"АЛДАР”-ЫНХНЫ СОДОН АМЖИЛТУУД
Спортын салбарт үе үеийн шилдгүүдийг төрүүлсэн “Алдар”-аас цуутай олон бөхчүүд мэндэлсэн. Энэ жилийн баяр наадмаар тус байгууллагын 11 бөх улсын цолд хүрч, нэгэн дээд амжилт тогтоосон юм. Аварга, арслантай, хоёр харцага, долоон начин төрсөн “Алдар”-ынхан Монголын спортын байгууллага дотроо хамгийн олон улсын цолтонтой. Тэр дундаа Монгол үндэсний бөхийн 90 гаруй жилийн түүхэнд тодорч, нэрээ мөнхөлсөн 22 аваргаас 12 нь энэ байгууллагаар овоглодог. Тус хорооны дарга, хурандаа, Дархан аварга Г.Өсөхбаяр тэдний нэг. Түүнтэй ярилцсанаа уншигчиддаа хүргэе.
-Энэ жил “Алдар” спорт хорооны 70 жилийн ой тохиож, ойн хүрээнд олон шинэ ажил зохион байгуулж, бүтэн жилийн турш баяраа тэмдэглэж байгаа юм байна. Ууган спорт хорооны даргын хувьд энэ жилийн амжилт бүтээлийнхээ талаар сэтгэл ханзлаач?
-Манай “Алдар” спорт хороо 1946 оны хоёрдугаар сарын 2-нд тухайн үеийн нам засгийн шийдвэрээр “Цэрэг” нийгэмлэг нэртэй анх байгуулагдсан түүхтэй. Бид өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр 70 жилийнхээ ойн ёслолын ажиллагааг зохион байгуулж, “Алдар”-аар овоглодог үе үеийн ахмад тамирчин, дасгалжуулагч нартаа хүндэтгэл үзүүллээ. Гурван өдөр үргэлжилсэн арга хэмжээнд 800 гаруй ахмадууд оролцсон. Өнгөрсөн жилийн аравдугаар сард бид шинэ спорт цогцолбортой болсон. Төсвийн хөрөнгө оруулалтаар, барилгын цэргийн 017 дугаар ангийн бие бүрэлдэхүүний барьсан шинэ байгууламж маань 600 хүний суудалтай спорт заал, 10 гаруй бэлтгэлийн танхим, томоохон тэмцээний өмнө тамирчдыг байрлуулах буудал гээд орчин үеийн шаардлагад нийцсэн цогцолбор болсон. Үүний үр дүнд манай тамирчдын амжилт гэрлийн хурдаар өсөж байна. Ялангуяа залуу тамирчдын ур чадвар ахиж, спортын олон төрлөөр улсынхаа нэрийг мандуулж явна.
-Риогийн олимпод танай байгууллагын хичнээн тамирчин оролцсон билээ?
“Алдар” спорт хорооноос Риогийн олимпод спортын зургаан төрлөөр 11 тамирчин өрсөлдлөө. Чөлөөт бөхийн төрөлд Г.Мандахнаран хүрэл медаль атгаж аваад алдсаныг бүгд мэдэж байгаа. Гэхдээ манай тамирчид чамлахааргүй амжилттай оролцсон. Таеквондогийн төрлөөр олимпод анх удаа хүч сорьсон П.Тэмүүжин маань эхний даваанд өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Мексикийн Саул Гутейрресийг ялж, Монголдоо энэ спортын төрлөөр анхны ялалт авчирсан. Хүндийг өргөлтийн төрөлд М.Анхцэцэг маань анх удаа эрхээ авч оролцоод шагналт VII байранд орлоо. Түүнчлэн буудлагын шилдэг тамирчин О.Гүндэгмаа маань зургаа дахь олимпдоо амжилттай оролцож, Монголоос хамгийн олон олимпод цэц сорьсон тамирчнаар тодроод байна.
-Манай тамирчдад гадны шүүгчид их хатуу хандах шиг болсон.
-Спортын хөгжил дэвшил тухайн улс орны эдийн засаг, төр засгийн бодлоготой салшгүй холбоотой. Бид Бээжин, Лондоноос олон медаль авсан шалтгаан нь 2006 онд олимпыг дэмжих сан байгуулж, төр засгийн удирдлагууд багагүй анхаарал тавьсантай холбоотой. Сүүлийн хоёр олимпоос цөөнгүй медаль авсан, энэ удаа найдвар тавих тамирчид олон байсан тул спортын хорхойтнууд хоёроос дээш медаль авна гэж таамаглаж байсан болов уу. Дэргэд нь байж, алдаа оноог нь хараагүй болохоор дүгнэлт хийх хэцүү. Гэхдээ тактикийн алдаа гаргаж, ялагдсан харамсалтай тохиолдол нэг биш удаа гарсан. Тамирчид маань ерөнхийдөө унжгар байсан. Миний хувьд яг дотор нь ороод юу болж байгааг сайн мэдээгүй ч баг тамирчид маань хангалттай сайн оролцож чадаагүй. Уг нь үүнээс ч илүү амжилт үзүүлчих нөөц бололцоо манай тамирчдад их бий гэж боддог.
Ямар ч спортод шүүгчийн шийдвэр гэж айхтар зүйл бий. Энэ асуудалд МҮОХ болон тухайн спортын холбооны удирдлагууд анхаарч, ДАШТ, олимпын зэрэглэлийн шүүгчийн тоог нэмэх тал дээр ажиллах хэрэгтэй. Энэ хүрээнд шүүгчээ нэмж чадвал тэндээс ирэх дарамтыг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой.
Ямар ч спортод шүүгчийн шийдвэр гэж айхтар зүйл бий. Энэ асуудалд МҮОХ болон тухайн спортын холбооны удирдлагууд анхаарч, ДАШТ, олимпын зэрэглэлийн шүүгчийн тоог нэмэх тал дээр ажиллах хэрэгтэй. Энэ хүрээнд шүүгчээ нэмж чадвал тэндээс ирэх дарамтыг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой.
-Их спортын дэвжээнээс гадна үндэсний спортоор ч танай нийгэмлэгийн бөхчүүд тун сайн барилдлаа. Та “Алдар”-ын бөхчүүдээ тэргүүлж, төрийн наадамд цолоо дуудуулсан хүний хувьд энэ жилийн наадмын талаар сэтгэгдлээ хуваалцана уу?
-Өнөө жилийн баяр наадмаар үндэсний бөхийн 22 дахь аварга төрлөө. Энэ 22 аваргын 12 нь “Алдар”-аас төрсөн аваргууд. Тодруулбал, Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Д.Дамдин, Д.Цэрэнтогтох нарын таван дархан аварга, даян аварга Ц.Чимэд-Очир, С.Цэрэн, улсын аварга Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин, Д.Хадбаатар, О.Балжинням, Ч.Санжаадамба гээд “Алдар”-аар овоглож, армиар хүмүүжсэн бөхчүүд аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болж монгол түмнийхээ бахархал болон хүндлэгдэж явдаг юм шүү дээ.
Энэ жилийн баяр наадмаар олон тэгш ой давхацсан учир аймгийн баяр наадмыг хойшлуулсан тул наадмын бүртгэлд сумын цолтой бөх багтаагүй. Олон түмний хайртай бөх Ч.Санжаадамба маань наадамчин олныхоо удтал хүлээсэн сэтгэлийн “цангааг” тайлж 10 давж түрүүлсэн бол Р.Пүрэвдагва маань үзүүрлэж, улсын арслан боллоо. Энэ хоёр хүчтэн Архангай аймгийн бөхчүүд. Улсын наадмын үзүүр түрүүнд нэг аймгийн хоёр бөх үлдсэн тохиолдол өмнө нь дөрвөн удаа болсноос бүгд Архангайн хүчтэнүүд байсан юм билээ. Гэхдээ нэг нь аварга, нөгөө нь арслан цол нэмсэн анхны тохиолдол. Мөн манай армийн бөхчүүдээс Б.Бат-Өлзий, Х.Гантулга нар улсын харцага, Л.Шинэбаатар, Ц.Нямдорж, Б.Чимэдвандан, Б.Дэлгэрсайхан, Б.Ганзориг, М.Бат-Отгон нар улсын начин цолны босго алхсан. Нийт 24 бөх шинэ цол авснаас 11 нь “Алдар”-ын бөхчүүд байлаа. Энэ бол Монгол бөхийн түүхэнд өмнө нь байгаагүй бас нэгэн содон амжилт.
-Ч.Санжаадамба аваргыг улсын наадамд түрүүлэх болов уу гэж бөх сонирхогчид олон жил таамаглаж байсан. Харамсалтай нь өмнөх наадмуудад үзэгчдийн хүлээсэн тэр хэмжээнд барилдаж чадаагүй. Энэ жилийн баяр наадмаар зорилгодоо хүрэхэд юу нөлөөлсөн бол?
-Манай аймгийн бөхчүүд “Бөх билэгт” дэвжээнд бэлтгэлээ хийдэг. Энэ жил дэвжээнийхээ бүтэц, зохион байгуулалтад анхаарч, зохих хэмжээний өөрчлөлт оруулсан. Улсын гарьд Д.Рагчаа маань дэвжээнийхээ бөхчүүдийг ахалж, наадмын бэлтгэлд гарсан. Тиймээс наадмын бэлтгэлээ ч өмнөхөөсөө өөр системээр зохион байгуулсан. Ч.Санжаадамба шиг түрүү бөхийн тоонд ордог бөхчүүдийн хувьд наадам дөхөхөөр сэтгэлзүйн дарамтанд ордог. Тиймээс энэ жил бөхчүүдийнхээ сэтгэлзүйд гол анхаарал хандуулж, эртнээс бүх зүйлээс тусгаарлаж, элдэв зүйлд санаа зовохгүй байхыг зөвлөж байлаа.
ОДООГООР ЗОДОГ ТАЙЛАХ БОДОЛ АЛГА
-Та олон жил наадамчин олноо баясгаж, цолоо дуудуулж буй. Гэхдээ спортын замнал гэдэг богино настай байдаг. Таныг хэзээ зодог тайлах бол гэж бөхдөө хайртай олон түмэн маань сонирхож байгаа болов уу.
-Ойрын хугацаанд бөхөөсөө холдох бодол алга. Нутгийн дүү нартаа, “Алдар”-ынхаа бөхчүүдэд юу мэдэж, сурсанаа зааж зөвлөөд явахад тэдэнд маань нэмэртэй байдаг юм болов уу гэж бодогддог.
-Улсын баяр наадмын тухай хууль гэж бий. Энэ хуульд зарим нэг ойлгомжгүй заалтууд байдаг. Одоо мөрдөж буй хуулиар бол 1024 бөх барилдсан наадмаар хоёр улсын арслан цолтой хүн үзүүр, түрүүнд үлдвэл давсан нь аварга болж, үзүүрлэсэн нь арслан цолтойгоо үлдэх заалт бий. Иймэрхүү наадмын хуулийн заалтын талаар юу хэлэх вэ?
512 бөх барилдсан наадмаар ес давж түрүүлсэн бөх аварга болно. Харин 1024 бөх барилдсан наадмаар ес давж үзүүрлэсэн бөх арслангаараа хэвээр үлдэнэ. Учир нь зөвхөн түрүүлсэн бөхөд аварга цол олгоно гэсэн заалт бий.
-Үндэсний баяр наадмын тухай хуульд зарим зүйлийг илүү тодорхой болгох шаардлагатай. 512 бөх барилдсан наадмаар ес давж түрүүлсэн бөх аварга болно. Харин 1024 бөх барилдсан наадмаар ес давж үзүүрлэсэн бөх арслангаараа хэвээр үлдэнэ. Учир нь зөвхөн түрүүлсэн бөхөд аварга цол олгоно гэсэн заалт бий. Тэгвэл улсын арслангаас доош цолтой бөх ес давж үзүүрлэвэл цол нэмдэг. Мөн допинг хэрэглэсэн бөхөд оноох шийтгэлийн асуудал ч ярвигтай. Хоёр ижил тохиолдолд нэг бөхийнх нь цолыг хассан хэрнээ өөр хоёр бөхийн барилдах эрхийг нь хасаад л өнгөрсөн. Ийм ялгаатай шийдвэр гаргаж болохгүй. Олон улсад ямар ч нэр хүндтэй тамирчин байсан допинг хэрэглэсэн бол эрхээ хасуулдаг шүү дээ. Харин манайд допинг илэрсэн бөх дүүргийн шүүхэд гомдол гаргаад хэрэгсэхгүй болгосон түүх бий. Яг үнэндээ энэ бүхэн наадмын тухай хуулийн цоорхойноос л үүдэлтэй. Хуулийг эргэж харах цаг нь болсон. Шинэчлэх хэрэгтэй. Хэн ч юу ч гэж тайлбарлаж болдог, ийм бөөрөнхий хуультай болохоор үүний хэрэгжилт бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. Тиймээс наадмын тухай хуулийг эргэж харах цаг болсон.
-“Алдар” спорт хорооноос Монгол бөхийн аварга хамгийн олон цолтой бөх төржээ. Энэ амжилтын үндэс юу вэ?
-Аливаа улс орны арми нь ямар ч спортын төрөлд тэргүүлдэг. Соц нийгмийн үед цэрэгт ирсэн спортод дөртэй залуучуудыг “Алдар”-т шалгаруулж авдаг байлаа. Энд цэргүүдийг жинхэнэ тамирчин болоход бэлтгэж, зам мөрийг нь засдаг түүхэн уламжлал бий. Мөн үе үеийн БХЯ-ны удирдлагууд их спортод, үндэсний бөхдөө хайртай, онцгой анхаардаг байсан нь “Алдар”-ыг спортын алдартнуудтай болоход гол нөлөө үзүүлсэн гэж боддог. Үүний нэг жишээ нь би өөрөө. Намайг спортын гараагаа дөнгөж эхэлж байхад тухайн үед БХЯ-ны сайдаар ажиллаж байсан, дэслэгч генерал Ш.Жадамбаа гуай анх санал тавьсан юм. Тухайн үед би 20 настай үндэсний бөхөөр сумын заан цолтой, цэргийн цолоор дэд ахлагч байлаа. Тэр мундаг хүний зөвлөгөө, дэмжлэгийн ачаар өдий зэрэгтэй явна.
Хүн амьдралдаа олон сонголт хийдэг. Миний хувьд “Алдар” спорт хороонд орсноо зөв сонголт хийжээ гэж боддог юм. Бөхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан Монгол бөхийн холбооны дэд тэргүүн агсан Г.Даваасамбуу ах маань “”Алдар” спорт хорооноос олон аваргууд төрсөн юм шүү” гэж захиж билээ. Энэ үг миний сонголтод их нөлөөлсөн.
-Зарим хүмүүс нэрний талаар сүсэг бишрэлтэй байдаг. “Алдар” спорт хорооны энэ ялгуусан амжилтууд нэртэй нь холбоотой юм шиг санагдах үе бий. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Нэр огт холбогдолгүй гэж боддоггүй. Энэ талаар сонин, сайтнаас бишгүй л юм уншиж байсан. Хүн өөрт заяасан нэрээ хэрхэн авч явах нь маш том соёл гэж боддог. Ер нь “Алдар”-ынхан алдах эрхгүй юм шиг санагдах үе олон шүү.
-Тамирчин хүнд сэтгэлзүй маш чухал. Энэ тал дээр гадаадынхантай харьцуулвал манай тамирчдад хэр ялгаа байдаг вэ?
- Сэтгэлзүй тамирчин хүний бэлтгэлийн 50 хувийг авч явдаг зүйл. Хэчнээн сайн биеийн бэлтгэлтэй байсан ч сэтгэлзүй тааруу бол амжилт гаргах хэцүү. Тиймээс манай хороо тамирчдынхаа сэтгэлзүйн тал дээр анхаарах үүднээс энэ тал дээр ажлын орон тоо гаргаж, өнгөрсөн долоо хоногоос сэтгэлзүйчтэй болсон.Тамирчин хүний ямар амжилт үзүүлэх нь сэтгэлзүйтэй шууд холбоотой. Харамсалтай нь манай улсад энэ талаар дорвитой хийсэн ажил одоогоор алга. Бэлтгэгдсэн мэргэжилтэн ховор, тамирчид маань бор зүрхээрээ л зүтгэж яваа улс. Тамирчин хүн ялахаараа хөөрч, ялагдахаараа гутардаг их сэтгэлийн хөөрөлтэй улс. Тиймээс ямар ч тэмцээний үеэр сэтгэлзүйчтэй байж, дэвжээнд гарахын өмнө байнга зөвлөгөө авч, сэтгэлийн хөөрлөө дарах шаардлагатай байдаг. Хоёрдугаарт спортын анагаах ухааны салбарт шинэчлэл хийх цаг нь болсон. Спортын анагаах ухаан гэхээр манайхан энгийн нэг бариа засал төдийгөөр ойлгодог. Бусад орны тамирчид томоохон тэмцээнд оролцохдоо эмчийн бүтэн баг бүрэлдэхүүнтэй ирдэг бол бид энэ тал дээр хоцрогдчихсон.
"Алдар" спорт хорооны шинэ байр
Тус хорооны хуучин байр
-Нэг үеэ бодвол их спортын төлөө зүтгэж яваа тамирчдыг хүмүүс ойлгодог болжээ. Олимп, дэлхийн аваргын медальт тамирчдад сар бүр урамшуулал өгч, амжилт гаргасан тамирчдыг харьяа байгууллага, нутгийн зөвлөл, хувийн байгууллагууд шагнаж урамшуулах болсон. Гэхдээ гадныхантай харьцуулахад болоогүй юм уу гэсэн бодол төрөх юм.
Их спорт гэдэг хатуу шүү дээ. Насаараа спортын төлөө цаг, наргүй зүтгээд эргээд нэг харахад нас 30 гарчихсан, эрхэлсэн бизнес, эзэмшсэн мэргэжилгүй хүмүүс олон бий. Бидний үед амжилт үзүүлвэл ямар шагнал олгох нь тодорхойгүй байлаа.
-БХЯ түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдээ хоёр өрөө байраар шагнасан. Тамирчдын шагнал урамшуулал нэмэгдсэнд сэтгэл хангалуун явдаг. Их спорт гэдэг хатуу шүү дээ. Насаараа спортын төлөө цаг, наргүй зүтгээд эргээд нэг харахад нас 30 гарчихсан, эрхэлсэн бизнес, эзэмшсэн мэргэжилгүй хүмүүс олон бий. Бидний үед амжилт үзүүлвэл ямар шагнал олгох нь тодорхойгүй байлаа. Тэр үетэй харьцуулахад тамирчид маань одоо ийм амжилт үзүүлбэл тийм урамшуулал авах нь гэдгээ мэддэг, түүнийхээ хэрээр амьдрал нь баталгаатай, ар талдаа санаа зовохгүй бэлтгэлээ хийх боломжтой болсон нь сайн хэрэг.
-Саяхан манай улсад Дэлхийн цэргийн спортын байгууллагын ерөнхийлөгч А.Хакеем Ал Шино айлчилсан. Уг айлчлалын гол зорилго юу байсан бэ?
-СИЗМ буюу Дэлхийн цэргийн спортын байгууллагын ерөнхийлөгч А.Хакеем Ал Шино манай улсын Зэвсэгт хүчний байгууллагын урилгаар анх удаа ирлээ. Энэ байгууллагад дэлхийн 135 орон элссэн. Манай улс 1992 онд анх гишүүнээр элссэн ч эдийн засгийн хямралаас болж долоон жилийн дараа гишүүнчлэлийн эрхээ алдсан. Харин 2012 оноос эрхээ сэргээж, үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж байна. Өнгөрсөн онд БНСУ-ын Мунгён хотноо дөрвөн жилд нэг удаа болдог Армийн ДАШТ-д 88 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, гурван алт, дөрвөн мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн. Энэ бүх идэвхтэй оролцоог маань дэмжиж, хамтран ажиллах санал тавихаар удирдлагууд нь манай улсад айлчилсан. Айлчлалын хүрээнд ирэх онд Армийн жүдо бөхийн АШТ-ийг эх орондоо зохион байгуулахаар боллоо.