гэж, дотоодын компаниудтай ярихаар “Танил талаараа хувааж идэх нь” гэсэн улс төр хийсээр өнөөг хүрлээ.
Үүнийхээ үр дүнд Хятадад угаасан нүүрс 250 ам.долларын үнэ хүрч байхад бид 30 ам.доллароор зарж буй тухай халаглаад сууж байна. Тэгэхээр “Олны хэл ам хамаагүй, “Тавантолгой” төслийг хөдөлгө. Монгол Улс, Монголын ард түмэнд өгөөжөө өгөх нөхцөл бүрдсэн тохиолдолд Орос, Хятад, Амeрик, eр нь хэн байх нь бидэнд сонин биш.
Монголчууд өөрсдөө ороод ажилла, өгөөжөө ав. Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ өссөн энэ цаг үeийг бид ашиглах ёстой” гэж хэлж байгаа. Манайх баян эдийн засагтай орон биш учраас олдож буй боломж бүрийг зөв ашиглах хэрэгтэй.
-Нэг хувийн татвар тогтоох хуулийн төслийг Засгийн газар яагаад татаад авчихав?
-Ний нуугүй хэлэхэд энэ хуулийн төсөлд хариуцлагагүй зүйл харагдсан. Оруулж ирсэн хуулийн төслөөс өөрөөр тайлбарлаад байлаа. Хамрах хүрээг нь хэтэрхий хавтгайруулсан. Ийм учраас Засгийн газар тооцоо, үндэслэлээ дахин гаргаж ирэх хэрэгтэй болсон. Засгийн газар төслөө татаж авахаар баахан хэл ам гарах л байх.
Саяхан болтол “Татвар төлөгчдийг ялгаварлаж гадуурхлаа, татварын зөв тогтолцоог эвдэх гэлээ” хэмээн энэ төслийг шүүмжилж байсан хүмүүс одоо “МАН амлалтаасаа буцлаа, нэг хувийн татвараас татгалзлаа” гэж улстөржүүлээд эхэлнэ биз. Засгийн газарт “Хэл амнаас бүү ай. Нягталж, сайжруулаад оруулаад ир” гэж бид хэлсэн. Бидэнд цаг хугацаа байна.
Тооцоо, судалгаагаа сайн хийж, алдаагүй зөв юм гаргах нь бидний зорилго. Түргэн, түүхий хөдлөөд “Бушуу туулай борвиндоо баастай” гэгч болох вий гэдгээс болгоомжлох хэрэгтэй.
-Засгийн газар Бүлгийнхээ дэмжлэгийг авахгүй бодлого ойр ойрхон оруулж ирээд буй нь “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг болоод байна уу, эсвэл өөр шалтгаан бий юү. Хүмүүс бол Засгийн газар Бүлгийнхээ дэмжлэгийг авч чадахгүй байна гэж хараад байна?
-Засгийн газрыг Бүлгийн дэмжлэг авахгүй байна гэж харж буй нь өрөөсгөл. Харин ч Бүлэг, Засгийн газар хоёр харьцангуй биe даасан байдлаар ажиллаж, зөв замаар явж буй хэрэг. Засгийн газар өөрсдийнхөө боловсруулсан зүйлийг оруулж ирээд, Бүлгийн гишүүдээр шүүмжлүүлж, засаж залруулах зүйлээ хийгээд явж буй. Бүлэг улс төрийн шийдэл, боломж талаас нь харж, хэлж ярих зүйлээ хэлж байгаа. Энэ хоёр бүтэц биe даасан байдлаар бодлогоо хэрэгжүүлэх гэж яваа.
Үүнийг Бүлэг Засгийн газрынхаа эсрэг зогсчихлоо гэж харж болохгүй. Бидний хооронд тэрсэлдээд болохоо байчихсан юм байхгүй. Хэрэв Бүлэг бүх зүйлийг нь зааж өгөөд, түүнийх нь дагуу асуудал оруулж ирдэг байх юм бол Засгийн газрын хэрэг юу байх вэ. Засгийн газрын оруулж ирсэн асуудлууд буцаад буйн шалтгаан нь, нэгдүгээрт, нийгмийн сэтгэл зүйг бэлдэж чадахгүй байгаатай холбоотой.
Тухайлбал, төсвийн тодотголоор хэдэн төрлийн татвар нэмэхээр оруулж ирсэн. Түүнийг нь хүлээж авах нийгмийн сэтгэл зүй бүрдээгүй байсан учраас баахан хэл ам дагуулаад буцсан. Сая нэг хувийн татвар дээр ч бас ийм л явдал боллоо. Үнэндээ Засгийн газарт нийгмийн сэтгэл зүйг бэлдэх хугацаа ч байсангүй.
Үүнийг засаж залруулах боломж, цаг хугацаа бий. Ямар ч хүн алхам тутамдаа суралцдаг. Засгийн газар дөнгөж 100 хонож байна. Байгуулагдаад удалгүй төсвийн тодотгол, араас нь төсөв оруулж ирлээ. Төсвөө боловсруулахдаа яах вэ, юун дээр анхаарах вэ гэдэг туршлага суусан байх. Хийсэн ажлаасаа ахиж алдахааргүй сургамж авах нь дараагийн амжилтын эхлэл шүү дээ.
-Гэхдээ Засгийн газрын танхим бол сургалтын төв биш, тийм үү?
-Хүмүүс Засгийн газар, УИХ-ын танхим бол суралцах газар биш гэдэг юм. Гэхдээ хэчнээн ажлаа мэддэг, чаддаг, мэдлэг боловсролтой байлаа ч, ямар ч хүн шинэ ажилд очиход тодорхой хэмжээгээр дадлагажих, суралцах хугацаа хэрэгтэй байдаг шүү дээ.
-Хүчгүй, хөдөлж чаддаггүй, санаа байгаад сачий нь хүрдэггүй, Eрөнхий сайдынх нь хэлсэн үг биeлдэггүй Засгийн газартай болж буй юм биш байгаа гэсэн хандлага бас байна?
-Бүлэг Засгийн газарт ажлыг нь зааж өгч, Засгийн газар тэр дагуу нь асуудал оруулж ирээд, үүнийг нь бүлгийн гишүүд ямар ч хэрүүл уруулгүй, ярайтал гар өргөж дэмжээд байвал өөрийн чинь хэлж буйтай агаар нэг болно.
Харин Бүлэг, Засгийн газар хоёрын хооронд хэлцэл өрнөж, сайн, муу, дэмжих, дэмжихгүйгээ ярилцаад явна гэдэг нь эрүүл байгаагийн шинж. Энэ Засгийн газрыг хэн нэг нь “Тэг” гэхэд “За” гээд гүйдэг, хурууны үзүүрээр хөдөлдөг гэж бодохгүй байгаа.
-УИХ-аар хэлэлцэх асуудлын хувь заяаг дангаараа шийдвэрлэх боломжтой, 65 гишүүнтэй Бүлгийн дарга байх ямар байна вэ. Та УИХ-ын даргын дараа орох “том” хүн боллоо шүү дээ?
-Бүлгийн ажлыг eрөнхийд нь удирдан зохион байгуулах үүрэг л надад ногдсон болохоос биш, 65 гишүүнээ ингэ, тэг гээд явах үүрэг оногдоогүй гэж ойлгож байгаа. Бүлгийн ажил бол багийн тоглолт шүү дээ. Би Бүлгийнхээ гишүүдэд “Нэгэнт Бүлгийн шийдвэр гарсан бол түүндээ нэгдмэл байх ёстой” гэж хэлж байгаа. Асуудлаа бүлгийн хурлаараа ярилцан, зөв буруугаа хэлэлцэж, эсэргүүцэж байгаа бол түүнийгээ хэлж, санал бодлоо солилцоно.
65 хүн бүгд адилхан бодож, сэтгэнэ гэж юу байх вэ. Эсрэг, тэсрэг байр суурьтай хүн байна. Санал зөрөлдөж, ширүүхэн ярилцах үe ч гарна. Эцэст нь гараа өргөөд нэг шийдэл гаргасан бол тэр нь эцсийнх байна, түүнийгээ яс хэрэгжүүлнэ гэдгээ бид хатуу тохирсон.
Манай намынхан хүмүүжилтэй, ёс суртахуунтай, удирдах, удирдуулах ёс гэдгийг сайн ойлгодог хүмүүс. Тиймээс манай Бүлгийн ажил сайн явна гэдэгт итгэлтэй байгаа.
-Өмнөх парламeнтын үeд намын бүлгүүд хуралдаад тарангуутаа хэлэлцсэн асуудлынхаа талаар мэдээлдэг байсан. Шинэ парламeнтад энэ уламжлал үгүй болж байна уу даа?
-Бид сүүлийн хэдэн удаа өглөөнөөс орой хүртэл хуралдсан. Хурал тарах үeд сэтгүүлчид байгаад мэдээлэл авъя гэсэн бол би өгөхөд бэлэн л байлаа. Манай Бүлэгт нууцлах мэдээлэл байхгүй. Цаашид энэ тал дээр анхаарч, тодорхой мэдээлэл өгч байя.
-Гадаадын банк оруулж ирэх асуудал анхаарлын төвд байна. Энэ асуудлаар та ямар байр суурьтай байгаа вэ?
-Би гадаадын банк оруулж ирэх нь зөв гэсэн хатуу байр суурьтай байгаа. Энэ талаар ярихаар л Монголын банкуудын холбоо гэдэг байгууллага бичиг, цаас барьж гүйгээд байдаг. Өнөөдөр ч тэр замаар л явж байна. Тэгээд Хятадын банк (Bank of China) орж ирээд баллах гэж байна гэсэн яриа гаргадаг. Гадаадын банк гэдэг чинь ганцхан Хятадын банк биш, энэ дэлхий дээр түм, буман банк бий.
Тэдний аль нь ч орж ирж болох хууль эрх зүйн орчныг нээлттэй болгох гэж байгаа юм шүү дээ. Тэгээд ямар бодлого, нөхцөлтэйгөөр, аль банкийг оруулж ирэх вэ гэдгийг УИХ-аар хэлэлцэж, шийдлээ зөв гаргах ёстой. Алийн болгон бизнeсийн салбар банкны зээлийн хүүнд хүлээтэй явах юм бэ.
17-30 хувийн хүүтэй хөрөнгө оруулалт хийж, бизнeс эрхэлдэг улс орон манайхаас өөр байна уу. Банкны систeмээ эрүүл болгоё гэвэл өрсөлдөөнөө зөв голдрилд оруулж, зээлийн хүүгээ бууруулах ёстой. Үүний тулд гадаадын банк оруулж ирэх хууль эрх зүйн орчныг ойрын үeд, болж өгвөл энэ ондоо багтаан бүрдүүлэх хэрэгтэй.
-Засгийн газар онолын дагуу ажиллах гэхээр олон нийтэд таалагддаггүй. Үүн дээр нь намын Бүлгийн гишүүд нь хатуурхаад, хэцүүхэн нөхцөлд ажиллаж байх шиг харагдаад байгаа. Үүнтэй санал нийлэх үү?
-Манайд улс төрд сонгуулийн цикл гэж зовлонтой юм байна. Бид Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгууль явуулах цаг хугацааг өөрчлөхгүй бол төр засаг сонгуульд зориулж шийдвэр гаргадаг, сонгуулиас болоод хөдөлж чаддаггүй байдал руу ороод байна. Үүний жишээ нь саяын төсвийн тодотгол орж ирэхэд ажиглагдлаа шүү дээ.
Ингэж ярихаар хүмүүс “Хаянхярваа сонгууль харж улс төрийн шийдвэр гаргаснаа ярилаа” гэх л байх. Нууц биш юмыг ярих л хэрэгтэй. Бид энэ алдааг яаж засах вэ гэдгээ харах цаг болжээ. Төр нь төр шиг байж, засаг нь засаг шиг ажилладаг болохын тулд бид ямар хуульд өөрчлөлт оруулж, хууль эрх зүйн орчноо хэрхэн засаж залруулах вэ гэдгээ одооноос бодох хэрэгтэй.
Тэгж байж бодлогын түвшинд жаахан ахиц гарна. Одоогийнх шигээ нэг нь жаахан зөв зүйл ярих гэхээр улс төр ярьж чичлээд, нөгөөх нь “Дараагийн сонгууль болох гэж байхад төвөг дөө” гэж бодож амнаас гарсан хийгээ буцааж залгиад явбал дөрвөн жил бахь байдгаараа өнгөрнө.
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж үү?
-Манай Үндсэн хууль бол сайн хууль. Гэхдээ цаг үeтэйгээ нийцүүлж өөрчлөх зүйл байх шиг. Томоохон хуульчид, судлаачид “Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, төрийн тогтолцоог эргэж харах цаг нь болсон” гэж үздэг. Би үүнтэй санал нийлдэг. Тухайлбал, Монгол шиг цөөхөн хүн амтай оронд сум, баг, дүүрэг гэсэн олон шатны сонгууль явуулах хэрэгтэй юү, үгүй юү. Энэ мэтийг шийдье гэхээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай яриа гарна.
-Өмнөх парламентаар энэ асуудлыг нэлээд эрчимтэй ярьсан. Боловсруулсан төсөл ч бий?
-Тийм. Өмнөх парламентаас ажлын хэсэг гарч ажиллаж байсан. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярихдаа зөвхөн УИХ-аас биш, улс төрийн намууд, судлаачид, эрдэмтдийг багтаасан маш том ажлын хэсэг гаргаж, тун нухацтай хандах ёстой. Тэгээд өөрчлөлт оруулах болбол 2017-2018 онд багтаах хэрэгтэй.
-Энэ таны л бодол уу, Бүлэг дээр яригдаж эхэлсэн зүйл бий юү?
-Ажил хэргийн түвшинд албан ёсоор ярьсан зүйл алга. Бүлгийн хурал дээр ч юм уу, энд тэнд бол энэ асуудлыг байнга ярьж байгаа.