УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай ярилцлаа.
-МАН-ын бүлэг нэлээд удаан хуралдлаа. Ирэх оны төсөв болон түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн төслийг хэлэлцсэн сурагтай. Ямар асуудал голлон хэлэлцэв?
-Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс доош жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн татварыг хөнгөлөх болон “насны хишиг” олгох талаар ярилцлаа.
-Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлэхдээ хүрээг нь өргөтгөх ёстой гэж цөөнгүй гишүүн хэлж байна. Таны байр суурь юу вэ?
-Бүлгийн эцсийн шийд гараагүй байна. Гэхдээ миний бие Засгийн газраас өргөн барьсан төслөөс арай өөр байр суурьтай байгаа. Төсөлд тодорхой дөрвөн салбарын аж ахуйн нэгжийн орлогын татварыг хөнгөлөхөөр тусгасан. Үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ийм төсөл санаачилсан гэж байгаа ч уг салбарын 50-60 хувь нь орхигдсон. Үйлдвэрлэлийг дэмжих олон арга бий.
Тиймээс зөвхөн дөрвөн салбар хамруулахыг дэмжихгүй. Тэгээд ч аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг зөвхөн орлогын хэмжээгээр, шатлалтай тогтоодог. Энэ бол онцгой болон импортын татвар биш. Орлогын татварыг салбараар нь ангилж болохгүй. 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой бүх аж ахуйн нэгжийг хамруулах саналтай байна. Бүх салбар ач холбогдолтой.
Харин уг бодлогыг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм чинь төсвийн боломждоо тааруулан эхний жил 25, дараагийн жил 50, 2019 онд 75, 2020 онд 90 хувиар татварын хөнгөлөлт эдлүүлбэл манай намын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой.
-Засгийн газраас эхний ээлжинд дөрөвхөн салбараар хязгаарласан нь үйлдвэрлэлийг дэмжиж, улмаар эдийн засгаа хөл дээр нь босгох дэс дараатай алхмын эхлэл гэж тайлбарлаж байгаа нь бас буруу биш ч юм шиг. Ер нь УИХ-д оруулсан төслүүд, ялангуяа төсөв мөнгө, хөнгөлөлт, дэмжлэгтэй холбоотой аливаа асуудалд хандах гишүүдийн байр суурь олон нийтэд таалагдах тийш хэлбийгээд, уг зорилгоосоо хазайчихдаг гэмтэй.
-Барилгын материал, нэхмэл, хүнсний бүтээгдэхүүн, газар тариалан гэсэн дөрвөн салбарыг яагаад оруулж буй үндэслэлээ бодитой тайлбарлаж чадахгүй байгаа. Үйлдвэрлэлийг дэмжинэ гэж байгаа хэрнээ тус салбарт хамаарах аж ахуйн нэгжүүдийн 60 орчим хувийг төслийн гадна үлдээсэн. Жишээ нь, техник, тоног төхөөрөмжийн болон боловсруулах чиглэлийн хэд хэдэн үйлдвэрлэл орхигдож байна. Энэ мэт олон зүйл хэлж болно.
-Танай намаас татвар нэмнэ, нэмэхгүй гэж харилцан адилгүй байр суурь илэрхийлэх юм. Жишээ нь, төсвийн тодотголын үеэр Засгийн газрын тэргүүн нь УИХ дахь МАН-ын бүлгийн шаардлагаар л татвартай холбоотой төслүүдээ татаж авсан, нэг нэгээр нь ч болов дахин өргөн барьж зүтгүүлнэ гэдгээ хэлсэн байхад сая орон нутгийн сонгуулийн үеэр “МАН татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй” гэсэн мессеж нэлээд тараалаа шүү дээ.
-Татвар бол орлогын дахин хуваарилалтын хэлбэр. Илүү орлоготой хэсгээс илүү татвар авч, түүнийг нь халамжийн болон бусад бодлого, арга хэмжээг санхүүжүүлдэг тогтолцоо аль ч улсад бий. Тэр тусмаа манай улсад ийм тогтолцоо байх хэрэгтэй. Гэхдээ татвар нэмнэ гэдэг нь нийгэмд таагүй байдлаар туссан. Мөн төрийн албан хаагчдын цалин, тэтгэмжийг хасна гэсэн. Нөгөө талаас манай намын мөрийн хөтөлбөр ч яригдсан. Тэнд ямар нэг татвар нэмэхгүй, шинээр бий болгохгүй гээд амлачихсан шүү дээ. Олон талаас нь ярьж байгаад л мөрийн хөтөлбөрөө баримтлахаар шийдсэн.
-Төсвийн тодотгол, түүнийг дагалдан өргөн мэдүүлсэн төсөлд орлоготой нь холбосон буюу орон сууц, архи, тамхи, хадгаламжийн хүүгийн орлого зэргээс авах татварын хувь, хэмжээг нэмэгдүүлэхээр тусгасан байсан. “Тансаг зэрэглэлийн орон сууц, архи, тамхи, их хэмжээний хадгаламжийн хүүгийн орлогоос авах татварыг л нэмэгдүүлэх гэж байна” гээд тайлбарласан бол олон нийт ойлгох байсан. Гэтэл 100 хоногийн “ой”, орон нутгийн сонгууль зэрэгт дөнгөлүүлсэн эрх баригчид өнөө, маргаашийг аргацаасан, алсын бодолгүй алхам хийчих шиг болсон.
-УИХ дахь намын бүлэгт зарчмын зүйл л ярьдаг. Жишээ нь, татварыг 90 хувиар хөнгөлөх бодлого цөөн хэдэн аж ахуйн нэгжид хамаатай болж үлдэх гээд байна. Үлдсэн хэсэг нь яах болж байна вэ. Зөвхөн нэг хэсгийг нь тасдаж авдгаа болиод нийтээр нь хамруулъя гэсэн зарчим ярьсан нь энэ. Энэ бол хэн нэгэнд таалагдах гэсэн хэрэг биш.
-Өлгийтэй хүүхдээс өтгөс буурлыг хүртэл ялгаж, ангилдаг үзэгдэл харин ч танай намын үед гаарч байна гэх шүүмжлэлийг сөрөг хүчнээс тасралтгүй хэлж байгаа шүү дээ.
-Юуны түрүүнд бид мөрийн хөтөлбөрөөрөө амласан. Нөгөө талаас, төсвийн бодит байдал гэж нэг зүйл бий. Энэ хоёр зөрчилдөөд байгаа юм. Санаагаар бол бүх зүйлийг оруулмаар байгаа ч төсвийн бодит байдал үнэхээр боломж олгохгүй нь. Тэглээ гээд амласнаа хэрэгжүүлэхгүй байж болохгүй биз дээ. Тиймээс төсвийн боломжтой уялдуулан, тодорхой нэг хэсгээс нь эхэлье гэж байгаа юм. Харин аль нэг хэсгээс нь эхлэхдээ зөв, буруу хийх гэсэн ойлголтын зөрүү байна л даа.
Дөрөвхөн салбарын аж ахуйн нэгжийн татварыг 90 хувь хөнгөлснөөс 1.5 тэрбум төгрөгийн орлоготой бүгдэд нь эхний ээлжинд 25 хувийн хөнгөлөлт эдлүүлж яагаад болохгүй гэж. Ингэж аажмаар, нийтэд нь бага багаар хөнгөлөлт, дэмжлэг үзүүлбэл хэн нь хэндээ гомдож, барьцах вэ дээ. “Насны хишиг” олгох тухайд ч миний бие ийм санал гаргасан.
Өөрөөр хэлбэл, ахмадуудаа заавал насаар нь ангилж, зөрүүтэй мөнгө өгч байснаас 60-аас дээш насны бүх хүнд ижил хэмжээгээр өгье гэж байгаа юм. Бүлгээс энэ мэт асуудлуудаа Засгийн газар дахин судлах чиглэл өгсөн.
-Засгийн газрын 100 хоногийн ажилд та ямар дүн тавих вэ?
-Алдаа, онооны аль аль нь л харагдаж байна. Аж ахуй эрхлэгчдийг дэмжих, өмнө гарч байсан алдаа, дутагдлыг засах тал дээр тодорхой ажил хийж байгаа ч шийдэмгий, хурдтай, бодлого сайтай ажиллах тал дээрээ дутмаг байна. Өнгөрсөн 26 жил Засгийн газар хөгжлийн асуудалд яаж хандаж, ямар байдлаар хуралдаж, ямар шийдвэр гаргадаг байсан, яг л тэгж үргэлжилж байна.
Гэтэл өнгөрсөн хугацаанд улс орон олигтой хөгжсөнгүй. Тиймээс бодлого, үйл ажиллагаа, ажлын арга барилдаа томоохон өөрчлөлт хийхгүй бол дөрвөн жилийн дараа бид байрандаа л байх болно.
-Монголбанкнаас валютын ханшийг бууруулах, төгрөгийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ямар арга хэмжээ авч буй талаар та асуулга тавьсан. Ямар хариу ирүүлсэн бэ?
-Төгрөгийн худалдан авах чадварыг хариуцаж байгаа байгууллага нь Монголбанк. Энэ бол үндсэн чиг үүрэг нь. Асуулгад дурдсан дөрвөн зүйлд бүгдэд нь “Боломжгүй” гэсэн. Ингэхдээ тодорхой зарим асуудал нь УИХ, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газрын хийх ажил байна гэж хариулсан байна лээ.
Санхүүгийн зохицуулах хорооны хийх ажлыг би мэдэж байгаа. Миний тавьсан асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо, УИХ, Засгийн газар шийддэг байлаа ч үндсэн үйл ажиллагаа нь учраас Монголбанкны ерөнхийлөгчид асуулга тавьж, хамтран ажиллахыг хүссэн юм л даа, уг нь. Ирэх оны мөнгөний бодлогыг хэлэлцэх үеэр Төв банкны ерөнхийлөгч нь төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах уламжлалт хоёр арга болох интервенц хийх, бодлогын хүүг нэмэгдүүлэх арга хэмжээний аль алиныг нь хэрэгжүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн.
Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газар л ажилла, өөрөө юу ч хийхгүй гэдгээ нэгдсэн хуралдаанд албан ёсоор хэлчихэж байна. Төв банкны ерөнхийлөгч нь мөнгөний бодлогоороо валютын ханшийг зохицуулах ёстой биз дээ. Юу ч хийхгүй, цалин аваад сууж болохгүй шүү дээ. Тиймээс би хариуцлагыг нь ч анхааруулсан. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2600 хүрвэл өргөдлөө сайн дураараа өгөөрэй гэсэн.
-Төгрөгөө хамгаалахын тулд юу хийх ёстой гэж бодож байна вэ?
-Уламжлалт хоёр аргаас өөр зам бий. Тухайлбал, их хэмжээний валютын хадгаламжийг зохицуулалтын арга хэрэгсэл болгож ашиглах хэрэгтэй. Гадаадын улс орнуудад ч байдаг. Тодруулбал, тухайн хувь хүн, аж ахуй эрхлэгч экспортлогч биш бөгөөд түүнийхээ төлөө улсдаа татвар төлдөггүй бол валютын харилцах, хадгаламжийн данс эзэмшихийг хориглодог. Ингэж төрийн бодлогоор үндэсний мөнгөн тэмдэгтээ хамгаалдаг.
Одоо манайд 1.7 тэрбум ам.долларын хэмжээтэй гадаад валют арилжааны банкуудад бий. Үүний цаана их хэмжээний валютын хадгаламжтай хувь хүн, аж ахуйн нэгжийн эрх ашиг хөндөгдөөд байгаа юм. Тийм хүмүүсийн нөлөө яваад байна ч гэж харж байгаа. Хэрэв их хэмжээний валютын хадгаламжтай хүмүүс нь шийдвэр гаргах түвшний улстөрч бол бүр аюултай.
Ийм бол шийдвэр гаргадаг хүмүүст валютын ханш өсөж байгаа нь ямар ч хамаагүй, харин ч ашигтай болж таарна биз дээ. Нэг удаагийн интервенцийг 10 орчим сая ам.доллароор хийдэг гэж тооцвол 1.7 тэрбум ам.доллароор хэдэн удаа интервенц хийхийг нэг бодоорой. Гадаадын төсөл, хөтөлбөрийн захирлууд төгрөгөөр хадгаламж нээлгээд, нутаг буцахдаа хөрвүүлээд аваад явдаг бол тэр хүмүүс ч төгрөгийн ханш сайн байгаасай гэж хүснэ.
-Ингэж хориглох эрх зүйн орчин нь манайд хангалттай юм уу?
-Эрх зүйн орчныг нь бүрдүүлж болно. Ингэхийн тулд мэргэжлийн байгууллага болох Монголбанк оролцох ёстой гэж үзээд хамтарч ажиллах санал тавьсан чинь “Чадахгүй” гэж байна лээ. Ийм хүнтэй яаж хамтарч ажиллах вэ дээ. УИХ-д уг асуудлыг тавина гэж бодож байгаа.
-Төгсгөлд нь ярьж байсан сэдвээсээ тэс өөр нэг зүйл тодруулъя. Таны лообийгоор эгчийг тань Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар томилсон гэх мэдээлэл хэр бодитой вэ?
-Тийм томилгоо хийгээгүй. Би хэнийг ч албан тушаалд томилуулаагүй. Би нэг эгчтэй. Төмөрбаатарын Аюушжав гэдэг. “Глоб интернэйшнл” төрийн бус байгууллагад менежерээр ажилладаг. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар томилогдсон нь Г.Саран гэж хүн бий. Т.Саран гэж овгийг нь өөрчилж бичээд надтай холбосон байна лээ. Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар олон жил ажилласан, амжилтаараа улсын таван удаагийн аварга болсон хүнийг зохих ажилд нь томилсон гэж Н.Номтойбаяр сайд хэлнэ лээ.