Төрийн шагналт, хүний гавьяат эмч, доктор Д.Нямсүрэнг “Нямын зочин” хоймортоо урилаа. Түүний нэрийг өөр олон гуншин дагалддаг. Д.Нямсүрэн эмчтэй уулзах бүрт маш их эрч хүч мэдрэгддэг юм. Тэрбээр 70 нас дөхөж яваа. Тэгсэн хэрнээ ид хөдөлмөрийн насны хүн шиг л гялалзаж байна. Амьдралын зөв дадал, наргианч зан нь түүнийг улам залуу харагдуулдаг байх.
Монголд анх бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийснээс хойш өнөөдрийг хүртэл энэ албанд хоёргүй сэтгэлээр зүтгэн, хоёр өдрийн өмнө 134 дэх хүндээ амьдрал бэлэглэчихээд ийнхүү ярилцлаа. Д.Нямсүрэн эмчийн ажлын өрөөнд Бөөрний төвийн дарга, клиникийн профессор Б.Бямбадаш байж таарав. Тэд Монголын анагаах ухааны албаны генерал, маршалууд гэхэд хэлсдэхгүй.
-Ярилцлагаа жижүүрийн асуултаар хэлье. Таны эмч болсон түүх уншигчдад сонин байх.
-Юуны өмнө өвгөн намайг тоож, ярилцсанд баярлалаа. Эмч болно гэдэг хүн бүхэнд заяадаг хувь биш. Бас хүн болгон эмч болж болно. Хамгийн гол нь эмчийн мэргэжил эзэмшихээсээ өмнө хувь хүн болж, хүнийг хайрлаж сурах хэрэгтэй. Би тийм ч сайхан ааштай хүн биш. Хүүхэд байхын л аятайхан ааштай байгаагүй. Гэхдээ би хүнд хайртай. Тэднийг яаж аврах, хэрхэн тусалж дэмжих талаар л боддог. Хүний төлөө бол муухай аашилж, загнаж ч чадна.
Миний аав намайг санхүүч, харин ээж эмч болохыг зөвлөдөг, бас ятгадаг байсан. Аав минь хятад сампин “цохидог” болохоор санхүүч болгох гэнэ. Харин ээжийн бие үе үе өвдөнө. Тэгээд ч олон хүүхэдтэй айлаас нэг нь эмнэлгийн “мөр” хөөсөн нь дээр гэсэн олны үг байдаг. Би Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, жинхэнэ хотгойд хүн дээ. Манайхан Чин ван Чингүнжавын үр сад гэж ярих дуртай. Мөрөн сумын дунд сургууль төгсөөд, 1971 онд Анагаахын дээдэд орсон.
Бас болоогүй ээ, Хатгал, Тариалан, Цагаан-Уул сумын дунд ирсэн 13-хан хуваарьт, өрсөлдсөн хүүхдүүдээс би дөрөвт жагссан юм. Багадаа сурлага сайтай хүүхэд байгаагүй ээ. Аав, ээжээсээ хол, дотуур байранд бусдын л адил торойсон юмгүй, тоосонд нь булагдчихдаггүй оюутан байлаа. Тухайн үед оюутнуудыг олон нийтийн ажилд дайчилна.
Нэгдүгээр курст орохын өмнө Орхоны сангийн аж ахуйд хуваарилагдан, хоёр сар гаруй тариа, будаа хураасан. Угийн өөдтэй том биетэй байгаагүй болохоор тариан талбай дээр үрчийсэн хар юм л болсон доо. Хөдөлмөрийн амт шимтийг тэгэхэд анх мэдэрч, 240 төгрөгийн цалин авч байлаа.
За, тэгээд хичээл эхэллээ. Лекц, семинар гээд бүгдийг орос хэлээр заасан. Над мэтийн хөдөөний хүүхдийн орос хэл гэж “нохойн баас”. Эхэндээ ёстой л түүхий байсан. Гэхдээ чадахгүй ч гэсэн би бичээд л байлаа. Сүүлдээ бага сага юм ойлгодог болж, оросоор ном унших гэж оролддог болсон. Хичээлийн I улирал дуусаж, шалгалт авлаа.
Физик, химийнхэд “Удо ул” (удовлетворено) авчихдаг юм байна. Ямар дүн болохыг нь II дамжааны ах, эгч нараас асуутал зарим нь надтайгаа таарсан, зарим нь шоглоод болдоггүй. Арай ч уначихаагүй, дунд авчээ. Харин анатомийн шалгалтад онц авчихаад нутгийн зүг баяртай гэгч нь гараад шидчихсэн. Тухайн үед дунд аваад байхад болно л гэж боддог байж. Хоёр эгчдээ үсний тор, аав, ээждээ хадаг, сүүтэй очлоо. 200 төгрөгийн цалинтай хүн чинь тэгэлгүй яах вэ.
Гэртээ хэд хонож байтал Барилгын техникум төгссөн найз маань дайлаад, анх удаа сархад амсаад, “тасарчихлаа”.
Аюултай эд юм аа. Тэгтэл найз маань намайг нэг айлд хонуулчихаж. Ирээдүйд хувь заяа холбох эмэгтэйд минь намайг аваачсан юм билээ. Тэр үед эхнэр минь болно гэж хэн мэдэх билээ, эрэгтэй найзууд шиг л сайхан харилцаатай байсан. Улирлын амралт ч дууслаа. I улиралдаа “Дунд авсан ч яах вэ” гээд явж байсан нөхөр хичээлдээ “цоороод”, шалгалтуудаа дандаа онц өгдөг байгаа.
Тэрнээс хойш төгстөлөө онц, хаяа л сайн авсан. Сайн авсан нь ч хөзөр тоглосноос болсон л доо. Оюутныхаа байрны хүүхдүүдтэй 20, 50 мөнгөөр бооцоолж тоглодог байсан юм.
-Сургуулиа төгсөөд нутагтаа хуваарилагдаад сумын эмнэлэгт ажиллах ямар байсан бэ?
-Зургаан жил сурахдаа зүгээр суугаагүй ээ (инээв). Эхнэр авчихсан, хөөрхөн охинтой боллоо. Хөвсгөл аймгийн Улаан-Уул суманд хуваарилагдсан юм. Тэгэхэд аав маань “Дархадуудтай муудалцаж болохгүй шүү. Цаадуул чинь ширүүндүү улс” гэж захисан. Үнэн байж, очсоныхоо маргааш нь л хүнтэй муудалцаад “Нусан бурантаг минь” гэхээр нь нэг “гөвчихлөө”.
Аавынхаа захиасыг мөн биелүүлэв ээ. Дараа нь бид сайхан найзууд болсон л доо. Улаан-Уулд сум дундын больницод их эмчээр ажилласан. Ойр хавийн сумдаар явж, хүн үзнэ. 1979-80 онд мэс заслын курс дүүргээд буцаад, сум дундын эмнэлэгтээ ерөнхий мэс засалчаар ажилласан. Курст сурч байхдаа Монголын бөөрний мэс заслын салбарын анхны эрдэмтэн Б.Чүлтэмсүрэн багштайгаа танилцаж билээ. Хоёр дахь эрдэмтэн нь би ухаантай юм.
Тухайн үед багш минь өнөөдрийн энэ нийгмийг мөрөөдөж байжээ. Бидний хүрэх цэгийг ч урьдаас харсан байсан. Багш бидэнд 14 хоног л хичээл заасан юм байна. Намайг хөдөөний хүүхэд гэж гололгүй, тоогоод хамт мэс засал хийнэ. Хааяа ганц хундага “юм” уунгаа ярьж сууна. Би чинь нэг хундага татав уу, үгүй юү улайчихна. Тэгэхэд багш маань “Чи ч хүнд хань болохгүй золиг юм даа” гэж шоглож билээ.
Оюутан байхдаа нус, нулимстайгаа холилдож байснаа бодвол орос хэл нэлээд гадарладаг болчихсон. Бас баргийн ном уншчихна. Сумынхаа эмнэлэгт бол мэс засал хийхдээ дажгүй шүү. Эхэндээ хагалгаа хийх их сонирхолтой. Хүний хүзүүн дээр гарсан булдруу (ургацаг)-г ч авч “шидээд”, үен дээр гарсныг нь ч тайрч аваад л.
Хүмүүс мундаг гэж магтана. “Шүд өвдөөд, үхлээ” гэсэн хүний гэрт дуудлагаар очоод зуухных нь янданд даалимбаа арчиж, улайсгаад (амихандаа ариутгаж байгаа нь тэр) нөгөөхөөрөө шүдийг нь ороож байгаад бахиар суга татчихна. Миний мундаг гэж юу байх вэ. Тэр үед багаж, элдэв янзын зүйл ховор, би гэж онгироо амьтан л байж.
-Зүүнбаянгийн Цэргийн хээрийн эмнэлэг, бас Госпитал (одоогийн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг)-д олон жил ерөнхий мэс засалчаар ажилласан шүү дээ. Эмэгтэйчүүдийн эмч хүртэл хийж байсан гэхээр зарим хүн гайхах байх.
-Зүүнбаянд Цэргийн хээрийн эмнэлэгт хоёр жил, Госпиталд 10 орчим жил ажиллажээ. Би чинь сумандаа эмэгтэйчүүдийн эмч давхар хийж байсан. Олон ч хүн эх барьж авсан. Зүүнбаянд очоод энэ тухайгаа санаандгүй хэлчихсэн чинь “баларсан”. 140 гаруй эхийг эсэн мэнд төрүүлсэн нь миний бас нэг гавьяа юм шүү. Сүүлдээ эмэгтэйчүүд талдаа мэргэшиж, зарим нь “Мэргэжлийн бус хүнээр үр хөндүүлээд, саванд “юм” үлдчихлээ” гээд ирнэ.
Нэг талаараа би тэднийг эмчилж баярлуулсан ч нөгөө талаараа намайг улам дадлагажуулж байлаа. Эмэгтэйчүүдийн гэх тодотголтой хэрнээ хүний олгой авч, гэдэс дотрыг нь “цэвэрлэнэ”, юм юм л хийж байлаа. Зүүнбаянд гэдэсний хижиг дэгдсэн юм. Гэдэс нь цоорчихсон ирснийг оёно, тайрна. Цэргийн хээрийн эмнэлэгт ажилласнаар би их зүйл сурсан. Буудуулсан, хутгалуулсан, хадаас зоолгуулсан гээд хүнд бэртсэн хүмүүсийн шархыг цэвэрлэж, эмчилж сурна гэдэг онцгой.
Б.Чүлтэмсүрэн багш маань намайг “Чи хотод ирвэл хоёулаа хамтарч ажиллая” гэдэг байлаа. Тэгээд 1984 онд мэс заслын дээд курст явахаар болж, одоогоор Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхээ Урологийн тасагт ирсэн дээ. Түүнээс өмнө Ленинград, Москвад богино хугацаагаар мэргэжлээ дээшлүүлсэн.
Монгол Улсын Ардын эмч Б.Гоош, Н.Даваацэрэн, П.Долгор багш нар маань миний эрдмийн ажлуудыг удирдсан. Г.Нямхүү, Отгондалай эмч намайг ерөнхий мэс заслаар мэргэшүүлсний хүчинд элэг, цөс, бөөр, бамбай булчирхай гээд ходоод, гэдэсний элдэв өвчнийг л эмчилдэг байсан. Яагаад гэвэл миний багш нар мундаг байлаа. Энэ бүхэн намайг бөөрний мэс засалчаар дагнаж суралцах, ажиллах үүд хаалга болж өгсөн юм.
Цэргийн госпиталд анх ажилд ороход хайртай багш, хамтран зүтгэгч Л.Жамбалжав маань намайг угтсан. Одоо ч бид хамтдаа бөөр шилжүүлэн суулгаад явж байна. Миний муу Жааяа (Жамбалжав) сүү шиг сайхан сэтгэлтэй, сүмбэр уул шиг түшигтэй хүн дээ. Намайг загнаж, бас магтаж ч чаддаг. Өчигдөрхөн л Б.Бямбадаш бид хоёрыг загначихаад явсан. Өнөөдөр биднийг тэврээд л үнсэх хүн байгаа юм.
-Та аав, ээжээс олуулаа гэсэн. Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Эхээс 13-уулаа. Гал зээ нартайгаа нийлээд 16-уулаа. Гал зээ гэдэг нь миний аавын голомт (гэрт)-нд төрсөн, эгч нарын маань хүүхдүүд. Эгч нар тусдаа гараад, хүүхдээ авъя гэхээр аав өгөхгүй. Хүргэнд “Би чамд нэг хүн өгнө гэсэн болохоос хоёрыг өгнө гээгүй. Хүүхдээ миний мөрийг түшүүлээд орхи” гэхэд л нам болдог байж билээ. Ижии, аав маань жирийн сайхан малчин улс байсан. Би айлын ес дэх нь, 2013 онд тэтгэвэртээ гарсан хүн шүү дээ.
Биднийг ярилцах зуурт хаалга тогшиж, Л.Жамбалжав эмч орж ирэв. Тэрбээр “Та нар хаалга үүдээ түгжчихсэн, юугаа хийгээд байгаа юм бэ. Ярилцлага өгөөд байгаа юм уу. Намайг л муулж байгаа биз” гэж хошигнов. Ингээд бөөрний мэс заслын салбарын гурван их мастер зэрэгцээд суучихлаа.
-Анх бөөр шилжүүлэн суулгаж байснаа дурсана уу?
-1989 онд Цэргийн госпиталаас Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шилжиж ирсэн. Б.Чүлтэмсүрэн багш намайг ирэхийн өмнөхөн бурхан болчихсон доо, хөөрхий. Гэхдээ багшийнхаа хүслийг үргэлжлүүлээд, биелүүлээд л явж байна. Улсын нэгдүгээр төв эмнэлэгт бөөр шилжүүлэн суулгахаар Анагаах ухааны хүрээлэнгийн “Цэгц” төсөл хэрэгжүүлж байлаа.
Удирдагч нь Л.Жамбалжав. Ж.Нарантуяа (Төрийн шагналт, одоо бурхан болсон), Б.Бямбадаш бид хэд энэ төсөлд оролцож, өчнөөн хугацаанд бэлдсэний хүчинд 1996 оны долдугаар сарын 8-нд Б.Гоош, Г.Нямхүү багш нартайгаа хамтраад, Говь-Алтай аймгийн хүнд бөөр шилжүүлэн суулгасан юм. Бүгд долоо хоног гэртээ ч харилгүй, өвчтөнөө ээлжлэн сахиж, эмчилсэн. Хагалгаа амжилттай болж, өвчтөн сар гаруй амьдарсан. Бүр нутагтаа очоод ирсэн шүү.
Гэхдээ анхны хагалгаа байсан учраас асуудлууд үүссэн. Оёдлын утас нь л гэхэд хангалттай сайн байгаагүй. Нарийн микро зүү, өвчтөн, донорыг хагалгаанд бэлдэхэд шаардлагатай эм, тариа ч хомс байжээ. Тиймээс маш олон зүйл ухаарсан. Хэдийгээр техникийн боломж нь бүрэн, онолын мэдлэг байвч орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтыг ашиглах, молекул биологийн лаборатори байгуулах, дархлаа дарангуйлах эм зайлшгүй шаардлагатай болсон. Бид ч гэсэн гадаадад сурах хэрэгтэй гэдгээ ойлгосон.
Дараахан нь БНХАУ-д 14 хоног сургалтад хамрагдаж, 17 хүнд бөөр шилжүүлэн суулгах хагалгаанд оролцсон. Дандаа амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгаж байсан. Тэнд очоод маш их урам зоригтой ирсэн. Алаг нүдээрээ харж, арван хуруугаараа тэмтэрнэ гэдэг гайхалтай. Бидний төсөөлснөөс ч энгийн үйл явц байсан. Манай эмнэлэг 2001 онд Молекул биологийн лабораторитой боллоо. Манай багийнхан ч энэ хооронд зүгээр суугаагүй.
БНСУ, БНХАУ-ын Ухань, Тайландад мэргэжил дээшлүүлсэн. Ингээд 2006 оны наймдугаар сарын 6-нд Монголд бөөр шилжүүлэн суулгасан гэж албан ёсоор үздэг. Түүнээс өмнө Гавьяат эмч Л.Жамбалжав, Ардын эмч Н.Баасанжав бид хэд Хятадын Хан доктортой хамтраад 2006 оны гурав, долдугаар сард хоёр ч хүнд бөөр солих мэс засал хийсэн нь амжилттай болсон.
Монголын үндэсний баг бие даан хагалгаа хийсэн нь бол наймдугаар сар л даа. Өнөөдрийг хүртэл бид 134 дэх хүндээ бөөр шилжүүлэн суулгаад байна. Дөнгөж сая л гэхэд би донорын хагалгаанд орчихоод, гарч ирлээ.
-Охин тань эмч гэсэн. Гэр бүлээ танилцуулаач?
-Би дөрвөн хүүхэдтэй. Эхнэр маань Анагаахын дээдийг надтай хамт төгссөн, их эмч хүн шүү дээ. Сумандаа, хотод хүүхдийн эмчээр ажиллаж байгаад сүүлд лаборант болсон. Гэр бүлийн хоёр завгүй байж болохгүй биз дээ. Одоо манай хүн тэтгэвэртээ гарчихсан ач, зээ нараа зөөгөөд, өвгөнийхөө хоол ундыг бэлдээд л сууж байна. Дунд охин маань миний мэргэжлийг өвлөсөн. Одоо анагаах ухааны магистр, саяхан эмчийнхээ ахлах зэргийг хамгааллаа.
Аавтайгаа хамт бараг 10 жил ажиллаж байна. Би охиноо магтаж байгаа юм биш. Миний шавь нар бүгд онцгой. Хамгийн том охин маань телевизийн инженер, хоёр дахь хүү маань Сүхбаатар дүүргийн Цахилгаан түгээх сүлжээ компанид ерөнхий менежер, бага охин “Отгон тэнгэр”, Хүмүүнлэгийн ухааны их сургуульд англи хэлний багшаар ажилладаг.
Л.Жамбалжав, Д.Нямсүрэн, Б.Бямбадаш нар найзууд, бас хамтран зүтгэгчид. Тэд өдөр бүр уулздаг ч нэгэндээ тэр бүр хэлдэггүй үгээ манай сониноор дамжуулан уламжлахыг хүссэн юм. Энэ удаа найзууд нь Д.Нямсүрэндээ үг дайв. Хүний гавьяат эмч Л.Жамбалжав “Д.Нямсүрэн доктор бол миний шавь, миний цэрэг. Нөгөө талаараа миний зөвлөх эмч юм. Госпиталд ажиллаж байхад ерөнхий мэс заслыг бид гардаж хийдэг байлаа.
Байлдааны үед бууны сум хүний биеийн хаагуур ч өнгөрч болно. Цээж, толгой, хэвлийгээр, үе мөчийг нь хүртэл тас цохино. Энэ бүгдийг миний цэрэг эмчилж, эдгээнэ. Дараа нь Нэгдүгээр эмнэлэгт ирээд бөөрний эмчээр дагнасан. Хүнийг Улаанбаатар хоттой зүйрлэвэл бөөр бол цэвэрлэх байгууламж гэсэн үг. Энэ нь хаагдчихвал юу болох билээ. Тиймээс бөөр, давсагны замын эмгэг их хэцүү. Би бол ерөнхий мэс засалч.
Гэхдээ бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг хийе гэж зориод, одоо болтол үүнийхээ төлөө бүхнээ зориулж явна. Д.Нямсүрэн эмч ч энэ албанд хоёргүй сэтгэлээр, бүх хүч чадлаа зориулан зүтгэж байгаа. Намайг загнадаг л гэдэг юм. Үнэндээ бол өөрөө ч гэсэн намайг зэмлэдэг шүү дээ. Өчигдөр л гэхэд “Хагалгааны ширээн дээр үхэж магадгүй” гэсэн өвчтөнийг Д.Нямсүрэн босгоод л ирлээ. Шавиараа, зөвлөх эмчээрээ бахархаж байна. Өөрөөрөө ч бахархаж байна.
Миний шавийн шавь Д.Баян-Өндөр доктор өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний мэс заслын эмчилгээг удирдаж байна” гэсэн бол Бөөрний төвийн дарга Б.Бямбадаш “Д.Нямсүрэн бол миний баруун гар, бас дотно найз минь. Бас миний багш, түшиг тулгуур минь. Бид хоёр гар, сэтгэл сайхан нийлдэг. Түүх хуучрахгүй гэдэг шиг найзтайгаа хамт 80 хүртлээ энэ салбарт зүтгэх болно оо.
Бид төдийгөөс өдий хүртэл дэндүү сайн ажиллаж байгаа. Анх бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийхдээ “Бид хийхгүй бол хэн хийх вэ. Одоо хийхгүй бол хэзээ хийх вэ” гээд л шижигнэсэн залуус энэ салбар руу ханцуй шамлаж билээ. Найздаа эрүүл энхийг хүсье” гэсээр бидний яриа өндөрлөв.