УДЭТ-ын жүжигчин А.Чингүнтэй ярилцлаа. Түүнтэй уран бүтээлийн яриа дэлгэж суухад сэргэлэн, инээд муутай болох нь үйлдэл бүрээс нь мэдэгдэж байлаа. Түүнийг мэргэжил нэгт нөхөд нь ур чадвар нь өсөж яваа найруулагч хэмээн үнэлдэг юм билээ.
-Таныг “Норовын намтар” жүжгийн гол дүр бүтээснээр хүмүүс андахгүй. Уран бүтээлийн гараагаа хэрхэн эхэлж байв?
-УДЭТ-ын босго даваад зургаан жил болчихжээ. Энэ хамт олны дунд багтахын тулд шалгалт өгч, дагалдан жүжигчнээр ажиллаж, өрсөлдсөн. Театрт орсноосоо хойш “Тэмүүжин”, “Харц хатан”, “Оролмаа эх”, “Норовын намтар” гээд нэлээд хэдэн жүжгийн гол дүрд тоглолоо. “Норовын намтар”-ыг тайзан дээр амилуулахыг Ч.Түвшин найруулагч санаачилсан. 2012 оноос л энэ жүжгийн тухай ярьж, “Чи бол Норов. Орчин цагийн Норов ямар байж болохыг сайн бодоорой” гэж захиж байлаа. 1957 онд зохиогдсон ч одоог хүртэл Ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт багтдаг, сургамжит бүтээлийг тайзан дээр амьдруулсандаа их баярладаг шүү.
-Энэ дүрээрээ “Гэгээн Муза” олон улсын театрын наамдаас шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарсан шүү дээ.
-“Гэгээн муза-11” наадмаас шагнал хүртсэн. Тэр жил хүүхдийн жүжгийн төрөлд найман бүтээл өрсөлдсөн юм. Надад маш их урам, зориг өгсөн шагнал.
-Жүжигчнээс гадна тус театрт туслах найруулагч, маркетингийн менежерээр хүртэл ажилласан байх аа.
-Маркетингийн албанд жил гаруй ажилласан. Угаас жүжигчин хүн хөрвөх чадвартай, ямар ч ажлыг хийчихдэг байх ёстой гэж боддог юм. Би СУИС-ийг 2009 онд жүжигчин, найруулагчаар Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн удирдлага дор төгссөн юм. Багшаасаа одоо ч суралцсаар байна. Амьдралын, мэргэжлийн гээд тэр хүнээс сурах зүйл дуусахгүй. Тиймээс туслах найруулагчаар бас ажиллаж үзсэн.
-Энэ жил УДЭТ-ын 85 жилийн ой тохиож буй. Ойн хүрээнд их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “Жаргаагүй нар” жүжгийг өнгөрсөн баасан гаригаас тоглож эхэллээ. Та энэ жүжигт мөн л их зохиолч Д.Намдагийн дүрийг бүтээж буй. Энэ дүр таныг хэр сорьж байна вэ?
-Д.Намдаг хэмээх агуу хүний дүрийг бүтээж буйдаа их баярлаж байгаа. Энэ хүний түүх балраагүй, түүнийг мэддэг гэрчүүд амьд сэрүүн байна. Энэ л намайг хамгийн их айлгаж буй. Хоёр удаа хэлмэгдсэн ч хүнд үеийг даваад гарч, Төрийн хошой шагналт хүртэж, зохиол бүтээл, үзэл санаагаараа ард түмнийг эрхшээлдээ оруулж чадсан энэ хүний дүрийг буруу, худлаа тоглож болохгүй. Энэ хүний үзэл бодол, хүсэл мөрөөдөл, тухайн цаг үед хэрхэн тэмцэж амьдарсныг дүрээрээ харуулахыг хичээж байна.
-Дүрээ хэр судлав. Д.Намдаг гуайн уран бүтээлийг дагнан судалдаг эрдэмтэд, үр хүүхдүүдтэй нь уулзав уу?
-Судлалгүй яах вэ. Эл жүжгийн зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар Д.Намдаг гуайн шавь шүү дээ. Энэ хүний талаар асууж лавлах, мэдээлэл авах хүн олон байлаа. Зан төлөв, биеэ хэрхэн авч явдаг байсан талаар нь ч чадлаараа судаллаа. Цааргалалгүй тусалсан ахмадуудад баярласнаа хэлье. Залуу хүний хувьд энэ олон мундаг хүмүүстэй хамтран ажиллана гэдэг нэр хүндийн асуудал. Тиймээс мэдэхгүй, чадахгүй зүйлүүдэд тэд маань зааж, сургаж байсан.
-Аль нэг талаараа тэр хүнтэй төстэй байсан болоод л энэ дүрд таныг сонгосон байх.
-Тийм шүү. Найруулагчийн нүдэнд надад тэр хүнтэй ямар нэг төстэй тал байсан болоод л сонгосон байх. Угаас тэс өөр хүний дүрийг бүтээ гэж жүжигчинд тулгах хэцүү. Сэтгэл хөдлөл ихтэй, хурц хүн шиг санагдсан. Энэ талаараа төстэй байх.
-Ингэхэд та яагаад урлагийн мэргэжил сонгосон юм бэ?
-Дунд сургуулийн ахлах ангид ямар ч хүүхдэд урлагийн хүн болъё гэсэн бодол төрдөг байх. Би Өсвөрийн зохион бүтээгчдийн төвийг төгссөн юм. Гэхдээ л жүжигчин болох нь надад илүү үнэтэй санагдсан.
-Дэлгэцийн бүтээлд тэр бүр тоглохгүй юм аа, та?
-СУИС төгсөөд л театрт орсон болохоор олон кинонд тоглох боломж гарсангүй. Тоглолт, бэлтгэл сургуулилалтын хажуугаар кинонд тоглох хэцүү шүү дээ. Харин сүүлийн жилүүдэд бие даан кино найруулж байна.
-Өнгөрсөн зургадугаар сард “Намайг хайрла” хэмээх бие даан найруулсан анхны киногоо үзэгчдэд хүргэсэн. Гэр бүл, хүүхдийн сэдэвтэй киног ихэвчлэн нас тогтсон найруулагч хийдэг. Яагаад анхны киногоо ийм сэдвээр бүтээсэн юм бэ?
-Энэ киноны зохиолыг Ж.Батсайхан бичсэн. Өнгөрсөн 2015 оны эхээр Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан ахад зохиолоо танилцуулсан юм билээ. Б.Жаргалсайхан ах эл зохиолоор кино хийхээр шийдэж, надад найруулах санал тавьсан юм. Тэрбээр энэ кинондоо залуу найруулагч, жүжигчдэд боломж олгож, дэмжих зорилготой байсан. Аливаа бүтээл уран бүтээлчийн эмзэглэлээс төрдөг гэж боддог. Өөрийн болон өрөөлийн эмзэглэж буй сэвдийг хөндөхийг хичээсэн.
-Дахин энэ сэдвээр кино найруулах уу. Дараагийн киногоо хэзээ олны хүртээл болгох бол?
-Аль болох өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндмөөр байна. Үзэгч тухайн бүтээлээс ямарваа нэг зүйл ойлгож, тунгаах ёстой. Уг нь тав зургаан кино зохиол бэлэн байна. Кино гэдэг “За хийчихье” гэж гэнэт шийдээд, дайраад ордог зүйл биш. Залуу хүний хувьд судлах, суралцах зүйл зөндөө бий. Нэртэй оддын түвшинд очъё гэж бодохоосоо өмнө монгол онцлогоо бусдын олж хараагүй өөр өнцгөөс харуулах сан гэж боддог. Мөрөөдөл бий, түүнийгээ хэрэгжүүлэх гэж зүтгэж явна даа.
-Үзэгчдийн сайн мэддэг олон кинонд та туслах найруулагчаар ажилласан. Найруулах нь жүжиглэхээс илүү таныг татаад байна уу даа?
-“Үл таних эмэгтэй”, “Сүүлчийн шөнө” зэрэг киноны туслах найруулагчаар ажилласан. Хүмүүс ч намайг Н.Наранбаатар ахын туслах найруулагч гэдгээр мэддэг болчихсон. Кино бол эвлүүлгийн урлаг. Харин жүжиг бол амьд, тухайн цаг мөчид дүрдээ бүрэн уусаж, амьдрахыг шаарддаг. Тэр нь ийм, энэ нь тийм ялгаатай болохоор намайг татдаг гэж хэлэхэд хэцүү юм. Найруулагч, жүжигчин аль аль нь хэцүү, гэхдээ сайхан ажил. Яагаад залуу хүн эдгээрийг хослуулан ажиллаж болохгүй гэж.
-Тайзан дээр гарахын өмнө сандардаг уу. Ямар мэдрэмж төрдөг вэ?
-Эмээлгүй яах вэ. Олон хоног сургуулилалж, дүрээ судалдаг болохоор хичээхээс аргагүй. Пуужин тийрэлт авч хөөрсөн л бол эргэж буудаггүй шиг, тайзан дээр гарсан л бол юу мэдэрч байгаагаа үзүүлэх ёстой. Тайзан дээр тоглож байх үед цаг харвасан сум шиг л өнгөрдөг. Нэг мэдэхэд эхэлж, нэг сэхээ ороход дуусаж, үзэгчид алга ташдаг.
-Та одоо ямар дүрд тоглохыг хүсэж байна вэ?
-Яг үнэнээ хэлэх үү. Би У.Шекспирийн дүрд тоглож үзмээр байна. Түүний зохиолуудын аль нэг дүрд биш, өөрийнх нь дүрд. Тэр хүн зохиолуудаа бичиж байхдаа юу мэдэрч байсан, галзуу дурласан, сэтгэл хөдөлсөн үедээ ямар байсныг нь мэдэрмээр байна. Тийм сэтгэл гэгэлзсэн, дүрэлзсэн дүрд тогломоор байна. Гэхдээ кино биш жүжиг байвал гоё.
-Та их цовоо, наргианч хүн юм. Хошин жүжиг, инээдмийн кинонд тоглож үзэхийг хүсэхгүй байна уу?
-Сургуулиа төгсөхөд л Төв аймгийн “Монгол туургатан” театрт найруулагчаар ажиллах санал ирсэн. Гэвч би унаган хотын хүүхэд юм болохоор тэнд гурван сар ажиллаад л хотдоо ирсэн юм. Ирэнгүүтээ УДЭТ-т орсон. Анхнаасаа театраар хүмүүжсэн болохоор кинонд тэр бүр тоглоогүй. Тэр дундаа инээдмийн кинонд тоглож байгаагүй. Цаашдаа тоглох, эсэхийг хэлж мэдэхгүй юм.
-Ирээдүйгээ, хийх ажлаа төлөвлөдөг үү. 20 жилийн дараах А.Чингүн юу хийж байх бол?
-Ажлаа л хийж байна. Театрын дунд эргэм насны жүжигчин. Найруулсан овоо хэдэн кинотой болчих байх.
-Гэр бүлийнхээ тухай яриач. Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Аав маань Баянхонгор аймгийн Баацагаан сумын Жамъян тайжийн бага хүүгийн үр сад. Ээж маань Хөвсгөлийнх. Би айлын бага хүү.
-Найз бүсгүйтэй юу?
-Байхгүй ээ. Ганц бие.
-Таны ах мөн л урлагийн хүн. Том хүүгээ дуучин мэргэжил сонгосны дараа багыгаа жүжигчин болно гэхэд аав, ээж тань дургүйцсэн үү?
-Миний ах “Нэгэн зүгт” хамтлагийн дуучин. Намайг жүжигчин болно гэхэд аав, ээж маань их дургүй байлаа. Ямар сайндаа л унаа, хоолны мөнгө өгөхгүй, санхүүгийн хориг арга хэмжээ авдаг байлаа шүү дээ (инээв). Гэхдээ л миний хүслийг хориглож дийлээгүй.
-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ. Багадаа хэр дүрсгүй хүү байв?
-Улаанбаатар хотод, 40 мянгатад өнгөрсөн. Багаасаа л хөдөлгөөнтэй, сахилгагүй хүү байлаа. Ангийнхаа хүүхдийн үсийг хайчилчихаад багшдаа тоосоо гөвүүлдэг байв. Манай ээж эмч хүн л дээ. Актны цаас хулгайлаад л ангийнхандаа болон өөртөө хуурамч акт бичдэг байлаа.
-Аав, ээжийнхээ нутагт хэр очдог вэ?
-Хөвсгөлд хоёр жилийн өмнө анх очсон. Баянхонгор руу өвөөгөө бурхан болохын өмнөхөн хамт явж байлаа. Тэр үед өвөө маань бидний удам угсаа, нутаглаж байсан газрыг танилцуулж, ярьж өгсөн.
-Та хэр олон найзтай вэ. Өөрөө сайн найз байж чаддаг уу?
-Нөхөрлөнө гэдэг хүн шиг хүн байхын шинж шүү дээ. Надад олон сайхан найз бий. Тэдэндээ сайн найз нь байхыг хичээдэг. Өөртөө байгаа жаахан зүйлийг ч найзтайгаа хуваах сэтгэл надад бий.
-Найруулагч, жүжигчин мэргэжилтэй хүн кино үзэж, судалдаг байлгүй. Танд ямар киноны аль хэсэг хамгийн их таалагддаг вэ?
-Үзэлгүй яах вэ. Оройд заавал нэг кино үздэг. Италийн алдарт найруулагч Жузеппе Торнаторын “Малена” киноны хэсгүүдэд их дуртай. Тамхи асаадаг, алхдаг хэсэг нь байдаг даа. Тэр киноны хамгийн гоё, бас зангилаа нь.